Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 298

 

Г.Отгонжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Ж.Энхжаргал,

хохирогч Д.Цэцэгмаа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Отгонжаргалын давж заалдах гомдлоор, түүнд холбогдох эрүүгийн 201624000957 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүрэн бэлчир овогт Ганбүргэдийн Отгонжаргал, 1985 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэндунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Хан хур” ХХК-д слесарь, сантехникч ажилтай, ам бүл 4, эх, дүү, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо,Ногоон зоорь, Эмэгтэйчүүдийн хорих ангийн баруун талын задгайд оршин суудаг боловч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сувилагчийн 36 дугаар гудамжны 405 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ВО85080414/,

Г.Отгонжаргал нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг МТ шатахуун түгээх станцийн зүүн хойд замд 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед “Toyota Prius-10” загварын, 39-07 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.Гантөгсийн жолоодож явсан “Toyota Fun Cargo” загварын, 28-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Цэцэгмаагийн биед хүнд гэмтэл, зорчигч Д.Ганболдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газар: Г.Отгонжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Отгонжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Г.Отгонжаргалыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Г.Отгонжаргалд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд нийгмээс тусгаарлаж ганцаарчлан эдлүүлэх, Г.Отгонжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, Г.Отгонжаргал нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Цэцэгмаад 500.000 төгрөг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч С.Гантөгсөд 2.070.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Г.Отгонжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 9623735 дугаартай түр үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, тээврийн хэрэгслийн 901354039 дугаартай гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Отгонжаргалаас 2.578.780 төгрөг гаргуулж хохирогч Д.Цэцэгмаад, 254.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганболдод, 270.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Даариймаад тус тус олгох, Хохирогч Д.Цэцэгмаа, Д.Ганболд, иргэний нэхэмжлэгч Б.Даариймаа, С.Оюунбаяр нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг бусад нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Отгонжаргал давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн буруутай үйлдлийн улмаас эсрэг урсгалд явж байсан 28-29 БРА улсын дугаартай автомашиныг мөргөж, 2.070.000 төгрөгийн эвдрэл учруулсан. Учирсан хохирол болох 2.070.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж гомдолгүй болгосон. Харин миний машинд зорчиж явсан Д.Цэцэгмаа хүнд гэмтсэн, Ганболд хүндэвтэр гэмтсэн, Даариймаа зөөлөн эдийн гэмтэл, Оюунбаярт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Хүнд гэмтэл бэртэл авсан Цэцэгмаагийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар намайг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар зүйлийг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гаргасан гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн, Цэцэгмаагийн эмчилгээний зардалд 2.578.000 төгрөг, Ганболдын эмчилгээний зардалд 254.000 төгрөг, Даариймаагийн эмчилгээний зардалд 270.000 төгрөг, нийт 3.102.000 төгрөгийн хохирлыг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, эрүүл мэндээрээ хохирсон Цэцэгмаа, Ганболд, Даариймаа нарын эмчилгээний зардал болох нийт 3.102.000 төгрөгийг бүрэн барагдуулж дуусгана. Би эцэг, эхээс хоёулаа юм. Миний ах Г.Энхбаатар нь Баянхонгор аймгийн Заг суманд эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Ах Энхбаатар нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул амьдралын бололцоогүй. Миний ээж С.Жаахмаа нь энэ жил 65 настай, 2016 оны 2 дугаар сараас эхлэн биеийн байдал, эрүүл мэнд нь муудаж, сум, аймаг дамжин эмчлүүлж байсан боловч цаашид нарийн мэргэжлийн шинжилгээ, эмчилгээ хийлгэхээр элэгний жижигрэлт өвчнөө эмчлүүлж, цөсний чулуу авахуулахаар 2016 оны 3 дугаар сараас Улаанбаатар хотод ирээд миний асаргаа сувилгаанд надтай хамт амьдарч байгаа ба, ходоодны хорт хавдараар өвдсөн нь тогтоогдсон. Өвчин нь 3-4 дүгээр шатандаа орсон гэсэн онош гарсан. Би ээж Жаахмаа, эхнэр Батцэцэг нарын хамт ам бүл 3-уулаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Эмэгтэйчүүдийн хорих”-ийн баруун талд байрлах Ногоон зоорины хашаанд манаач хийн амьдардаг. Эхнэр Батцэцэг нь одоо 37 настай, 8 сартай жирэмсэн, анхны төрөлт юм. Миний эхнэрийн зүрх өвчтэй тул эмчийн хяналтанд байдаг. Эмч нар төрөхийг хориглож байгаа боловч бид хоёрын хэн хэний маань оройтож олдсон анхны хүүхэд тул төрүүлэхээр шийдсэн юм. Эхнэр одоогоор байнга шахуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмч нарын хяналт асаргаанд байдаг болсон. Ар гэрт минь үлдсэн өвчтэй ээж, эхнэр хоёрт миний асаргаа, халамж зайлшгүй шаардлагатай байгаа юм. Бидний амьдралыг харгалзан үзэж, гэр бүлээс минь тусгаарлахгүйгээр хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэн харгалзах ял болгон хөнгөлж өгнө үү...” гэжээ. 

Хохирогч Д.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Г.Отгонжаргалд гомдолтой байна. Хохирлыг барагдуулъя гэсэн санаачлага гаргаагүй. Би 2016 оны 10 дугаар сараас хойш 4 сарын хугацаанд хэвтэрт байсан. Саяхнаас босдог болоод бусдын асрамжинд байна. Өнөөдөр эмчид үзүүлэхэд “түнхний булууны яс солих хагалгаанд орох шаардлагатай” гэсэн. Би “зөвхөн эмчилгээний зардлыг өгчих” гэж хэлсэн боловч Г.Отгонжаргал “мөнгө байхгүй, ах, дүү, хамаатан, садан байхгүй” гэж хэлдэг. Г.Отгонжаргал хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. Би өмнөх эмчилгээний зардлаа аваагүй байхад дахин зардал гарахад хүндрэлтэй байна. Г.Отгонжаргал 6 сарын баривчлах ялаа өөрийн биеэр эдлэх ёстой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Г.Отгонжаргал ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 6 сарын баривчлах ял оногдуулах саналыг гаргасан. Хохирогч Д.Цэцэгмаагийн биеийн байдал хүнд, хохирол, төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад анхан шатны шүүх хуралдаан болсон. Хэргийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдэгдсэн байна гэж үзээд хөнгөн ял оногдуулбал хохирогч нарын хохирол барагдах байх гэдэг үүднээс дүгнэлт хийж уг ялыг оногдуулах саналыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Г.Отгонжаргал нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг МТ шатахуун түгээх газрын зүүн хойд замд 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед “Toyota Prius-10” загварын, 39-07 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас С.Гантөгсийн жолоодож явсан “Toyota Fun Cargo” загварын, 28-29 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Цэцэгмаагийн биед хүнд гэмтэл, зорчигч Д.Ганболдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Д.Цэцэгмаагийн “... 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00-01 цагийн үед хамаатныхаа 3 хүнтэй айлын байрны найранд очоод,  офицеруудын ордноос Налайх руу явах “Toyota Prius”загварын автомашинд нэг хүний 2000 төгрөгөөр явахаар суусан. Би тухайн үед жолоочийн хажуугийн суудал дээр суусан. Арын суудалд эгч Даариймаа, түүний нөхөр Ганболд мөн Оюунбаяр нар суусан. Бид нар дуулалдаад явж байгаад хэсэг зуурт би зүүрмэглэчихсэн байсан. Тэгсэн гэнэт нэг нь хашгирах шиг болоод намайг сэртэл урдаас хурц гэрэл туссан ба түс тас гээд явчихсан. Тэгээд би цааш нь юу ч санахгүй байна. Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Миний аарцаг яс цөмөрсөн хугаралтай, зүүн, баруун талын 7 хавирга хугарч, баруун, зүүн уушиг няцарсан, баруун зүүн гарын бугалга, тохой, цээж хөхөрч няцарсан. Одоо биеийн байдал хүнд, байнгын хэвтэрт, хүний асаргаанд хэцүү байна...” /1хх-48-49/,

Хохирогч Д.Ганболдын “... 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө эхнэр болон хамаатныхаа 2 эмэгтэйгийн хамтаар байрны найрнаас гараад офицеруудын ордны автобусны буудал дээрээс хүний 2000 төгрөгөөр Налайх руу явахаар болж “Toyota Prius-10” загварын автомашинд бид 4 суусан. Жолоочийн хажуугийн суудал дээр Цэцэгмаа, арын суудлын голд би суугаад, миний баруун гар талд Оюунбаяр, зүүн гар талд миний эхнэр Даариймаа суусан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор зүүрмэглээд унтчихсан. Тэгээд нэг сэрэхэд Баянзүрхийн гүүр хавьд сэрэхэд миний сууж явсан машин нилээн зөөлөн ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явж байхаар нь “за ингээд зөөлөн яваарай” гэж хэлээд буцаад зүүрмэглэсэн. Нэг сэрэхэд хоёр машин мөргөлдчихсөн, би сууж явсан машиныхаа гадаа газар хэвтэж байсан. Тухайн үед миний сууж явсан машины жолооч намайг машинаас гаргасан гэж байсан. Удалгүй түргэн тусламж ирээд намайг аваад явсан...” /1хх-73-74/,

Иргэний нэхэмжлэгч Б.Даариймаагийн “... 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө байрны найрнаас гараад гэрлүүгээ харих гээд нөхөр Ганболд, хамаатны 2 эмэгтэйгийн хамтаар офицеруудын ордоноос Налайх руу явах “Toyota Prius”загварын автомашинд бид 4 суусан. Тухайн үед би жолоочийн эсрэг талын хойд суудалд суусан. Миний баруун талд нөхөр Ганболд, түүний цаана Оюунбаяр суусан. Урд талд Цэцэгмаа сууж явсан. Тэгээд би зүүрмэглээд унтчихсан байхад осол болох шиг болсон. Би тэр үед шоконд ороод юу болоод байгааг ойлгоогүй. Нэг мэдсэн түргэн тусламжийн машин ирээд бид нарыг аваад Гэмтлийн эмнэлэг  рүү явсан. Миний тархи доргиж, хавагнасан, цээжний зөөлөн эд няцарч, зүүн талын шилбэ, тавхай, зүүн ташаа, зүүн хөлийн шилбэ зэрэг хавдаж, зөөлөн эд няцарсан. Миний баруун нүдний зовхи няцарч, хөхөрсөн...” /1хх-85/,

Иргэний нэхэмжлэгч С.Гантөгсийн “... Ослын улмаас миний эгэм, цавь, бэлхүүс хэсгээр зөөлөн эд нь гэмтсэн. Харин машины баруун урд хэсэг нилээн чихэгдэж, их хохирол учирсан. Үүнийг автомашины үнэлгээний тайланд тусгасан байгаа. Миний эмчилгээнд гарсан зардал байхгүй. Харин автомашинд учирсан хохирлыг яаралтай гаргуулж авмаар байна...” /1хх-80/,

            Иргэний нэхэмжлэгч С.Оюунбаярын “... 2016  оны 11 дүгээр сарын 154-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед манай хамаатны эгч болох Цэцэгмаа, Ганболд, Даариймаа нарын хамтаар айлын байрны цайллаганд очоод, тэндээсээ гараад офицеруудын ордны буудлаас Налайх явах “Toyota Prius”загварын автомашинд хүний 2000 төгрөгөөр суусан. Тэгээд машины жолоочийн хажуугийн урд суудал дээр Цэцэгмаа эгч суугаад, арын суудал дээр Ганболд ах, Даариймаа эгч бид нар суусан явж байсан. Тухайн үед зам нилээн хальтиргаа гулгаатай, цас орчихсон байсан болохоор бүгдээрээ л “зөөлөн явна шүү” гэж жолоочид хэлж байсан. тэгсэн нэг мэдсэн өөдөөс хурц гэрэл тусаад л яах ийхийн зуургүй мөргөлдчихсөн. Тухайн үед юунаас болж мөргөлдсөнийг мэдэхгүй байна. Харин осол болсны дараа бид нар тэрхэн зуурт ухаан алдчихсан. Тэгээд сэрэхэд машинд эвгүй үнэр үнэртэж байсан. Тэгээд машинаас бууж Ганболд ах, Цэцэгмаа эгчийг машинаас гаргасан. Удалгүй түргэн тусламж ирээд гэмтсэн хүмүүсийг аваад явсан. Миний цээж, хэвлий хэсгээр нилээн өвчтэй, хоёр хөлний шилбэ хэсгээр хавдаж овойсон байгаа. Миний зүүн талын хөл янгинаж өвдөөд байгаа. Би 170.000-180.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтууд бүрдүүлсэн байгаа ...” /1хх-/,

            Гэрч С.Түвшинтөгсийн “... 2016 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед ах Гантөгс“Toyota Fun Cargo” загварын автомашиныг жолоодон би жолоочийн хажуугийн урд суудал дээр суугаад Багануур дүүргээс хот руу чиглээд Баянзүрхийн товчоо орох гээд ах Гантөгс бид 2 юм яриад явж байтал гэнэт өөдөөс хурц гэрэл туссан. Тэгсэн яах ийхийн зуургүй эсрэг урсгалаас машин хүрч ирээд манай машины баруун урд хэсгийг мөргөсөн. Тэгээд ах бид 2 нилээн сандарч машинаасаа буусан. Тэгсэн нөгөө машинаас 102, 103 дугаарт дуудлага өгсөн байх. Удаагүй түргэн тусламж ирээд гэмтсэн хүмүүсийг аваад явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийж байх шиг байсан, тэгээд 2 машиныг ачаад аваад явсан. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг, цаг агаар цастай, зам хальтиргаа гулгаатай, гадаа хүйтэн байсан. Миний нуруу, хүзүүгээр жаахан өвдөж байгаа. Өөр гэмтэл байхгүй ...” /1хх-96/,

            Яллагдагчаар Г.Отгонжаргалын “... 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд халтуур хийгээд өөрийнхөө эзэмшлийн 39-07 УНЯ улсын дугаартай, “Toyota Prius-10” загварын автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн нутаг офицеруудын ордны автобусны буудал дээрээс 4 хүнийг Налайх руу 8000 төгрөгөөр авч явахаар болж тэр 4 зорчигчийг суулгаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо МТ шатахуун түгээх газрын зүүн хойд талын замаар 30 орчим км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед анхны цас ороод зам нилээн хальтиргаа, гулгаатай, гадаа цасан шуургатай байсан ба миний машины ард сууж явсан Ганболд гэх хүн “миний дүү зөөлөн яваарай, зам хальтиргаа, гулгаатай байна шүү” гээд анхааруулсан. Тэгээд МТ шатахуун түгээх газар өнгөрөөд ойролцоогоор 1 км орчмын зайд өөдөөс буюу эсрэг урсгалаас хурц гэрэл тусаад миний нүүрэн тус газарт гялбасан. Би өөдөөс ирж явсан машиныг шаравчихлаа гэж бодоод нилээн сандарч шууд эсрэг урсгал руу орж зайлаад гарах санаатай дартал зүүнээсээ баруун тийш чиглэлтэй ирж явсан автомашины баруун урд хэсгийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөчихсөн. Тэгээд миний машин замынхаа хойд талд замаас гарч зүүн урагшаагаа чиглэлтэй харж зогссон. Харин нөгөө автомашин нь зорчих хэсгийн голд ертөнцийн зүгээр баруун урагш чиглэлтэй хараад зогссон. Тэгээд би тэр даруй машинаасаа буугаад машин дотор сууж явсан 4 зорчигч нарыг машинаас буулгаад өөрийнхөө 99752495 дугаарын утсаар 103 дугаарт залгаж дуудлага өгсөн ...” /1хх-245/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Д.Цэцэгмаагийн биед аарцаг ясны баруун талын сүүжний тогооны цөмөрсөн хугарал, баруун талын 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн 5, 6-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины няцрал, эрүү, бугалга, тохой, цээж, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 14727 дугаар дүгнэлт /1хх-101/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Ганболдын биед цээжний баруун талд 1, 2, 3, 4, 5, 6-р хавирганы далд хугарал, баруун түнхний үений мултрал, хацарт шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14372 дугаар дүгнэлт /1хх-119/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Б.Даариймаагийн  биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд шарх, баруун нүдний зовхи, баруун, зүүн шагай, зүүн шилбэ, тавхай, зүүн ташаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 540 дугаар дүгнэлт /1хх-136/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... С.Оюунбаярын цээж, 2 шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 833 дугаар дүгнэлт /1хх-142/,

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн “... Хавтаст хэргийн материалтай танилцахад 39-07 УНЯ улсын дугаартай, “Toyota Prius-10” загварын автомашины жолооч Г.Отгонжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 28-29 БРА улсын дугаартай, “Toyota Fun Cargo” загварын автомашины жолооч С.Гантөгс нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 682 дугаартай дүгнэлт /1хх-216/, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-5/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-7/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1хх-9/, хохирогч Д.Цэцэгмаагийн өвчний түүх /1хх-106-116, 2хх-69-80/, хохирогч Д.Ганболдын өвчний түүх /1хх-125-134, 2хх-94-103/, ялтан Г.Отгонжаргалын автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-160-165/, С.Гантөгсийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-171-176/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-180/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Г.Отгонжаргалд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний гэм бурууд тохирсон байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Ялтан Г.Отгонжаргалаас “... Оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Г.Отгонжаргал нь уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчийн биед учирсан гэмтлийн үр дагавар буюу гэм хор арилаагүй, хохирогч Цэцэгмаа түнхний булууны яс солих хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа, энэ талаар гомдолтой байх тул анхан шатны шүүхээс ялтан Г.Отгонжаргалд оногдуулсан ял шийтгэл тохирсон, хүнд бус байна.

Иймд ялтан Г.Отгонжаргалын оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Отгонжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ДАВААСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                             Д.ОЮУНЧУЛУУН