Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/01054

 

Н.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00484 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 967 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.М-т холбогдох,

Гэм хорын хохиролд 2 460 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2016 оны 08 дугаар сарын 24-ний орой “Монопол” төвийн караокед н.Мандахнаран, н.Энхтуяа, н.Мөнхсайхан нартай хамт дуулах зорилгоор орсон. Тухайн үед хариуцагч Ц.М- бид нарын орсон өрөөнд орж ирээд энд архи ууж болохгүй гэж хэлсэн. Бид нар архи уухгүй, караокед орж дуулна гэж хэлсэн. Удалгүй хариуцагч Ц.М- гаднаас маш их уур бухимдалтай ирээд чамтай би тооцоо бодохоор орж ирлээ гэж хэлээд миний нүүр, амыг маажаад, зодох гэж дайрсан, миний хөл гараас татаж, намайг сандлаас татаж унагах гэж байсан. Тэр үед гэрч н.Энхтуяа нь “хүүе чи чинь юу болж байна” гэж хэлэхэд нь түүний үснээс татаад унагаасан.Хариуцагч Ц.М-ийн уг үйлдлийн улмаас миний нүүрэнд гүн сорви тогтсон, баруун хацар, хамрын хажуу хэсэг зэргийг хумсаараа урж сорвижуулсан тул би арга буюу “Гоо үзэсгэлэн” ХХК-ийн “Зууны эмэгтэй” гоо заслын эмнэлэгт 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 1 600 000 төгрөг, эмчилгээний тосны үнэ 210 000 төгрөг, эм, тосны үнэ 50 000 төгрөг болон шүүх, өмгөөллийн зардалд 600 000 төгрөг зэрэг нийт 2 460 000 төгрөгийг хариуцагч Ц.М-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.М- бид нарын болсон хэргийн талаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн байцаагч н.Буянтогтох шалгаад Н.М-гийн биед гэмтэл учраагүй гэдэг үндэслэлээр гомдлыг хааж шийдвэрлэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Н.М-гийн биед учирсан гэмтэл байхгүй, гэмтэл учраагүй, гэмтэл тогтоогдоогүй гэсэн байхад Н.М- 2 460 000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн нь ойлгомжгүй санагдаж байна. Иймд энэ хүний гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.Би Н.М-гийн эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн цахим хуудас руу хандсан, мөн тус эмнэлгийн ажилтантай ярьж, эмчилгээний үнийн талаар асуухад 1 см хумсны хөнгөн соривыг 22 000 төгрөгөөр эмчилдэг гэсэн. Хөнгөн хумсны гэмтлийг лазер эмчилгээнд дахин давтан ордоггүй, нэг удаа ороход бүрэн арилна гэж хэлсэн. Гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг өөр эмнэлгүүдээс асуухад сорив арилгадаг тосыг 1 сар гаруй түрхээд бүрэн арилна гэж маш олон эмнэлэг хэлсэн. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хэт өндөр үнэтэй нэхэмжилж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00484 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Ц.М-ээс 210 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 310 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 6 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 967 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00484 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчсөн, хэрэгт байгаа нотлох баримтад үндэслээгүй нөхцөл байдалд хууль зүйн зөв дүгнэлт өгөхгүй хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.Хариуцагч нэхэмжлэгчийг танхайрч толгойн тус газар нь зодож үснээс нь зулгааж, нүүрэнд нь маажиж гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэвч шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Зууны эмэгтэй гоо заслын эмнэлэгт Н.М- нь нүүрэнд учирсан хумсны сорви арилгах лазерт дөрвөн удаа орж нэг удаад 400 000 төгрөг, нийт 1 600 000 төлсөн байдаг. Энэ мөнгөний баримт нь “И” баримт байдаг. Мөн түүнчлэн үүнийг нь тус эмнэлгийн ажилтан баталгаажуулсан байдаг. Мөнгөний баримт болон тодорхойлолт хуурамч гэж үзсэн бол шүүх болон хариуцагч тодорхойлолт хийсэн ажилтан Энхжинг гэрчээр асуух боломж байсан. Гэвч хариуцагч гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй. Ц.М- Мягмарсүрэнг зодож нүүрийг нь маажиж сорви тогтоогоогүй бол өмгөөлөгчид мөнгө төлөхгүй байсан. Мөнххишиг нь тухайн үед түүнийг зодсоноос болж толгой нь өвддөг болсон учир толгойн эм сорвины тос авсныг дараа нь авсан гэж дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх нотлох баримтыг хэмжээнд авагдсан баримтуудыг шүүхийн шаардлага хангаагүй гэж дүгнээгүй, мөн нотлох баримтыг хасаагүй, шүүх хуралдааны явцад үнэлсэн, Мягмарсүрэн нь гоо сайхан алдагдуулсан, цаашид учрах сорви арилгах зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжлээгүй зөвхөн өөрөөс гарсан бодит зардлаа л нэхэмжилсэн болно.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулсанаас үүсэх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчдын хооронд үүссэн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэлийг заажээ. Энэ зүйлд зааснаар хяналтын гомдол нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр гарсан байх учиртай.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд шүүхийн хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодорхой тусгагдаагүй байна. Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч үзжээ.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.

Хэрэгт авагдсан, хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмын дагуу үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох баримтыг зааж, баримтаар нотлогдоогүй үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарим нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй явдлыг эдгээр баримтыг үнэлээгүй, эсхүл нотлох баримтаас хасах байсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх зөвхөн хэргийн оролцогчийн хүсэлтээр явуулдаг ба анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гараагүй байна.

Маргааны үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/00484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 967 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН