Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 311

 

 

2017.5.4                                               № 311                                    МАГАДЛАЛ

 

А.Зоригтбаатар, А.Ганзориг нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор О.Пүрэвсүрэн,

Ялтан А.Зоригтбаатар /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Баатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Зоригтбаатар, А.Ганзориг нарт холбогдох 201626011209 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Алтанчимэгийн Зоригтбаатар, 1994 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүд, эцэг, эх, дүү нарын  хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 44 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УБ94120214/,

Мандал овогт Аварзэдийн Ганзориг, 1994 оны 6 дугаар сарын 25-нд Төв аймгийн Лүн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 154 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НО94062515/,

1. А.Зоригтбаатар нь согтуурсан үедээ:

2016 оны 5 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-44 тоот хашааны гадна “ээжээр хүүхдээ сахиулаад, өөрөө архи уулаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.Отгонзундуйгийн хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, түүний биед “хэвлийн хөндийг нэвтэрч, ходоодны ар хана, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /1700 мл/” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

А.Ганзоригтой бүлэглэн согтуурсан үедээ 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сити” цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, С.Батбаярын биед “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт”, А.Мөнхбатын биед “хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан догшин авирлаж, танхайрсан,

Мөн 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сити” цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, С.Батбаяр, А.Мөнхбат нартай “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хүч хэрэглэн чулууг зэвсгийн чанартай хэрэглэн С.Батбаярын биед “тархи доргилт, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, А.Мөнхбатын биед “тархи доргилт, хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулан танхайрсан,

2. А.Ганзориг нь согтуурсан үедээ А.Зоригтбаатартай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сити” цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, С.Батбаярын биед “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт”, А.Мөнхбатын биед “хамар ясны хугарал, зулайн шархнууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас А.Зоригтбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар, А.Ганзоригт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, А.Зоригтбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, А.Ганзоригийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.Зоригтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, А.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар А.Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Ганзоригт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Зоригтбаатарын цагдан хоригдсон 296 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар А.Ганзоригт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэжээ.

Ялтан А.Зоригтбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлдсэн гэмт хэрэг нь урьдчилан төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй юм. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр эмнэлэг явж байгаад гэртээ мөнгөө мартсаны улмаас мөнгөө авах гээд гэртээ очиход хохирогч Т.Отгонзундуй нь манай гэрт үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч агсан тавьж гал голомт өшиглөсөн байсан. Мөн 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө С.Батбаяр, А.Мөнхбат нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас тохиолдлын шинжтэй үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, чин санаанаасаа гэмшиж байна. Би урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тул энэхүү байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хорих ялын хугацааг багасгаж өгнө үү...” гэв.

Ялтан А.Зоригтбаатарын өмгөөлөгч Э.Түмэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг буруу зүйлчлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон эд мөрийн баримт зэргээс үзэхэд А.Зоригтбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байхад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь А.Зоригтбаатар 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч С.Батбаяр, А.Мөнхбат нартай маргалдан зодолдох болсон шалтгаан, хохирогчийн биед учирсан гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх чулуу нь эд мөрийн баримтаар хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх бүрэн бодитой, үнэн зөв үнэлээгүй. Тухайлбал:

Хохирогч А.Мөнхбатын “...С.Батбаярын толгойг А.Зоригтбаатар цохиогүй, түүний толгой хагарах үед А.Зоригтбаатар байхгүй, зам гараад явсан байсан. Чи тамхи өгөхгүй хүнийг доромжилдог юмуу гээд буцаж очоод цээж рүү нь би түлхсэн...”, хохирогч С.Батбаярын “...Чи зүгээр цаашаа яв гээд А.Мөнхбат түлхсэн...”, А.Ганзоригийн яллагдагчаар өгсөн “...Нөгөө залуучууд А.Зоригтбаатарыг хоолойноос нь боосон байдалтай байсан. А.Зоригтбаатар, А.Золбоо хоёрыг зодолдсон эсэхийг хараагүй. А.Мөнхбат, С.Батбаяр нар эхэлж цохиогүй бол бид нар зодолдохгүй байсан.”, Гэрч Б.Рэгзэнгийн “...Хохирогч гэх залуу миний толгойг чулуугаар хагалсан гэх боловч хэргийн газар чулуу гэх зүйл байгаагүй, хохирогч цохиулсан гэх чулуу хаана байгаа талаар хэлж мэдэхгүй байсан. Ийм учраас хэргийн газраас эд мөрийн баримтаар ямар нэгэн чулуу хураагаагүй. Хохирогчтой хамт явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хохирогчийг чулуугаар цохьсон гэдгийг харсан зүйл байхгүй гэж байсан. Толгой руугаа чулуугаар цохиулсан нь тодорхойгүй байсан...”, А.Зоригтбаатарын сэжигтнээр өгсөн “...Нөгөө гурван ах л эхлээд цохьсон, түүнээс бид нар эхлээгүй...”, гэрч Х.Наранцацралын “...А.Зоригтбаатар нэг л удаа чулуу шидсэн...”, Шинжээч эмч Б.Ундармаагийн “...Хохирогчийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч С.Батбаяр, А.Мөнхбат нарын биед гэмтэл учруулаагүй, хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй гэмтэл болох нь нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх А.Зоригтбаатарыг шалтгаангүйгээр бусадтай зодолдож, чулууг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч нарт хөнгөн гэмтэл учруулсан гэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн хэрэгт хохирогч А.Мөнхбат, С.Батбаяр, гэрч Х.Наранцацрал нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байхад прокурор худал мэдүүлэг өгсөн гэх шалтгаанаар үүсгэсэн эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Шүүх энэхүү ноцтой, зөрүүтэй худал мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна. Гэрч Х.Наранцацрал нь хохирогчийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир зөвхөн сэжигтэн, яллагдагч нарыг буруутай мэтээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн.

Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд “хувийн таарамжгүй харьцаа, эр, эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа” зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх хэргийг нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй байна.

Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хэргийг тал бүрээс нь шалгаж хэргийн нотлогдвол зохих байдлуудыг бүрэн тогтоож чадаагүй. Гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн нотлохгүйгээр А.Зоригтбаатарыг хохирогч Мөнхбат, Батбаяр нарыг чулуугаар цохиж танхайрсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь А.Зоригтбаатар, А.Ганзориг, А.Золбоо нар Мөнхбат, Батбаяр нартай зодолдсон хэрэгт А.Золбоог сэжигтнээр тооцон шалгаж байгаад мөрдөн байцаалтын ажиллагааны явцад энэ хэрэгт оролцоогүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хохирогч, гэрч нар А.Золбоо зодолдсон талаар эхний байцаалтын үед мэдүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагааны явцад хохирогч Мөнхбат, Батбаяр, гэрч Х.Наранцацрал нар Мөнхбат, Батбаяр нарыг зодсон гэсэн байна. Түүнчлэн Мөнхбат, Батбаяр, Наранцацрал нарыг худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдож мэдүүлгүүд илтэд зөрүүтэй байхад нотлогдохгүй гэх үндэслэл заан хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байна.

Мөн чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн гэх боловч эд мөрийн баримтаар хураагдсан гэх чулууг хохирогчид цагдаагийн байгууллагад хэрэг гарсны дараа авч ирж өгсөн, тэрхүү чулуу нь хэрэгт ямар ч хамааралгүй гэдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон. Гэрч тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Рэгзэн “...хохирогчтой хамт явсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс хохирогчийг чулуугаар цохьсон талаар ярьсан зүйл байхгүй гэж байсан. Хохирогч чулуугаар толгой руугаа цохиулсан нь тодорхойгүй байсан...” гэж мэдүүлсэн. Иймд чулууг зэвсгийн чанартай хэрэглэсэн нь эргэлзээтэй байхад шүүх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь буруу юм.

Шүүх хохирогч болон шүүгдэгчийн хувийн байдлыг зөв дүгнээгүй. Хохирогч гэх С.Батбаяр, А.Мөнхбат нар нь насаар ахмад төдийгүй, тухайн үед олуулаа явж байсан, урьд ял шийтгүүлж байсан зэргээс дүгнэхэд А.Зоригтбаатар зодоон эхлүүлэх ямар ч боломжгүй, тэр нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад хэргийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Таньж олуулах ажиллагаанд Золбоо байсан гэдэг. Уг ажиллагаагаар зодоон болох үед хэн, хэн байсныг тогтоох ажиллагаа хийгдснээс зодоонд хэн оролцсон тухай ажиллагаа хийгдээгүй. Хохирогч Батбаярын эхнэр гэрч Наранцацрал мэдүүлэхдээ хүмүүс зодолдоод байхаар нь Золбоог барьж байсан. Мөн тухайн үед Зоригтбаатар зам гарч явсан хэдий ч чулуу шидэж Мөнхбат Батбаярын толгойг хагалсанг хэлдэг. Зоригтбаатарын өөрийнх нь мэдүүлэгт  Мөнхбат Батбаярын руу чулуу шидсэнээ хүлээж мэдүүлсэн нь хавтаст хэрэг байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул ялтан болон ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Ялтан А.Зоригтбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 13-ны орой Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-44 тоот хашааны гадна “ээжээр хүүхдээ сахиулаад, өөрөө архи уулаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Т.Отгонзундуйн хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, түүний биед “хэвлийн хөндийг нэвтэрч, ходоодны ар хана, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, сэмж гэмтээн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /1700 мл/” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Ч.Отгонзундуйгийн “...Би Ч.Алтанчимэгийн гэрээс гарахад А.Зоригтбаатар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирсэн. Түүний дэргэд очоод “та нар яагаад ганц хүүхэд эмнэлэгт сахиж чаддаггүй юм бэ” гэхэд А.Зоригтбаатар “та нар яагаад намайг ингэж байдаг юм” гээд намайг заамдаж аваад хөл рүү өшиглөсөн. Биднийг Ч.Бямбасүрэн эгч, нөхөр Д.Мэндсайханы хамт ирж салгасан. А.Зоригтбаатар хашааны гаднаас “чамайг ална, гараад ир” гээд байхаар нь хашаанаас гарахад тэрээр баруун гартаа хутга барьсан байдалтай зогсож байсан. Би эхэндээ хутгыг нь анзааралгүй яваад очтол хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалсан. Дахиад хутгалах гээд байхаар нь газраас чулуу аваад далайхад цаашаа гудамж өнгөрөөд гүйсэн. Миний хэвлий хэсгээс цус гарч байсан бөгөөд нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан...” /2-р хх-168-169/,

Гэрч Д.Мэндсайханы “...Ч.Отгонзундуй, А.Зоригтбаатар нар хашааны баруун талд эмнэлгийн талаар яриад маргалдаад нэг нэгнийхээ цамцнаас заамдаад авсан. Тэгэхээр нь би тэднийг салгасан. Тэднийг салгаад А.Зоригтбаатарыг аваад хашааны гадна зогсож байтал тэрээр “Мэндээ ахаа тавьчих” гэснээ цаашаа зугтаагаад Д.Халтар гэх айл руу гүйгээд орсон. Араас нь ортол гэрийнх нь зүүн талд байх шүүгээн дээр байсан хүрэн иштэй хутгыг аваад гарахаар нь тэврээд автал намайг газар унагаагаад цаашаа явсан. Тэгээд хашааны гаднаас “гараад ир” гээд орилоход А.Отгонзундуй гартаа тоосго бариад гарч ирсэн. Манай эхнэр түүний гараас тоосгыг нь булааж аваад хаясан. А.Отгонзундуй, А.Зоригтбаатар руу гүйгээд ирэх үед тэрээр доошоо сууж байснаа намайг газар унагаагаад босож амжаагүй байтал А.Отгонзундуйг хутгалчихаад зугтаад явсан. А.Отгонзундуйгийн хэвлий тус газраас их хэмжээний цус гарч байсан...” /2-р хх-170-171/,

Гэрч Ч.Бямбасүрэнгийн “...Д.Мэндсайхан, А.Зоригтбаатарыг хашаанаас тэврээд аваад гарсан. Би Ч.Отгонзундуйг хориглож байсан. Хэсэг хугацааны дараа хашааны гаднаас А.Зоригтбаатар “чи гараад ир, чамайг ална” гээд орилоод байсан. Би Ч.Отгонзундуйгийн араас гарахад А.Зоригтбаатар, Ч.Отгонзундуйгийн хэвлий тус газар нэг удаа хутгалсан. Ч.Отгонзундуйгийн хажууд очтол хэвлий тус газраа хутгалуулсан, сэмж нь гэдэснээсээ гараад ирсэн байсан...” /2-р хх-172-173/,

Насанд хүрээгүй гэрч Х.Ариунжингийн “...А.Зоригтбаатар орж ирээд “ахдаа хутгаа өгч бай, надад хэрэгтэй байна” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд миний үгийг сонсолгүй шүүгээний дотор шургуулгийг онгойлгоод бор иштэй хутга аваад гарсан...” /2-р хх-179/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл. Ир үзүүр бүхий үйлчлэл гэдэгт ир үзүүртэй бүх зүйл орно...” /2-р хх-190-191/,

А.Зоригтбаатарын яллагдагчаар өгсөн “...Д.Халтар ахын гээрээс шүүгээн дээрээс нь бор иштэй хутгыг аваад Ч.Отгонзундуйг айлгах санаатай өмднийхөө хойд талын халаасанд хийгээд гэрээс нь гарсан. Намайг гэрээс гарахад Ч.Отгонзундуй хашааны гадна тоосго бариад зогсож байснаа над руу шидсэн. Тэгээд намайг оноогүй болохоор зодох гээд ирээд миний малгайтай цамцны малгайгаар хоолой боогоод эхэлсэн. Амьсгал боогдоод тэсэхгүй болохоор нь халаасанд байсан хутгаар түүний хэвлий рүү хутгалаад хутгаа бариад автобусны буудал руу зугтсан...” /2-р хх-224-225/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6965 тоот “Отгонзундуйн биед хэвлийн хөндийг нэвтэрч ходоодны ар хана, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /1700 мл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-181/, шүүх, сэтгэц эмгэг судлалын 746 дугаар дүгнэлт /2-р хх-186-187/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Ялтан А.Зоригтбаатар нь согтуурсан үедээ А.Ганзоригтой бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Сити” цайны газрын хажууд бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, С.Батбаяр, А.Мөнхбат нартай “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хүч хэрэглэн, А.Зоригтбаатар нь чулууг зэвсгийн чанартай хэрэглэн А.Мөнхбатын биед “тархи доргилт, хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, А.Ганзориг нь С.Батбаярын биед “тархи доргилт, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

Хохирогч А.Мөнхбатын “...01 цаг 30 минутын орчим караокеноос гараад Баянхошууны тойрог руу машин руугаа явж байтал “Сити” цайны газрын хажууд 175-180 см-ын өндөртэй, улаан, хар өнгийн цамцтай залуу зогсож байсан. Бид нарыг урдуур нь явахад “тамхи байвал өгөөч” гэхээр нь “байхгүй” гээд явтал араас “та нарт л байхгүй юу” гээд доромжлоод байхаар нь буцаж очоод “тамхи өгөхгүй гэсэн хүнийг ингэж доромжилдог юм уу” гээд цээж рүү нь түлхсэн. Гэтэл нөгөө залуу автобусны буудлын зүг гүйгээд “Сити” цайны газрын ойролцоо байсан 3 залууг дагуулаад ирсэн. Тэгэхээр найзуудад нь “та нар найзыгаа аваад яв, бид нар асуудал гаргамааргүй байна” гэхэд улаан цамцтай залуу С.Батбаярын толгой руу гараараа цохьсон. Тэгээд гэнэт бүгдээрээ дайраад зодоон эхэлсэн. Би А.Зоригтбаатартай барьцалдаж байтал гэнэт миний гарыг тавиулаад засмал зам гараад гүйгээд явсан. Тэгэхээр нь би С.Батбаяртай зодолдож байсан А.Ганзоригийг салгах гээд зогсож байтал араас нэг хүн чулуугаар толгой руу цохьсон. Тэгээд би хойшоо савж унаад ухаан алдсан. ...А.Зоригтбаатар замын цаанаас тоосгоны хэмжээтэй чулуу бариад гарч ирж байсан. Би С.Батбаярыг татаж байгаад толгойдоо цохиулаад ухаан алдсан...” /1-р хх-23-24/,

Хохирогч С.Батбаярын “...02 цагийн орчим караокеноос гараад машинаа авахаар Түмэн-Өлзий, А.Мөнхбат, Х.Наранцацрал нарын хамт явж байтал “Сити” цайны газрын хажууд биеийн тамрын хувцастай, 175-180 см орчим өндөртэй залуу бид нараас “ганц ширхэг тамхи өгчих” гэхээр нь “байхгүй” гээд явтал араас доромжилоод байсан. Тэгэхээр нь А.Мөнхбат бид хоёр буцаж очоод “яагаад доромжлоод байгаа юм” гээд түүнийг А.Мөнхбат түлхэхэд тэрээр цайны газрын хойно байсан 3 залууг дагуулаад ирсэн. А.Мөнхбат тэдэнд “найзыгаа зүгээр аваад явчих” гэхэд цагаан цамцтай залуу миний нүд рүү гараараа цохиод, зодоон эхэлсэн. А.Мөнхбат биднийг салгах гээд зогсож байтал гэнэт чулуугаар цохьсон. Хэн цохисныг нь анзаараагүй. Цагаан цамцтай залуу зугтаахаар нь араас нь гүйж байгаад барьж авахад намайг дахиад нүд рүү цохьсон. Тэгээд ноцолдож байтал цагдаа нар ирсэн...” /1-р хх-28-19/,

Гэрч Х.Наранцацралын “...караокеноос 01 цаг 30 минутын үед А.Мөнхбат, Түмэн-Өлзий, С.Батбаяр /нөхөр/ нарын хамт гараад Баянхошууны тойргийн хажууд байрлах “Сити” цайны газрын орчим явж байтал улаан канттай, хар өнгийн бэлтгэлийн хувцастай, 175-180 см өндөртэй залуу бид нарын хажууд ирээд “ганц тамхи байвал өгөөч” гэхээр нь А.Мөнхбат “надад тамхи байхгүй” гээд цааш явтал нөгөө залуу араас “та нар тамхигүй явдаг хэн бэ, муу шээснүүд” гээд байсан. Бид дөрөв буцаж очоод А.Мөнхбат “чи юу гээд байгаа юм бэ” гээд цээж рүү нь түлхтэл тэрээр цаашаа гүйгээд цагаан цамцтай 160-165 см өндөртэй, хар хоолойтой цамцтай 160-165 см өндөртэй хоёр залуу, нэг эмэгтэйн хамт дагуулаад ирсэн. Хоёр залуу нь “та нар манай найзыг зоддог хэн бэ” гээд С.Батбаярыг хавсарч унагаан зодсон. С.Батбаярыг хар өнгийн бэлтгэлийн хувцастай залуу нь замын цаанаас гартаа чулуу барьж ирээд толгойг нь хагалсан. Тэгээд цагдаа дуудсан. С.Батбаяр, А.Мөнхбат нарын толгойг хагалсан хүн бол А.Зоригтбаатар. Харин тэднийг бүлэглэж зодсон хүмүүс бол А.Ганзориг, А.Золбоо, А.Зоригтбаатар нар юм...” /1-р хх-31-32/,

Гэрч С.Одонтуяагийн “…А.Ганзориг миний гар утас руу залгаад “Сити” цайны газрын хажууд хурдан хүрэд ир гэсэн. …Цайны газрын хажууд буутал шар подволктой 170-175 см өндөртэй, мөн хар саарал өнгийн подволктой, жинсэн өмдтэй 165-170 см өндөртэй эрэгтэйчүүд, нэг эмэгтэйн хамт А.Ганзоригийг доороо оруулаад зодоод байх шиг байсан. Тэднийг салгах гээд А.Зоригтбаатар, А.Золбоо хоёрыг анзаараагүй. С.Батбаяр, А.Мөнхбат нарын толгойг хэн хагалсныг хараагүй, намайг очиход толгой нь хагарсан байсан...” 1-р хх-36-37/,

Гэрч Ц.Энхбаярын “…00 цагийн орчим таксигаар явж байтал Баянхошууны тойргийн орчим А.Золбоо цээж нүцгэн, гудамжнаас гүйгээд гараад ирсэн. Цаана нь А.Ганзориг зодолдоод байх шиг байсан. А.Золбоогийн араас яваад очиход А.Ганзоригийг нэг ах доороо оруулсан зодож байсан. Цаанаас А.Зоригтбаатар гарч ирээд өндөр шар залуутай зодолдоод эхэлсэн. Намайг очиход А.Золбоо зодолдоогүй, А.Ганзориг, А.Зоригтбаатар хоёр А.Мөнхбат, С.Батбаяр хоёртой зодолдож байсан…” /1-р хх-42-44/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн “…А.Мөнхбатын биед зулай хэсэгтээ шархтай, зулгаралттай, зөөлөн эдийн няцралтай байсан. Энэ нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …С.Батбаярын биед учирсан гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйл гэдэг нь иргүй, мохоо зүйлийг хэлдэг…” /1-р хх-65-66/,

А.Золбоогийн яллагдагчаар өгсөн: “...А.Зоригтбаатар өндөр, шар царайтай эрэгтэйтэй бие биенийхээ хоолойг боосон байдалтай зогсож байснаа А.Ганзориг бид хоёрыг очиход нөгөө залуу А.Ганзоригийн нүүр лүү цохьсон бөгөөд А.Ганзориг зөрүүлээд түүний нүүр лүү цохиод зодоон эхэлсэн. А.Ганзоригийг доороо оруулчихаад зодоод байхаар нь түүнийг салгах гэхэд хамт явсан эмэгтэй нь миний цамцнаас татаад байхаар нь цамцаа тайлаад байж байтал Энхбаяр ирээд намайг аваад явсан...” /1-р хх-108-109/,

А.Ганзоригийн сэжигтнээр өгсөн “…01 цагийн орчим “Сити” цайны газраас гараад А.Зоригтбаатартай ярилцаад зогсож байтал А.Зоригтбаатар уг цайны газрын хажууд зогсож байсан гурван залуу, нэг эмэгтэй дээр очоод тамхи асуугаад байх шиг байсан. Гэнэт А.Зоригтбаатарыг өндөр шар царайтай залуу хоолойг нь боож унагаахаар нь А.Золбоо бид хоёр очоод “болиоч ээ” гэхэд өндөр шар царайтай ах миний нүүр лүү цохиод газар унагаагаад зодож эхэлсэн. А.Золбоо салгах гэтэл хамт явж байсан эмэгтэй нь цааш нь аваад явсан. Надад А.Зоригтбаатар хэлэхдээ өндөр биетэй, шар царайтай А.Мөнхбат гэх залуугийн толгойг чулуугаар цохьсон гэж хэлсэн…” /1-р хх-84-85/,

А.Зоригтбаатарын сэжигтнээр өгсөн “…А.Ганзориг, А.Золбоо, С.Одонтуяа гуравтай таараад тамхи татахаар нөгөө хэдээс зайдуу явж байтал хажуугаар 3 залуу, 1 эмэгтэйн хамт явж байхаар нь өндөр нуруутай эрэгтэйгээс нь “ах ганц тамхи байвал өгөөч” гэхэд “юу гэнэ ээ, би чамд тамхи өгдөг хэн бэ” гээд намайг хоолойноос боосон. Намайг босч ирэхэд дахиад хоолойноос боосон. Тэгтэл А.Ганзориг, А.Золбоо, С.Одонтуяа гурав цайны газрын хойноос гүйж гарч ирээд, А.Ганзориг “юу болоод байгаа юм бэ” гэхэд өндөр залуу “хэдүүлээ сайхан зодолдъё” гээд миний толгой руу нэг удаа цохьсон. Манай хэд бусад хоёр залуутай зодолдоод эхэлсэн. Би өндөр нуруутай залуутай зодолдоод дийлэхгүй болохоор нь зам гараад зугтсан…” /1-р хх-88-89/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13326 дугаар “Батбаярын биед тархи доргилт, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1-р хх-50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13324 дугаар “Мөнхбатын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зулайн шархнууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /1-р хх-57/ гэх дүгнэлтүүд, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /2-р хх-24-48/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс А.Зоригтбаатар, А.Ганзориг нарын гэм буруу, тэдний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос А.Зоригтбаатарын нэг цаг хугацаанд үйлдсэн танхайрах гэмт хэргийг хэд хэдэн зүйлээр нь яллах дүгнэлт үйлдсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Ялтан А.Зоригтбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж, С.Батбаярын биед “тархи доргилт, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, А.Мөнхбатын биед “тархи доргилт, хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан, А.Ганзоригийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж бүлэглэн С.Батбаярын биед “зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын цус хуралт, баруун мөр, баруун, зүүн тохойны зулгаралт”, А.Мөнхбатын биед “хамар ясны хугарал, зулайн шархууд, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан болох нь нотлогдсон үндэслэлээр А.Зоригтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, А.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Давж заалдах шатны шүүхэд ялтан А.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан А.Зоригтбаатар “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...”, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр “...чулууг зэвсгийн чанартай хэрэглэсэн нь эргэлзээ бүхий байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн буруу шийдвэрлэсэн...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч А.Мөнхбатын “...Би А.Зоригтбаатартай барьцалдаж байтал гэнэт миний гарыг тавиулаад засмал зам гараад гүйгээд явсан. ...А.Ганзоригийг салгах гээд зогсож байтал араас нэг хүн чулуугаар толгой руу цохьсон. Тэгээд би хойшоо савж унаад ухаан алдсан. ...А.Зоригтбаатар замын цаанаас тоосгоны хэмжээтэй чулуу бариад гарч ирж байсан...”, гэрч Х.Наранцацралын “...С.Батбаярыг хар өнгийн бэлтгэлийн хувцастай залуу нь замын цаанаас гартаа чулуу барьсан байдалтай ирээд чулуугаагаар толгойг нь хагалсан. Тэгээд цагдаа дуудсан. С.Батбаяр, А.Мөнхбат нарын толгойг хагалсан хүн бол А.Зоригтбаатар. Харин тэднийг бүлэглэж зодсон хүмүүс бол А.Ганзориг, А.Золбоо, А.Зоригтбаатар нар юм...”, шинжээч эмч Б.Ундармаагийн “…хохирогч нарт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйл гэдэг нь иргүй, мохоо зүйлийг хэлнэ...” гэх хууль сануулан авсан дээрх хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлгүүд нь А.Ганзоригийн сэжигтнээр өгсөн “...А.Зоригтбаатар надад хэлэхдээ өндөр биетэй, шар царайтай А.Мөнхбат гэх залуугийн толгойг чулуугаар цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлгийг давхар нотолж байх тул ялтан А.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Танхайрах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл хийж, улмаар бусдын бие махбодид халдаж, энэхүү үйлдлээсээ үүсэх хор уршгийг хүсэж үйлдсэн байдаг онцлогтой.

Түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсэн бол бусдын биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан эсэхээс үл хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчлэхээр заасан байна.

Танхайрах гэмт хэрэг үйлдсэн газар болон орчин нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж болдог ба А.Зоригтбаатар, А.Ганзориг нар нь гудамж талбайд согтуурхаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан, олон нийтийг илтэд үл хүндэтгэн, “тамхи өгсөнгүй” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан иргэн А.Мөнхбат, С.Батбаяр нарын биед гэмтэл учруулж байгаа үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж буй нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүх Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан А.Зоригтбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 7 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, А.Ганзоригийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзуулахаар шийдвэрлэсэн нь ялтан нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдалд тохирсон байна.

Харин ялтан А.Зоригтбаатарын цагдан хоригдсон хоногийг тооцож үзэхэд 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл 299 хоног цагдан хоригдсон байхад 296 хоног гэж буруу тооцсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 84 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд Улсын яллагч давж заалдах шатны шүүхээс А.Зоригтбаатарын ял шалгах хуудсанд регистрийн дугаар зөрсөн тухай тодруулах үүрэг өгсний дагуу ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас шинээр гарган өгсөн тухай тэмдэглэлд тусгагдсан боловч хэрэгт авагдаагүй байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтын “...А.Зоригтбаатарын цагдан хоригдсон 296 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “...А.Зоригтбаатарын цагдан хоригдсон 299 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан А.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулнаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                            Н.БАТСАЙХАН