Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 140

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00540/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 791 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Улаанбаатар хот, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч “*******” ХХК-д холбогдох 

          “Гэрээний үүрэг 25.564.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“*******” ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрлэлдээ Швейцарь улсын SIKA компаний Монгол улс дахь албан ёсны дистербьютер болох “Эко Хүрээ” ХХК-аас нийлүүлж буй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бетоны нэмэлтүүдийг авч хэрэглэхээр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Бэлтгэн нийлүүлэгч “*******” ХХК нь хамтран ажиллах гэрээний нэгдүгээр бүлэгт заасан Sika-Antifreze /хүйтний нэмэлт/, Sika-Viscocrete-5520 MN /уян налархайжуулагч, усны орцыг багасгагч нэмэлт/, Sika Rapid /түргэн бэхжүүлэгч нэмэлт/ бүтээгдэхүүнүүдийг гэрээний шаардлагад нийцүүлэн захиалагч “*******” ХХК-нд 2014 оны 01 сарын 01-нээс 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гэрээнд заасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн юм. Энэ хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн талаар 2 талын нягтлан бодогч нар тооцоо нийлэхэд “Дархан Минж” ХХК нь 23.240.000 төгрөгийг дутуу төлсөн нь батлагдсан. Талууд тооцоо нийлээд үлдэгдэл төлбөрөө төлөх график гаргачихаад дараа нь төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. “*******” ХХК-ийн манай бүтээгдэхүүнээс болоод барилга дээр хохирол учирсан гэх зүйлийн талаар бидэнд акт, нотолгоотой баримт болон албан тоот ирж байгаагүй болно. Тэгээд ч бидний хувьд манай бүтээгдэхүүнээс болж тэр барилгад хохирол учирсан гэж үзэхгүй байгаа тул тэр хохирлыг хүлээх шаардлагагүй юм. Мөн түүнчлэн 1,5 тонн үлдэгдэл бараа байгаа талаар бидэнд “*******” ХХК-ийн захирал Жаргалсайхан 2015 оны 12 сард тооцоо нийлэх зорилгоор явуулсан нягтланд анх удаа амаар хэлсэн байсан. Албан ёсоор бидэнд хандаж байгаагүй. Бид чанарын шаардлагын хувьд гэрээнд заасны дагуу ажилладаг тул ямар нөхцөлд 1 жил гаран хадгалж байсныг мэдэхгүй барааг буцаан авах боломжгүй юм. Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 23.240.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Өмгөөлөгчид төлсөн 2.324.000 төгрөгийг нэхэмжлэхээр тусгасан боловч энэ талаар нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“*******” ХХК, “*******” ХХК нь бетон нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, худалдах худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан болно. Бэлтгэн нийлүүлэгч “*******” ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу Sika-Viscocrete-5520 MN /уян налархайжуулагч, усны орцыг багасгагч нэмэлт/ бүтээгдэхүүн нийлүүлсэн. Уг гэрээний дагуу манай талд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 23.240.000 төгрөг болсон нь үнэн, бид энэ талаар маргахгүй. Хамгийн гол нь худалдагч талаас нийлүүлсэн бараа нь чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсны улмаас манай байгууллагад 11,700,000 төгрөгийн хохирол учирсан. Тодруулбал нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүйн улмаас ашиглаагүй үлдэгдэл 1,5 тонн буюу 5.700.000 төгрөг, манай харилцагч Ти Өү Би ХХК-нд нийлүүлсэн бетон зуурмагийг чанарын шаардлага хангахуйц болгоход зарцуулсан 1.000.000 төгрөг, нэмэлт бүтээгдэхүүн М-300 маркийн 32М3 бетоныг булшилхад зарцуулсан 4.960.000 төгрөг болсон. Тухайн үед захиалагч байгууллагад нийлүүлсэн манай бетон зуурмаг нь бэхжих явцдаа хагарал цуурал үүсч манай байгууллагад тодорхой хэмжээний хохирол учирсан нь энэ нь “*******” ХХК-ийн нийлүүлсэн бетоны нэмэлт бүтээгдэхүүнээс шалтгаалсан нь тогтоогдсон. Учир нь дээрх нэмэлт бүтээгдэхүүнийг ашиглахгүйгээр хийсэн бетон зуурмаг зүгээр байсан. Гэрээний дагуу нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгаа талаар “*******” ХХК-ийн удирдлагуудад утсаар болон албан тоотоор мэдэгдэж байсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас манай байгууллагад учирсан хохирлыг хасч тооцож 13.440.000 төгрөгийн төлбөрийг төлөхөд манай байгууллага бэлэн байна. Өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэжээ.

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 791 дугаар шийдвэрээр: 

           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 23.240.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.324.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 285.770 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 274.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш давж заалдсан гомдолдоо:

  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэгтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргийг гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу бид удаа дараа албан тоот хүргүүлж шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг яагаад чанарын шаардлага хангахгүй байгаа шалтгааныг нь тодруулах, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг буцааж өгөх талаар удаа дараа  албан тоотоор мэдэгдэж байсан. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг бодитойгоор үнэлэхгүйгээр, хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шүүх уг иргэний хэрэг нь процессын алдаатай байхад хэргийг хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн баримтыг судлахад нэхэмжлэгч Улаанбаатар хот, “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “Гэрээний үүрэг 25.564.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан эрхийнхээ дагуу гаргасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 13.440.000 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг манай байгууллагад учирсан хохирол тул төлөхгүй гэж маргажээ.

Шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулж хэргийг шийдвэрлээгүй байна.

Хариуцагч “*******” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх нь тодорхойгүй М.Жаргалсайханд шүүх 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, түүнд хуульд заасан эрх, үүрэг, хэргийн материалыг танилцуулсан байна. /хэргийн 16-22 дугаар хуудас/

“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Байгальмаад шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуульд заасан эрх үүргийг түүнд танилцуулаагүй, хэргийн материалтай танилцуулах боломж олгоогүй бөгөөд Б.Байгальмаа 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр тайлбар гаргажээ. /хэргийн 23 дугаар хуудас/

Дээрх байдлаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчжээ.

Мөн “*******” ХХК нь улсын бүртгэлтэй эсэх, ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг болох, тус компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь хэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдоогүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаавал зохино.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7, 168 дугаар зүйлийн 168.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 791 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 285.770 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ                                                        

                            ШҮҮГЧИД                                                      Л.АМАРСАНАА 

                                                                                                   С.ОЮУНЦЭЦЭГ