Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2017/00008

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 135/ШШ2017/00008

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00540/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот .........., ........... тоотод орших ....... ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ............, .... дугаар баг, үйлдвэрийн дүүрэгт орших .........ХХК-нд холбогдох

Гэрээний үүрэг 25.564.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Я-нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .........ХХК нь бетон зуурмагийн үйлдвэрлэлдээ Швейцарь улсын Sika компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибютор болох .......ХХК-аас нийлүүлж буй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бетоны нэмэлтүүдийг авч хэрэглэхээр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан юм. .......ХХК нь гэрээнд заасан sika-antifreze /хүйтний нэмэлт/ sika viscocrete-5520 MN /уян налархайжуулагч, усны орцыг багасгагч нэмэлт/, sika Rapid /түргэн бэхжүүлэгч нэмэлт/ бүтээгдэхүүнүүдийг гэрээний шаардлагад нийцүүлэн захиалагч .........ХХК-д 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сарын 31-ний өдрийг дуусах хугацаанд нийлүүлсэн юм. Энэ хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн талаар 2 талын нягтлан бодогч нар тооцоо нийлэхэд .........ХХК нь 23.240.000 төгрөгийг дутуу төлсөн нь батлагдсан. .........ХХК нь үүнийг хүлээн зөвшөөрч

 

FILENAME \p \* MERGEFORMAT I:\Батчимэг\Шийдвэр\Төгрөг гаргуулах тухай\.......Дархан минж.doc

тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан байдаг. Гэрээний дагуу тухайн барилгын материалыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т зааснаар бүтээгдэхүүнд хяналт тавьж, чанар стандартын шаардлагыг хангаж ажиллаж байсан. Тухайн үед .........ХХК гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Гэрээний хувьд хамтран ажиллах гэрээ гэх боловч худалдах, худалдан авах гэрээний шаардлагад нийцэж байна. Худалдан авагч тал нэмэлт материал болох уян налархайжуулагч нь чанарын шаардлага хангаагүй, анхны санал болгосон бүтээгдэхүүнээс чанарын хувьд доголдолтой байгаа тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэж, албан бичгээр буцаана гэж байгаа боловч тухайн үед албан тоотоор мэдэгдэж, буцаасан зүйл байхгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасан шаардлагыг хангаж байсан. Гэтэл хариуцагч талаас комисс гараад тэдгээр бүтээгдэхүүнийг акталсан мэт зүйл яриад байна. Мэргэжлийн байгууллагын лаборатороор ороогүй байж, чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргаж болохгүй. Талуудын байгуулсан гэрээнд техникийн шаардлага хангасан түүхий эд материал цемент, дайрга, хайрга, элс, усыг хэрэглэнэ гэж заасан байхад үүнийг тодруулахгүйгээр комиссын актаар устгасан гэх юм. Энэ асуудлаас болж .......ХХК нь 3 жил орчим хохирч байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар .........ХХК-с өмгөөллийн хөлс 2.324.000 төгрөгийг нэмж нийт 25.564.000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.770 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 9.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 13.440.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. .........ХХК нь бетон үйлдвэрлэж өөрсдийн барьж байгаа орон сууцны барилга руу нийлүүлдэг. Гэрээний дагуу .......ХХК нь .........ХХК-д чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлж байсан. Гэтэл хамгийн сүүлд хэзээ нийлүүлсэн нь мэдэгдэхгүй, 2 тонн ..... 5520 MN уян налархайжуулагч бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнээс 0.5 тонн бүтээгдэхүүнийг бетон зуурмагтаа хэрэглэхэд доголдол гарсан. Өөрөөр хэлбэл карказ, дээвэр болон шаланд маш их хэмжээгээр цууралт өгсөн. Тодорхой хэмжээний цууралтууд байдаг, гэтэл энэ хэмжээнээс хэтрээд эхэлсэн. Бид энэ тухай албан бичгийг .......ХХК-руу 2016.09.09, 2016.09.30-ны өдрүүдэд тус тус явуулсан. Энэ албан бичгийн хариу .......ХХК-иас ирээгүй. Шинэ Дарханд шинэ хороололд баригдаж байсан ахмадын барилгад 2 өдөр бетон зуурмаг нийлүүлэхэд мөн доголдол гарсан, тухайн үед .......ХХК-руу утасдахад нэрийг нь мэдэхгүй мэргэжилтэн гэх 2 залуу ирээд тэр хагархайнуудыг хооронд нь шахаад энэ асуудлыг шийдэж, актаа тогтооё гэхэд бид гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш, манай захирлуудыг дуудаж гарын үсэг зуруул гэж хэлээд явсан. Тухайн үед захирлаар одоогийн захирлаас өөр хүн байсан. Тэгээд шинээр томилогдсон .......ХХК-ийн захирал нь бид ийм асуудал болсон гэдгийг мэдэж байгаа, 19.000.000 төгрөг дээр тохиролцож болно гэсэн. Бид харилцан тооцоо хийсний үндсэн дээр 6.000.000 төгрөгийг хасаж, бүтэн савлагаатай 1 тонн хэрэглээгүй бүтээгдэхүүнээ буцааж өгөөд 9.800.000 төгрөгийг хасуулъя гэдэг асуудлыг ярихад хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үүнээс гол маргаан эхэлсэн. .......ХХК нь Швейцарь улсын ..... Монгол компанийн албан ёсны дистрибютор гэж ярьж байгаа, гэтэл бүтээгдэхүүн Монгол улсад хэзээ орж ирсэн нь тодорхой бус, харин Хятад улсаас оруулж ирдэг бүтээгдэхүүн юм байна гэж бид бүтээгдэхүүний чанарт эргэлзэж эхэлсэн. Өмнө нь бүтээгдэхүүнд ийм асуудал гараагүй байж сүүлийн 0.5 тонн бүтээгдэхүүнд алдаа гарсан тул бид хэрэглэсэн бүтээгдэхүүнээ тооцохоо больё, харин 3.800.000 төгрөгийн үнэ бүхий бүтэн бүтээгдэхүүнийг буцааж өгье гэж хэлсэн. Ямар учраас 6.000.000 төгрөгөөр хохироод байна гэхээр 1.000.000 төгрөгийг барилга барьж байсан компанийн нөхөн төлбөрт өгч, ..... компаниас ирсэн хүмүүст замын зардал өгсөн. 4.000.000 төгрөгийн шатахуунд, 4.900.000 төгрөгийг бүтээгдэхүүн устгахад зориулсан гэдгийг фото зургийг нь хэрэгт өгсөн. .......ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- нь заавал комисс гарах ёстой байсан гэж яриад байна. Бид удаа дараа мэргэжлийн ажилтанг ирүүлж, шалтгааныг нь тодруулж өгнө үү гэдэг шаардлага хүргүүлсэн ч ямар нэг хариу өгөөгүй. Нэгэнт хариу өгөөгүй тул хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоод тооцоогоо барагдуулъя гэхэд заавал шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагад 2.324.000 төгрөгийн өмгөөллийн хөлс орсон. Үндсэн хуульд зааснаар өмгөөлөгч авах эрхтэй болохоос үүрэгтэй биш учир өмгөөллийн хөлс нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Үндсэн 23.240.000 төгрөгийн нэхэмжлэлээс бид өөрт учирсан хохирол 6.000.000 төгрөг, хэрэглээгүй 1.5 тн бүтээгдэхүүний үнэ 3.800.000 төгрөг, нийт 9.800.000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж, 13.440.000 төгрөгийг өнөөдөр төлөхөд манай компани бэлэн байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 23.240.000 төгрөг, өмгөөллийн хөлс 2.324.000 төгрөг, нийт 25.564.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч талаас .......ХХК нь гэрээний үүргээ зөрчиж биет байдлын доголдолтой нэр бүхий 2 тн бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлсэнээс 6.000.000 төгрөгийн хохирол учирсан, 1.5 тн доголдолтой бүтээгдэхүүний үнэ 3.800.000 төгрөг, өмгөөллийн хөлс 2.324.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 12.124.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч .......ХХК, хариуцагч .........ХХК нарын хооронд 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээ /хх 10-12/ байгуулагдсан ба гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлий 198.1-т зааснаар тайлбарлахад .........ХХК-нь .......ХХК-иас бетон зуурмаг үйлдвэрлэхэд хэрэглэгдэх sika-antifreze /хүйтний нэмэлт/, sika viscocrete-5520 MN /уян налархайжуулагч, усны орцыг багасгагч, sika Rapid /түргэн бэхжүүлэгч нэмэлт/ бүтээгдэхүүнүүдийг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс .... оны .... дугаар сарын .....-ний өдрийг хүртэл хугацаанд худалдаж авахаар тохиролцсон байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч тал нэр бүхий бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, хариуцагч тал хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг хүлээсэн боловч төлбөрийн үлдэгдэл 23.240.000 төгрөгийг төлөөгүй байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон энэ үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй, тухайлбал гэрээний хугацаанд нийлүүлж байсан нэр бүхий бетон зуурмагийн бүтээгдэхүүнээс 2 тн нь чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой, улмаар хохирол учирсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Учир нь .........ХХК-иас гэрээний 3.6-д зааснаар гэрээний зүйл болох эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага буюу албан бичгийг /хх 26-27/ .......ХХК-д гаргаж байсан гэх боловч дээрх албан бичгийг худалдагч талд хүлээлгэн өгсөнөө баримтаар нотлоогүйгээс гадна нэр бүхий бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг буцаагаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Мөн хариуцагч талаас гаргасан хохирлын хэмжээ, шалтгааныг тогтоосон акт /хх 51/ -ыг зөвхөн .........ХХК-ийн технологийн инженер, тооцооны нябо, менежер зэрэг ажилтнууд тогтоосон байх бөгөөд гэрээний 3.7-д зааснаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслээгүй, нийлүүлэгч талаас үнэлгээ хийлгээгүй байна.

Хэрэгт баримтаар авагдсан гэрэл зураг /хх 29-33/, бетон зуурмаг үйлдвэрлэлийн тайлан гэх бүртгэлийн дэвтэр /хх 54-69/ нь нотолгооны ач холбогдолгүй буюу худалдан авсан бараа бүтээгдэхүүн мөн эсэх, түүний шинж чанарыг нотлохгүй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үнэллээ.

Иймд гэрээний зүйл болох эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой, улмаар хохирол учирсан гэх байдал тогтоогдохгүй байгаагаас гадна хариуцагч .........ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй боловч хэрэгжүүлээгүй, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч дээрх шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй боловч энэ эрхээ алдсан байна гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үл зөвшөөрсөн дээрх тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч талаас .........ХХК нь .......ХХК-нд бүтээгдэхүүний чанарын талаар мэдэгдэл ирүүлж байгаагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан хоёр байгууллагын нягтлан бодогч нарын гарын үсэг тамга бүхий ... тус хоёр байгууллага хооронд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс .... оны .... дугаар сарын .....-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 23.240.000 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэх тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 5/, .........ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нарын гарын үсэг, тамга тэмдэг бүхий .......ХХК-д төлөх өглөгийн төлөлтийн графикт 23.240.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хуваан төлөхөөр тусгасан баримт /хх 7/, Аргай чулуу ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн /хх 39-44/, зарлагын баримт, нэхэмжлэх /хх 214-219/ зэргээр няцааж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байгааг үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч .......ХХК-ийг гэрээнд заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна гэж үзэж нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний зүйлийн үнийг шаардах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан ..... Монгол компанийн дистрибюторын гэрээ /хх 199-208/, уг гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн худалдан авсан, татвар төлсөн баримт /хх 209-213/, компанийн танилцуулга /хх 233/ зэрэг .......ХХК нь ..... Монгол ХХК-ийн импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулалтын эрхтэйгээр борлуулдаг болохыг нотлосон баримтыг хариуцагчийн хүсэлтээр гаргасныг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол мөн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад өмгөөлөгчөөр оролцоогүй тул 2.324.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч .......ХХК-с худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 23.240.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .........ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.324.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........ХХК-аас 23.240.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.324.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.770 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 274.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ