| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 129/2020/00133/И |
| Дугаар | 210/МА2025/00413 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00413
2025 02 24 210/МА2025/00413
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/04658 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК, ******, *******, *******, ******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 838,803,594.07 төгрөгийг ******* ХХК, ****** нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, барьцаалсан хөрөнгө бусад хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг дуусгавар болгоогүй тохиолдолд батлан даалтын гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл 600,000,000 төгрөгийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг *******гаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ******* ХХК, ****** нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од, хариуцагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* ХХК, ****** нартай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 600,000,000 төгрөгийг жилийн 8 хувь, сарын 0,67 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* ХХК, ******, *******, ****** нартай барьцааны гэрээ байгуулж, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, хуучин захын урд байрлах 360 м.кв талбай бүхий, ******* дугаартай 2 давхар барилга, мөн хаягт байрлах 1210,5 м.кв талбай бүхий, ****** дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын****** дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 40 дүгээр гудамж, 06 тоот хаягт байрлалтай, 160 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай 2 давхар барилга, мөн хаягт байрлах 469 м.кв талбай бүхий ****** дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын *******дугаар бүхий эзэмших эрхтэй газар, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын, 2 дугаар баг, 27 дугаар байрны 1 дүгээр орцны 09 тоотод байрлах, 34 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай 2 өрөө орон сууц, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, хуучин захын урд талд байрлах 180 м.кв талбай бүхий, ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилга, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байрлах, 500 м.кв талбай бүхий ******* дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.
******* ХК нь зээлдэгч ******* ХХК-ийн ******* дахь 180000220635 тоот харилцах дансанд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 600,000,000 төгрөгийг шилжүүлж олгосон.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 14,575.98 төгрөг, үндсэн хүүгээс 73,674,506.21 төгрөг, нийт 73,689,082.19 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг өгсөн.
Иймд, зээлдэгч ******* ХХК, ****** нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 599,985,424.02 төгрөг, үндсэн хүү 231,677,606.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,140,563.6 төгрөг, нийт 838,803,594.07 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, барьцаалсан хөрөнгө бусад хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг дуусгавар болгоогүй тохиолдолд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* ХК, ******* нарын хооронд байгуулсан БДГ/340 дугаартай батлан даалтын гэрээнд заасны дагуу зээлдэгчийн зээлийн үлдэгдэл 600,000,000 төгрөгийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг *******гаас гаргуулах шаардлага гаргасан.
2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 72 айлын орон сууцны баруун талд байрлах, 500 м.кв газартаа хуучин жуулчлалын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр зээлийн гэрээ байгуулж, 600,000,000 төгрөгийг зээлдэж авсан.
Гэрээний ерөнхий хугацаа 7 жил байсан. Гэтэл гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдөж уг төсөл манай компаниас үл хамаарах хөндлөнгийн этгээдийн гэм буруугийн улмаас зогссон. Өөрөөр хэлбэл, зээл авсны дараа төсөл хэрэгжүүлэх газрын гэрчилгээг Архангай аймгийн Засаг дарга захирамж гарган хүчингүй болгосон боловч энэхүү шийдвэрийг захиргааны хэргийн 3 шатны шүүх хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр гарч, Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж, эрхийг сэргээх хүртэл 4 жил болж, бид төсөл хэрэгжүүлэх хугацаа алдан банкнаас авсан зээлийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн.
******* ХХК-аас Зээлийн нөхцөлийг өөрчилж, хүүг зогсоолгох, зээлийн дүнгийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг Батлан даалтын сангаас гаргуулах хүсэлтийг ******* ХК-д 2 удаа өгсөн боловч эсрэгээр нь хүүгээ нэмсэн. Үүрэг гүйцэтгэгчээс үл хамаарах нөхцөл байдал үүссэн нь зээлийн үндсэн үүргээс чөлөөлөгдөхгүй боловч хүү төлөх нэмэлт үүргээс чөлөөлөгдөнө.
******* ХХК нь одоо ямар ч үйл ажиллагаа явуулахгүй, дампуурах нөхцөлд хүрсэн. Энэ тохиолдолд ******* нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар нөхөх хариуцлага хүлээнэ. Мөн *******гийн тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт ******* нь зээлдэгч нарын адил үүрэг хүлээнэ гэж заасан. Мөн Батлан даалтын гэрээний 2.4, 2.4.5-т барьцаа хөрөнгөөр хангуулах гэж байгаа. Уг гэрээний 2.4.1-2.4.4 хүртэл ******* нөхөх хариуцлага хүлээх боломж нь бүрдсэн.
Иймд, *******гаас гэрээнд дурдсан 300,000,000 төгрөгийг гаргуулж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү.
3. Хариуцагч ******ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь энэ зээлийг Аялал жуулчлалын төв байгуулахаар авсан. Манай компани зээлийг зориулалтын дагуу авч, бүх материалаа татаж аваад үйл ажиллагаагаа эхлэх гэтэл Архангай аймгийн Засаг дарга үйл ажиллагаа явуулах газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор 2 жил шахам газрын маргаан үүсгэсэн. Энэ маргаан нь шийдвэрлэгдэхгүй явсаар 2022 оны босгон дээр Архангай аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг сэргээсэн. Энэ хугацаанд компани хүмүүстээ цалингийн урьдчилгаанд 150,000,000 төгрөг гэх мэт зүйлд мөнгөө зарцуулж компани үндсэндээ дампуурсан. Мөн ******* ХХК давагдашгүй хүчин зүйлийн болон төр захиргааны шийдвэрийн улмаас хохирсон.
Миний зүгээс үндсэн үүрэг болох 600,000,000 төгрөгийг зөвшөөрч, энэ мөнгөний тал хувь болох 300,000,000 төгрөгийг *******гаас гаргуулах хүсэлттэй байна. Зээлийн 300,000,000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр төлөхийг зөвшөөрч байна.
4. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХК, ******* ХХК, *******гийн хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу ******* ХК нь *******гаас үүргийг шаардах эрхгүй. Тодруулбал, Батлан даалтын гэрээний 2.4-т дараах нөхцөл биелэгдсэн бол батлан даалтын үүргийг гүйцэтгэнэ гэж заасан. Тус гэрээний 2.4.5-т зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх талаар заасан. Энэ ажиллагаа хийгдээгүй. Мөн гэрээний 2.7-д батлан даагч дараах тохиолдолд зээлдүүлэгч буюу ******* ХК-аас ирүүлсэн батлан даалтын үүрэг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэхийн шаардпагыг биелүүлэхээс татгалзана, 2.7.1-т Энэ гэрээний 2.4-д заасан нөхцөлүүд хангагдаагүй 2.7.4-т батлан даалтыг зээлийн гэрээний хугацаанаас богино хугацаатай гаргасан тохиолдолд батлан даалтын гэрээний хугацаа дууссан гэж заасан.
Дээрх нөхцөлүүд хангагдаагүй учраас *******гаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* XXК нь Аялал жуулчлалын төв барих төслөөр энэхүү зээлийг авсан. Гэтэл зээлдэгч болон зээлийн барьцаанд хөрөнгөө барьцаалуулсан гуравдагч этгээдээс үл хамааран, Аялал жуулчлалын төв барих газрыг хүчингүй болгож төслийг зогсоон зээл төлөх боломжгүй болгосон. Тус компанийн зээлийг ******* зөвшөөрсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг суллаж өгөхөөр тохиролцсон байсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
6. Хариуцагч ******ын тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК нь Аялал жуулчлалын төв барихаар Жайка төслөөр энэхүү зээлийг авсан. Гэтэл зээлдэгч болон зээлийн барьцаанд хөрөнгөө барьцаалуулсан гуравдагч этгээдээс үл хамааран Аялал жуулчлалын төв барих газрыг хүчингүй болгож төслийг зогсоон зээл төлөх боломжгүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК, ****** нараас зээлийн гэрээний үүрэгт 838,803,593.61 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгуулахаар, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, барьцаалсан хөрөнгө бусад хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг дуусгавар болгоогүй тохиолдолд зээлдэгчийн зээлийн үлдэгдэл 600,000,000 төгрөгийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулах тухай нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ****** нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох
хариуцагч ******, ******* нарын өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын, 1 дүгээр баг, хуучин захын урд талд хаягт байршилтай, ЗбО.м.кв талбай бүхий, 2 давхар үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө,
хариуцагч ******ийн эзэмшлийн нэгж талбарын****** дугаартай, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, хуучин захын урд талд байрлалтай, 1210,5 м.кв талбай бүхий, ******* дугаартай газрын эзэмших эрх,
хариуцагч *******, ****** нарын өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 40 гудамж, 06 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 160 м.кв талбай бүхий, 6 өрөө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдпөх эд хөрөнгө,
хариуцагч Э.Дашзэгвийн эзэмшлийн нэгж талбарын *******дугаартай, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах, 489 м.кв талбай бүхий, ГД- 0112640 дугаартай газрын эзэмших эрх,
хариуцагч *******ийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 27 байр, 1 дүгээр орц, 9 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай 34 м.кв талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
хариуцагч ******ийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, хуучин захын урд талд байрлах, үйлчилгээний зориулалттай 180 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө,
хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байрлах, 500 м.кв талбай бүхий, ******* дугаартай газрын эзэмших эрх тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 4,738,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, ****** 4,422,168 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
8. Хариуцагч ******* ХХК, ****** нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Барьцаа хөрөнгийн нэг болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байрлах, 500 м.кв талбай бүхий ******* тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ******* дугаар бүхий эзэмших эрхтэй газар дээр уг зээлийн зориулалтыг хангаж, Аялал жуулчлалын төв барьж, улмаар уг төвийн үйл ажиллагааны орлого, санхүүжилтээс буюу тухайн төсөл, зээлийн хугацааны 3 дахь жилээс эхлэн уг зээл, зээлийн хүүг төлж дуусгах тооцоо, судалгаатайгаар тухайн зээлийг авсан, олгосон болохыг нэхэмжлэгч, хариуцагч талуудын аль аль нь мэдэж байсан. Гэтэл дээр дурдсан Зээлийн зориулалтаар Аялал жуулчлалын төв барих төсөл хэрэгжиж, улмаар үйл ажиллагааны өгөөжөө өгч, уг зээлийг үндсэн зээл, хүүгийн хамт төлж дуусгах байсан тухайн Аялал жуучлалын төв баригдах байсан газрын эрхийг Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар хүчингүй болгосон. Уг шийдвэрт гомдол гаргаж, улмаар уг маргаан 3 шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж, захирамжийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Архангай аймгийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/677 дугаар Газар эзэмших эрх сэргээх тухай захирамж гарсан байдаг.
Хариуцагч тал нь дээр дурдсан нөхцөл байдлуудын улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын асуудлаар анхнаасаа нэхэмжлэгч буюу зээлдэгч талд санал, хүсэлт тавьсаар ирсэн бөгөөд, өөрөөс үл хамаарах тодорхой шалтгааны улмаас зээл, зээлийн зориулалт, төлөвлөгдсөн төсөл бүрэн хэрэгжих боломжгүй болсон тул Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг зогсоолгох хүсэлтийг удаа дараа гаргаж ирсэн байдаг бөгөөд энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан.
Гэтэл шүүх гэрээний үүргийн тооцооллын талаар маргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс хүү зогсоолгох хүсэлтийг нэхэмжлэгч *******инд 2019 оны 01 дүгээр сард өгсөнтэй холбоотой Банк хүүг буруу тооцсон, зээлийн төлбөрийг нэхэмжлэгчийн тооцоолсон байдлаар төлөх боломжгүй гэж талууд маргасан байхад шүүх анхаарч үзээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн суурь зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Төсөл хэрэгжих ёстой байсан газрыг төрийн эрх бүхий байгууллагаас хууль бусаар хүчингүй болгосон, үүнтэй холбогдох маргаан шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байх хугацаанд, тухайлбал 2019 оны сүүлээс эхлэн дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарсан бөгөөд үүнээс үүдэлтэй улс орныг бүхэлд нь хамарсан хөл хорио тавигдсан, улмаар бүх ажил, үйлчилгээ зогссоныг улс орон, дэлхий даяараа мэдэх билээ.
Зээлдэгч, хариуцагч компаниас үл хамаарах шалтгаанаар хариуцагч компани нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон бүхий л нотлох баримтууд хэрэгт авагдсан байсаар байхад, мөн түүнчлэн Зээлдэгч зээлээ төлөх боломжгүй боллоо, зээлийн гэрээний үүсэж болзошгүй эрсдэлийг хамтран арилгая, эрсдэлийг аль болох бага байлгая гэсэн санал, хүсэлтийг удаа дараа амаар болон бичгээр зээлдүүлэгч *******, түүний зээл хариуцсан ажилтнуудад тавьсаар байхад эдгээр байдлыг үл хайхарсан *******ны шууд нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээр, хүү, хүүгийн тооцооллын байдалд ч ямар нэгэн дүгнэлт, тооцоолол хийлгүйгээр, Иргэний хуулийн энэхүү харилцааны зохицуулалтуудыг, тухайлбал Иргэний хуулийн 219-220, 221 дугаар зүйлийн холбогдох хэсгүүд, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэг, 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсгүүдийн зохицуулалтыг огт хэрэглэхгүйгээр, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 40.4 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтын шаардлагуудыг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байна.
Хариуцагч нар нь анх авсан үндсэн зээл болох 600,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон 238,803,593.61 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Иймд Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж гаргасан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/04658 дугаар шийдвэрийн 238,803,593.61 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
9. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас оролцоогүй бөгөөд давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ******* ХХК, ****** нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад тэдний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, ******, *******, *******, ******, ******* нарт холбогдуулан ******* ХХК, ****** нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 838,803,594.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, барьцаалсан хөрөнгө бусад хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг дуусгавар болгоогүй тохиолдолд батлан даалтын гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл 600,000,000 төгрөгийг 50 хувь болох 300,000,000 төгрөгийг *******гаас гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, ****** нартай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХК нь 600,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч ******* ХХК, ****** нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 600,000,000 төгрөгийг зээлдэгч ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /1-р хх-ийн 4, 12-14-р тал/
Мөн өдөр зохигч барьцааны гэрээ байгуулж, хариуцагч ******, ******* нарын өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, хуучин захын урд талд хаягт байршилтай, З60 м.кв талбай бүхий, 2 давхар үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******ийн эзэмшлийн нэгж талбарын****** дугаартай, Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, хуучин захын урд талд байрлалтай, 1210,5 м.кв талбай бүхий, ******* дугаартай газрын эзэмших эрх, хариуцагч *******, ****** нарын өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 40 гудамж, 06 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 160 м.кв талбай бүхий, 6 өрөө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Э.Дашзэгвийн эзэмшлийн нэгж талбарын *******дугаартай, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах, 489 м.кв талбай бүхий, ****** дугаартай газрын эзэмших эрх, хариуцагч *******ийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 27 байр, 1 дүгээр орц, 9 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай 34 м.кв талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******ийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, хуучин захын урд талд байрлах, үйлчилгээний зориулалттай 180 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ******* ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд байрлах, 500 м.кв талбай бүхий, ******* дугаартай газрын эзэмших эрхийг тус тус барьцаалжээ. /1-р хх-ийн 15-17-р тал/
5. Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.
5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч ******* ХК нь хууль буюу гэрээнд зааснаар хариуцагч ******* ХХК, ****** нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.
5.2. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Хариуцагч буюу зээлдэгч ******* ХХК, ****** нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээсэн боловч 2019 оны 01 дүгээр сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримт тогтоогдсон. Зээлдэгч нарт 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 599,985,424.02 төгрөг, хүү 231,677,605.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,140,563.6 төгрөг, нийт 838,803,594.07 төгрөгийн үүрэг үүссэн болох нь зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тогтоогджээ. /3-р хх-ийн 206-р тал/
5.3. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.2.4-т Зээлдэгч нь ... зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн, гэрээний дээрх тохиролцоо хүчин төгөлдөр байна.
Өөрөөр хэлбэл, ямар хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохыг талууд гэрээгээр тохиролцсон, энэхүү тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно. Мөн гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээгээр ямар эрх, үүрэг хүлээж, хэрхэн цуцалж, дуусгавар болгохыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх учиртай.
5.4. Хариуцагч нарын хувьд Архангай аймгийн Засаг даргын 2017 оны А/463 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-ийн Аялал жуулчлалын төв барихаар төлөвлөсөн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой маргаан үүсч, уг маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж хугацаа алдсаны улмаас зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, үүнээс гадна Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн боловч эдгээр шалтгаан нөхцлийн улмаас зээлийн гэрээг цуцлах, төлбөр төлөлтийг хойшлуулахтай холбоотой аливаа хүсэлтийг банкинд гаргаагүй, ямар нэг байдлаар шийдвэрлүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй. Нөгөө талаар, хариуцагчийн татгалзалд дурьдсанаар Аялал жуулчлалын төв барих газрын эрхийг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан өөрчлөгдсөн нөхцөл байдалд хамаарахгүй тул хариуцагч нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
6. Нэхэмжлэлээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон барьцаалсан хөрөнгө бусад хөрөнгийг худалдан борлуулсан ч зээлийн төлбөрийг дуусгавар болгоогүй тохиолдолд батлан даалтын гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл 600,000,000 төгрөгийн 50 хувь болох 300,000,000 төгрөгийг *******гаас гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт зохигч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт дүгнэлт хийхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, ****** нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/04658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, ****** нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,351,968 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ