Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/04776

 

2016 оны 08 сарын 01 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04776

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр байр, 113 тоот хаягт оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ХБ71052477, Бэсүд овогт Бат-Эрдэнийн Батдоржийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22 дугаар байр, 1 давхарт байрлах, Кредит Монгол ББСБ ХХК /РД: 2595516/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх дугаар: 2019/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батдорж нь хариуцагч Кредит Монгол ББСБ ХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлгэхийг хүсч нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Батдорж нь Кредит Монгол ББСБ ХХК-ийн Тамгын газрын захирал, хуулийн зөвлөхөөр 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажилд орсон байх бөгөөд тус компанийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/64 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.2, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.9, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг баримтлан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зөрчиж, У.Эрдэнэзулд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан хойшлуулсан гэх зөрчил гаргасан гэж сарын үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах, шагнал урамшууллыг 6 сарын хугацаагаар бүрэн хасах сахилгын шийтгэл ногдуулжээ. Мөн өдрийн захирлын 15/65 тоот тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3.3, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг баримтлан Монголын Банк бус Санхүүгийн байгууллагуудын Холбооны дүрэм, Гишүүний Ёс зүйн дүрэм, Удирдах зөвлөлийн хурлын дэг зэргийг зөрчиж, ББСБ-ыг төлөөлөх ажилдаа хувийн шинж чанартай ёс зүйгүй байдлаар хандсанаас болж, Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээс хасуулсан, уг алдаа дутагдал, зөрчлөө нуун дарагдуулж, удирдлагад мэдэгдээгүй зөрчил гаргасан ба Кредит Монгол ББСБ ХХК-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх гэх хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6.4-д заасан ноцтой зөрчлийг гаргасан байх тул ажлаас халах шийтгэл ногдуулж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/64 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх буюу гаргасан зөрчлийг шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл У.Эрдэнэзулд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан хойшлуулахаар ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхгүй байх үүрэг өгсөн гэх боловч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг компанийн албан бланк, тамга тэмдгээр баталгаажуулсан, түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг компаниас төлсөн байна. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн У.Эрдэнэзулд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан зөвхөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах үндэслэлээр биш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэсэн байна. Хэдийгээр удирдлагаас ийм үүрэг өгсөн гэж Б.Батдоржтой хамт У.Эрдэнэзулын хэрэгт Кредит Монгол ББСБ ХХК-ийг төлөөлж байсан С.Чинзориг тодорхойлолт гаргасан боловч С.Чинзориг нь энэ хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан тул түүний тодорхойлолт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байна.

Иймд Кредит Монгол ББСБ ХХК-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/64 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалттай нийцэхгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Кредит Монгол ББСБ ХХК-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 тоот тушаалаар Монголын Банк бус Санхүүгийн байгууллагуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээс хасуулж, удирдлагаас нуун дарагдуулсан зөрчил гаргасан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхээр байна гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан Б.Батдоржийг ажлаас чөлөөлсөн байна.

Уг тушаалд дурдсан зөрчил нь 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гарсан байна. Энэ зөрчилтэй зохигчид маргаагүй, зөрчил нь Монголын Банк бус Санхүүгийн байгууллагуудын Холбооны Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн тогтоол, Удирдах зөвлөлийн даргын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан ба зөрчил гарснаас 9 сар 20 хоногийн дараа сахилгын шийтгэл ногдуулсанаа хариуцагч нь бид 10 сард мэдээд арга хэмжээ авсан гэх боловч 10 сарын 18-наас хойш мэдсэнээ нотолж чадаагүй, улмаар зөрчил гарснаас хойш 6 сар өнгөрсөн учир сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан Кредит Монгол ББСБ ХХК-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/64 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал байхгүй болсон гэж тайлбарласан боловч үүнийг баримтаар нотлоогүй тул Б.Батдоржийг Кредит Монгол ББСБ ХХК-ийн Тамгын газрын захирал, хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу тооцохоор байх боловч зохигчид нийгмийн даатгалын шийтгэл төлсөн дэвтрийг ирүүлээгүй, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан цалингаас тооцоход татгалзахгүй гэсэн тул 11 дүгээр сард ажлын 21 хоногоос 6 хоног ажиллаагүй тул 11 сард /2.150.000 : 21 хоног = 102.381 төгрөг х 6 хоног / 614.286 төгрөг, 12-7 сарыг дуустал бүтэн ажиллаагүй тул 8 сар х 2.150.000 төгрөг = 17.200.000 төгрөг + 614.286 төгрөг = 17.814.286 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийн дагуу хариуцагчаас 247.021 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг баримтлан Кредит Монгол ББСБ ХХК-ийн захирлын 2015 оны 11 дүгээр сарын 18-н өдрийн 15/64 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Батдоржийг Кредит Монгол ББСБ ХХК-ийн Тамгын газрын захирал, хуулийн зөвлөх албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17.814.286 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагч Кредит Монгол ББСБ ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Батдоржид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 247.021 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ