Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01041

 

С.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00602 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1078 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч С.С-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзулын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагч Ш.У-, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ш.У-д 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хугацаагүй зээлийн гэрээ байгуулж 1 500 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 500 000 төгрөг зээлүүлсэн. Ш.У- нь 2015 оны 08 дугаар сард 300 000 төгрөг бэлэн бусаар төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул 1 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 500 000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, 4 хувийн хүү төлөхөөр зээлж авсан. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 500 000 төгрөгийг бэлнээр, 2 140 000 төгрөгийг дансаар, нийт 2 640 000 төгрөгийг төлөөд байгаа, дахин төлбөр хийх хүсэлгүй байна. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөгийн зээл аваагүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00602 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.У-аас 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-гэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.У-аас 12 650 төгрөгийг гаргуулж С.С-гэд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1078 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.С-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.С-гийн төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгч талуудыг тооцоо нийлж үзэх шаардлагатай гэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчтай тооцоо нийлж үзсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө шүүгч хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлт байна уу гэхэд “хариуцагчтай тооцоо нийлж үзэхэд 7-8 гүйлгээ зөрж байна. Энэ гүйлгээнүүд өөр Жаргал гэх хүнээс орж ирсэн гүйлгээ юм. Эдгээр гүйлгээтэй холбоотой банкны баримт Хаан банкнаас нотлох баримтаар гаргуулах” хүсэлт гаргасан. Гэтэл шүүх “аль 2012 оны баримтууд одоо юу гэж гарч ирэхгүй” гэж хэлээд миний хүсэлтийг шийдвэрлэж ямар нэгэн захирамж гаргаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлж өөрийнхөө гаргаж өгөх боломжгүй баримтыг гаргуулах хүсэлтийг гаргахад шүүх түүнийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй байж нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нотлох баримтад тулгуурлан мэтгэлцээгүй гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ”, 123.1., 123.3-т “...хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэснийг зөрчиж миний хүсэлтийг шийдвэрлээгүй.Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхэд энэ асуудлаар гомдолтой байгаа илэрхийлсэн боловч давж заалдах шатны шүүх хүсэлт шийдвэрлээгүй асуудлаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй атлаа нэхэмжлэгчийг өөрөө нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг захирамж гаргаж шүүх шийдвэрлээгүй мөртлөө ямар үндэслэлээр нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нотлох баримтаар гаргуулахаар хүсэлт гаргасан баримт нь хариуцагчийн хувьд түүний Хаан банкаар дамжуулан шилжүүлж байсан гэх төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Жаргалаас өөр этгээдээс шилжүүлж байсан төлбөрийн баримт юм. Ийм учраас нэхэмжлэгч өөрөө хүсэлт гарган авах боломжгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа гүйлгээ нь 2012 оноос эхлэн 2015 оныг дуусталх хугацааг хамрах бөгөөд Хаан банкны аль салбараас тухайн гүйлгээг хийснийг нэхэмжлэгчийн хувьд мэдэх боломжгүй баримтууд байсан юм....Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр шүүгч хариуцагчаас “нэхэмжлэгчийн төлөөлөгч Хаан банкнаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан юм уу” гэхэд хариуцагч “тиймээ тооцоогоо тулгаж үзээд таарахгүй байгаа гүйлгээний баримтыг эхээр нь гаргуулна гэсэн хүсэлт гаргасан” гэж тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх та хүсэлт гаргаж байгаа юм бол бичгээр гаргах ёстой. Тэр хүсэлт чинь хаана байна. Тэр баримтыг өөрөө гаргаж өгөх боломжгүй гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ гэж байсан. Хэргийн оролцогч шүүх хуралдааны үеэр гаргаж байгаа хүсэлтээ заавал бичгээр гаргах шаардлагагүй шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдах ёстой гэж ойлгож байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгаагүй боловч хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч талаас банкны гүйлгээний баримт гаргуулах хүсэлт гаргасан гэдгийг хэлсэн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзээгүйд гомдолтой байна.Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны журам зөрчиж хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүйгээс хариуцагчаас төлөгдөөгүй төлбөр /25 000 төгрөг/ нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаж шийдвэрлэгдсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00602 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 1078 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.С-гэ нь хариуцагч Ш.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1 700 000 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад шаардлагаа 1 220 000 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй маргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт  бүрдүүлэх ажиллагааг шүүх дутуу гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр ХААН банк дахь нэхэмжлэгчийн дансны гүйлгээний хуулгыг гаргуулсан байх ба зарим гүйлгээтэй холбоотой банкны баримтыг Хаан банкнаас гаргуулах талаар нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан хүсэлт байхгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт бүрдүүлэх талаар тодорхой хүсэлт, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоогүй байсан, эсхүл бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх тайлбар зэргийг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй байна. Банкны гүйлгээний хуулгад тусгагдсан зарим шилжүүлгийн талаар анхан шатны шүүх хуралдаанд талууд мэтгэлцэж, шүүх уг асуудлыг хэлэлцсэн байх ба эргэлзээ бүхий үйл баримтын талаарх талуудын тайлбар, мэтгэлцээг нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хэлэлцэхээс өмнө шинээр гаргах нотлох баримт, хүсэлт байгаа эсэх талаар асуусан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс банкны дансны хуулга дээр “Жаргалаас” гэх шилжүүлгүүдийн талаар хариуцагчтай тооцоо нийлэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, талууд тооцоо нийлжээ. Үүний дараа нэхэмжлэгч тал шаардлагаа багасгаж, нэхэмжлэлээ дэмжиж байна гэж тайлбарлажээ.  

Шүүх нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хүлээж аваагүй, тэмдэглэлд тусгаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нотлох баримтад тулгуурлан хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/00602 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1078 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН