Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0033

 

Г.Ч нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч М.Д нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ч нарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д, Г.Ч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 7 дугаар сарын 17-нд хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 9 дүгээр хуралдаанаас 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолууд гарснаар нэхэмжлэгч М.Д, Г.Ч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болох ямар хуультай зөрчилдсөн тодорхойгүй байгаа. Тухайн хуралдаанд суух боломжийг ажлын албанаас бүрэн хангаж өгсөн байдаг. Эдгээр төлөөлөгч нар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.8-д Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно, 23.9-д Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэсэн заалтуудыг зөрчиж уг хуралдаанд зориудаар оролцоогүй байгаа. Уг тогтоолууд гарснаар нэхэмжлэгч нарын ямар эрх ашиг хэрхэн хөндөгдсөн талаар хавтас хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримт байхгүй болно. Харин ч тухайн тогтоолууд нь гарснаар Говь-Алтай аймгийн тулгамдсан асуудлууд цаг хугацаандаа шийдэгдээд тогтоолууд бүгд хэрэгжээд өнгөрсөн байгаа. Онлайнаар оролцсон төлөөлөгчийн тухайд өөрийн хүсэлтээр оролцсон байгаа. Үүнийг хуралд оролцсон төлөөлөгч нар зөвшөөрөөд хурал үргэлжилсэн байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4-д хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч М.Д, Г.Ч нар нь Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааныг хүчингүйд тооцож, хурлаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг зөрчиж хурлын төлөөлөгчийн олонхи ирээгүй байхад хуралдааныг хийснээр хурлын төлөөлөгчийн бүрэн эрхэд халдсан” гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд ирвэл зохих 40 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч танхимд хүрэлцэн ирсэн, 1 төлөөлөгч буюу  Ц.А нь Улаанбаатар хотоос цахимаар /таслах эрхгүйгээр/ оролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасныг тухайн төлөөлөгч заавал биечлэн ирснээр бус хуралдаанд оролцсоноор хүчинтэйд тооцно гэж ойлгох бөгөөд оршин байгаа газраас үл хамааран аливаа хурал, зөвлөгөөнийг цахимаар хийх боломжтой болсон техник, технологийн хөгжингүй энэ цаг үед төлөөлөгч Ц.А-г хуралдаанд цахимаар оролцуулсан нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй.

         Харин төлөөлөгч Ц.А-г хуралдаанд “таслах эрхгүйгээр” оролцуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй ч энэхүү нөхцөл байдал нь төлөөлөгч М.Д, Г.Ч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэг төлөөлөгчийг цахимаар хуралд оролцуулсан нь нэхэмжлэгч нарт дээрх хуулиар олгосон хурлын төлөөлөгчийн “хуралдаанд оролцох” эрхийг хөндөөгүй, хоорондоо шалтгаант холбоогүй байгааг анхаараагүй нь буруу байна.

Түүнчлэн, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны товыг хойшлуулж 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Алтай хотод хуралдуулахаар товолсон байх ба нэхэмжлэгч М.Д тэргүүлэгчээр уг хуралдаанд оролцсон, нэхэмжлэгч Г.Чтухайн өдрийн хурлын товыг мэдэж байснаа шүүх хуралдаан дээр тайлбарласан зэргээс үзэхэд тус өдөр хурал товлогдсоныг мэдсэн гэж үзнэ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах,...” гэж хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж товолсон хуралдаанд хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д зааснаар хурлын төлөөлөгч нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар зориудаар  оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарах эрхгүй байна.

Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй, албан ёсоор хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй атлаа /утсаар мэдэгдсэн гэх ч энэ нь баримтаар нотлогдоогүй/ зориудаар оролцоогүй нь тухайн хурлын төлөөлөгчийг хуралд оролцох эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “нэхэмжлэгч  нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй ямар хуультай зөрчилдсөн нь тодорхойгүй” гэх давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д, Г.Ч нарын “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааныг хүчингүйд тооцож, хурлаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                    С.Мөнхжаргал   

                ШҮҮГЧ                                                                    О.НОМУУЛИН