Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/0097

 

З.Н-гийн нэхэмжлэлтэй,

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                        П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:                    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                         Х.Батсүрэн

                                                            Ц.Цогт  

Илтгэгч шүүгч:                           М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0346 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2024/0374 дүгээр магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0251 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг,  нэхэмжлэгч З.Н, түүний өмгөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Л.Б, түүний өмгөөлөгч Т.Д, гуравдагч этгээд Д.М-ын өмгөөлөгч Р.П нарыг оролцуулан, гуравдагч этгээд Л.Б-ын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:*** дүүрэг, *** давхар оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 128.76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Д.М-ын нэр дээрээс Л.Б гэгчид шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгуулах”

2.Хэргийн нөхцөл байдал: З.Н нь ... *** давхар оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 128.76 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн *** гэрчилгээний үндсэн дээр өмчилсөн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.М-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг Д.М-ын өмчлөлд шилжүүлэх, уг хөрөнгийн үнийг хэрхэн төлөх талаар тусад нь гэрээ байгуулан төлөхөөр тохиролцсон байна. Д.М-аас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэлийн байгууллагад хандан тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг худалдах-худалдан авах гэрээний хамт гаргасныг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр түүнийг өмчлөгчөөр бүртгэж, *** дугаар гэрчилгээ олгосон байна. Д.М нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Л.Б-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 77,000,000.0 төгрөгийн зээлийн барьцаанд 128.76 м.кв талбай бүхий дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02580 дугаар шийдвэрээр Л.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, уг хөрөнгийг дуудлага худалдаагаар Л.Б-т шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2.Д.М-ыг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлтэй холбогдуулан З.Н-гаас Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу эрүүгийн мөрдөгчөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах саналыг прокурорт хүргүүлсэн, улмаар прокурорын зөвшөөрлөөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан, түүнчлэн тус цагдаагийн хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 30Т-1/4430, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/1880 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг тус тус бүртгэсэн байна.

2.3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0690 дүгээр шийдвэрээр З.Н-гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэгт “... үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч З.Н-гаас Д.М-ад шилжүүлсэн ... улсын бүртгэл хийсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.4.Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20290422/138 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1-138/19181 дүгээр, 14-ний өдрийн 1-138/19372 дугаар, *** дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 28г-л/8469 дүгээр албан бичиг зэргээр Д.М-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Л.Б-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг мэдэгдсэний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.Б-ыг бүртгэсэн.

2.5.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 294 дүгээр шийтгэх тогтоолын холбогдох заалтаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг эд хөрөнгийг хохирогч З.Н-д шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

2.6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... *** дүүргийн улсын бүртгэгч нь прокурорын зөвшөөрөл даалгаврын дагуу шилжилт хөдөлгөөнийг хязгаарлачихсан, хориг тавьчихсан байсан үл хөдлөх хөрөнгө дээр эрх бүхий бус албан тушаалтны явуулсан бичгийг үндэслээд, урдах хориг нь цуцлагдаагүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, Л.Б-ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн, үүнээс болж миний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн ...” гэж тодорхойлон маргасан.

2.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Шүүхийн шийдвэрээр албадан дуудлага худалдаагаар өмчлөгч өөрчлөгдөх гээд 2 тусдаа, эрх сэргээх, өмчлөх эрх шилжүүлэх гэсэн бүртгэл байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өмчлөх эрх шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Мэдээллийн сангаас шүүгээд үзэхэд өмчлөгч нь Д.М, түүний эрхийг сэргээсэн байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгохоор заасан. Тухайн *** дүүргийн цагдаагийн хэлтсээс эрх бүхий албан тушаалтны өгсөн албан бичиг, албан шийдвэрийг үндэслэн эрхийг нь сэргээсний үндсэн дээр өмчлөх эрхийг улсын бүртгэлд шилжүүлэн бүртгэсэн процесс явуулсан. Тэгэхээр энэ бүртгэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бүртгэл ...” гэж;

2.8.Гуравдагч этгээд Л.Б-аас “... Би Д.М гэдэг хүнд мөнгө зээлдүүлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгөний хүүг авахаар хайсан боловч олдоогүй тул шүүхэд хандсан, ... Шүүхийн шийдвэр гарсны дараа дуудлага худалдаанд оролцож, тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлсэн, ... Энэ хооронд Д.М-ад залилуулсан З.Н гэх хүн гарч ирээд миний үл хөдлөх эд хөрөнгө байсан гээд дуудлага худалдаагаар авсан уг үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгдөггүй, ... би тухайн үедээ хуулийн дагуу л явсан, улсын бүртгэгч хуулийн дагуу бүртгэж авсан ...” гэх тайлбарыг тус тус гаргасан.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-т  заасныг баримтлан Д.М-аас Л.Б-т уг үл хөдлөх өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн улсын бүртгэлийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс дахин акт гаргах хүртэл 6 сар хугацаагаар түдгэлзүүлэхдээ “... Харин энэхүү эд хөрөнгийг хууль бусаар З.Н-гаас Д.М шилжүүлж авсан, эсэхийг эрүүгийн хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэх ёстой, гуравдагч этгээд Л.Б нь Д.М-ад холбогдох эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх үедээ Д.М-ыг гэмт хэрэг үйлдэх замаар уг эд хөрөнгийг олж авсан гэдгийг мэдсэн гэж үзэх эсэх, эсхүл түүний шударга эзэмшигч болох эсэх, түүнчлэн З.Н-г хууль ёсны өмчлөгч эсэх, түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан дуудлага худалдаа нь хуульд нийцсэн эсэхийг эрүүгийн хэрэг болон иргэний хэргийн шүүхүүд шийдвэрлэх учраас захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх эрх хэмжээгүй бөгөөд энэ нь энэ шүүхийн шинжлэн судлах хүрээнээс давсан, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байгаа учир улсын бүртгэл хуульд нийцсэн эсэхэд бүрэн дүгнэлт өгөх боломжгүй байна ... ” гэж дүгнэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд Л.Б-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад “... Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоол хүчинтэй байхад ... эрх бүхий этгээдээс эрхийг хязгаарласан шийдвэрээ хүчингүй болгосон шийдвэр гараагүй байхад үүнийг улсын бүртгэгч нь нягтлан шалгалгүйгээр иргэн Л.Б-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийсэн нь хууль бус байх бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгч З.Н-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ, ... давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд прокурорын хүчин төгөлдөр тогтоолтой холбогдуулан маргаан бүхий бүртгэлийг хууль бус эсэх талаар дүгнэсэн бөгөөд харин Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон хүчин төгөлдөр болоогүй байгаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолуудтай холбоотой дүгнэлт хийгээгүй ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

5.Гуравдагч этгээд Л.Б-ын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0251 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.1.“... Анхан болон давж заалдах шатны шүүх, хэрэг маргааныг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, хуулийг зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангадаг атал материаллаг эрх зүйн хэм хэмжээ болон процессын эрх зүйн хэм хэмжээ, олон хууль журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн заалтыг хангасангүй.

6.2.Нэхэмжлэгч З.Н өөрийн өмч, маргааны зүйл болсон ***дугаартай үл хөдлөх эд хөрөнгөө 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.М-ад 385,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч түүнтэй үл хөдлөх худалдах-худалдан авах гэрээ, төлбөрийн тухай гэрээ байгуулсныг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.М өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон, улмаар Д.М 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр 77,000,000 төгрөгийг гуравдагч этгээд болох иргэн Л.Б-аас зээлэхээр тохиролцон зээлийн гэрээ байгуулж дээрх *** дугаартай хөрөнгийг барьцаанд тавьж зохих журмын дагуу бүртгүүлсэн мөнгөө өгөөгүй тул шүүхэд хандсан.

6.3.Хан-уул дүүргийн Иргэний хэргийн шүүх 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2580 дугаар зээлийн гэрээний үүрэгт 83,283,200.0 төгрөгийг Д.М-аас гаргуулан Л.Б-т олгох үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шийдвэр гарч, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр албадан гүйцэтгэх 02840 дугаар захирамж гарсан. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албадан дуудлага худалдаагаар худалдахаар нийтэд зарласан боловч борлогдоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2 дахь худалдаагаар 221,785,000 төгрөгөөр Л.Б өөрөө худалдан авсан. Гэтэл З.Н 2021 онд захиргааны хэргийн шүүхэд З.Н-гаас Д.М-ад шилжсэн шилжилтийг бүртгэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0690 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдсэн. Харин дээрх дуудлага худалдааны ялагч Л.Б 221,785,000 төгрөг тушаагаад 2-3 жил болж байгаа ч хөрөнгөө олж чөлөөлж авч чадалгүй өдий хүрч байгаа учир шалтгаан нь З.Н Д.М-аас дуудлага худалдааны дагуу Л.Б-т шилжсэн *** дугаартай хөрөнгийг хууль бус шилжсэн гэж үзэж цагдаа сэргийлэхэд хандан хөрөнгийг чөлөөлж өгөхгүй өдий хүрсэн.

6.4.Захиргааны хэргийн шүүхэд З.Н, Д.М-аас Л.Б-т шилжсэн шилжилтийг бүртгэсэн *** дүүргийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх түдгэлзүүлж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд, цагдаагийн эрх бүхий албан тушаалтны хөрөнгө шилжүүлэх тухай албан тоот, гүйцэтгэх газрын албан бичиг зэрэг нотлох баримтуудыг харгалзан үзэлгүй хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

6.5.Тухайн хөрөнгийг Д.М дээр дурдсанчлан 2018 оны 01 дүгээр сарын 31-нд өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсныг үндэслэн Л.Б 2018 оны 06 дугаар сарын 23-нд барьцаалан түүнд мөнгө зээлдүүлсэн. Цаашид Л.Б шүүхэд хандсанаар дээрх шийдвэрүүд гарсан. Өөрөөр хэлбэл, З.Н Д.М-ад *** дугаартай хөрөнгийг өөрөө гэрээ хийгээд шилжүүлсэн ч мөнгөө дутуу авсан залилуулсан үйлдэл нь эрүүгийн хэргийн асуудал байгааг харгалзан үзсэнгүй, энэ талаарх тайлбар, гэрээ, хэрэгт хангалттай байгаа төдийгүй 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0690 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн /7 дугаар талын доороос 5 дахь/ догол мөрөнд мөн дүгнэгдсэн.

6.6.Давахын магадлалын хангагдсан үндэслэл нь магадлалын 5 дугаар хуудасны Хууль хэрэглээний талаар гэх догол мөрний 2.1-д “Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 17.3-т зааснаар Д.М-ад холбогдуулан эрүүгийн хэрэг бүртгэл нээж, маргааны зүйл болох Ү- 2202025495 дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах саналыг *** дүүргийн прокурорын газарт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр танилцуулжээ” гээд уг хүсэлтийг прокурор хянаад 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр прокурорын зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргажээ. Үүний дараа 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хязгаарлалтыг улсын бүртгэл бүртгэсэн, дээрх хязгаарлалт цуцлагдаагүй байсан байна.

6.7.Магадлалын хянавал хэсгийн 1.2-т дурдсан /Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: 2022 оны 10 дугаар сарын 14-ний өмчлөх эрх шилжүүлэх тухай, нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/8469 дүгээр албан тоотоор Д.М-аас Л.Б-т шилжүүлэхийг мэдэгдье/ шилжсэн шилжилт нь хууль зөрчсөн байна гэж үзэж, өөрөөр хэлбэл прокурорын хязгаарлалт байхад улсын бүртгэл Д.М-аас Л.Б-т шилжин бүртгэгджээ гэж дүгнэхдээ эд хөрөнгийн шилжилтийг хязгаарласан прокурорын хязгаарлалт тавигдахаас 6 сарын өмнө нэхэмжлэгч З.Н өөрөө Д.М-ад хөрөнгөө шилжүүлсэн байсан нь прокурорын хязгаарлалтын зөвшөөрөл 2018 оны 07 дугаар сарын 18-нд тавигдсан байгаагаар тогтоогдож байхад анзааран үзэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Бүртгэлийн тухай, Иргэний хууль зэрэг олон хууль тогтоомжийг зөрүүтэй хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан байна ...” гэжээ.

7.Гуравдагч этгээд Л.Б-ын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгч тал болон гуравдагч этгээд Д.М-ын өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс дараахь үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ:” гээд 65.1.3-т “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.М-тай холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, уг эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал илэрхий байхад анхан шатны шүүхээс хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлээгүй, давж заалдах шатны шүүхээс энэхүү анхан шатны шүүхийн алдааг анхаараагүй нь буруу болжээ.

10.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч З.Н-гаас “*** дүүргийн *** хороо, *** давхар оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай 128.76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Д.М-ын нэр дээрээс Л.Б гэгчид шилжүүлэн бүртгэсэн хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2023/8221 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 7 хоногоор тогтоосны дагуу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8546 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

11.Энэхүү захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө буюу 2018 онд дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх З.Н-гаас иргэн Д.М-ад шилжүүлсэн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр *** дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 181101352 дугаартай хэргийн материалтай танилцаад эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах саналыг прокурорт гаргасан; 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай прокурорын зөвшөөрлөөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан зэргээс үзэхэд эрүүгийн хэрэг үүссэн байсан; улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/294 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл ангид хамаарах гэмт хэрэгт, тухайлбал, “... үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурамч баримт бичиг, цахим хэрэгсэл, ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ...” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан; Д.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Н дээрх байр, эд хөрөнгөөрөө хохирсон байх тул *** дүүргийн Прокурорын газрын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор 499,598,719 төгрөгийн үнэ бүхий *** дүүргийн *** хороо, *** дугаар давхрын 128.78 м.кв талбай бүхий *** дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг эд хөрөнгийг хохирогч З.Н-д шилжүүлэхийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна. 

12.Тус тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Р.П нарын гаргасан давж заалдах гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/744 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт “... 2021 оны Өршөөлийн тухай хуулийн холбогдох хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялаас тус тус  өршөөн хэлтрүүлсэн ...” талаарх өөрчлөлтийг оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээсэн, өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 буюу “Залилах” гэмт хэрэгт оногдуулсан ялыг хэвээр үлдээж, эд хөрөнгийг хохирогч З.Н-д шилжүүлэх хэсэгт өөрчлөлт ороогүй.

13.Улмаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 694 дүгээр тогтоолоор шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Р.П нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр (шийтгэх тогтоол, магадлал) хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” гээд 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар захиргааны хэрэг үүсгэхээс өмнө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, эсхүл хүчин төгөлдөр болсон бол аль ч шатанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай.    

15.Энэхүү хэргийн хувьд, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрээр Д.М нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэн маргаан бүхий эд хөрөнгийг анх З.Н-гаас шилжүүлэн авсан болохыг тогтоож, хохирогч З.Н-д буцаан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байх тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Д.М-ын нэр дээрээс Л.Б-т шилжүүлэн бүртгэсэн захиргааны байгууллагын бүртгэл хууль зөрчиж явагдсан эсэх асуудалд хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.

16.Иймээс, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0346 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2024/0374 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан З.Н-гаас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “… *** дүүрэг, *** хороо, *** давхар оффис үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай 128.76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Д.М-ын нэр дээрээс Л.Б гэгчид шилжүүлэн бүртгэсэн хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

  

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА   

             ШҮҮГЧИД                                                          Х.БАТСҮРЭН

                                                                  Ц.ЦОГТ 

                      М.БАТСУУРЬ 

.