Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 143

 

“Газар капитал партнерс” ББСБ-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00342/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 711 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч “Шижир болор” ХХК, А.С- нарт  холбогдох

         “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 354.367.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” иргэний хэргийг 

          Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ялалт, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг,  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.  

           Нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ялалт нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “Газар капитал партнерс” ББСБ ХХК нь “Шижир болор” ХХК-тай 2015 оны 04 дүгээр  сарын 13-ны өдөр ЗГ0102150030 тоот зээлийн гэрээ байгуулан 300 000 000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн үндсэн хүүтэйгээр, эргэн төлөх нөхцөлтэйгээр, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “Шижир болор” ХХК нь  2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ЗБ0102150030 дугаартай барьцааны гэрээ байгуулан “Шижир болор” ХХК-ийн  эзэмших эрхийн гэрчилгээтэй , мөн А.Сэлэнгийн дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

  Үүнд: 1. Шижир болор ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 136,97 га талбайтай Улсын бүртгэлийн 18572524177934 дугаартай, гэрчилгээний 0204496 дугаартай газар эзэмших эрх,  Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 274,51 га талбайтай Улсын бүртгэлийн 18573526027008 дугаартай, гэрчилгээний 0204498 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 195,35 га талбайтай Улсын бүртгэлийн 18569526200446 дугаартай, гэрчилгээний 0204499 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 157,75 га талбайтай Улсын бүртгэлийн 18572529523920 дугаартай, гэрчилгээний 0204497 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 384,99 га талбайтай Улсын бүртгэлийн 18572527344601 дугаартай, гэрчилгээний 0204495 дугаартай газар эзэмших эрх,  ЗБ0102150030 тоот барьцааны гэрээний хавсралт-1 заасан “Шижир болор” ХХК Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт байрлах 2 давхар барилга 500 тонны агуулах, тоног төхөөрөмжүүд,

 Алексей овогтой Сэлэнгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 236,0 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003012637 дугаартай, 000051925 гэрчилгээний дугаартай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 135,0 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003012557 дугаартай, 000051664 гэрчилгээний дугаартай граж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 796,0 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003014063 дугаартай, 000108182 гэрчилгээний дугаартай граж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 4191,27 мкв га талбайтай гэр бүлийн зориулалттай Улсын бүртгэлийн Ү-2003002623 дугаартай, 000041549 гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг алдбадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт ЗБ0102150030 дугаартай барьцааны гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг, Улсын бүртгэгчийн 29/1-27 дугаар тамга, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал 43096 дугаар тэмдэгээр баталгаажуулан тус ББСБ-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. Иргэний хуулийн 222.5 болон 453.1-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд зээл болон зээлийн хүү төлөх графикийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн.

“Шижир болор” ХХК  гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд 7 удаагийн төлөлтөөр нийт 64 050 000 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 47,950,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,370,000 төгрөг нийт 354,320,000 төгрөг хуримтлагдсан байна. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, тохиролцсон графикийг зөрчиж эхэлсэн тул  зээлээ төлөх талаар олон удаа сануулж, мэдэгдэж байсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон ч зээлдэгч зээлээ төлөөгүй бөгөөд ББСБ-ын зээлийн ажилтан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уулзаж 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлж дуусгана гэсэн тайлбарыг зээлдэгчээс авсан. Зээл хугацаандаа төлөгдөхгүй байсан учир “Газар капитал партнерс” ББСБ ХХК нь зээл хүүгээ төлөхийг шаардан удаа дараа биечлэн очиж уулзаж байсан ба 2016 оны 1 дүгээр сарын 19, 2016 оны 01 дүгээр  сарын 26-ны өдөр зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл тус тус өгсөн болно ”Шижир болор ХХК-тай  2015 оны 04 дүгээр  сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ0102150030 тоот зээлийн гэрээний дагуу төлөх үүрэгтэй үндсэн зээлийн төлбөр 300,000,000 төгрөг, зээлийн хүү 47,950,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,370,000 төгрөг нийт 354, 320,000 төгрөг баримт бичгийг нотариатаар баталгаажуулсны төлбөр 47 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,929,785 төгрөгийг гаргуулан “Газар капитал партнерс” ББСБ ХХК-д олгуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу дээрх  барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.С- шүүхэд гаргасан тайлбартаа:

“Газар капитал партнерс” ББСБ-ын гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Нөхөр бид хоёр газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг. “Шижир болор” ХХК-тай бөгөөд 2015 оны 04-р сарын 13-ны өдөр “Газар капитал партнерс” ББСБ-иас тариалалтандаа зориулж 300 000 000 төгрөгийн зээлийг зээлийн гэрээ, байгуулан 8 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй зээлж, барьцаанд газар эзэмших эрхүүд болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг тавьсан. Ингээд 2015 оны 05-р сарын 13-наас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 7 удаагийн төлөлтөөр зээлийн хүү 64 050 000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний 4.2.1-д заасан үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх хугацаа хэтрүүлсэн нь биднээс шалтгаалаагүй 2015 онд Монгол орон даяар бороо хур бага ган гачигтай байсны улмаас ургац муу ургаж газар тариалан эрхэлдэг ихэнхи компаниуд шатсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж илүү нэхэмжилсэн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгнө үү. Үндсэн зээл 300 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 711 дугаар шийдвэрээр:

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Шижир болор” ХХК, А.С- нараас 354 367 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Газар капитал партнерс” ББСБ-д олгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 136,97 га талбайтай Улсын бүртгэлийн 18572524177934 дугаартай, гэрчилгээний 0204496 дугаартай газар эзэмших эрх, “Шижир болор” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 274,51 га талбайтай Улсын бүртгэлийн 18573526027008 дугаартай, гэрчилгээний 0204498 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 195,35 га талбайтай Улсын бүртгэлийн 18569526200446 дугаартай, гэрчилгээний 0204499 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 157,75 га талбайтай Улсын бүртгэлийн 18572529523920 дугаартай, гэрчилгээний 0204497 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 384,99 га талбайтай Улсын бүртгэлийн 18572527344601 дугаартай, гэрчилгээний 0204495 дугаартай газар эзэмших эрх, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 236,0 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003012637 дугаартай, 000051925 гэрчилгээний дугаартай гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

А.Сэлэнгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 135,0 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003012557 дугаартай, 000051664 гэрчилгээний дугаартай граж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.Сэлэнгийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 796,0 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003014063 дугаартай, 000108182 гэрчилгээний дугаартай граж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 4191,27 мкв га талбайтай гэр бүлийн зориулалттай Улсын бүртгэлийн Ү-2003002623 дугаартай, 000041549 гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

 Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.929.785 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шижир болор” ХХК, А.С- нараас 1 929 785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Шижир болор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа 2015 онд нийт нутгаар бороо хур багатай, гантай байснаас буюу гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөнөөс  ургацаа алдаж, эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хөнгөлж чөлөөлж өгөхийг хүссэн боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй“ гэж заасан байх бөгөөд 2015 онд нийт нутгаар ган гачигтай байснаас улс даяараа ургацаа алдсан үйл баримт нь нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан бөгөөд хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хүүг багасгах хүсэлтийг авч хэлэлцэх нь бүү хэл нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр илүү нэхэмжилсэн шаардлагыг нь хүртэл хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай бөгөөд компани 5 сараас 10 сар хүртэл нийт 6 сарын хүүг бүрэн төлсөн. Нэхэмжлэгч 2016 ны 02 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 4 сар 16 хоногийн хүүнд 46.550.000 төгрөгийг төлөх байтал 47.950.000 төгрөгийг шаардсан. Мөн нэмэгдүүлсэн хүүний хувьд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2.3-т үндсэн зээлийн 0.7 хувь буюу үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирсон. Энэ нь хугацаа хэтрүүлсэн 2 сар 216 хоногт ногдох нэмэгдүүлсэн хүү 5.320.000 төгрөг байхад 6.370.000 төгрөгийг шаардсан ба үндсэн хүүд 1.400.000 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 1.050.000 төгрөгийг тус тус үндэслэлгүйгээр шаардсан. Үндэслэлгүй нэхэмжилсэн 2.450.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаа сонгох эрхийнхээ дагуу А.Сэлэнгийг хариуцагчаар заасан байсан ч шүүх хууль болон гэрээгээр үүрэг гүйцэтгэх этгээд буюу хариуцагч нь мөн эсэхийг тодруулах үүрэгтэй байсан гэж үзэж байна. Миний бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан бөгөөд шүүхээс намайг нэг ч удаа дуудаж байгаагүй. Шүүхээс  шүүх хуралдааны товыг огт мэдэгдэж байгаагүй бөгөөд хэргийн материалтай ч танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар татгалзлаа хэлэх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцжээ.

          Гэхдээ давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж дүгнэх замаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

          Хэрэгт цугларсан баримтуудаар  нэхэмжлэгч ”Газар капитал партнерс “ББСБ  нь хариуцагч “Шижир болор” ХХК болон  А.С- нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад зардалд нийт 354 320 000 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцааны гэрээнд дурдсан барьцааны нэр бүхий зүйлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.

          Нэхэмжлэгч эдгээр шаардлагаа нотлохоор шүүхэд ирүүлсэн бичгийн баримтуудыг шинжлэн судалбал  иргэн А. Сэлэнгэ нь зээлдүүлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн эрх зүйн харилцаанд ороогүй байна.

          Харин зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зээлдүүлэгчид өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан нь хэргийн 20-22, 33-36-д авагдсан  баримтуудаар нотлогдож байна.

          Иймд  А.С- нь  зээлийн гэрээний мөнгөн төлбөр төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээгээгүй тул зээлдүүлэгч түүнээс мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг  шаардах эрхгүй бөгөөд үндсэн төлбөрийн буюу зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд А. Сэлэнгийн барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангах нь хууль зүйн үндэслэлтэй.

           Анхан шатны шүүх зээлийн гэрээний талуудыг зөв тодорхойлж шаардах эрхийг нь хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсаныг хүлээн авч  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ.

           Иргэний хуулийн 165, 166 дугаар зүйлд заасаны дагуу А.С- нь нэхэмжлэгчтэй ипотекийн гэрээ байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул зээлийн  мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч биелүүлээгүй тохиолдолд түүний үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулан үнийн дүнгээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

          Хэрэгт цугларсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл төлсөн баримтуудыг харьцуулан судалбал талууд  300 000 000 сая төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлдэгч сар бүр  хүү төлөхөөр тохиролцжээ.

          Нэхэмжлэгч  нэхэмжлэлдээ зээлдэгчийн хүү төлөх үүргийг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөр тооцсон байна.

          Гэрээний хугацаа  2015 оны 12 дугаар сарын 13-нд дуусгавар болсон   боловч зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 453.1-д заажээ.

          Хэрэгт авагдсан баримтаар  /хх-38  дугаар хуудас/ нэхэмжлэгч тал  2016 оны 01 сарын 19-ний  өдөр 2 дугаар сарын 1-нээр гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэнийг зээлдэгч танилцаж зөвшөөрсөн учир  зээлдүүлэгчийн хүсэлтээр талууд гэрээ цуцалсан гэж үзэх үндэстэй тул түүнээс хойшхи хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ  нэхэмжлэгч алдаж байна гэж үзнэ.

          Иймд 2 дугаар сарын 1-нээс хойшхи 29 хоногт оногдох хүү 10 150 000 /29x350=10 150 000/ төгрөгийг нийт нэхэмжилсэн 47 950 000 төгрөгийн  үндсэн хүүгээс  хасч   тооцох нь зүйтэй.

          Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэргийн оролцогчид шүүх хуралдаан болох талаар шүүх мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй гэх гомдлыг хангах боломжгүй байна.

           Хариуцагч нь шүүхийн дуудлагад ирэхгүй түүнийг шүүгчийн захирамжаар албадан ирүүлсэн, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд утсаар хуралдаан хойшлуулах талаар хүсэлт гаргаж байсан зэрэг баримтууд хэрэгт авагдсан бөгөөд барьцааны гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн эхнэр шүүх хуралдааны товыг мэдэж шүүх хуралдаанд оролцож байсан зэргээс хариуцагчид  хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүхийг хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна гэж үзлээ.

           Зээлийн хүү зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгах  тухай Иргэний  хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийн зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл хэсгээр зохицуулагдах банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн хүүд хамаарахгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

          Түүнчлэн 2015 онд ган болсон нь давагдашгүй хүчний шинжтэй хүчин зүйл болсныг нотлох шаардлагагүйг дурдаж, зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх талаар хүсэлт тавьсныг шүүх хүлээж аваагүй талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Талууд гэрээндээ энэ талаар тохиролцоогүй байгаагаас гадна ган болж бороо хур ороогүй байдал нь давагдашгүй хүчний шинжтэй нийтэд илэрхий нотлох шаардлагагүй үйл явдал байсан гэж үзэх боломжгүй юм.

            Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатчдад төлсөн 47.000 төгрөгийг гэрээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцож гаргуулах нь зүйтэй.

          Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг түүнд буцаан олговол зохино

          Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 711 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:

          “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,  453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “Шижир болор” ХХК-иас үндсэн зээл 300 000 000, үндсэн хүү 37 800 000, нэмэгдүүлсэн хүү 6 370 000 нотариатын зардал 47000 төгрөг, нийт  344 217 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ”Газар капитал партнерс” ББСБ-д олгож, нэхэмжлэлээс 10.150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,   

          2 дахь заалтыг:

          “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд  “Шижир болор” ХХК-ийн эзэмшлийн Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 136,97 га талбайтай Улсын бүртгэлийн 18572524177934 дугаартай, гэрчилгээний 0204496 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 274,51 га талбайтай Улсын бүртгэлийн 18573526027008 дугаартай, гэрчилгээний 0204498 дугаартай газар эзэмших эрх,  Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 195,35 га талбайтай Улсын бүртгэлийн 18569526200446 дугаартай, гэрчилгээний 0204499 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 157,75 га талбайтай Улсын бүртгэлийн 18572529523920 дугаартай, гэрчилгээний 0204497 дугаартай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 3-р хороо, Мангирт 384,99 га талбайтай Улсын бүртгэлийн 18572527344601 дугаартай, гэрчилгээний 0204495 дугаартай газар эзэмших эрх,

            Алексей овогтой Сэлэнгийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж, 7 тоот 236.0 мкв талбайтай, улсын бүртгэлийн Y-2003012637 дугаартай, 000051925 гэрчилгээний  дугаартай, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 135,0 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003012557 дугаарт бүртгэлтэй, 000051664 гэрчилгээтэй,   граж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,   Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 796,0 мкв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2003014063 дугаарт бүртгэлтэй, 000108182 гэрчилгээтэй граж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, 017-н 1 дүгээр гудамж 7 тоот 4191,27 мкв га талбайтай гэр бүлийн зориулалттай Улсын бүртгэлийн Ү-2003002623 дугаарт бүртгэлтэй, 000041549 гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж,  

3 дахь заалтыг:

Хариуцагч  “Шижир болор” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.929.785 төгрөг гаргуулсугай” гэснийг “1.879.035 төгрөг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.150 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                              

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХЖАРГАЛ                                     

                                             ШҮҮГЧИД                                                  Л.АМАРСАНАА

                                                                                                                О.НАРАНГЭРЭЛ