Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 144

 

Э.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00338/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 764 дугаар  шийдвэртэй,   

         Нэхэмжлэгч Хадныхан овогт Э-ын М-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Боржигон овогт Д-ын Г-д холбогдох

         “Ц.Цэндсүрэнд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбогдолтой нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг 

          Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

          Нэхэмжлэгч Э.М-э   шүүхэд     гаргасан     нэхэмжлэл,   нэхэмжлэгчийн  өмгөөлөгч  Л.Оюунсувд нар шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

          Миний бие нь аав Занаа овогтой Энхбаяр ээж Цэрэндорж овогтой Нэргүй нарын хүү болон 1995 оны 07-р сарын 16-нд Баянхонгор аймагт төрсөн. Эцэг эхийн гар дээр бага балчир насаа өнгөрөөж улмаар бага дунд сургуульд элсэн орж төгсөөд одоо цэргийн ангид ажиллаж байна. Ээж маань намайг 12 настай байхад 2007 оны 11-р сарын 04-ний өдөр нас барж би аав эмээ нарынхаа хооронд ирж очин амьдарч, ихэнх голдуу эмээтэйгээ хамт амьдарч байгаад нас биенд хүрч цэргийн албанд татагдан улмаар цэргийн ангидаа улиран ахлагчаар ажиллах болсон.Цэргийн ангид ажиллах болсноосоо хойш ажлын онцлогоос шалтгаалан зав чөлөө муутай, бэлтгэл, хээрийн сургалт гээд олон хоног сараар хөдөө хээр явдаг зэргээс шалтгаалан эмээтэйгээ хамт амьдрахаа больж ажлын чөлөө заваараа эргэж тойрон ирж очих болсон. Миний ээж Ц.Нэргүй, Ц.Цэндсүрэн нар нь Дархан сумын 13-р баг, 1-р хороолол, 22-р байрны 50 тоот 2 өрөө байрны хамтран өмчлөгч, энэ байранд бид хамт амьдардаг байсан ба ээжийг нас барснаас хойш эмээ бид 2 хамт амьдардаг байсан. Ээжийг нас барахад би сургуулийн сурагч жаахан хүүхэд байсан, эмээ бид хамт амьдардаг байсан учраас байрны өв залгамжлалын талаар мэдэхгүй, энэ талаар  бодож байгаагүй. Гэтэл 2015 оны 09-р сард эмээ маань нас барсан. Энэ үеэр ах дүү нар цугларч байрны гэрчилгээ хаана байгаа талаар яриа болоход гэрчилгээ нь гэрт байхгүй байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хэлж гомдол гаргахад У.Мөнх-Ундраа гэж эмэгтэйн гарт гэрчилгээ орж тэр өмчлөх эрхээс ээж Ц.Нэргүйгийн нэрийг хасуулж өөрийнхөө нэрийг оруулан эмээтэй хамтран өмчлөгч болсон байсан. Ингээд байрны өмчлөх эрхийн талаар маргаан үүсэж би урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад хандан захиргааны хэргийн шүүхэд хууль бусаар олгогдсон гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж холбогдох байгууллагуудаас ирсэн материалтай танилцахад 2014 оны 01-р сарын 20-ны өдөр ээжийн өмчийг эмээд өвлүүлсэн өвлөх эрхийн гэрчилгээ гаргасныг мэдлээ.Мөн өдрөө орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл нотариатаар хийгдэж дээрх байрны өмчлөх эрхийн гэрчилгээ эмээ Ц.Цэндсүрэн У.Мөнх-Ундраа нарын нэр дээр гарсан байна. Би Ц.Нэргүйгийн цорын ганц хүү нь би өв хүлээн авахаас татгалзсан талаар хүсэлт гаргаагүй байхад 1-р зэргийн өвлөгч миний эрх ашгийг хөндөж 2-р зэргийн өвлөгч болох эмээд өвлөх эрхийн гэрчилгээ олгож өмчлөгч нэмж оруулах хэлцэл нотариатын үйлдлээр хийгдсэн байна.

           Иймд хууль зөрчиж хийгдсэн нотариатч Д.Гантулгын нотариатын дээрх үйлдлийг хүчингүй болгож өгнө үү, өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбоотой үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.  

           Хариуцагч Д.Гантулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ болон хамтран өмчлөгч өөрт ноогдох хэсгээс бусад өмчлөч нарт бэлэглэх тухай хэлцэл хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ. Дархан-Уул аймаг, Дархан сумын 13-р баг, 22-р байрны 50 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч Ц.Цэндсүрэн, Ц.Нэргүй нарын дундын өмчлөлийн орон сууц байсан. Ингээд хамтран өмчлөгч Ц.Нэргүй нь 2007 оны 11-р сарын 04-нд нас барсан байсан.  Тус байрны өмчлөгч талийгаач ээж Ц.Цэндсүрэн нь Иргэний хуулийн 531 дүгээр  зүйлийн 531.1-д заасан эрхийнхээ дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтэй гаргасан болно. Тус хүсэлтэд Ц.Цэндсүрэн нь өөрийн хамтран өмчлөгч болох охин Ц.Нэргүйгийн өөрт ноогдох хэсгийг өвлөх хүсэлт гаргасан. Нотариатч миний бие нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар тус хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон юм. Тус өвлөх эрхийн гэрчилгээг олгоход Иргэний хуулийн 528 дугаар  зүйлийн 528.3-т  заасан хугацаанд бусад өвлөгч нар хүсэлт гаргаагүй байсан тул ээж нь болох Ц.Цэндсүрэнд гэрчилгээ олгосон болно. Ингээд тус Дархан сум, 13-р баг, 22-р байрны 50 тоот 2 өрөө орон сууц нь Ц.Цэндсүрэнгийн 1 өмчлөгчтэй орон сууц болсон юм. Өмчлөгч Ц.Цэндсүрэн нь өөрийн орон сууцаа өөрт ноогдох хувиа бусад Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасан эрхийнхээ дагуу бусдад шилжүүлэх эрхтэй байдаг. Иймд хамтран өмчлөгч У.Мөнх-Ундрааг нэмж оруулсан болно. Нотариатч Д.Гантулга миний бие холбогдох хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаагүй болно гэжээ.

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Мөнх-Ундраа шүүхэд гаргасан тайлбартаа:

          Ц.Мөнх-Ундраа миний бие талийгаач Ц.Цэндсүрэн эгчтэй хамгийн ойрын хамаатан юм. Учир нь миний аав Цогтоогийн төрсөн дүү Ц.Нэргүйг Ц.Цэндсүрэн эгч охиноо болгон үрчилж авсан юм билээ. Миний бие болон аавын маань дүү нар бүгд Ц.Цэндсүрэн эгч охин Ц.Нэргүй нартай байнгийн холбоотой бие биенийхээрээ гэр орноороо ирж очдог ойр дотны хүмүүс байсан юм. Өргөмөл эгч Ц.Нэргүй маань 9 жилийн өмнө нас барж үүнээс хойш хөгшин настай ээжийг нь бид бүгд улам ойр дотно ирж очин байнгийн асарч  байсан. Ц.Нэргүй эгчийг өнгөрснөөс хойш нөхөр нь гэх Энхбаяр болон түүний хүү Э.М-э нар асарч харж хандах сэтгэлээр хандаж байгаагүй. Энэ талаар байрны хүмүүс болон таньж мэдэх хүмүүс нь мэднэ, гэрчилнэ. Миний бие талийгаач Ц.Цэндсүрэн, Ц.Нэргүй нартай байнгийн харилцаа холбоотой ойр дотно байсан юм. Би Ц.Цэндсүрэн эгчийг амьд байх хугацаанд нь өндөр настаных нь тэтгэврийг авч өгч, хоол унд эрүүл мэндийг нь асарч сувилж байсан. Үүнийг хуучин хорооллын 22-р байрны жижүүр, дэлгүүрийн худалдагч нар мэддэг. Би Э.М-ийг ерөнхийдөө мэднэ, Ц.Цэндээ эгч амьд ахуйдаа охин Ц.Нэргүйгийн нэг өргөмөл хүү байдаг, надтай огт холбоогүй байдаг, хаа ч явдаг юм бүү мэд гэж ярьдаг байсан. Цэндээ эгчийн ажил явдлаар хайж олж нас барсан тухайг нь дуулгасан. Э.М-э ажил явдлаар ирээд удалгүй 3 хонож байхад намайг цагдаад өгч, байрны өмчлөлийн талаар шалгуулж байсан. Хэрвээ Э.М-э эмээгээ гэж боддог байсан бол амьд ахуй цагт нь өргөж  асарч харж хандах л байсан байх, Цэндээ эгч амьддаа би байраа чамд өгмөөр байна, намайг нас барвал энэ байрыг олигтой өөд татах хүн байхгүй гэж дандаа ярьж намайг өөр дээрээ шилжүүл гэж их олон удаа хэлдэг байсан. Ингээд 2014 оны 1 сард шиг санаж байна. Цэндээ эгч намайг дагуулж яваад шинэ Дарханы холбооны ард байдаг нотариатын газарт очсон. Уг нотариат дээр очоод Цэндээ эгч би энэ байраа энэ охиндоо шилжүүлж өгөх гэсэн юм гэхэд нотариатч их л юм асууж байсан, та ямар учраас энэ хүүхэнд байраа шилжүүлэх гээд байгаа юм, хүмүүс хөгшин настай хүмүүсээс банкны зээлийн барьцаанд тавих гэж шилжүүлээд байх хандлага их байгаа, та хоёр тийм л хамаатан садан юм бол төрөл садангаа баталсан баримт аваад ир гээд бид хоёрыг гаргасан. Ингээд лавлагаагаа аваад эргээд очтол нотариатч 100 хувь чамруу шилжүүлэхгүй, харин нэмэх хэлцэл хийж болно гэх зэргээр нотариатч зөвлөсөн. Цэндээ эгч уурлаж би өөрийнхөө хөрөнгийг хэнд шилжүүлэхээ мэдэж байна гээд өөрийн хүсэлтээрээ намайг орон сууцны өмчлөгч дээр нэмж оруулсан. Ц.Цэндсүрэн эгч амьд сэрүүн байхдаа өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хэний ч нөлөөнд автаагүй өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөгчөөр намайг нэмж оруулж тус орон сууц нь хоёр өмчлөгчтэй орон сууцны гэрчилгээг олгогдсон нотариат болон улсын бүртгэлийн газар ямар ч хууль зөрчөөгүй гэдгийг хэлмээр байна гэжээ.  

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 764 дугаар шийдвэрээр:

 Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Э.М-ийн нэхэмжлэлтэй Д.Гантулгад холбогдох 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбогдолтой нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.М-э давж заалдсан гомдолдоо:

Миний ээж Ц.Нэргүй нь 2007 оны 11 дүгээр сарын 4-нд нас барж би эмээ, аав хоёрынхоо асрамжинд үлдэж аав хот руу ажил хийхээр явахад  би эмээгийнхээ асрамжид үндсэндээ үлдэж түүнтэй амьдрах болсон. Зуны амралт, сургуулийн чөлөөт цагаараа аав дээрээ түр хугацаагаар очиж хичээл эхлэх үеэр эмээтэйгээ ирж хамт амьдарч байгаад нас биед хүрсэн. Дархан сумын 13 дугаар баг, 1-р хороолол 22-р байрны 50 тоот 2 өрөө орон сууц нь миний ээж Ц.Нэргүй, эмээ Ц.Цэндсүрэн нарын дундын өмчлөлийнх  байсан ба эмээ мөнх бусыг үзсэн тохиолдолд уг байр хууль ёсны өвлөгч миний өмч хөрөнгө болох байсан учраас өв залгамжлалын асуудлыг чухалчлан авч үзэж байсангүй. 2015 оны 09 дүгээр сард эмээ нас барж ах дүү бид цугларч ажил явдлыг нь хийж гүйцэтгэсэн. Энэ үеэр байрны гэрчилгээг бид хайгаад олоогүй мөн эмээгийн тэтгэврийн дэвтэр, хадгаламжийн дэвтэр байхгүй болсон байсныг Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Ингэж шалгуулж байх явцад эмээ ээж хоёрын  байрны өмчлөх эрхийн гэрчилгээ У.Мөнх-Ундраад очсоныг, У.Мөнх-Ундаа нь өөрийн нэрээ өмчлөгчөөр оруулсан байсныг мэдсэн.

Иргэний хуулийн 527 дугаар зүйлд зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар  өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцдог. Иргэний хуулийн 42  дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийн хэлбэр нь хуульд заасан бол тэр хэлбэрээр илэрхийлэгдэнэ гэж  зааснаас  авч үзвэл гэр бүлийн гишүүн өвлөгч нь өв залгамжлах хүсэл зоригоо илэрхийлэх хэлбэр нь дуугай хүлээн зөвшөөрөх гэж үзэж болохоор байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өвлөгч өв хүлээн авах эсэхээ шийдвэрлэх эрх зүйн хэлбэр нь идэвхтэй ба идэвхгүй үйлдлээр  илэрхийлэгдэнэ.  Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан өвлөгчийн хувьд өвийг хүлээн авахаар шийдвэрлэсэн бол хүсэл зоригоо заавал бичгээр гаргаж эрх бүхий этгээдэд хандан хүсэлт гаргах шаардлагагүй бөгөөд өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат, баг сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан. Эдгээр заалтуудаар би өөрийгөө өвийг аль хэдийн хүлээн авсан хууль ёсны өвлөгч гэж үзэж байгаа юм.  Хууль ёсны өвлөгч миний бие өвийг хүлээн авсан байхад Иргэний хуулийн 531 дугаар зүйлийн 531.1, 53.2-т зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус байна гэж үзэх нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо өөр өвлөх эрх бүхий этгээд байхгүй гэдгийг хангалттай эргэлзээгүй байх шаардлагыг хангаж хийх ёстой байсан ба эдгээрийг үндэслэл болгоогүй гэрчилгээ олгосон нь хууль ёсны бус үйлдэл болж байгаа юм. Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл эрхлэх зааварт заасан журмыг зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулж хэргийг шийдвэрлээгүй байна.

          Хэрэгт авагдсан нэхэмжлэл түүний агуулгыг судлавал нэхэмжлэгч Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Иргэний хуулийн  100, 520 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгө өмчлөх, өв залгамжлах эрхээ зөрчигдсөн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          Нэхэмжлэлийн шаардлагыг “2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээг болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбоотой нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай” гэж тодорхойлсныг  нэхэмжлэлийн шаардлага тодорхой ойлгомжтой гэж  үзэж болохоор байгаа боловч иргэн өөрийн зөрчигдсөн ямар эрх ашгийг шүүхээр сэргээлгэх зорилго агуулж байгаа өөрөөр хэлбэл нэхэмжлэгч юуг хүсч байгаа нэхэмжлэл гаргаснаар ямар эрх зүйн ач холбогдолтой үр дагаврыг шийдвэрлүүлэх хүсэл зорилго байгаа талаар шүүх эрх хэмжээний хүрээнд тодруулах боломжтой байсан.

         Тухайлбал өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгосноор ямар үр дүн, эрх зүйн үр дагаврыг өөртөө бий болгож зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч байгаа талаар  тодруулаагүй байгааг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэж үзнэ.

          Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодорхой болгосноор зохигчид шүүхэд хэн юуг нотлох нотолгооны үүрэг ойлгомжтой болох, нотлох үүргээ хэрэгжүүлэхдээ  хэргийн оролцогчид ямар эрх эдлэх талаар шүүх тэдэнд тайлбарлаж энэ бололцоогоор хангах, мэтгэлцэх нөхцлийг бүрдүүлэх  үүрэгтэй.  

          Иймд дээрх шаардлагыг хангуулж нэхэмжлэгч юу хүсч байгааг тодруулах түүний хүссэн зүйлийг шүүх шийдвэрлэх нь  иргэний  шүүн таслах ажиллагааны онцлог болно.

          Өв залгамжлах эрхийн талаарх маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч шаардлагаа буруу тодорхойлсон байгааг шүүх анхаараагүй байна.

          Дээрх маргаан бүхий харилцааг шийдвэрлэхийн тулд өв  залгамжлах эрхтэй этгээд өв нээгдэх үед иргэний эрх зүйн чадамжтай  байсан эсэх,  түүний эх өвлүүлэгч Ц.Нэргүйг нас барсны дараа түүнд хууль ёсны төлөөлөгч /эцэг / нь болон албан ёсоор тогтоогдсон асран хамгаалагч хамт амьдарч түүний өвлөх эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан эсэх нэхэмжлэгч насанд хүрсний дараагаар өвлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болох хүчин зүйл, хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх, Иргэний хуулийн  528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасан өв хүлээн авах хугацааг сунгах хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт тогтоогдсон эсэх зэрэг хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэг шаардлага болох өмчлөгчөөр өөр этгээдийг нэмж бүртгүүлэх хэлцлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзсаныг  төлөөлүүлэгчийн итгэмжлэлээр олгосон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлнэ гэсний дагуу татгалзах эрхтэй гэж үзэхээр байгаа боловч шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-85 дугаар хуудас/ тусгагдсан байдлыг судалбал шүүх хуралдаан даргалагчийн асуултууд нь талуудын мэтгэлцэх эрхийг хангах, шүүгч хөндлөнгийн байх зарчимд болон  тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.6, 107.2-т заасантай нийцээгүй байна.

          Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад шүүгч нэхэмжлэлийн үндэслэлийн талаар нэхэмжлэгчтэй мэтгэлцсэн түүний үр дүнд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан гэж үзэхээр байна.

           Шүүх нотариатын гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ нотариатч нь Иргэний хууль болон Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт заасан журмыг зөрчсөн эсэх асуудалд дүгнэлт хийх ёстой байтал нэхэмжлэгчийн өвлөх эрх, түүнтэй холбоотой шаардах эрхийн талаар дүгнэлт хийсэн байна.

           Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгож байгаа нь хуулиар зохицуулсан  үйлдэл боловч уг гэрчилгээгээр олгогдсон өвлөх эрхийн агуулгын талаар маргасан  тохиолдолд шүүх Иргэний хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.

          Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаавал зохино.

          Нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авсан тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 764 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ОЮУНЦЭЦЭГ  

                            ШҮҮГЧИД                                           С.ЭНХЖАРГАЛ                    

                                                                                        О.НАРАНГЭРЭЛ