Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01208

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/00338/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаатын 3 дугаар гудамж, 01 тоотод оршин суух, регистрийн дугаар ВЮ95071611, Хадныхан овогт Энхбаярын Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

 

Ц.Цэндсүрэн, Ц.Нэргүй нарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Мөнх-Эрдэнэ миний бие 1995 онд төрсөн. Намайг 12 настай байхад ээж Ц.Нэргүй нас барж, 2007 онд аав Энхбаяр ээжийг нас барсны дараа ажил хайж Улаанбаатар хот руу шилжсэн. Ингээд 2008 оноос эхлэн эмээ Ц.Цэндсүрэн бид 2 хамт амьдрах болж Дархан сумын 13-р баг 22-р байрны 50 тоот 2 өрөө байр, тосгоны 2-р багт байрлах хашаа, байшиндаа ирж очин ээлжлэн амьдардаг байсан. Эмээ өндөр настай тул байрандаа, хашааны банз хулгайд алдагдаад байсан тул би хашаа, байшиндаа голдуу байж, эмээ хоол унд зөөж өгдөг байсан. Би дунд сургуулиа төгсөж цэргийн албанд татагдан улмаар тэндээ улиран ахлагчаар үлдэж ажиллах болсон. Цэргийн албан ажиллахын зэрэгцээ цанын спортоор хичээллэн олон сар, хоног бэлтгэлд гардаг байснаас болж тэр бүр эмээ дээрээ ирж, хамт байж чадахаа больсон. Гэхдээ зав гарах үедээ байнга эмээ дээрээ ирдэг байсан. Надад өөр очоод байх хамаатан садны хүн байхгүй. Бага наснаас хойш эмээгийн асрамжинд байдаг байсан учраас ээжийн хууль ёсны өвлөгч энэ тэр асуудлыг хөөцөлдөж байгаагүй. Гэтэл эмээ маань 2015 оны 9 сард нас барж ойр дотны хүнгүй болсон.

Миний бие Ц.Нэргүйгийн ганц хүү, ээж Ц.Нэргүй нь Ц.Цэндсүрэн эмээгийн ганц охин байсан учраас эдгээр хүмүүсийн хууль ёсны өвлөгч нь Э.Мөнх-Эрдэнэ миний бие мөн тул тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ нь Ц.Цэндсүрэн, Ц.Нэргүй нарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ нь Баянхонгор аймгийн Галуут суманд 1995 оны 7 дугаар сарын 16-нд Занаагийн Энхээ, Цэвэлмаагийн Уламбаяр нарын дундаас төрснийг  Хадныхан овогт Занаагийн Энхбаяр, Цэрэндоржийн Нэргүй нар үрчлэн авсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийн эцэг З.Энхбаяр, эх Ц.Нэргүй нар нь 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтийг бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Ц.Нэргүй нь Лувсангийн Цэрэндорж, Цэдэндоржийн Цэндсүрэн нарын дундаас 1965 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрж, 2007 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан байна. / хх-ийн 12/

 

Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийн эмэг эх Цэдэндоржийн Цэндсүрэн нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг, 1-р хороолол, 22-р байрны 50 тоотод ам бүл ганцаар амьдарч байгаад 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан байна.

 

Нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэ нь Лувсангийн Цэрэндорж, Цэдэндоржийн Цэндсүрэн нарын ганц охин болох Цэрэндоржийн Нэргүйн өргөмөл ганц хүү, Цэдэндоржийн Цэндсүрэнгийн зээ хүү болох нь хэрэгт авагдсан гэрч Ж.Энхээ, Ч.Оюунцэцэг, Т.Оюунбат, Б.Энхтуяа нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “дор дурьдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, “520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд...нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнийг үрчилж авсан эх Цэрэндоржийн Нэргүй, эмэг эх Цэдэндоржийн Цэндсүрэн нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Хадныхан овогт Энхбаярын Мөнх-Эрдэнийг эх Цэрэндоржийн Нэргүй, эмэг эх Цэдэндоржийн Цэндсүрэн нарын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА