Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 308

 

                                                            

 

 

 

 

   Ким Ки Манд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ  даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Ш.Нямдорж,

Ялтан Ким Ки Ман /Kim Kiman/-ны өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав,

Хохирогч Кан Хүүн /Kang Hoon/-ний өмгөөлөгч Б.Отгонтөгс,

Хохирогч Ш.Ганбат,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ким Ки Ман, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ким Ки Ман /Kim Kiman/-нд холбогдох эрүүгийн 2014260004315 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ким овогт Ки Ман /KIM KIMAN/, БНСУ-ын иргэн, 1951 оны 1 дүгээр сарын 18-нд Сөүл хотод төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, “Солонгон энд майн” ХХК-д захирлаар ажиллаж байсан, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ийн байр, 302 тоотод оршин суух, /паспортын дугаар ТМ1102822/,

Ким Ки Ман /KIM KIMAN/ нь “Солонгон энд майн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ийн байранд

1. Хохирогч БНСУ-ын иргэн Кан Хүүн-ээс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Зэвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохын тулд уг хуулийн этгээдийн дансанд заавал байршуулах ёстой хэмээн хуурч мэхлэх замаар 100.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 136.042.000 төгрөг/-ийг,

2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Алтангэрэлийн эзэмшлийн уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж болох “Super 13М WC” загварын өрмийг авч өгөөд оронд нь 6 ширхэг уурхайн лицензийн 60 хувийг эзэмшихээр боллоо” хэмээн итгүүлэн 179.000 ам.доллар /тухайн үеийн Монголд банкны ханшаар 244.478.200 төгрөг/-ийг,

2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “дээрх 6 ширхэг лицензтэй уурхайд ашиглах “Ханжин-6000” загварын худгийн өрмийн цэнхэр өнгийн машин авна” xэмээн 100.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 140.006.000 төгрөг/-ийг,

2012    оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Алтангэрэл гэгчээс “НВС” ХХК-ийг
зэсийн уурхайн хамт авах боллоо, гэрээний төлбөрт өгнө” хэмээн 200.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 276.174.000 төгрөг/-ийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж, хохирогч Кан Хүүн-д нийт 796.700.200 төгрөгийн хохирол учруулсан,

2. Хохирогч Шинэбаярын Ганбатаас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Соосан” компанийн “STD14 Е” загварын тэсэлгээний өрмийг засаж өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн үнэ болох 135.400 ам.доллар /тухайн үеийн Монгол банкын ханшаар 231.287.572 төгрөг/-ийг буцаан төлөлгүй залилан мэхэлсэн,

2013    оны 2 дугаар сарын 2-ны өдөр “МК-501” загварын худгийн өрмийг зарж
өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, түүний гааль болон үнэнд төлсөн 45.100 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 62.807.613 төгрөг/, гаалийн татварт төлсөн 4.593.310 төгрөгийг буцаан төлөлгүй залилан мэхэлж, 67.400.923 төгрөгийн нийт 298.688.495 төгрөгийн хохирол учруулж, нийт 6 удаагийн буюу давтан үйлдлээр дээрх 2 иргэнийг залилан мэхэлж 759.500 ам.доллар /1.095.388.695 төгрөг/ буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ким Ки Ман /KIM KIMAN/-нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ким Ки Маныг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ким Ки Ман /KIM KIMAN/-ыг 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь  дэх хэсэгт зааснаар Ким Ки Маны цагдан хоригдсон 318 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ким Ки Манaac 733.225.000 төгрөг гаргуулан хохирогч Кан Хүүн /KANG НOON/-д 249.668.495 төгрөг гаргуулан хохирогч Шинэбаярын Ганбатад /Экспресс трейд ХХК-д/ тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 22 тоот тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, битүүмжлэгдсэн цэнхэр өнгийн “HANJIN 6000” загварын өрмийн машин 1 ширхэг, /өрмийг урт болгодог 20 ширхэг хоолой, 5 ширхэг өрмийн үзүүрийн ирийн хамт/, улаан өнгийн “SUPER 13M WC” загварын өрмийн машиныг Ким Киманы төлөх хохиролд тооцуулах ажиллагаа хийхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ким Ки Маны иргэний баримт бичиг, түүний паспорт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ким Киманд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож  шийдвэрлэжээ.

Ялтан Ким Ки Ман /Kim Kiman/ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэл болон гэмт хэрэг болсон гэх үйл байдлыг зөрүүтэй, алдаатай байдлаар дүгнэсэн, Кан Хүүн-ээс шилжүүлсэн гэх мөнгөний тооцооллыг авч үзвэл түүнийг хохироосон гэх мөнгөн дүнтэй нь таарахгүй, Кан Хүүн бид 2 хамтран ажиллаж өрөм, тоног төхөөрөмжүүдийг түүнтэй ярилцаж байж бусдаас худалдан авч байсан атал би түүнийг залилсан гэж үзэж байгаад харамсаж байгаа ба Ш.Ганбаттай холбоотой гэх 2 өрмийн машины асуудал нь иргэний журмаар шүүхээр шийдвэрлэгдсэн, талууд харилцан тохиролцсон, миний хүү, Ш.Ганбат хоёрын хооронд хийгдсэн наймааны асуудлыг эцгийн хувьд хоорондын тооцоог нь дуусгах байдлаар оролцсон байтал Ш.Ганбатыг залилсан гэж шүүх үзсэнд туйлын гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хийгдэх ёстой ажиллагаа хийгдээгүй. Миний бие цагдан хорихоос өөр байдлаар гадуур шалгагдсан нөхцөлд өөрийн гэм буруугүй гэдгээ нотлох боломжтой байсан атал энэ байдал эсрэгээр хийгдэж 2 удаа л байцаалт өгсөнөөс өөрөөр мөрдөн байцаалтын ажилд биечлэн оролцох бололцоогоор хангасангүй. Кан Хүүн бид хоёрын хамтран ажиллаж байх хугацаанд зарцуулагдсан гэх 117.000 ам долларын үнийн дүн бүхий санхүүгийн баримтуудыг Сон Чи Ёл нь “Солонгон энд майн” ХХК-ийн оффисоос шөнөөр авч явснаас шалтгаалж зарим мөнгөний зарцуулалтыг Кан Хүүн болон мөрдөн байцаагчид тайлагнах боломжгүй болсныг дахин шалгуулах хүсэлтэй байгаа ба шүүх өөрийн орны иргэн биш гэдэг утгаар эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөл байдалтай байхад минь өмгөөлөгч болон миний хүсэлтийг үл тоож шүүх хурлыг явуулсанд гомдож байгаа ба дотуур цус алдаж, даралт ихэссэний улмаас шүүх хуралдаанд юу болсныг ойлгож чадаагүй.

Эцэст нь давж заалдах шатны шүүхэд хандаж хуулийн дагуу шударгаар хэргээ шийдвэрлүүлэх бололцоогоор хангуулахыг хүсэж байна. Мөн шалгах хугацаанд намайг гадуур шалгаж өгөхийг хүсэхийн зэрэгцээ эрүү, иргэний хэргээ ялгаж салгаж ойлгох талаар холбогдох хүмүүст нь хэлж өгөхийг гуйж байна. Миний хувьд эрүүл мэндийн болон насны байдал, цагдан хорих нөхцлөөс шалтгаалж /эмнэлгийн тусламж авч чадахгүй өнөөдрийг хүрч байна/ амьд явах сүүлийн хоногууддаа гэм буруутай эсэхээ үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна...” гэжээ.

Ялтан Ким Ки Ман /Kim Kiman/-ны өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нар хамтран гаргасан давж залдах гомдол болон өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өмгөөлөгчийн зүгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа ба мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан учирсан гэх хохирлын шинж чанар, хир хэмжээг бодитоор тогтоолгох, гэмт хэрэг гарсан гэх үйл байдлын тухайд холбогдох саналтайгаар холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнуудад гаргаж хүсэлтийг хангаж шийдвэрлэдэг боловч мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд бодит байдлаар хэрэгжээгүй, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 526 дугаар магадлалын заалт биелэгдээгүй учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралд эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаах байр суурьтай оролцсон болно.

Хохирлын хир хэмжээний хувьд яллах дүгнэлтэд авагдсан хохирлын дүн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирлын хэмжээ илт зөрүүтэй байгаа ба шүүмжлэлийн шатанд хэргийн оролцогчдоос гаргасан хохирлын талаар үндэслэл бүхий тайлбарыг шүүх харгалзалгүй хохирлын дүн болох нийт 982.893.495 төгрөгийг Ким Ки Манаас гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь эргэлзээтэй болсон.

Анхан шатны шүүх хуралдааны шатанд өмгөөлөгчөөс учруулсан гэх хохиролтой хамаатай мөнгө төлөгдсөн санхүүгийн анхан шатны баримтуудыг, шүүгдэгчээс хохирогч Кан Хүүнд бэлэн мөнгө төлж байсан баримтыг ч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрхэн авч үзсэн нь тодорхойгүй орхисон ба хохирогч, нэр бүхий гэрчүүдийг шүүх хуралд оролцуулах хүсэлтийг шүүх удаа, дараа хангаж шийдвэрлэсэн ч шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулаагүй нь шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэт нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Нөгөөтэйгүүр шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнээс хохирлын мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн ч Кан Хүүн-ээс хөрөнгө оруулалт хэлбэрээр хийгдсэн гэх нийт 6 удаа шилжүүлсэн 742.972 ам.доллараас БНХАУ-ын иргэн Жин Зэнг Шүний авсан гэх 50.000 ам.доллар /68.021.000 төгрөг/, “Зэвт дуулга” ХХК-ийн хувьцаа эзэмших эрх шилжүүлсэнтэй холбоотойгоор Монгол улсын иргэн Б.Алтангэрэл, Ж.Амар, Г.Асралт нарын авсан гэх 250.000 ам.долларыг /345.217.500 төгрөг/ нийт шилжүүлсэн мөнгөнөөс дутуу хагас байдлаар тооцогдсон 579.000 ам.долларын асуудал нь гэмт хэргийн шинжтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй ба шүүгдэгчээс шүүх хуралдааны шатанд шүүхэд гаргаж өгсөн солонгос хэл дээр бичигдсэн мөнгөний баримтаар /орчуулагдаагүй/ шүүгдэгчээс хохирогч Кан Хүүнд өгсөн мөнгийг тооцсон эсэх, Ким Ки Манаас хохирогч Ш.Ганбатад тухайн цаг хугацаанд төлж байсан мөнгөний баримтууд, мэдүүлгүүдийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээ, тохиролцооны гэрээ, хэргийн оролцогчдын мэдүүлэг зэргийг авч үзэхдээ хохирогч Ш.Ганбатад холбогдох үйлдлийн тухайд хуурч мэхэлсэн эсвэл итгэл эвдсэн ямар аргаар түүнийг залилсан, эсхүл иргэний эрх зүйн үүрэг байсан эсэхийг шүүх анхаараагүйн сацуу гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн тохиолдолд хэдий хэмжээний хохирол учруулсанаас хэдийг нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн эсэх, эвлэрлийн гэрээнд тохиролцсон үнийн дүнд эрүүгийн хэргийн хохирол орсон эсэхийг тогтоох талаар давж заалдах шатны шүүхийн заалт мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзаж үзсэнгүй. Энэ ажиллагаа хийгдээгүйгээс эрүү, иргэний шүүхийн шийдвэрээр нэг төлбөрийг 2 удаа гаргуулах хууль зүйн боломжийг хохирогчид олгож эсрэгээр Ким Ки Маны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 202 дугаар шүүхийн тоггоолд заасан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нотлох, тогтоох, шүүгдэгч, хохирогч нарын хамтран ажиллах хугацааны үйл ажиллагааны зардалд хичнээн төгрөг зарцуулагдсан гэх асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоох талаар заасан ба энэ байдал нэмэлт мөрдөн байцаалтын шатанд дутуу хийгдсэн, зарим ажиллагаа огт хийгдээгүй атал шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд улсын яллагчийн 2016 онд үйлдсэн 51, 511 дүгээр яллах дүгнэлтүүд үг үсгийн зөрүүгүй, хуулбарлах байдлаар бичигдсэн нь эргэлзээ төрүүлж байна.

Шийтгэх тогтоолд дурдсанаар яллах дүгнэлтэд шүүгдэгчийг “Солонгон энд майн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жон бээс” ХХК-ийн байранд 6 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, гэмт хэрэг гарсан газрыг тодорхойлсоныг буруутгах боломжгүй талаар дурдаж шүүхийн харъяалалын асуудлаар шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй хэрнээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 221.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэсэн нь харин ч уг зохицуулалтаар эрүүгийн хэргийг өмгөөлөгчийн үзэж байгаатай адилаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх учиртай байсан ба дээрх 6 удаагийн үйлдлүүд нь цаг хугацааны хувьд 2014 оны 11 дүгээр сараас өмнө буюу “Жон бээс” ХХК-ийн байранд компани нүүж ирэхээс өмнөх үйлдлүүд байгаа тул тус шүүхийн харъяалал биш гэж үзсэн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй байжээ.

Шүүхээс Ким Ки Маныг бусдын эд хөрөнгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ч доорх байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хохирогч Кан Хүүнд хамааралтай гэх үйлдэлд дурдагдаж буй өрмийн машинуудыг ямар зориулалтаар, хэний мөнгөөр худалдан авч байгааг хохирогч Кан Хүүн мэдэж байсан төдийгүй тэрээр хөрөнгө оруулалтаа гаргаж “НВС” ХХК-ийн /тусгай зөвшөөрлийн лавлагаа авагдаагүй, зөвхөн “Зэвт дуулга” ХХК-ийн нэрээр лавлагаа авагдсан/ Увс аймаг дахь зэсийн уурхайд хөрөнгө оруулах хэлцлийг Б.Алтангэрэл нь Кан Хүүн болон Ким Ки Ман нарыг байлцуулж хийсэн, 250.000 ам.долларыг хүлээн авсан талаар хангалттай мэдүүлсэн. Super 13MWC улаан өнгийн өрмийн машин /100.000 ам доллар/ хайгуулийн өрөмдлөгө хийлгэхээр худалдан авсан, хохирогч Кан Хүүны эзэмшлийн “Айвору” ХХК-ийн Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт орших жоншны уурхайд “Ханжин 6000” цэнхэр өнгийн худгийн өрмийн машиныг /100.000 ам.доллар/ худалдан авч 6-8 сарын хугацаанд 19 цооног буюу гүний худаг өрөмдсөн талаарх үйл баримт, “Солонгон энд майн” ХХК-ийн албан өрөөнөөс шөнийн цагаар БНСУ-ын иргэн Сон Чи Ёл 117.506 ам.долларын санхүүгийн баримтуудыг зөвшөөрөлгүй авч Кан Хүүнд өгсөн үйл байдалтай холбоотой шалгалтын ажиллагаа хийгдээгүй яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан ба ямар учраас залилан мэхлэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон талаар шүүх дүгнэсэнгүй.

Хохирогч Ш.Ганбатад хамааралтай үйлдлүүдийн тухайд “STD 14E” маркийн тэсэлгээний өрмийн хувьд Ш.Ганбат нь БНСУ-аас 135.400 ам.доллараар худалдаж авсан гэх үнийг төлөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, шүүхэд өмгөөлөгчөөс гаргасан нотлох баримтууд болох талуудын харилцан тохиролцож урд өмнө өгч авалцаж байсан өрмийн машинуудын өр авлагыг хэрхэн дуусгавар болгож буй талаарх баримтууд, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж зэрэг нь /4-р хх-ийн 207-208/ хуудсанд байгаа хохирлын дүнг тооцоолсон мөрдөн байцаагчийн тооцоололд тодорхой дурдагдсан ч шүүх зөвхөн гаалийн татварт 21.428.701.95 төгрөг төлсөн учир тэсэлгээний өрмийг эзэмшиж байсан ноцтой төөрөгдөж улмаар “Экспресс трейд” ХХК нь “STD 14E” тэсэлгээний өрмийг ашиглаж байгаад эвдэрсэн тул засуулахаар “Солонгон энд майн” ХХК-д хүлээлгэн өгсөн байхад шүүгдэгч бусдад уг өрмийг худалдсан нь итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, уг өрмийн үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн 135.400 ам.доллар буюу 231.287.572 төгрөгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогч Ш.Ганбат нь би дээрх мөнгийг төлөөгүй талаар мэдүүлсээр атал шүүх нотлох баримтыг үл харгалзан шийдвэрлэсэнд гомдолтой байна. “STD 14E” маркийн тэсэлгээний өрөм, “МК-501” маркийн худгийн өрөмнүүдийн хувьд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхгүй бөгөөд эхний өрөмний үнийн урьдчилгаа болох 135.400 ам.долларыг БНСУ-д воноор Ким Ки Маны хүү болох Ким Жин Үн төлсөн талаарх баримт авагдсан, ямар учраас төлөх болсон тухайд Ш.Ганбат Ким Жин Үн нар хамтран ажиллахаар тохиролцож уг өрмийн машины урьдчилгаа үнийг Ким Жин Үн гаргаж Монгол Улсад оруулж ирэх үед гааль, тээврийн үнэд 24 сая төгрөгийг Ш.Ганбат гаргаж улмаар Ш.Ганбат уг өрмөөр бусдын ажлыг хийж 200 орчим сая төгрөгийн орлого олох явцдаа эвдэрсэний улмаас Ким Жин Үн-д буцаан өгсөн үйл байдал яригддаг ба яллах дүгнэлтэд дурдсанчлан дээрх 2 өрөмтэй холбоотой үйл явдалд БНСУ-ын иргэн Ким Жин Үн хамааралтай ба түүний эцэг дээрх өрөмнүүдийн үнийн тооцоог хүүгийнхээ өмнөөс Ш.Ганбаттай хийсэн, гааль болон үнэнд төлсөн гэх улсын төсөвт төлсөн мөнгөнүүд ямар үндэслэлээр бусдыг залилан мэхлэх гэмт хэрэгт тооцогдох болсныг өмгөөлөгчийн зүгээс ойлгохгүй байгаа бөгөөд шүүх ч энэ талаар тодорхой дүгнээгүй болно. Мөн “Экспресс трейд” ХХК-иас “МК-501” худгийн өрмийн гааль болон тээврийн зардалд төлсөн мөнгөнөөс улбаатайгаар уг өрмийн эзэмшигч хэмээн шүүхээс тогтоогдох, эсрэгээр Ким Ки Маныг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай төдийгүй “МК-501” худгийн өрмийн үнийг хэн төлсөн эсэхийг тогтоогоогүй, хохирогч Ш.Ганбатын мэдүүлсэнээр уг өрмийг гэрч Г.Өнөрмаа нь Дорноговь аймгийн Айраг суманд бусдад зарж борлуулсан гэх үйлдлийг шалгаагүй байна.

Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн харъяалалыг зөв тогтоож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэж өгнө үү…” гэв.

 

Ялтан Ким Ки Ман /Kim Kiman/-ны өмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаан болоход шүүгдэгч Ким Ки Маны бие муудаж түргэний эмч ирж үзсэн. Иймд шүүгдэгч эцсийн үг болон асуулт, хариултад тодорхой хариулж чадахгүй. Бид 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд эрүүл мэндийн байдал болон гэмт хэргийн нөхцөл байдлуудыг тодруулах зорилгоор шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэсэн хүсэлтийг удаа, дараа гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Одоогийн байдлаар 1 жил гаруй хугацаанд хоригдоод байна. Ким Ки Ман нь гадаадын иргэн тул цагдан хорихын эмнэлэг эрүүл мэндийг нь үздэггүй. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэвэл шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Хохирогч Кан Хүүн /Kang Hoon/-ний өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шат 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2 жил 6 сарын хугацаанд үргэлжилж байна. Энэ хэрэгт 5 мөрдөн байцаагч, 7 прокурор хяналт тавьж ажилласан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэлээр бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэлийн дагуу нотлох баримтыг үндэслэн хохирлыг бүрэн тооцож гаргасан гэж үзэж байна. Хохирлын тооцоо зөрүүтэй гэж Н.Мандах өмгөөлөгч ярьж байна. Худалдаа Хөгжлийн банкаар дамжин орж ирсэн нотлох баримт болох дансны хуулга, гэрч Өнөрмаагийн хүлээн авсан зарлагын баримт, дибозит хуулга зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Манай талаас эдгээр бодит баримтад үндэслэж 534.000 ам.долларын хохирол нэхэмжилсэн. 100.000 ам.доллар 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр орж ирсэн буюу энэ мөнгийг “гадаадын хөрөнгө оруулалттай нэгж байгуулна” гэж авсан байдаг. Үүнийг буцааж “Зэвт дуулга” ХХК-ийн дансанд байршуулсан боловч 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 9 дүгээр сарын 30-ны өдөр Өнөрмаа буцааж аваад Ким Ки Манд хүлээлгэн өгсөн. Ким Ки Ман үүнийг Жинг Зенд өгсөн гэх боловч Жинг Зен “Үүнийг би аваагүй” гэдэг. ...Тэгэхээр бид хохирлын эхний тооцоо болох 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 100.000 ам.долларыг нотлох баримттайгаар нэхэмжилж байгаа юм. Алтангэрэлийн эзэмшдэг 6 уурхайны талаар яригддаг. Үүнийг гэрч Өрөнмаа “энэ 6 уурхай угаасаа бичгийн хүрээнд л байсан. Яг үнэндээ ашигт малтмалд ерөөсөө гараагүй. Энэ бичгийг хүн хүнд үзүүлээд яваад байдаг байсан” гэж мэдүүлдэг. Анхнаасаа байхгүй 6 уурхайн “60 хувийг эзэмшүүлнэ, энэ 6 уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Энэ тоног төхөөрөмж нь Алтангэрэлийн тоног төхөөрөмж юм. Энэхүү тоног төхөөрөмжийг авах юм бол таньд хувь эзэмшүүлнэ” гэж хэлж, хууран мэхлээд 179.000 ам.долларыг өөрөө нэг удаагийн итгэмжлэлээр банкнаас очиж авсан байдаг. Үүнд өөрөө баталгаа бичгийг хийж өгсөн. 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 100.000 ам.долларын тухай яригддаг. Энэ нь дээр дурдсан 6 уурхайтай холбоотой. “Худгийн өрмийн машин хэрэгтэй байна” гэж энэ мөнгийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авсан. “Эйч Пи Си” ХХК-ийн нөөц уурхайн эрхийг “Алтангэрэлийн уурхай юм. Авч өгье. Монгол Улсын Засгын газраас хайгуулын зөвшөөрөл авахын тулд 200.000 ам.доллар хэрэгтэй” гэж хэлээд 200.000 ам.доллар авсан байдаг. Үүндээ тодорхойлолт бичиж өгч байсан боловч үнэндээ өнөөдрийн байдлаар 6 уурхай болон “Эйч Пи Си” ХХК нь хохирогчийн нэр дээр шилжиж ирээгүй. Иймд бидний нэхэмжилж буй 534.000 ам.доллар нь бодит нотлох баримтад үндэслэж гаргасан, дипозит болон зарлагын баримт, гэрч Өнөрмаагийн мэдүүлэг зэргээр нотлогдсон хохирол юм. Ким Ки Ман энэ 534.000 ам.долларыг юунд зарцуулсанаа нотолж чаддаггүй. Иймд бид “Юни Стар” Аудитын байгууллагаар шалгалт хийлгэсэн. Гэтэл “Зэвт дуулга” ХХК-ийн баримтад байгаа гэсэн бөгөөд шалгахад гарч ирээгүй. Иймд энэ мөнгөний зарцуулалт хаашаа орсон нь тодорхойгүй байгаа тул бид энэ мөнгийг Ким Ки Ман завшсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирлын тооцоог зөв тооцоолсон. 579.000 ам.доллараас 45.000 ам.долларыг хасаад монгол төгрөгөөр 733.225 төгрөгийн хохирлын тооцоо гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Кан Хүүн удаа, дараагийн мэдүүлгээр үүнийгээ нотолсон. Жин Зенг-д өгсөн 50.000 ам.долларын тухай яригдаж байна. Энэ нь хэрэгт ямар ч хамааралгүй мөнгө юм. ...Алтангэрэл нарын 250.000 ам долларын тухай Н.Мандах өмгөөлөгч ярьж байна. Энэ нь мөн хэрэгт ямар ч хамааралгүй мөнгө юм. Бид Алтангэрэл, Асрал нараас 250.000 ам доллар нэхэмжлээгүй. “Айвору” ХХК-ийн өрмийн ажил хийсэн гэж ярьж байна. “Айвору” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн компанид ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаар цооног гаргасан асуудал байхгүй.

Иймд Ким Ки Ман болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогчийн хувьд Ким Ки Мантай “МК 501” гэх хоёр алдсан өрөмний хувьд ямар нэгэн бичгэн хэлбэрээр болон аман хэлбэрээр гэрээ хэлцэл хийгдэж байгаагүй. Зарж өгнө, засч өгнө гээд хоёр өрмийг аваад цааш нь зарсан байсан. Өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанд 35.000 ам.долларын асуудал яригдсан. Үүнийг авснаа хүлээн зөвшөөрч хохирлоос хасч тооцсон. Хохирол 249.668.495 төгрөг Ким Ки Манаас гаргуулах нь үндэслэлтэй байна. Би “МК 501” загварын өрөм, “СДТ” загварын өрмийг хүлээлгэж өгсөн. Гэтэл цааш нь худалдсан байсан...” гэв.

Прокурор Ш.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт “Экспрэсс трэйд” ХХК-ийн захирал Аззаяа гэх хүнийг итгэмжлэлээр төлөөлж байгаа хүн нь Ш.Ганбат болохыг нотлосон баримт авагдсан. Үүний дагуу Ш.Ганбатыг хохирогчоор тогтоож байцаан шийтгэх ажиллагаа явуулсан. Н.Мандах өмгөөлөгч иргэний журмаар шүүхийн шийдвэр гарсан зүйлийг залилсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Ким Ки Ман өөрөө эрүү, иргэний хэргээ ялгахгүй байна гэсэн утгатай давж заалдах гомдол гаргаж байна. “Экспрэсс трэйд” ХХК, “Солонгон энд майн” ХХК Ким Ки Мантай холбоотой асуудалд “Самгүн ВЖ” загварын өрмийн машины асуудал яригдаж, зохигчид эвлэрснээр Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Дараа нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр “Сүпэр 13 МW 900” загварын өрөмний асуудал яригдсан. Угтаа Ш.Ганбатаас “СПД 14 И” загварын тэсэлгээний өрөм, “МК 501” загварын худгийн өрмийг залилсан юм. Үүнийг мэдсэн ч мэдээгүй мэтээр хольж хутган тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй юм. Энэ хэрэгт хохирогч Кан Хүүн “би анх яриа хэлцлийг Ким Ки Мантай Баянгол дүүргийн “Жон Бэйс”-ийн өрөөнд нь хийж байсан” гэж ярьдаг. Харин мөнгийг Сүхбаатар дүүргийн Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авсан. Хамгийн сүүлд хохирогч Ш.Ганбатыг залилсан үйлдэл нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт юм. Хэрэг эхэлсэн, дууссан дүүрэг нь Баянгол дүүрэг тул шүүхийн харьяалалын талаар ямар нэг маргаан байхгүй. Энэ тухай анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хууль ёсны дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4, 221.3 дахь хэсэгт заасныг прокурор зөрчөөгүй байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Хохирлын тооцооны хувьд хохирогч Кан Хүүний өмгөөлөгч Б.Отгонтөгс маш сайн тайлбарлалаа. “Хятадаас авсан мөнгө, Асралт ХХК-г шилжүүлэхэд Алтангэрэлээс зуучлалын хөлс гэж шилжүүлсэн 250.000 ам.долларыг хохирлын тооцооноос хасаагүй” гэж Н.Мандах өмгөөлөгч ярьж байна. Энэ нь хэрэгт ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 9-ний өдөр болсон асуудлыг энэ хэрэгт хутган ярьдаг. Прокурор 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс залилан мэхэлсэн үйлдэл нь эхэлсэн гэж үзэн эдгээр үйлдлүүдийг нэг бүрчлэн тоочиж ялласан. Яллах дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгосон шийдвэр гараагүй. Яллах дүгнэлтэд Ш.Ганбатын урьдчилгаа төлсөн эсэх өмчлөлийн талаар дурдсан гэж ойлгосон. Үүнийг засаад Ш.Ганбатын урьдчилгаанд төлсөн гаалийн үнэ болон замын зардалд төлсөн мөнгийг залилсан байна гэдэг утгаар оруулсан гэдгийг хэлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ким Ки Ман /KIM KIMAN/ нь “Солонгон энд майн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Жонбээс” ХХК-ийн байранд

1. Хохирогч БНСУ-ын иргэн Кан Хүүн-ээс 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Зэвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохын тулд уг хуулийн этгээдийн дансанд заавал байршуулах ёстой хэмээн хуурч мэхлэх замаар 100.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 136.042.000 төгрөг/-ийг,

2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Алтангэрэлийн эзэмшлийн уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж болох “Super 13М WC” загварын өрмийг авч өгөөд оронд нь 6 ширхэг уурхайн лицензийн 60 хувийг эзэмшихээр боллоо” хэмээн итгүүлэн 179.000 ам.доллар /тухайн үеийн Монголд банкны ханшаар 244.478.200 төгрөг/-ийг,

2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “дээрх 6 ширхэг лицензтэй уурхайд ашиглах “Ханжин-6000” загварын худгийн өрмийн цэнхэр өнгийн машин авна” xэмээн 100.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 140.006.000 төгрөг/-ийг,

2012    оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Алтангэрэл гэгчээс “НВС” ХХК-ийг
зэсийн уурхайн хамт авах боллоо, гэрээний төлбөрт өгнө” хэмээн 200.000 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 276.174.000 төгрөг/-ийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж, хохирогч Кан Хүүн-д нийт 796.700.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Кан Хүүн /KANG HOON/ мөрдөн байцалтын шатанд “...БНСУ-ын иргэн Ким Ки Ман нь өөрийгөө “Монгол Улсад олон жил оршин сууж байгаа, уул уурхайн мэдлэгтэй, Монгол Улсад ашиг олох уурхай байна, худалдан авах юм уу, үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулаач” гэж намайг ятган Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар намайг залилан мэхлээд байна. Солонгос улсаас Монгол Улсын Худалдаа хөгжлийн банкны 410036070 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн ам.доллараас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Г.Өнөрмаагаар дамжуулан 199.000 доллар, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Ким Ки Ман нэг удаа итгэмжлэлээр 179.000 ам.доллар, Г.Өнөрмаагаар дамжуулан 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 100.000 доллар, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 65.000 доллар, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 199.972 ам.долларыг, нийт 5 удаагийн гүйлгээгээр Ким Ки Манд нийт 742.972 ам.долларыг шилжүүлэн өгсөн. 742.972 ам.доллараас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 199.000 ам.долларыг Г.Өнөрмаа авч Ким Ки Манд өгсөн. Дээрх мөнгөнөөс 100.000 ам.долларыг нь “3эвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болгохын тулд уг хуулийн этгээдийн дансанд заавал Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 100.000 ам.доллар байршуулах хэрэгтэй гэж Ким Ки Ман надад итгүүлсэн. Тэгтэл энэ мөнгийг “Зэвт дуулга” ХХК-ийн дансанд байршуулсан боловч Г.Өнөрмаагаар дамжуулан 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 50.000 ам.доллар, 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 50.000 ам.долларыг буцаан авч, БНХАУ-ын иргэн Жин Зэнг Шүнд өгсөн гэж худал мэдүүлдэг. Учир нь 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр миний бие нь Ким Ки Ман, түүний хүү Ким Жин Үн нараар дамжуулан 100.000 ам.долларыг Жин Зэнг Шүнд “Айваору” ХХК-ийн уурхайд ам гаргах бэлтгэл ажилд зарцуулахаар өгсөн. Энэ мөнгийг миний бие хэргийн материалд нэхэмжлээгүй бөгөөд тусдаа хамааралгүй мөнгө юм. Ким Ки Ман нь дээрх гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болгохоор өгсөн 100.000 ам.долларыг Жин Зэнг Шүнд өгсөн гэж худал мэдүүлэг өгсөн байсан.

2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 179.000 ам.долларыг авсан. Ким Ки Ман надад 2012 оны 8 дугаар сарын үед “179 000 ам.доллараар Б.Алтангэрэлийн эзэмшдэг уурхайд шаардлагатай өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг худалдан авсан тохиолдолд түүний эзэмшдэг 6 ширхэг уурхайн хувиас тус бүр 60 хувь эзэмшүүлнэ” гэж хууран мэхэлж авсан. Тэгтэл одоо дээрх 6 уурхай нь анхнаасаа байхгүй байсан нь тогтоогдож байна. Мөн Ким Ки Ман нь “MRAM” ХХК-ийн захирал Г.Асралт гэх хүнээс улаан өнгийн “Super 13 Mwc” маркийн өрмийн машиныг 180.000 ам.доллараар худалдан авсан гэж мэдүүлдэг боловч Г.Асралт нь би энэ гэрээнд гарын үсэг зураагүй гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр Ким Ки Ман нь надад өөрийн компанийн хуучирч муудсан өрмийн машиныг өгч, хуурамч гэрээ үзүүлсэн.

2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 100.000 ам.долларыг авсан. Дээрх 100.000 ам.долларыг Ким Ки Ман нь “6 тусгай зөвшөөрөлтэй уурхайд ашиглах худгийн өрмийн машин авна” гэж авсан. Энэ машин нь хавтаст хэрэгт битүүмжилсэн байгаа цэнхэр өнгийн машин ба уг өрмийн машиныг Ким Ки Ман нь “Твин Айдол” ХХК-иас 100.000 ам.доллараар худалдан авсан гэдэг боловч үнэн хэрэгтээ 72.000 ам.доллараар авсан болохыг тус компаний захирал Ким Чангсү баталж мэдүүлэг өгсөн. Энэ 100.000 ам.доллараас 45.000 ам.долларыг “Ти эс ди инженеринг” ХХК-иас авч, одоо үлдэгдэл 55.000 ам.долларыг нэхэмжилж байна. Ким Ки Ман өрмийн компрессорийг “Ти эс ди инженеринг” ХХК-д 45.000 ам.доллараар худалдан борлуулж, мөнгөө авах гэж байхад нь мэдэж, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 45.000 ам.долларыг хүлээн авсан бөгөөд энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт гарган өгсөн.

         2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 200.000 ам доллар авсан. Ким Киман нь Монгол Улсын иргэн Б.Алтангэрэл гэх хүнээс “НВС” ХХК-ийг, зэсийн уурхайн хамт худалдан авах гэж байгаа, уг компанийг худалдан авах гэрээний төлбөр” гэж надаас 200.000 ам.долларыг авсан. Ким Ки Ман нь дээрх мөнгийг Б.Алтангэрэл гэх хүнд өгсөн гэж надад баталгаа бичиг гарган өгсөн байдаг боловч Б.Алтангэрэл нь энэ мөнгийг аваагүй, компанийг худалдах талаар Ким Ки Мантай ярьж байгаагүй гэж БНСУ-ын цагдаагийн газар мэдүүлсэн байдаг. Ким Ки Манаас 534.000 ам.долларыг нэхэмжилж байна. Ким Ки Ман нь өнөөдрийн байдлаар ямар ч хохирол барагдуулаагүй байгаа бөгөөд “өрмийн машинаа ав” гэсэн саналыг хэлж байсан боловч би өрмийн машиныг хүлээж авахгүй гэдгээ шүүх хурал дээр хэлсэн. Миний бие өрмийн машин авахаар Ким Ки Манд мөнгө өгөөгүй учир дээрх өрмийн машинуудыг авахгүй. Би их гомдолтой байна. Ким Ки Ман нь уул, уурхайн орд эзэмших тусгай зөвшөөрөлтэй компанийг зуучлан авч өгөхдөө дээрх өрмийн машинуудыг авах хэрэгтэй гэж ойлгуулан намайг залилан мэхэлж, өрмийн машинуудыг авахуулсан. Надад учирсан хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү...” /3-р хх-ийн 68-71, 7-р хх-ийн 154-156/,

            гэрч Г.Өнөрмаа мөрдөн байцаалтын шатанд “....Би Ким Ки Маныг 2005 оноос хойш таних болсон ба “Солонгон энд Майнинг” ХХК-д орчуулагчаар ажилд орсон. Тухайн үед энэ компани нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан ба Дорноговь аймгийн Айраг суманд жоншны уурхай ажиллуулж байсан. Дараа нь худаг гаргадаг, өрмийн машин худалдаалж байсан. Би 2005-2014 оны 3 сар хүртэл ажилласан. Ким Ки Ман нь хувь хүний хувьд зальтай, худлаа их ярьдаг хүн байгаа юм. Хамт ажиллаж байсан хүмүүс нь энэ байдлаас залхаад гарсан. Байнга л хэрэг төвөгт холбогдож байсан. Намайг анх ажилд ороход махны бизнес хийгээд хүнд мөнгөө хулхидуулсан гээд хохирогч болчихсон явж байсан. Мөн “Майн энд Фийлд кореа” ХХК-д Ким Ки Ман нь ажиллаж байгаад хөрөнгө оруулагч нараа залилж мөнгийг нь идсэн гээд хэл ам гараад байсан. Ер нь том, жижиг хэл ам маш их байдаг. Мөнгөтэй хүн байвал түүнийг нь авч байж л салдаг хүн байгаа юм. Намайг ажиллаж байхад Ким Ки Маны дор ажиллаж байсан хүмүүс нь бүгд солонгос хэлээр ярьдаг хүмүүс байсан. Харин өөрөө монголоор ойлгоод байдаг юм шиг байна лээ. Харин Кан Хүүн гэх Солонгос хүнийг 2012 оноос мэдэх болсон ба энэ хүн Монголд уурхай авна гэж ирээд Ким Ки Мантай байнга хамт яваад байдаг байсан. Миний ойлгосноор Кан Хүүн нь БНСУ-д төмөр зам барьдаг компанитай. Монголд төмөр зам барина гээд судалгаа хийж байгаад Ким Ки Ман уул уурхай ашигтай гээд дуудсан юм шиг байна лээ. Энэ хоёр хүн анх хоорондоо эвтэй байж байгаад 2013 оны 5 дугаар сараас маргалдах болсон. Гэхдээ нарийн юмыг нь мэдэхгүй. Ямар ч байсан маргалдаад явахдаа манай оффисоос бүх бичиг баримтаа Кан Хүүний төлөөлөгч Сон Чи Юл нь аваад явчихсан байсан. 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 100.000 ам.долларын хувьд “Зэвт дуулга” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани болгох гээд бичиг баримтыг нь бүрдүүлж байхад данс нээгээд 100.000 ам.доллар байршуулж байсан. Би энэ данснаас мөнгө авах эрхтэй байсан. Энэ компанийн бичиг баримтыг хөөцөлдөж байхад нилээд хугацаа орсон байх. Одоо санахад Ким Ки Ман энэ мөнгийг байршуулсныг мэдээд намайг “аваад ир” гээд төв ХААН банкнаас хоёр салгаж 50.000, 50.000 ам.доллараар нь хувааж авсан. Ким Ки Ман энэ мөнгийг бэлнээр гаргуулж авсан. Тухайн үед Ким Ки Ман надтай хамт банк руу явсан. Ким Ки Ман энэ мөнгийг юунд зарцуулсаныг мэдэхгүй. Ким Ки Ман нэг өдөр БНХАУ-ын иргэн Жин Зэн Шүн-ий “Оренов групп” гэсэн компанийн бланк дээр “100.000 ам.доллар авсан, буцааж төлнө” гэсэн бичиг бичүүлээд тамга даруулж байсан. Гэхдээ энэ бичиг дээр Жин Зэн Шүн-ий гарын үсэг байхгүй ба сүүлд нь өөрөө гарын үсэг зуруулна гэж байсан. Би бол 100.000 ам.долларыг Зэн Шүн-д өгчихөөд ийм бичиг хийж байгаа юм уу, өгөөгүй байж хуурамч бичиг надаар хийлгэж байгаа юм уу мэдэхгүй. Харин уурхайн амны бэлтгэл ажил хийхэд хэрэглэсэн 99.000 ам.долларыг санахгүй байна.

2013 оны 8 дугаар сарын 23-нд 179.000 ам.доллар өгсөн асуудлын хувьд Б.Алтангэрэл гэх хүнээс “уурхай авна” гээд Ким Ки Ман нь баахан гэрээ хийгээд байсан ба Алтангэрэлд ямар ч байсан 6 ширхэг лиценз авах эрх байгаа гэсэн бичгийг нь Ким Ки Ман хүнд үзүүлээд яваад байсан. Гэхдээ албан ёсны А болон Х лиценз байгаагүй. Ашигт малтмалын газраас Б.Алтангэрэлийн компанийн нэр дээр Увс, Ховд аймгуудад 6 ширхэг Х лиценз гарна гэсэн албан бичиг байсан. Ким Ки Ман тэр бичгийг орчуулаад хүн хүнд үзүүлээд яваад байсан. Энэ газрууд нь хаана ч байдаг юм мэдэхгүй. Ким Ки Ман ч энэ газруудыг үзээгүй байж гэрээ хийнэ гээд яваад байсан. Тухайн үед Кан Хүүн нь Худалдаа Хөгжлийн банкинд данс нээхдээ намайг хамтран эзэмшигчээр бүртгүүлчихсэн юм. Энэ банкны хадгаламжийн дэвтэр нь Ким Ки Манд байдаг байсан ба “мөнгө орчихлоо” гэхээр надад дэвтрээ өгөөд “мөнгө аваад ир” гээд явуулдаг байсан. Тэгэхээр энэ 180.000 ам.долларыг бэлнээр аваад Ким Ки Манд өгсөн. Юунд зарцуулсаныг мэдэхгүй.

2012 оны 9 дүгээр сарын 19-нд 100.000 ам.долларыг авсан асуудлын хувьд мөн Кан Хүүний данснаас би энэ мөнгийг аваад Ким Ки Манд өгсөн. Энэ мөнгөөр юу авсныг нь мэдэхгүй. Ямар ч байсан цэнхэр өнгийн худаг ухдаг өрмийн машин, улаан өнгийн хайгуулын өрмийн машин Ким Ки Ман авчихсан байсан. Ямар мөнгөөр авсныг нь мэдэхгүй байна. Энэ өрмийн машинууд нь байж л байгаа байх. 2012 оны 10 дугаар сарын 18-нд 200.000 ам.доллар авсан гэх асуудлын хувьд Ким Ки Ман “мөнгө аваад ир” гээд би банкнаас мөнгө бэлнээр аваад өгсөн. Б.Алтангэрэл гэх хүн нь их олон компанитай олон лиценз эзэмшдэг байсан. Миний мэдэхийн 30 гаруй Х лиценз эзэмшдэг байсан. Харин энэ яригдаад байгаа 6 лиценз нь бол лиценз гараагүй боловч гарна гэсэн Ашигт малтмалын газрын албан бичиг л байдаг юм. Энэ 6 дотор зэсийн хайгуулын лиценз байгаа гээд яриад байдаг байсан. Энэ мөнгийг Б.Алтангэрэлд өгсөн үгүйг мэдэхгүй. Миний мэдэхийн Б.Алтангэрэлийн нэр дээр компани байдаг үгүйг мэдэхгүй боловч “Зэвт дуулга” ХХК, “НВС” ХХК болон хайгуулын лицензтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх болоход Б.Алтангэрэл л ирж шийдвэр гаргадаг байсан. Жишээ нь “Зэвт дуулга” ХХК-ийг Кан Хүүн авахад захирал Амарсанаагийн эхнэрийн нэр дээр байдаг боловч Алтангэрэл л ирж худалдах шийдвэр гаргасан. Миний ойлгосноор хайгуулын лиценз бүхий хэд хэдэн компани байдаг. Тэр болгоны захирал нь янз бүрийн хүмүүс байгаа боловч Б.Алтангэрэл л ирж шийдвэр гаргадаг. Тэгэхээр тэр Х лицензтэй компанийн цаана Б.Алтангэрэл байгаа гэж ойлгож байсан. Ким Ки Ман захирлын өөрийнх нь хийж байгаа ажил байдаггүй оффисын түрээс ажилчдын хөлс, хашааны төлбөрөө төлж чадахгүй өр нь нэмэгдээд л явж байдаг байсан. Сарын бүх зардал нь 15.000.000 төгрөг болдог байсан боловч ямар ч ажил байхгүй, орж ирж байгаа орлого байхгүй, өр нь байнга нэмэгдээд л байдаг байсан. Харин Кан Хүүн мэтийн хүмүүс ирэхээр нь “хөрөнгө оруулалт хий” гэж мөнгө авдаг, түүгээрээ өрөө дараад сууж байдаг. 10.000.000 воноор авсан өрмийн машинаа 10.000 ам.доллараар зарна гэдэг. Яаж ашиг олдогийг мэдэхгүй. 2012 оноос хойш уул уурхай ажиллахгүй байгаа учраас өрмийн машин зарагдахаа больсон. Ким Ки Маны өөрийнх нь нэр дээр тэр компани л байдаг байх өөр юу ч байхгүй. Ким Ки Ман Солонгос гарчихмаар байна тэгвэл шоронд гуравхан жил сууна гэж яриад сууж байдаг. Ер нь шийдчихсэн хүн байгаа юм. Ким Ки Маны хүү Ким Жин Үн ч гэсэн эцэгтэйгээ адилхан болчихсон. “Зэвт дуулга” ХХК-ийн мэдэлд Хэнтий аймгийн Батноров дахь жоншны уурхай, “Айваору “ХХК-ийн мэдэлд Дорноговь аймгийн Айраг сум дахь жоншны уурхай байдаг юм. Ким Ки Ман ажилчдаас байнга бүх юмаа нууж явдаг. Нягтлангаасаа хүртэл юмаа нуугаад байдаг байсан. Тэр 6 уурхай гээд байгаа нь асуудалтай байх. Ямар ч байсан лиценз байхгүй. Ким Ки Манд ямар ч мөнгө байхгүй. Өрмийн машин хүмүүс захиалахад урьдчилгаагаар нь машинаа захиад машин ирэхээр үлдэгдлийг нь авдаг байсан. Зарим хүмүүс миний захисан машин биш байна гээд хэл ам хийж л байсан. Солонгосоос өрмийн машин, штанк, компрессор ирэхэд гааль дээр худалдан авч байгаа хүнийхээ нэр дээр бүрдүүлэлт хийдэг байсан. Намайг ажиллаж байхад өрмийн машин нэлээд олон ирсэн. Их л муу машинууд Солонгосоос ирдэг байсан. Харин битүүмжлэгдсэн байгаа улаан өнгийн өрмийн машин арай гайгүй байсан. Гэхдээ одоо тоногдоод ажиллахгүй болсон байх. “Зэвт дуулга” ХХК-ийн санхүүгийн баримт бол бүрэн байгаа байх. “Солонгон энд майн” ХХК-ийн санхүүгийн баримт Кимд л байгаа байх. Энэ компани банкаар ч мөнгө төгрөг авдаггүй. Дандаа бэлнээр захиалга авдаг байсан. Компанийн тамга, тэмдэг Ким Ки Манд байдаг. Өөр хүнд өгдөггүй байсан...” /3-р хх-ийн 176-178/,

гэрч Ким Чангсу /Kim Changsu/ мөрдөн байцаалтын шатанд “...Ким Ки Ман манай компаниас худгийн өрмийн машин авна гэснээр түүнийг таньдаг болсон. Худгийн өрмийн тэр машиныг 2012 онд 72.000 ам.доллараар авахдаа худгийн өрмийн машины урт болгодог 20 ширхэг хоолой, түүний урд байдаг 4-5 ширхэг өрөм зэргийг авсан. Гэхдээ Ким Ки Ман худгийн өрмийн машиныг 72.000 доллараар худалдан аваад, худалдан авах гэрээн дээрээ 100.000 ам.доллар гэж бичээд өгчих гэж гуйгаад бичүүлээд авсан. Хуучин өрмийн машин авсан...” /1-р хх-ийн 30, 31/,

гэрч Жин Зэнг Шүн /Jin Zhengxun/ мөрдөн байцаалтын шатанд “...Би уурхайн ам гаргаж өгнө гэж мөнгө аваагүй. 2012 оны 6 сард Ким Ки Ман надаар уурхайн ам гаргадаг багаж авахуулахаар 50.000 ам.доллар өгсөн. Түүнд генератор, компрессор, өргөгч, хоолой гэх мэтийн олон тооны эд анги худалдан авсан байсан. Тэр нь компанийн эд хөрөнгө болохоор Кан Хүүн авсан. Надад 50.000 ам.доллар өгснөөс өөр мөнгө өгөөгүй. 100.000 ам.доллар өгсөн гэж худлаа ярьж байна...” /1-р хх-ийн 34/,

гэрч Сонг Чиюүл /Sung CHIYUL/ мөрдөн байцаалтын шатанд “...2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100.000 ам.долларыг “Зэвт дуулга” ХХК-ийн дансанд байршуулж, гадаад хөрөнгө оруулалтын гэрчилгээ авах нэрийдлээр, 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Б.Алтангэрэлийн 6 ширхэг уурхайн хувиас 60 хувийн хувьцааг эзэмшүүлнэ гэсэн нэрээр Ким Ки Ман нь өөрийн компанийн хуучирч муудсан тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, 180.000 ам.долларыг өөртөө авсан. Дээрх улаан өнгийн өрмийн машин нь Ким Ки Маны компанийн агуулахын хашаанд байгаа. 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уурхайд хэрэглэх тоног төхөөрөмж буюу өрмийн машин болон компрессор худалдан авах нэрээр 165.000 долларыг авч цэнхэр өнгийн өрмийн машин болон компрессорыг авсан. Үүнээс компрессорыг нь миний бие авч, 50.000 ам.доллароор худалдан борлуулж, мөнгийг нь захирал Кан Хүүн-д өгсөн. Үлдсэн 115.000 ам.долларын үнэтэй цэнхэр өнгийн өрмийн  машин нь Ким Ки Маны компанийн агуулахын хашаанд байгаа. 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Б.Алтангэрэл гэх хүнээс зэсийн уурхай худалдан авах нэрээр гэрээний урьдчилгаа 200.000 ам.долларыг авсан боловч Б.Алтангэрэл гэх хүн нь ийм мөнгийг аваагүй гэж БНСУ-ын цагдаад өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн байдаг. Би “Солонгон энд майн” ХХК-тай ямар ч хамаарал байхгүй мөн энэ компанийн санхүүгийн тайланг авсан одоо надад байгаа асуудал огт байхгүй, би хэн нэгэнд 117.000 долларын баримт авсан гэж хаана ч, хэнд ч хэлээгүй. Энэ баримтыг авсан гээд гомдол гараад цагдаагийн байгууллагад шалгуулаад хэрэг тогтоогдоогүй хэрэгсэхгүй болж байсан...” /1-р хх-ийн 38, 39, 8-р хх-ийн 58/,

гэрч Б.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд “...Миний хувьд өрмийн машин зарсан зүйл байхгүй. Харин Ким Ки Ман бид хоёр хамтран Увс аймгийн нутагт байх 6 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд өрмийн үйл ажиллагаа явуулахаар улаан өнгийн “Супер 13мс” маркийн өрмийн машиныг авсан боловч үйл ажиллагаа явуулж чадаагүй учир дээрх машиныг Ким Ки Ман авсан. Увс аймаг дахь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулаагүй. Дээрх 6 ширхэг талбай яг миний нэр дээр байгаагүй. Нэр дээрээ гаргахаар бичиг баримтыг нь хөөцөлдөж байсан боловч лиценз олголтыг төрөөс зогсоосон учир бүтээгүй, иймд дээрх талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Миний нэр дээр энэ хэрэгт холбогдож яригдаад байгаа 6 лицензийн хувьд Увс аймгийн нутаг дэвсгэрт байгаа зэсийн хайгуулын талбай байсан бөгөөд Ашигт малтмалын газарт “Эйч Би Си” ХХК-ийн нэрээр 2005 оны орчим дээрх 6 талбайд хайгуул хийх хүсэлтээ өгчихсөн байтал лиценз олголт зогсоод тусгай зөвшөөрлөө авч чадаагүй талбайнууд юм. Хэрэв хайгуулын тусгай зөвшөөрөл “Эйч Би Си” ХХК дээр гарвал би хувь эзэмшинэ гэсэн яриатай байсан учир хамтарч хөрөнгө оруулах хүмүүс хайж байсан нь Ким Ки Ман, Кан Хүүн нар байсан. Гэтэл зөвшөөрлөө авч чадаагүй учраас энэ ажил зогссон. Үүнийг би Солонгосын цагдаад тайлбар өгөхдөө хэлснийг буруу ойлгоод миний нэр дээр байсан зөвшөөрөл гэж бичсэн байна. Надад ямар нэг уурхай байхгүй бүр хайгуулын тусгай зөвшөөрөл ч байхгүй судалгаа хийх өргөдөл өгөх шатандаа явж байгаад бүтээгүй асуудал юм. Аваагүй зөвшөөрлийг барьцаалан ямар нэг мөнгө төгрөг Кан Хүүнээс аваагүй. Ким Ки Ман, Кан Хүүн нар нь жоншны уурхайтай холбоотой асуудлаа хольж яриад байх шиг байна. Өрмийн машиныг би мэдэхгүй байна. Ким Ки Ман л надаас “чамд өрмийн машин байсан гээд Кан Хүүнд хэлчих” гээд гуйгаад байсан. Би зөвшөөрөөгүй. Тэгээд ч надад ямар нэг өрмийн машин байгаагүй Ким Ки Ман худлаа ярьсан байна...” /1-р хх-ийн 54-55, 3-р хх-ийн 188-189/

гэрч Н.Амар мөрдөн байцаалтын шатанд “...Б.Алтангэрэл ахаар дамжин 2012 онд Ким Ки Ман гэж солонгос хүнтэй танилцаж, энэ оны 8 дугаар сард Б.Алтангэрэл ах зуучлан өгч, манай эхнэр Оюун-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй байсан “Зэвт дуулга” ХХК-ийг Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байх ашигт малтмалын хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг 250.000 доллараар зарахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан Ким Ки Маны хүү Ким Жин Үний нэр дээр 49 хувь, Кан Хүүний нэр дээр 51 хувь эзэмшихээр компанийн эрхийг шилжүүлэн өгсөн. Б.Алтангэрэл ах 250.000 доллараар зарж байгаа би зуучилж өгсний хөлс гэж 50.000 долларыг авна гэхээр нь зөвшөөрсөн. Компанийн эрхийг шилжүүлэн өгсний дараа Б.Алтангэрэл ах надад 100.000 долларыг бэлнээр өгсөн, мөн Г.Асралтад 100.000 доллар өгсөн гэж байсан. Г.Асралт бид 2 энэ компанийн нэр дээр байх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авахад хамтран ажиллаж байсан бөгөөд нэр нь байдаггүй байсан. Үүний дагуу Г.Асралт мөн 100.000 ам.долларыг авсан. Би 250.000 ам.доллараар худалдсан гэж ойлгосон. Кан Хүүн, Ким Ки Ман хүүгээ төлөөлж хоёулаа зөвшөөрч, 2014 оны 1 дүгээр сард “Зэвт дуулга” ХХК-ийг 17189 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нь буцаан өгсөн. Энэ хугацаанд ашигт малтмалын хайгуулын 2 тусгай зөвшөөрлийг төлбөр төлөөгүй, хайгуулын тайланг гаргаж өгөөгүй үндэслэлээр цуцалсан байсан. Компани болон тусгай зөвшөөрлийг буцаан өгч, нэр шилжүүлэхдээ мөнгө буцаан авах өглөг, авлагатай талаар ямар нэгэн зүйл яриагүй. Би цуцлагдсан 2 тусгай зөвшөөрлийн оронд надад өгсөн мөнгөө суутгалаа гэж ойлгосон. Тийм учраас би хэн нэгэнд мөнгө буцаан өгөх асуудал байхгүй гэж үзэж байна. Шилжүүлэн өгсөн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 148 га газарт нь жоншны нөөцийг тогтоолгож өгсөн байсан учир эдгээр хүмүүсийн нэр дээр шилжсэнийхээ дараа хэсэг газар нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсон. “Зэвт дуулга” ХХК-ийн эзэмшиж байсан Ким Ки Ман 49 хувь, Кан Хүүн 51 хувийг маргаангүй буцаан шилжүүлэн өглөө гэсэн бичиг хийж өгсөн учир би цуцлагдсан хайгуулын 2 тусгай зөвшөөрлийн талаар нэхэмжлэл гаргаагүй. Эдгээр хүмүүс ч эргэж төлбөр тооцооны талаар яриагүй. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь тайлан өгөөгүй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй тохиолдолд автоматаар цуцлагдаж, тус газрын даргын тушаал гардаг байгаа. Тухайн үед Хэнтий аймгийн Батноров сумын нутагт ашигт малтмалын хайгуулын 2, ашиглалтын 1 тусгай зөвшөөрөл байсныг компанийн хамт тухайн үед шилжүүлэн өгсөн өөр газарт ямар нэгэн тусгай зөвшөөрөл нэр дээр нь бүртгэлтэй байсан зүйл байхгүй. “Зэвт-Дуулга” ХХК-ийн  нэр дээр ийм дугаартай тусгай зөвшөөрлүүд байгаагүй энэ талаар мэдэхгүй байна. Харин ямар тусгай зөвшөөрлүүд байсан талаар дээр хэлсэн байгаа...” /7-р хх-ийн 157, 158, 8-р хх-ийн 72, 73/,

гэрч Г.Асралт  мөрдөн байцаалтын шатанд “...Ким Ки Ман гэж хүнийг огт танидаггүй байсан бөгөөд Б.Алтангэрэл ахаар дамжин 2012 онд танилцсан. Би Хэнтий аймгийн Батноров сумын нутагт жоншны орд газрыг Н.Амартай хамтран түүний эхнэр Б.Оюун-Эрдэнийн нэр дээрх “Зэвт дуулга” ХХК-ийн нэр дээр авч, хайгуулын ажлыг хийж эхэлсэн. Б.Алтангэрэл ах “хайгуулын тусгай зөвшөөрлийг хүн сонирхож байна” гээд Ким Ки Мантай уулзаж байснаас “Зэвт дуулга” компанийн талаар уулзаж байгаагүй. 2012 онд Б.Алтангэрэл ах “Зэвт дуулга” ХХК-ийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хамт 250.000 доллараар зарчихлаа гээд надад 100.000 доллар, Н.Амарт 100.000 доллар өгнө, үлдсэн 50.000 долларыг зуучилсан хөлсөндөө авч байгаа шүү гэж байсан. Анх би Н.Амартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авахад хамт хөөцөлдөж авч байсан учраас 50 хувийг нь би эзэмшихээр амаар тохиролцсон байснаас компанид хувь эзэмшиж байгаа талаар баримт байхгүй. Тийм сураг сонсож байснаас яг ямар учиртай талаар мэдэхгүй байна. Тухайн үед бүх асуудал болоод дууссан учир буцаан өгөх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ асуудлыг Н.Амар мэдэх байх гэж бодож байна. Мөн 2 хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байна гэсэн мэдээллийг сонин дээрээс харж байсан...” /7-р хх-ийн 159/ гэх мэдүүлгүүд,

“Юнистар-аудит” ХХК-ийн шинжээчийн “...БНСУ-ын иргэн Кан Хүүн нь 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 50 доллараар анх Худалдаа Хөгжлийн Банкинд хадгаламжийн данс нээсэн байна. Кан Хүүны хадгаламжийн данснаас Г.Өнөрмаа болон Ким Ки Ман нар нь нийтдээ 742.972 ам.долларыг хүлээн авсан байна. БНСУ-ын иргэн Ким Ки Ман болон иргэн Г.Өнөрмаа нар нь Кан Хүүнээс авсан дээрх ам.долларыг хэрхэн юунд зарцуулсныг нэг бүрчлэн нотлож, дэмжих санхүүгийн баримт олдсонгүй. Ким Ки Ман нь өөрийн зарцуулсан мөнгөний тооцооны санхүүгийн үндсэн баримтуудыг нэгийг ч гаргаж өгөөгүй, бүх санхүүгийн үндсэн баримтууд “Зэвт дуулга” ХХК-ийн баримтанд байгаа гэж хариулт өгсөн. “Зэвт дуулга” ХХК-ийн санхүүгийн үндсэн баримтуудыг үзэхэд Ким Ки Маны хэлсэн санхүүгийн үндсэн баримтууд байгаагүй болохоор зарцуулалтын тооцоог нотолж чадсангүй...” болохыг тогтоосон 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 110-114/,

 

2. Хохирогч Шинэбаярын Ганбатаас 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Соосан” компанийн “STD14 Е” загварын тэсэлгээний өрмийг засаж өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, үнийн дүнгийн урьдчилгаанд төлсөн үнэ болох 135.400 ам.доллар /тухайн үеийн Монгол банкын ханшаар 231.287.572 төгрөг/-ийг буцаан төлөлгүй залилан мэхэлсэн,

2013    оны 2 дугаар сарын 2-ны өдөр “МК-501” загварын худгийн өрмийг зарж
өгнө хэмээн хуурч мэхлэх замаар авч, түүний гааль болон үнэнд төлсөн 45.100 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 62.807.613 төгрөг/, гаалийн татварт төлсөн 4.593.310 төгрөгийг буцаан төлөлгүй залилан мэхэлж, 67.400.923 төгрөгийн нийт 298.688.495 төгрөгийн хохирол учруулж, нийт 6 удаагийн буюу давтан үйлдлээр дээрх 2 иргэнийг залилан мэхэлж 759.500 ам.доллар /1.095.388.695 төгрөг/ буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Ш.Ганбат мөрдөн байцаалтын шатанд “...Ким Ки Ман шүүх хурал болсноос хойш хохирол барагдуулаагүй. Харин шүүх хурал болохоос өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд битүүмжлэгдсэн “Super 13 Mwc” загварын хайгуулын өрмийн машиныг худалдан борлуулсан шийдвэр гарсан. Энэ асуудал Ким Ки Манд холбогдох хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй. “Экспресс трейд” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “Солонгон энд Майн” ХХК-ийн гэрээний дагуу алданги, торгуулийн төлбөрт хураагдсан байсан өрмийн машин юм. “STD 14E” тэсэлгээний өрмийг Солонгос улсын “Soosan” ХХК-иас 270.000 ам.доллараар худалдан авахаар гэрээ хийгээд ирсэн юм. Тус компаниас үнийн дүнгийн 40-50 хувийн урьдчилгаа төлөх юм бол өрмийн машинаа авч болох талаар амаар тохиролцсон. Энэ өрмийг авахаар 100.000 ам.доллар хэрэгтэй болж өөрийн компаний эзэмшлийн “MWC 13N” машиныг зарах гэж байсан. Ким Ки Ман “худалдаж авъя, 180.000 доллараар авна, “Soosan”  ХХК-д 100.000 долларыг өгнө, 80.000 долларт худаг өрөмддөг машин өгнө” гээд худаг өрөмддөг машин надад өгсөн. Энэ худаг өрөмддөг машиныг Монголд орж ирсэн байхад гаалийн татварт мөнгө төлсөн. “STD 14E” тэсэлгээний машин Монголд ирсэн хойно гаалийн татвар 25.000.000 төгрөг төлж, Замын-Үүдийн гаалиас бүрдүүлэлт хийж, манай ажилтны нэрээр буюу Билэгбаатар гэж хүнээр бөглүүлэлт хийгдсэн. Энэ талаар баримт байгаа. “STD 14E” тэсэлгээний машины тээврийн зардалд 10.300 доллар төлсөн. Мөн Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 800.000 төгрөг төлсөн. “STD 14E” маркийн машинаар бид ажиллаж байсан нь үнэн. Харин бусдад түрээслүүлсэн зүйл байхгүй. Энэ мөнгийг төлсөн зүйл болон баримт байхгүй. Харин “MWC 13N” машины үлдэгдэл төлбөрийг авч байна гэж ойлгосон. “Солонгон энд Майн” ХХК-д 21.000.000 төгрөг, 15.000 ам.доллар бэлнээр авч очоод “МК-501” маркийн худгийн өрмийг 40.000 ам.доллараар худалдан авахаар болж, энэ компанийн ажилтан М.Мөнгөнчимэг оффисын доод талын банкинд орж тушаагаад баримтыг надад өгснийг хэрэгт хавсаргуулахаар өгсөн. Монголд орж ирээд тээврийн зардал, гаальд төлсөн баримтыг өгсөн. “МК-501” худгийн өрмийн гаалийн татварт 2013 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 8.958.852.66 төгрөг төлсөн. Гаалийн мэдүүлгийг үзлээ мөнгө шилжүүлсэн талаар баримт байгаа гаргаж өгнө. “STD 14E” өрмийг худалдаж авахын тулд 135.100 ам.доллар төлсөн. Үүнд 100.000 долларын өрөнд “MWC 13N” өрмийн машиныг Ким Ки Манд биет байдлаар өгсөн. Би Ким Ки Манаас 35.000 ам.долларыг бэлнээр авсан. Тэгэхээр 100.000 доллар нэхэмжилнэ. “МК-501” маркийн машины 40.000 ам.доллар буюу бэлнээр 21.000.000 төгрөг, 15.000 ам.доллар, үүний тээврийн зардалд төлсөн 5.100 ам.доллар, гаалийн татварт төлсөн 8.958.852.66 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Би одоо Ким Ки Манаас 145.100 доллар, 8.958.852 төгрөг нэхэмжилж байна...” /7-р хх-ийн 144-147/,

            гэрч Ш.Билэгбаатар мөрдөн байцаалтын шатанд “...2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Ким Ки Ман надтай яриад ажил санал болгосон. Тэр нь “өрөмдлөгийн ажил олвол ажлын 10 хувийг өгнө, хамтарч ажиллая” гэсэн санал тавьсан. Би өөрөө ажилгүй байсан учраас зөвшөөрсөн. Эвдэрсэн өрмийг янзлаад Ким Ки Ман дээр дурдсан Пак Чангю, Мүн Гён Ги нарт зарсан гэсэн. Би энэ өрмийн машины талаар Ганбатаас мөнгө төгрөг өгөх эсэх талаар асуугаагүй. Гэхдээ “Соосан” компани надтай хамааралгүй. Харин одоо хүртэл энэ тэсэлгээний өрөм миний нэр дээр бүрэн бүтэн байгаа. Хууль журмаараа эзэмшигч нь тогтоогдвол миний зүгээс нэрээ шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. ...2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Замын-Үүдээр улаан шар өнгийн нэг хөл нь буудаггүй худгийн өрөм БНСУ-аас ирсэн юм. Тэгсэн чинь Ганбат энэ өрмийг өөрийн компани дээр татварыг нь төлөөд оруулж ирсэн боловч эвдэрхий гээд Ким Ки Манд буцаагаад өгчихсөн юм. Мөнгө төгрөгөө яасныг мэдэхгүй байна...” /4-р хх-ийн 144-116/,

гэрч Г.Ганбаатар мөрдөн байцаалтын шатанд “...Энэ өрмийн машин 2014 оны 4 дүгээр сарын үед бүр ажиллахаа больсон учир 4 дүгээр цахилгаан станцын тэнд байх “Соосан” компанийн албан ёсны төлөөлөгчийн газар нь засуулахаар хүргэж өгсөн. Тэнд Хуншагай, Ганбат захирал, Билэгбаатар бид нар аваачиж өгсөн юм. Тухайн үед Солонгосын иргэн Ким Ки Ман байгаагүй байх...” /4-р хх-ийн 120-121/,

гэрч Ц.Хуншагай мөрдөн байцаалтын шатанд “...БНСУ-ын иргэн Ким Ки Ман гэх хүнийг нэр л мэдэхээс хоорондоо харьцаж байгаагүй. Харин Ш.Ганбат гэх хүнийг 1999 оноос хойш таних ба би түүний “Экспресс трейд” ХХК-д хувийн шугамаар хамтран ажиллаж байсан ба 2011 оны 9 дүгээр сараас хойш компанийх нь ажилтан болсон ба 2014 оны 8 cap хүртэл түүний компанид бригадын дарга хийж байсан. Ш.Ганбатын компани нь худаг ухдаг үйл ажиллагаа явуулдаг ба би энэ ажилд нь бригад ахалж ажиллаж байсан. Олон газар худаг ухсан. Энэ компаниас гарах болсон шалтгаан нь хувийн харьцаанаас болоод хамтарч ажиллах боломжгүй болсон. Уг нь би энэ хүнд олон жил түүний ажилд тусалж хамтарч ажилсан боловч сүүлдээ бие дийлэхээ болиод бас хувийн таарамжгүй харьцаанаас үүдээд бага зэрэг маргасан зүйл байдаг. Тэгээд л ажлаас нь гарсан. ...Ш.Билэгбаатарыг 2009 оноос хойш таних ба Ш.Ганбатын компани нь 3 дугаар хороололд том гражид байсан ба түүнийг нь Ш.Билэгбаатар түрээслэж байсан. 2011 оноос Ш.Билэгбаатар Ш.Ганбатын компанид ажиллах болсон ба энэ үеэс хамтарч ажилласан. Ш.Билэгбаатартай энгийн харьцаатай. ...2010 онд байх Ш.Ганбат БНСУ яваад өрмийн холбогдолтой тоног төхөөрөмжөө судлаад ирлээ гэсэн. Тэгээд Ш.Ганбат Солонгосын компанитай хамтран өрмийн машин оруулж ирэх болсон. Худаг ухна гэсэн. ...Солонгос компани гэдэг нь одоогийн Ким Ки Маны “Солонгон энд майн” гэсэн компани байсан. Энэ солонгостой Ганбат олон удаа уулзаж байсан. ...Мөн худгийн өрмөөс гадна хайгуулын өрөм авах болсон гэсэн. Ким Ки Мантай энэ өрмийг цаг хугацаандаа нийлүүлээгүйгээс алдагдалд орсон гээд шүүхдээд л байсан санагдаж байна. ...Сүүлд нэг тэсэлгээний өрөм авчирсан ба түүнийгээ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 2012-2013 оны хооронд бараг 7 cap гаран ажиллуулаад эвдэрчихсэн юм. Тэгээд түүнийг буцааж хотод авчираад засуулах гэсэн чинь мөнгийг нь дутуу өгсөн учир гүйцээж өгч байж засуул гэсэн яриа гараад Монголчууд засч чадахгүй болоод Солонгосчууд засах болсон. Ингээд Ганбат энэ тэсэлгээний өрмийн машиныг буцааж өгөөд өөрийн гаргасан гаалийн татвар болон бусад зардлаа авна гээд өрмийн машиныг 4 дүгээр цахилгаан станцын урд талд байх Солонгосын компанийн хашаанд тавьсан ба энэ үедээ Ганбат 70.000 гаруй ам.доллар зарцуулсан ба энэ мөнгөө аваад өрмийг өгье гэсэн. Тэгээд Ким Ки Манны ажилтанаас 35.000-36.000 гаран ам.доллар тоолоод авсан. Энэ үед миний машинтай Билэгбаатар бид 3 болон мөнгө өгсөн Ким Ки Маны ажилтан эмэгтэйтэй хамт байсан. ...Эвдэрсэн өрмөөр Ш.Ганбат эвдэртэл нь ажил хийж, ойролцоогоор 25.000 гаруй метр нүх ухсан. Би бодохдоо 250.000 сая төгрөгийн ажил хийсэн байх гэж тооцдог...” /4-р хх-ийн 125-127/,      

хохирогч Ш.Ганбат, гэрч Ш.Билэгбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл “...гэрч Ш.Билэгбаатар Би Ш.Ганбатын ажилтан байсан. “STD 14Е” өрмийн хувьд Ш.Ганбат надад үүрэг өгөөд “намайг хил гаалиас аваадах” гэсэн болохоос би солонгостой хуйвалдсан зүйл байхгүй. Миний ойлгосноор энэ өрмийн мөнгийг Ким Жин Үн 100.000 ам.доллар өгөөд үлдэгдлийг нь зээлээд Монгол руу явуулсныг Ш.Ганбат хил гаалийн мөнгө 24.000 000 төгрөг, 10.000 ам.доллар, тээвэр 300.000 төгрөг билүү өгч, миний нэрээр авч байсан. Ш.Ганбат, Ким Жин Үн нар энэ өрмөөр хамтарч ажиллаад, ашгаа хуваана гэж ярилцсан байдаг ба гэрээ байдаггүй. Ингээд энэ өрөм ирснээс хойш дараа жилийн 4 сар хүртэл өвөл зунгүй ажиллаж байгаад масло тосыг буруу хийснээс болоод эвдэрчихсэн. Энэ эвдэрсэн өрмийг Ким Ки Манд Ганбат өгсөн ба Ким Ки Ман түүнд 35.000 ам.доллар өгсөн. Энэ нь Ш.Ганбатаас гарсан гааль татварын мөнгө байгаа юм. Ер нь 70.000 ам.доллар авна гэж Ганбат, Ким Ки Ман нар ярьж тохирсон юм шиг байсан. Харин өрмийн ажлаас олсон мөнгөнөөс Ким Ки Манд өгөөгүй. Харин энэ өрмийг зассаны дараа Ш.Ганбат өрмийг 250.000 ам.доллараар зарах юм уу эсхүл буцааж авна гэж Ким Ки Мантай ярилцаж байсан боловч Ким Ки Ман нь өөрөө өрөм худалдан авах хүнээ олоод түүнд зарсан байсан. Гэхдээ энэ өрөм одоог хүртэл миний нэр дээр байгаа. Худалдан авсан хүмүүс нь нэрээ шилжүүлээгүй байгаа. Миний хувьд нарийн цаад тооцоог мэдэхгүй байна...”,

хохиргч Ш.Ганбат “...Ш.Билэгбаатар зарим зүйлийг буруу ойлгосон байна. Гэхдээ миний халаасыг сайн мэдэж байна. 2012 онд Ш.Билэгбаатартай хамт Солонгос яваад улаан өнгийн /хамгийн анхны/ “МWС-900” маркийн хайгуулын өрөм 150.000 ам.доллараар авсан. Тэгээд энэ өрөм Монголд орж ирэхэд гааль татварт 30.000 ам.доллар төлөөд авсан ба Ким Ки Манд өгсөн юм. Түүнийг Ким Ки Ман худалдаад өгье, оронд нь 120.000 ам.долларын усны өрөм өгсөн юм. 60.000 ам.долларын зөрүү гарсан. Ер нь үүний өмнө энэ өрмийг ирэхгүй удаад байхаар нь Ш.Билэгбаатартай хамт Солонгос яваад Ким Жин Үнтэй уулзаад дээрх улаан өрмөө авахаар яриад явж байхад Ким Жин Үн “цэнхэр өнгийн “STD 14Е” гэсэн өрмийг 270.000 ам.доллараар авах боломжтой, чи өгсөн 150.000 ам.доллар дээрээ нэмээд зөрүүг өгөх юм уу, эсхүл зээлээр авч болно” гэсэн яриа болоод л өнгөрсөн. Тэгсэн улаан өрмийн араас энэ цэнхэр өрөм ирсэн. Энэ өрмийг намайг авч, дээрх зөрүү 60.000 ам.доллар дээр 40.000 ам.доллар өг гэсэн. Ингээд би тээвэрт 10.300 ам.доллар, гаальд 24.200.000 төгрөг, бусад 900.000 төгрөг зардал гарсан. Ким Ки Манаас 35.000 ам.доллар бэлнээр авсан. Гэхдээ энэ мөнгийг өөр зориулалтаар авсан юм. Тэгээд өрмийг засаад өгнө гэж хэлээд л авсан. Тэгсэн цааш нь зарчихсан байсан. Би 135.000 ам.доллар буцааж авна гэж тухайн үедээ бичиг хийлгэж авсан. Гэхдээ энэ мөнгөнд дээрх цэнхэр өрмийн 100.000 гаран доллар, бас улаан өнгөтэй хөл эвдэрсэн өрмийн үнэ 70.000 долларыг нэмээд үүнээс 35.000 ам.доллар буцааж аваад 135.000 доллар авахаар тохирсон юм. Харин энэ цэнхэр өрмийг авахад Ш.Билэгбаатарыг явуулж гааль, татварыг нь төлүүлж авсан...” /6-р хх-ийн 6, 7/,

гэрч Мүн Бён Ги мөрдөн байцаалтын шатанд “...Ким Ки Манаас 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “STD 14Е”  маркийн тэсэлгээний өрмийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 250.000 ам.доллароор авсан. 8 дугаар сарын 19-ний өдөр 100.000 ам.доллар буюу 100.000.000 воныг Монголд Ким Ки Манд өгсөн. 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 150.000 ам.долларыг Солонгост Ким Ки Маны охинд өгсөн...” /4-р хх-ийн 31/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “Ким Ки Ман сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт байхгүй байна. Ким Ки Ман нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. Ким Ки Ман хэрэг хариуцах чадвартай байна...” /1-р хх-ийн 112/, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, төлбөрийн баримт, фото зургийн үзүүлэгтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Ким Ки Маны гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Ким Ки Ман, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

 

Ялтан Ким Ки Ман, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын “…Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн харъяалалыг зөв тогтоож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэж өгнө үү…” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

 

Учир нь энэ талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон, асуувал зохих хохирогч, гэрч нарыг нэг бүрчлэн асуусан, анхан шатны шүүх ялтны гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй юм.

 

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Ким Ки Манд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч нар гомдолтой, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ким Ки Манд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт “...шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасантай нийцжээ.

 

Ялтан Ким Ки Манд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад ялтан болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, хувийн байдал, гэм буруу, учруулсан хор уршигт тохирсон ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул ялтан Ким Ки Ман болон түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт “гэмт хэрэг гарсан газрыг тогтоох бололцоогүй, эсхүл хэрэг өөр өөр газруудад үйлдэгдсэн байвал уг хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж дууссан газрын шүүх хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 221.4 дэх хэсэгт “адил эрхтэй хэд хэдэн шүүхэд харъяалагдах хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан газрын шүүх хянан шийдвэрлэнэ" гэж заасан тул шүүхийн харъяаллыг тус шүүх зөрчөөгүй хэмээн дүгнэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд ялтны өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан “…шүүхийн харъяалалыг зөв тогтоох…” тухай давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ким Ки Ман, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: