Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0061

 

“И б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Ц.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 831 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “И б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 831 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И б м” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “И б м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч бид нэхэмжлэл гаргахдаа хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь төлж чадаагүй, хугацаа хожимдуулж төлөхөөр очсон гэдгээ тайлбарлаж байгаа билээ. Харин бидний нэхэмжлэлийн утга агуулга бол Захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй учир хуульд нийцээгүй акт гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Тодруулбал: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 8-р сарын 13-ны өдөр 408 дугаартай шийдвэр гаргаж манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа бидэнд мэдэгдээгүй, танилцуулаагүй юм. Бид төлбөрөө төлөх гэж очоод мэдсэн юм. Шүүх шийдвэртээ бичихдээ захиргааны байгууллага мэдэгдлийг илгээсэн боловч нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргэгдээгүй болох нь тогтоогдсон байна. Мэдэгдэл хүргэгдээгүй нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаварыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ гэж бичсэн юм. Шүүхийн энэ дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулинд захиргааны байгууллага гаргасан актаа мэдэгдэнэ гэж заасан л бол хуулийг хэрэгжүүлэх л ёстой гэж үзэж байна. Тухайн мэдэгдэл очих ёстой компанид хүргэгдээгүй байна гэдэг нь илэрхий болоод бичиг хэргийн дэвтэрт нь бичигдээд байхад захиргааны акт гаргасан байгууллага нь манай компанийн гэрчилгээн дээр байгаа утсаар яриагүй, цахим шуудангаар ч мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43-р зүйлийг хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Манай компани гэрчилгээн дээр байгаа хаягтаа хэвээрээ л байгаа юм. Эрх зүйн зөрчилтэй акт гэдэг нь тодорхой байхад анхан шатны шүүх захиргааны актыг хүчингүй болгохгүй, Захиргааны ерөнхий хуулийг баримтлахгүй зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийг баримтлаад төлбөрөө хугацаандаа төлөөгүй байна гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Захиргааны акт гаргах үйл явц нь заавал дагаж мөрдөх хууль журмаа зөрчсөн байхад шүүх тус захиргааны актыг хүчингүй болгохгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийг огт хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна. Манай компани нь олон жил хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө тогтмол төлж ирсэн. Энэ удаа л хугацаа хожимдуулсан юм. Бидний хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байдлыг харгалзан үзэж өгнө үү. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 408 дугаартай шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг биелүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

         Нэхэмжлэгч “И б м” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь төлж чадаагүй, тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгдээгүй, цуцалсан шийдвэрийг гардуулаагүй” гэж маргажээ.

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

         Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана” гэж заасныг нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын ХV-017939 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 5 дахь жилийн төлбөрийг түүнийг анх олгосон өдөр буюу 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, энэхүү хугацааг алданги төлөх нөхцөлтэйгөөр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх боломжтой ч  07 дугаар сарын 25-ны өдрийн дотор уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлана гэж ойлгоно.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр “И б м” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зөрчөөгүй.

Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн  3.1 “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж зааснаас үзвэл ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх зүйн бүхий л харилцаанд энэ хуулийг нарийвчилсан зохицуулалт агуулсан гэж ойлгох ба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа, 43 дугаар зүйлд заасан мэдэгдэх ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж тусгайлсан зохицуулалтаар тодорхойлж өгчээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч  “И б м” ХХК-ийн хувийн хэрэгт бүртгэлтэй хаягаар “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай” 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/4900 дүгээр албан бичиг, “тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай” 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 7/5708 дугаар албан бичгийг тус тус илгээсэн нь нотлогдож байх ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст бүртгэлтэй хаягтаа байгаагүй, эзгүй байсан шалтгаанаар дурдсан албан бичгүүдийг хүлээж аваагүй нь хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

          Иймд нэхэмжлэгчийн “Захиргааны ерөнхий хуулийг бус зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийг баримтлаад төлбөрөө хугацаандаа төлөөгүй байна гэж шийдвэрлэсэн, мэдэгдэх сонсох ажиллагаа хийгээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

          Мөн “тухайн жилийн төлбөрийг төлөх ёстой байсан компанийн хувьцаа эзэмшигч Г.А нь Австрали улсад мэргэжил дээшлүүлэхээр явсан байсан тул төлбөр төлж чадаагүй” гэх шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаан болж чадахгүйг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул “энэ удаа л хугацаа хожимдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байдлыг харгалзан үзэж өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж  шийдвэрлэлээ.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 831 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

        ШҮҮГЧ                                                                      Ц.Цогт   

        ШҮҮГЧ                                                                      О.НОМУУЛИН