Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 145

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01456 /и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 712 дугаар шийдвэртэй,    

         Нэхэмжлэгч Чоно долоон овогт С-ийн Б-гийн  нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Сахъяа овогт М-ын Н-, Манал овогт М-ын Ц- нарт холбогдох

         “Итгэмжлэл, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, шударга эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг   

          Нэхэмжлэгчийн давж  заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

          Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          С.Б- миний бие нь 1999 оноос эхлэн өөрийн хүргэн ах Ч.Найданжавтай хамтран хоёр талаас мөнгө нийлүүлж, мал мах бэлтгэх бизнес хийж байсан. Гэтэл миний бие нь 2003 онд авто тээврийн осолд орсны улмаас тархины хүнд гэмтэл авч, 3 мөч мэдээгүй болж хүний гарт орсон. Осолд орсноос хойш 3 жил эмнэлгээр явж байж,  амь нас аврагдаж, хоёр суга таягтай хүнээр түшүүлэн босч суудаг болсон. Ч.Найданжавтай хамтран бизнес хийж байсан мөнгөнөөсөө эмчилгээндээ авч хэрэглэснээр 7,000,000 төгрөг үлдсэн. Энэ хугацаанд Ч.Найданжав ах дутуу баригдсан барилгад хөрөнгө оруулалт хийж, гүйцээж барих ажил хийх болсон ба надад өгөх ёстой 7,000,000 төгрөгийн оронд өөрийнхөө барьж дуусгасан барилгаас Дархан-Уул аймаг Дархан сум 17-р баг, Өргөө баг 21-р хорооолол, 14-р байр 64 тоот 3 өрөө байрыг надад 2005 онд албан ёсоор хүлээлгэж өгсөн. Тухайн үед 3 өрөө байрны үнэ ханш 7,000,000 төгрөг байсан юм. Миний бие муу, орж гарч чаддаггүй, унаж татдаг байсан  ба Ч.Найданжав ах чиний байрны  гэрчилгээг ах нь өөрөө гаргаж өгнө гэдэг байсан боловч 2009 онд Ч.Найданжав ахын бие  гэнэт муудаж, нас барсан. Нас барахаасаа өмнө танай байр бусад байруудтай хамт хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байгаа, гэхдээ би танай байрыг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг нь гаргах талаар хадгаламж зээлийн хоршооны хүмүүстэй яриад тохирчихсон байгаа гэж байсан. Ахыг нас барах үед миний бие мөн сайжраагүй, явж чаддаггүй байсан тул байрны гэрчилгээгээ хөөцөлдөж чадахгүй байсан ба 2011 онд хадгаламж зээлийн хоршооны дарга М.Н- гэж хүн манай гэрт ирж энэ байр хадгаламж зээлийн хоршооны байр байгаа гэхээр нь би энэ байрыг Ч.Найданжав ахаас 2005 онд авсан, яахаараа танай байр болчихдог юм бэ гэхэд юу ч хэлээгүй гараад явсан. 2014 оноос миний бие сайжирч ойр зуур гэрээсээ гарч явдаг болмогцоо байрны гэрчилгээг олж авахаар хөөцөлдөж эхэлсэн. Ингээд өөрийн оршин сууж байгаа багийн засаг дарга, Дархан сумын засаг дарга, Дархан-Уул аймгийн өмч хувьчлах товчоонд хандсан боловч манай байрны талаар ямар нэгэн мэдээлэл олж авч чадаагүй. Харин Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1/926 тоот албан бичгээр миний оршин сууж байгаа байрны өмчлөгчөөр иргэн М.Ц- бүртгэлтэй байна гэсэн хариу өгсөн тул миний бие энэ талаар хөөцөлдөж, өөрийн байртай холбоотой дараах баримт мэдээллийг олж авсан. Дархан-Уул аймаг Дархан сум 4-р багийн 14-р байрны 15 айлын орон сууцыг анх 2004 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ч.Найданжав гуай өөрийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-20030010384 дугаарт бүртгүүлж 00012013 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Уг 15 байрнаас Ч.Найданжав  2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 73, 69 тоот байруудыг аймгийн ЗДТГ-т зарж, 13 байр үлдэж, Ү-20030010384 улсын бүртгэлийн дугаартай 000127549 тоот гэрчилгээ Ч.Найданжав ахын нэр дээр гарч байжээ. Үлдсэн 13 байрнаас 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 71, 72, 70, 66, 68 тоот 5 ширхэг байруудыг зарснаар 8 байр үлдсэн байна. Гэтэл 2007 оны 01 дүгээр сард Ч.Найданжав нь Ү-20030010384 улсын бүртгэлийн дугаартай 13 орон сууцыг Мэлсэн хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодогч М.Н-д барьцаанд тавьж худалдах, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлийг 6 сарын хугацаатай олгосон байдаг юм байна. Энэ итгэмжлэл нь  Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй, бодит байдал дээр 8 байр үлдсэн байхад 1 өрөө-5, 2 өрөө-4, 3 өрөө-4 гэж нийт 13 байрыг захиран зарцуулах эрхийг олгосон байна. Уг итгэмжлэлийн дагуу М.Н- нь 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14-р байрны 61, 64, 69 тоот байруудыг “Мэлсэн” ХЗХ-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ. Энэ бэлэглэлийн гэрээн дээр “Мэлсэн” ХЗХ-г төлөөлж байгаа этгээд тодорхойгүй байна. /64 тоот нь манай байр юм/ “Мэлсэн” ХЗХ-ны нягтлан бодогч М.Н-гийн энэхүү бэлэглэлийн гэрээг хийсэн үйлдэл нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчсөн байдаг. Энэ бэлэглэлийн гэрээгээр манай байрны Ү-20030010387 улсын бүртгэлийн дугаар Ү-2003010384 дугаар болж өөрчилсөн байгаа нь энэ гэрээ хууль зөрчиж, ямар нэг хуйвалдаан явагдсан болохыг нотолж байна.  2007 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 14-р байрны 59, 60, 63, 65-р байруудыг бэлэглэлийн гэрээгээр “Дархан-Мах Экспо” ХХК-нд, 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д.Мөнхсайханд худалдах, худалдан авах гэрээгээр 14-67 тоот байрыг шилжүүлсэн байна. Хамгийн сүүлд 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Мэлсэн” ХЗХ-ны захирал М.Н- нь уг хоршоог төлөөлөн өөрийн дүү уг хоршооны хяналтын зөвлөлийн гишүүн М.Ц-д улсын бүртгэлийн Ү-2003010384 дугаартай 14-р байрны 64 тоот байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. Миний бие 14-р байрны 64 тоот байрандаа 2005 онд хойш өнөөдрийг хүртэл амьдарч байхад хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр захиран зарцуулж, бэлэглэлийн гэрээгээр 2 удаа шилжүүлсэн байх тул уг итгэмжлэл болон бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өөрийгөө Дархан-Уул аймаг Дархан сум 4-р баг /17-р баг буюу Өргөө баг/ 21-р хороолол 14-р байр 64 тоот 3 өрөө байрны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

           Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөөлөгч З.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 

           Хариуцагч С.Б- нь М.Н-, М.Ц- нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар шаардах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь хариуцагч М.Н-, М.Ц- нар нь нэхэмжлэгч нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй буюу зохигчдын хооронд амаар буюу бичгийн хэлбэрээр ямар нэгэн хэлцэл тохироо хийгдээгүй энэ талаар нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаагүй байна. Нэхэмжлэгч С.Б- нь 2005 онд маргааны зүйл болж буй Дархан сумын 4-р баг /өргөө баг/ 21-р хорооллын 14-р байрны 64 тоот 3 өрөө орон сууцыг талийгаач асан Ч.Найданжаваас 7,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж байгаа боловч энэ талаар талийгаач Ч.Найданжав, С.Б- хоёрын хооронд хийсэн гэрээ хэлцэл байхгүй буюу Иргэний хуулийн 110.1-д  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх дуусгавар болно гэсэн заалтыг С.Б- нь зөрчиж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Найданжаваас худалдан авахдаа бичгийн хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлж Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа нь түүний шаардах эрхийг үгүйсгэж байна. Талийгаач Ч.Найданжав нь маргааны зүйл болж буй орон сууцыг 2005 онд өмчлөх эрхтэй байхдаа С.Б-д худалдсан гэж байгаа боловч худалдсанаас хойш 2009 онд нас барах хүртлээ 4 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд өмчлөх эрхийг С.Б-д шилжүүлэх бүрэн боломж байсан ч өмчлөх эрхээ С.Б-д шилжүүлэх талаар ямар нэгэн байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдээгүй байгаа нь С.Б-гийн шаардах эрхийг үгүйсгэж байна. Нэхэмжлэгч С.Б- нь 2005 онд маргааны зүйл болж буй орон сууцанд орж одоог хүртэл амьдарч байгаа буюу уг орон сууцанд орсноос хойш 12 жил өнгөрсөн, түүний өмчлөх эрх 2005 оноос зөрчигдөж эхэлсэн байхад Иргэний хуулийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш 5 жилийн дараа шүүхэд хандсан байгаа нь С.Б-гийн шаардах эрхийг үгүйсгэж байна. Баяраа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ танай байр бусад байруудтай хамт Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байгаа, гэхдээ би танай байрыг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг нь гаргах талаар Хадгаламж зээлийн хоршооны хүмүүстэй яриад тохирчихсон байгаа гэж бичсэн байгаа нь С.Б- нь 2009 онд тухайн байрны өмчлөх эрх бусдад шилжсэн, түүний өмчлөх эзэмших эрх зөрчигдсөнийг мэдсэнийг нотлож байх бөгөөд үүнээс хойш 6 жил өнгөрсөн байхад өмчлөх эрхээ шилжүүлэх буюу уг байрыг худалдан авах эсвэл хөлслөх талаар өмчлөгч этгээдтэй ямар нэгэн гэрээ хэлцэл амаар буюу бичгээр байгуулаагүй, эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй болохыг нотлож байна. С.Б- Иргэний хуулийн 89.3-т заасан: Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна. гэж заасны дагуу хуулийн ямар заалт, ямар хэлцлийн үндсэн дээр өөрийгөө шударга эзэмшигч гэж үзээд байгаагаа нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу тухайн орон сууцны өмнөх өмчлөгч Ч.Найданжавтай ямар хэлцлийн үндсэн дээр эзэмших эрх олж авсанаа нотлоогүй байхад С.Б-г шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иргэний хуулийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж заасны дагуу С.Б- нь шударга эзэмшигч болохоо нотлож чадаагүй байна. Талийгаач Ч.Найданжав нь амьд сэрүүн байхдаа буюу 2005 оны 3 сарын 16-нд Мэлсэн ХЗХ-оос 12000 ам долларыг, сарын 5 хувийн хүүтэй, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаагаар хүүг үргэлжүүлэн тооцохоос гадна хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулан 12000 ам долларыг бэлнээр хүлээн авсан бөгөөд уг зээлээ ам доллараар буцаан төлөхөөр тохирсон боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс өөрийн өмчлөлийн Дархан сумын 4-р багийн 14-р байрны 1-р орцны 13 ширхэг орон сууцыг захирал зарцуулах эрхийг М.Н-д олгосон итгэмжлэлийг 2007 оны 1 сарын 04-ний өдөр нотариатч гэрчилж олгосон байдаг. Нэхэмжлэгч талаас уг итгэмжлэл Иргэний хуулийн 64.2.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж маргаж байгаа бөгөөд тухайн итгэмжлэлийг олгосон он сарыг итгэмжлэлд бичсэн байгаа, олгосон өдрийг нотариатчийн гэрчилсэн дардасны он сар өдрийг бичсэн хэсгээс харж болохоор байгаа нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна. Уг итгэмжлэлд ганц маргааны зүйл болж буй байрыг бус нийт 13 ширхэг орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон байгаа бөгөөд бусад 12 ширхэг орон сууцны өмчлөгчид итгэмжлэлийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байхад гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөж итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй юм. Тэгээд ч 2007 онд бичигдсэн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн нэхэмжлэгч тадаас бодит байдал дээр 8 байр үлдсэн байхад 13 ширхэг байрыг захиран зарцуулах эрх олгосон байна гэж маргажээ. Гэтэл талийгаач Ч.Найданжавыг амьд сэрүүн байхад М.Н- нь түүнтэй тохиролцож 13 ширхэг байрнаас төлөгдөөгүй зээлийн өрөнд 14-р байрны 61, 64, 67 тоот 3 ширхэг 3 өрөө байрыг Мэлсэн ХЗХ-ны өмчлөлд шилжүүлж үлдэх 10 байрыг барьцаанаас чөлөөлж өгсөн юм. Энэ үйлдэл нь Мэлсэн ХЗХ-ны өмчлөлд 2007.02.01-ний өдөр Дархан сумын 4-р баг, 14-р байрны 61, 64, 67 тоот 3 ширхэг 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2003010384 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. Иргэний хуулийн 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заасны дагуу талийгаач Ч.Найданжавын амьд сэрүүндээ илэрхийсэн хүсэл зоригийн илэрхийлэл болсон итгэмжлэл нь хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч С.Б- нь өөрийнхөө эзэмших, өмчлөх эрхийг нотлоогүй байхад уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардах эрхгүй юм. М.Н- нь 2004 онд ямар ч бэлэглэлийн гэрээ хийгээгүй бөгөөд хэргийн материалд ч 2004 онд М.Н-гийн үйлдсэн бэлэглэлийн гэрээ байхгүй байна. Харин 2007 оны 02 сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр М.Н-гаас “Мэлсэн” ХЗХ-нд 61, 64, 67 тоот байруудыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. Энэ бэлэглэлийн гэрээг М.Н- нь Ч.Найданжаваас 2007 оны 01 сарын 04-ний өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлсэн бөгөөд Ч.Найданжаваас М.Н-д олгосон итгэмжлэл нь “Мэлсэн” ХЗХ-нд олгосон итгэмжлэл биш харин М.Н-д хувь иргэнийх нь хувьд олгосон итгэмжлэл болох нь итгэмжлэлээс харагдаж байна. Хэрэв “Мэлсэн” ХЗХ-нд Ч.Найданжаваас тухайн итгэмжлэлийг олгосон бол итгэмжлэл дээр М.Н- нь “Мэлсэн” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг утгаар гарын үсэг зурсан байх ёстой. Тэгэхлээр 2007.01.04-ний өдөр М.Н-гаас “Мэлсэн” ХЗХ-нд орон сууц бэлэглэсэн гэрээ нь Иргэний хуулийн 70.1-д заасан Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч С.Б- нь тухайн орон сууцыг өөр этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүтгэгдсэнийг 2005 онд уг байранд орохдоо мэдсэн атлаа Иргэний хуулийн 183.2-т зааснаар бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардаагүй 12 жил өнгөрсөн байгаа зэрэг үндэслэлүүдээр С.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч М.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч З.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

           Нэхэмжлэгч М.Ц- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, 21-р хорооллын 14 байрны 64 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр, 2011 оны 10 сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2003010384 дугаарт бүртгүүлж 000132810 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авч тухайн байрны хууль ёсны өмчлөгч болсон юм. М.Ц- нь өөрөө Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд тухайн байрыг урьд нь өмчилж байсан Ч.Найданжавын өмчлөлийн үед тус байранд амьдарч байсан С.Б-гаас өмчлөлийн орон сууцнаас гарахыг 2011 оноос буюу өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш удаа дараа шаардсан боловч С.Б- нь орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзаж тэрч байтугай тухайн байрыг эзэмших талаар нь ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр миний байр гэж маргаж М.Ц-гийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 106.3-т  энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргасан хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. 106.4-д Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасны дагуу С.Б-, түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс М.Ц-гийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, 21-р хорооллын 14 байрны 64 тоот улсын бүртгэлийн Ү-2003010384 дугаарт бүртгэлтэй 38 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг чөлөөлж, орон сууцнаас нүүлгэн гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч С.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

           Миний бие Дархан сумын Өргөө баг, 21-р хороолол, 14-р байр 64 тоот 3 өрөө орон сууцыг өөрийн шударга хөдөлмөрөөр талийгаач Ч.Найданжав ахаас худалдаж аваад 2005 оноос хойш тасралтгүй амьдарч байгаа.  Харин миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж хууль бус аргаар байрны гэрчилгээг минь өөрийн нэр дээр шилжүүлж авсан хариуцагч нар ямар ч үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн  712 дугаар  шийдвэрээр: 

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-гийн  хариуцагч М.Н-, М.Ц- нарт холбогдуулж гаргасан  2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ч.Найданжаваас М.Н-д олгосон итгэмжлэл, 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М.Н-, Мэлсэн ХЗХоршоо нарын хооронд байгуулагдсан, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Мэлсэн ХЗХоршоо, М.Ц- нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 21-р хороолол, 14 байр 64 тоот, 38 мкв тайлбайтай 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Ц-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, 21-р хороолол, 14 байр 64 тоот, 38 мкв тайлбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нүүж гарахыг С-ийн Б-д даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 308,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-гаас тэмдэгтийн хураамж 308,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч М.Ц-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б- давж заалдсан гомдолдоо:

Миний бие маргаан бүхий байрыг талийгаач ах Ч.Найданжаваас худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж аваагүй, харин авах ёстой байсан авлага болох 2004 оноос эрхэлсэн хамтын бизнест оруулсан хөрөнгө оруулалтын үлдэгдэл 7.000.000 төгрөгөнд тооцож авсан. Энэ тухай шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч Н.Ангараг, С.Хангай, О.Энхжаргал нарын мэдүүлэг, Г.Цэдэндамбын шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэсэн гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Талийгаач Ч.Найданжаваас “Мэлсэн ХЗХ-ны нягтлан бодогч М.Н-д 2007 оны 01 дүгээр сард олгосон итгэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй  итгэмжлэл юм. Нэгэнт захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус тохиолдолд тус итгэмжлэл дээр үндэслэн хийгдсэн хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус байх үр дагавар дагуулна. Мөн уг итгэмжлэлийн дагуу М.Н- нь 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14-р байрны 61, 64, 69 тоот байруудыг “Мэлсэн” ХЗХ-нд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Тус бэлэглэлийн гэрээнд дээр “Мэлсэн” ХЗХ-г төлөөлж байгаа этгээд тодорхойгүй байна. Энэхүү бэлэглэлийн гэрээг хийсэн үйлдэл нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчсөн байдаг.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зөв гэж үзлээ.

          Нэхэмжлэгч  С.Б- нь Дархан-Уул аймгийн  Дархан сум 4-р  баг, 21-р хороолол 14-р байрны 64 тоот, 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох, 2006 оны 01 дүгээр сард Ч.Найданжаваас  М.Н-д олгосон итгэмжлэл, 2011 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Мэлсэн “ хадгаламж зээлийн хоршооны захирал М.Н-, М.Ц- нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжилсныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

          Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгыг судалвал тэрээр  Ч.Найданжаваас авах 7.000.000 төгрөгийн авлагадаа тухайн үеийн ханшаар 3 өрөө байр  авсан тул байрны шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргаж уг байрыг захиран зарцуулуулахаар бусдад олгосон Ч.Найданжавын  итгэмжлэл болон байрыг захиран зарцуулсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргажээ.

          Нэхэмжлэлийн үндэслэлд  дурдсанаар  уг байрыг тодорхой авлагадаа тооцож авсан байгаа нь байрыг өмчлөх эрх Ч.Найданжавтай байгуулсан гэрээний дагуу үүссэн гэх агуулгыг илэрхийлж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулан хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

          1. Ч.Найданжав нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийх итгэмжлэлийг М.Н-д олгосон нь түүний эд хөрөнгийн бүх эрх М.Н-д шилжсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйгээс гадна итгэмжлэлийн үндсэн дээр бэлэглэлийн гэрээгээр хадгаламж зээлийн ”Мэлсэн“ хоршоонд  маргаж байгаа 3 өрөө  байрны өмчлөх эрх шилжсэн нь тогтоогдож байх тул  хариуцагч М.Ц-гаас гадна  бэлэглэлийн гэрээний нэг тал болох хадгаламж зээлийн ”Мэлсэн“ хоршооны эрх ашиг хөндөгдөх тул   уг хоршоог хариуцагчаар татах эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь буруу байна.

         Өөрөөр хэлбэл маргаан бүхий итгэмжлэл болон  гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноор М.Н-гийн хэлцэл хийсэн үйлдэл нь хүчингүй болох боловч нэхэмжлэгчид уг орон сууцыг эзэмших, өмчлөх эрх зүйн үр дагавар шууд бий болохгүй тул тухайн маргаантай харилцааг шийдвэрлэхэд ямар үндэслэлээр ”Мэлсэн” хоршоонд эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн  нь  ач холбогдолтой юм.   Иймд  хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай байжээ.

          2. С.Б- нь нэхэмжлэлдээ 2006 оны 1 сард Ч.Найданжавын  М.Н-д олгосон итгэмжлэл, 2004, 2011 онд байгуулсан бэлэглэлийн гэрээнүүдийг  тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага, хариуцагч М.Ц- нь байр чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан  бөгөөд шүүх зохигчдын  эрх хэзээ зөрчигдөж шаардах эрх үүссэн, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан  эсэх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол түүнийг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байна.

          3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны   журмыг зөрчсөн   тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

          Н.Ангарагийг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрчээр асууж тэмдэглэл үйлдсэн. /х/х-ийн 80 дугаар хуудас /

          Н.Ангарагийг  хамтран нэхэмжлэгчээр оролцуулах  хүсэлтийг    /х/х-ийн 93  дугаар хуудас / нэхэмжлэгч гаргасан мөн энэ талаар Н.Ангараг өөрөө хүсэлт      /х/х-ийн 94 дүгээр хуудас / гаргасныг шүүх хэрхэн  шийдвэрлэсэн нь тодорхойгүй атлаа  түүний 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөн хариуцагч нарт холбогдуулан шүүхэд  итгэмжлэл болон гэрээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг /  тэмдэгтийн хураамж төлөөгүй / шүүх хүлээн авч хариуцагч нарт нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчид эрх үүргийг танилцуулаагүй байна.

         Нэхэмжлэгч Н.Ангараг  2016 оны 4 дүгээр сарын 29-нд   нэхэмжлэлээ татан авах агуулгатай хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг тодруулж шүүх түүний нэхэмжлэлээ татан авсан эсхүл татгалзсаныг  батлах Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлд заасан ажиллагааны аль нэгийг хийх шаардлагатай байжээ.

          Дээрх ажиллагааг хийгээгүйгээс  нэхэмжлэлийг шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй болсон байна.

          Н.Ангараг нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан гэрчийн этгээд гэж үзэхээр байгаа боловч гэрч нь хэргийн шийдэлд сонирхолгүй, хөндлөнгийн этгээд байх эрх зүйн зарчимд нийцээгүй байх тул шүүх түүнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, түүний мэдүүлгийг үнэлсэн нь хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т  заасантай нийцээгүй байна.

          Хариуцагч М.Ц- нь маргаан бүхий байрны эзэмшлийг шаардаж, байрнаас  нүүлгэн гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч   С.Б-д холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасныг шүүх хариуцагчаар заагаагүй Н.Ангарагт нэхэмжлэлийн нэг хувийг гардуулсан нь нэхэмжлэгчийн хариуцагчаа тодорхойлох диспозитив эрхийг зөрчсөн байна.

          4.Хариуцагч  М.Н-, М.Ц- нар нь З.Энхтуяагаар төлөөлүүлэхээр итгэмжлэл гаргасны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг оролцуулсан бөгөөд шүүх түүнд эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.  Түүнчлэн М.Ц- сөрөг нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн  хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 70.200 төгрөг төлөх ёстой тул илүү төлсөн 238.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

          Хэрэг хянан шийдвэрлэх дээрх зөрчлийн улмаас шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн агуулгын хувьд хянан шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

          Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 712 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Нэхэмжлэгч  С.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хариуцагч М.Ц-гаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 238.000 төгрөгийг Төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЦЭЦЭГ  

                                          ШҮҮГЧИД                                                    С.ЭНХЖАРГАЛ                    

                                                                                                               О.НАРАНГЭРЭЛ