Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            Хэргийн индекс:135/2015/01456/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 17-р баг, Өргөө баг,*** тоотод оршин суух Ч*** Б*** /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, *** тоотод оршин суух С*** Н*** /РД:*** /,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12-р хороо, *** тоотод оршин суух М*** Ц*** /РД:***/ нарт холбогдох

“Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороолол, *** тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, итгэмжлэл, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б*** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч М.***, М.Ц*** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                               

Нэхэмжлэгч С.Б*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “... талийгаач Н*** ах надад өгөх ёстой 7,000,000 төгрөгөндөө өөрийнхөө барьж дуусгасан барилгаас энэ гурван өрөө байрыг надад өгсөн юм.

... Тухайн үед миний бие муу, орж гарч чаддаггүй, унаж татдаг байсан ба Ч.Н*** ах “чиний байрны гэрчилгээг ах нь өөрөө гаргаж өгнө” гэдэг байсан боловч 2009 онд Н*** ахын бие гэнэт муудаж, нас барсан. Нас барахаасаа өмнө Ч.Н*** ах “Танай байр бусад байруудтай хамт Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байгаа, гэхдээ би танай байрыг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг нь гаргах талаар Хадгаламж зээлийн хоршооны хүмүүстэй яриад тохирчихсон байгаа” гэж байсан.

Ахыг нас барах үед миний бие мөн сайжраагүй, явж чаддаггүй байсан тул байрны гэрчилгээгээ хөөцөлдөж чадахгүй байсан ба 2011 онд Хадгаламж зээлийн хоршооны дарга Н*** гэж хүн манай гэрт ирж “энэ байр Хадгаламж зээлийн хоршооны байр байгаа” гэхээр нь би “Энэ байрыг би Н*** ахаасаа 2005 онд авсан, яахаараа танай байр болчихдог юм бэ” гэхэд юу ч хэлээгүй гараад явсан ...  Миний бие 14-р байрны 64 тоот байрандаа 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа.

... Миний бие *** тоот байрны үнийг төлсөн 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл уг байрандаа оршин сууж байхад ийнхүү миний байрыг  хүчин  төгөлдөр бус итгэмжлэлээр захиран зарцуулж, бэлэглэлийн гэрээгээр 2 удаа шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өөрийгөө Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороолол, *** тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна Би дахин байр авч чадахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн. Энэ асуудлыг зөвөөр шийдвэрлэж намайг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Б*** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

 “Миний бие Дархан сумын Өргөө баг, 21-р хороолол, *** тоот 3 өрөө орон сууцыг өөрийн шударга хөдөлмөрөөр талийгаач Ч.Н*** ахаас худалдаж аваад 2005 оноос хойш тасралтгүй амьдарч байгаа билээ. Харин миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж хууль бус аргаар байрны гэрчилгээг минь өөрийн нэр дээр шилжүүлж авсан хариуцагч нар ямар ч үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солдболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2007 оны 1 дүгээр сард Н*** аас Н*** олгосон итгэмжлэл, 2007 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Н*** *** ХЗХ-нд орон сууц шилжүүлсэн бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах гэсэн шаардлага гаргаж байгаа.

Шаардах эрхийн талаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Бид Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгээр шаардах эрхээ тодорхойлж байна. Н*** 2004 оны 8 дугаар сарын 5-ны өдөр өнгөт хорооллын 15 айлын 1 орц орон сууыг нэг гэрчилгээн дээр авч орон сууц болгосон. Н*** 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг  хүртэл худалдах худалдан авах гэрээ болон бэлэглэлийн гэрээгээр зарим орон сууцуудыг шилжүүлээд 2007 оны 1 сард итгэмжлэл олгож Н*** нэг гэрчилгээ дээр бичигдсэн 13 орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон байдаг. Гэвч 2007 оны 1 дүгээр сард уг 13 орон сууцны 8 байр үлдэж бусад байр эзэнтэй байдаг. 2007 оны 01 дүгээр сард олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр холбогдох хүмүүст шилжүүлээд маргаан бүхий энэ байрыг 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Бэлэглэлийн гэрээгээр Н*** *** ХЗХ-нд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Б*** нь 1999 оноос Н*** тай бизнесийн болон хамаатан садангийн болон бизнесийн холбоотой хамтарч ажиллаж Оросын холбооны улсад мэх бэлтгэн нийлүүлэх биенест өөрийнхөө хөрөнгийг оруулан хамтарч ажиллаж байгаад 2003 онд аваарт орж  хамтарч оролцох боломжгүй болсон урчаас хамтарсан хөрөнгөөсөө авч хэрэглэн үлдэгдэл 7.000.000 төгрөгийн тооцоонд маргаан бүхий байрыг авсан байсан. Энэ байрыг 2005 онд аваад гэрчилгээгээ шууд бичүүлээгүй шалтгаан бол тухайн үед байрууд нэг гэрчилгээтэй байсан учраас юм. Яагаад энэ 13 байр Н*** гэх хүнд итгэмжлэлээр шилжсэн бэ гэдэг асуудал байгаа. *** ХЗХ-ноос 12.000 ам долларын зээл авч байрыг засч бизнесийнхээ үйл ажиллагаанд хөрөнгө оруулж, энэ зээлийн гэрээний барьцаа маягаар хөрөнгө оруулалт хийж байсан. Гэхдээ албан ёсоор зээлийн барьцаанд тавьсан зүйл байдаггүй. Хариуцагчийн тайлбарын агуулгаар бол зээл аваад зээлээ төлж чадаагүй учраас энэ байруудыг итгэмжлэлээр авсан этгээд зарж борлуулаад дууссан гэж байгаа. Гэвч зээлийн гэрээний барьцаанд тавьсан гэх зүйл байдаггүй. 13 айл нэг гэрчилгээтэй байсан учраас 13 байр Н*** итгэмжлэлээр түүний захиран зарцуулах эрхэнд шилжсэн. 2007 оноос бүх байрыг шилжүүлсэн боловч Б*** гийн байрыг шилжүүлээгүй. Б*** д уг байрыг шилжүүлж өгнө гэж байсан хэдий ч шилжүүлж өгөөгүй. Гол шалтгаан бол 2007 оны 1 дүгээр сард олгосон итэмжлэл дээр байгаа. Хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр Б*** гийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл энэхүү итгэмжлэл нь уг хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан хэсгийг зөрчсөн. Итгэмжлэлд 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цаг 10 минут гэсэн тэмдэглэгээ байгаа. Гэвч нотариатын тэмдэглэл дээр 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэж хугацааг бичсэн. Эдгээр хугацаа зөрүүтэй байна. Сүүлийн огноог итгэмжлэл хийсэн огноо, хуульд заасны дагуу бичигдээгүй байна гэж үзэх боломжтой. Мөн огноо зөрүүтэй байгаа нь эргэлзээг төрүүлж байна. Итгэмжлэлийн огноо тодорхойгүй байгаа нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3 дахь хэсэгт заасан нөхцлийг хангаагүй учраас уг итгэмжлэл нь мөн хуулийн 64.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Энэ итгэмжлэлийг үндэслэж худалдах худалдан авах гэрээтэй холбоотой зүйлүүд ярьдаг. Ийм гэрээ байгаагүй. Н*** болон Баярмаа нар нь хоорондох тооцондоо байр авсан өгсөн байдаг. Уг итгэмжлэлийг үндэслээд 2-3 гэрээгээр дамжуулан уг байрыг шижлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Н*** *** ХЗХ-нд шилжүүлсэн 2007 оны 02 дугаар сарын 01-ний  өдрийн бэлэглэлийн гэрээтэй холбогдуулан тайлбарлахад Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно гэж заасан байгаа. Н*** итгэмжлэл олгосон. 12.000 ам доллар зээлсний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж хариуцагч тал хэллээ. Хэдийгээр Н*** гэж итгэмжлэл дээр байгаа боловч тухай үед Н*** нь *** ХЗХ-ны нягтлан бодогч байсан. 13 орон сууцны 10 орон сууцыг холбогдох хүмүүст шилжүүүлж, 3 байрыг *** ХЗХ-руу шилжүүлсэн байдаг. Үүнээс зээлийн харилцаа дууссан боловч Н*** итгэмжлэлээ ашиглан хууль бусаар өмчлөлийг бий болгосон байна. Бэлэглэлийн гэрээн дээр бэлэглэгч Н***, бэлэг хүлээн авагч *** хадгаламж зээлийн хоршоо гэсэн байдаг. Энэхүү гэрээн дээр бэлэг хүлээн авагч талын гарын үсэг байдаггүй тул Н*** өөрөө өөртэйгөө гэрээ хийсэн нь харагдаж байна. Хадгаламж зээлийн хоршоог хэн төлөөлсөн нь тодорхойгүй байна.  Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу өөрөө өөртэйгөө хийсэн хэлцэл гэж үзэж байна. Уг бэлэглэлийн гэрээнд *** ХЗХ-г төлөөлсөн даргын гарын үсэг байхгүй. Энэ хэлцлийн үндсэн дээр *** ХЗХ Ц*** руу уг байрыг  шилжүүлсэн байдаг. Ц*** нь Н*** төрсөн дүү. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа. Үүссэн харилцааг тодорхойлж шүүхийн шийдвэр бодит гарна.

Шаардлага хангаагүй итгэмжлэлээр хийгдсэн бэлэглэлийн гэрээ өөрөө Иргэний хулуийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг зөрчсөн байгаа. Хүчингүй хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчингүй болно. Анх 13 байранд 1 гэрчилгээ байсан учраас Бараагийн байр Хадгаламж зээлийн хоршоо руу явсан.  Дээрх нөхцөлүүд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. 2005 оноос Б*** уг байранд байсан. Ц*** өмчлөх эрхийг авсан гэдгээрээ нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж болохгүй. 2011 оноос өмчлөгч болсон. Үүнээс хойш нэхэмжлэл гаргаж болох байсан. Гэвч өөрсдийн хууль бус үйлдэл байгаа гэдгээ мэдэж байсан учраас нэхэмжлэл гаргаагүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо шаардах эрх хэзээ эхэлснээс эхэлж тооцох ёстой. 2007 онд Н***, 2011 оноос Ц*** д өмчлөх эрх шилжсэн. Хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байх ёстой. 6 жил гэж үзсэн ч энэ хугацаа дуусаагүй. Сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.

Итгэмжлэлийн үндсэн дээр бэлэглэлийн гэрээ хийгдсэн. Иймээс энэ итгэмжлэл хүчингүй болсон гэж байна хариуцагч тал тайлбарлаж байна. Эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн этгээд нэхэмжлэл гаргадаг. Б*** гийн хувьд уг орон сууцтай холбоотой эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн учраас нэхэмжлэл гаргасан. Бусад 12 байртай холбоотой маргаан гаргах эрх нь тухайн байрны оршин суугчдын өөрсдийнх нь эрх. Баяргаагийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн учраас нэхэмжлэл гаргасан. Итгэмжлэл дээр 2006 он гэж гараар бичсэнийг огноогоо андуурч бичсэн байх гэж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Хуулийн дагуу ярихад уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан шаардлагыг хангахгүй байгаа. Энэ итгэмжлэлээр Б*** гийн эрх зөрчигдсөн. Иймд итгэмжлэл, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Шүүхэд өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээ хэн нэгэн хүнд байгаа гэдэг шалтгаанаар жинхэнэ өмчлөгчийг өмчлөгчөөр тогтоохгүй байж болохгүй. Мөн хөөн хэлэлцэх  хугацаа тоолох талаар Иргэний хуульд заасан байгаа. Баяргаагийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан тусгай хугацааг  хэрэглэх хэрэгтэй.

Итгэмжлэл Иргэний хуулийн 64.2.3-т заасан нөхцөлийг хангахгүй байна. Мөн бэлэглэлийн гэрээний хувьд өөрөө өөртэйгөө хийсэн байна. 2005 онд Н*** тай хийсэн тооцондоо Б*** г байр авсан гэдгийг гэрчүүд нотолж байна. Өмчлөх  эрхийн гэрчилгээ хууль бусаар гарсан байхад нэхэмжлэгчтэй байрыг булаацалдаж байна. Хууль бус үйл ажиллагаагаар олдсон гэрчилгээн дээр үндэслэн байрыг алдах нь харамсалтай байна” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөөлөгч З.Энхтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Энэ хэргийн шүүх хуралдаан хоёрдахь удаагаа болж байна. Өмнө нь энэ хэргийн анхан шатны шүүх шийдсэн. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэгдээд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Хариуцагчаар *** хадгаламж зээлийн хоршооны эрх ашиг зөрчигдөж байгаа учраас хариуцагчаар эсвэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах нь зүйтэй. Зохигчдын эрх хэзээ зөрчигдөж эхэлсэн болон шаардах эрх үүссэн хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан эсэх, хөөн хэлэлцэх өнгөрсөн бол түүнийг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байна. Ангараг гэх этгээдийг анх нэхэмжлэгчээр оруулчхаад сүүлд нь гэрчээр асуусан дээр процессийн зөрчил байна гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаасан. Буцаж ирснээс хойш нэхэмжлэгч Б*** нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилсөн. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ байрны шударга эзэмшигчээр тогтоолгох, хоёр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулая, Н*** аас Ц*** д олгосон 13 байрыг захиран зарцуулах итгэмжлэлийг хүчингүй болгуулах гэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл дээрээс харж тодруулахад бэлэглэлийн гэрээгээр 2 удаагаар шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, өөрийгөө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 21 дүгээр хорооллын *** тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлага гаргасан гэж ойлгож байна. Бэлэглэлийн гэрээ 2 удаа гээд байна. Бэлэглэлийн гэрээ тодорхой байх ёстой. Ямар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Үүнийг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ бичээгүй байгаа учраас би өөрийнхөө таамгаар бэлэглэлийн гэрээг авч үзэж тайлбар хийж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч нар эгч дүү хоёр. Нэхэмжлэгч хариуцагч нараас нэхэмжлэлийн талаар шаардах эрхгүй этгээд гэж үзэж байна. Нэхэмжлэгч хариуцагч нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Энэ талаар ам болон бичгийн хэлбэрээр тохиролцоо хийгээгүй тул орон сууцны өмчлөлийн талаар шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б*** 2005 онд маргааны зүйл болж байгаа байрыг Н*** аас 7.000.000 төгрөгөөр худалдан авсан гэдэг ч үүнийг бичгээр нотолсон хэлцэл байдаггүй. Нэхэмжлэгч худалдан авснаа нотолж чаддаггүй. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах худалдан авах талаар хуульд заасан журам байдаг. Энэ хэлцэл бичгээр хийгдэх, хэлцэлээ нотариатаар гэрчлүүлэх, өмчлөх эрхийн асуудлаа Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой.  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Энэ заалтыг Б*** зөрчсөн. Тухайн эд хөрөнгийн Н*** аас 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа боловч Н*** тай энэ талаар хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул шаардах эрхгүй. Мөн бичгийн хэлцэл ч байхгүй тул энэ хүний шаардах эрх үгүйсгэгдэж байна. Уг байрыг худалдаж авсан гэх хэлцэл байхгүй учраас үл хөдлөх эд хөрөнгийг Н*** аас худалдаж авсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. 2005 оноос хойш 12 жил өнгөрсөн. Б*** Н*** ыг өмчлөх эрхтэй байхдаа байраа худалдсан гэж байгаа боловч энэ хүн 2009 онд нас барсан. Нэхэмжлэгч Б*** яагаад энэ 4 жилийн хугацаанд дээрх эрхүүдээ хэрэгжүүлж өөрийн нэр дээр орон сууцаа аваагүй вэ?. Орон сууц худалдаж авсан бол 4 жилийн хугацаанд Б*** д шилжүүлж авах бүрэн боломж байсан. Б*** хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл, ямар нэгэн хүсэл зоригийн илэрхийллийг хийгээгүй. Хүсэл зоригоо илэрхийлэх боломжтой байсан. 2005 оноос Б*** маргаан бүхий орон сууцанд амьдарсан гэдэг. Өмчлөх эрх 2005 онд зөрчигдсөн гэж үзэхээр байна. Өмчлөх эрх нь зөрчигдсөн гэдэг хэрнээ 12 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан .үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасан байдаг. Б*** энэ хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш 5 жил өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа. Энэ нь мөн л Б*** гийн шаардах эрхийг үгүйсгэж байна. Нэхэмжлэгч шаардах эрхээ ямар байдлаар нэхэмжилж байгаагаа нотолдоггүй. Ц*** 2011 онд байрны өмчлөгч болсон. Ямар үндэслэлээр өмчлөгч болох гэж байгаагаа нотолж чадахгүй байгаа. Б*** ямар үндэслэлээр уг байрны өмчлөгч болох ёстойгоо нотолж чадахгүй байгаа. Нэхэмжлэгч 2011, 2012 оны үед хадгаламж зээлийн хоршооны захирал Н*** гэх хүн манай гэрт ирж энэ байр хадгаламж зээлийн хоршооны байр гэж хэлж байсан гэдэг. Ингэж хэлж байгаа нь Б*** тухайн байрны өмчлөгчтэй орон сууцыг хөлслөх талаар ямар нэгэн байдлаар тохиролцоогүй. Тухайн байрны өмнөх өмчлөгчтэй амаар тохиролцож уг орон сууцанд амьдарч байсан гэдэг нь нь нотлогдож байна. Мөн Б*** Н*** ах нас барахаасаа өмнө танай байр бусад байрны хамт хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байгаа. Гэхдээ би танай байрыг барьцаанаас чөлөөлж гэрчилгээг нь гаргах талаар хадгаламж зээлийн хоршооны хүмүүстэй яриад тохиролцсон гэж хэлсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Ингэж хэлж байгаа нь Б*** уг орон сууцыг 2009 онд өөр хүний өмчлөлд шилжсэн. Түүний өмчлөх эрх зөрчигдснийг мэдэж байгааг илэрхийлж байна. Н*** нь амьд байхдаа буюу 2005 оны 3 дугаар сарын 16-ны өдөр  *** ХЗХ-ноос 12.000 долларыг сарын 5%-н хүүтэй, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5%-н алданги  тооцох байдлаар зээлийн гэрээ байгуулан авч буцаан төлөхөөр тохиролцсон боловч Н*** гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс өөрийн өмчлөлийн  Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн 13 орон сууцыг захиран зарцалаах эрхийг уг шилжүүлсэн итгэмжлэлийг Н*** 2007 онд олгосон байдаг. Нэхэмжлэгч тал итгэмлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж маргадаг буюу итгэмжлэл дээр итгэмжлэл үйлдсэн огноог тусгаагүй байна гэдэг. Итгэмжлэлийн дээд талд 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэж тавиагүй боловч доор нь Н*** өөрийнхөө гараар тэмдэглэл 2006 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 20 цаг 10 минутад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Өнөр*** тоот гэрээр үйлчлэв гээд бичсэн байгаа. Нотариатын тэмдэглэгээ дээр мөн 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэж тэмдэглэсэн байгаа. Итгэмжлэлийн дээд талд 4-ний өдрийг бичээгүйг Иргэний хуулийн 64.2.3 дахь хэсгийг зөрчсөн гэх нь үндэслэлгүй. Энэ итгэмжлэл хүчинтэй байгаа. Н*** ыг амьд байхад Н*** түүнтэй тохиролцоод 13 орон сууцнаас төлөгдөөгүй зээлийнхээ өрөнд 14 дүгээр байрны 61, *** тоот 3 байрыг *** хадгаламж зээлийн хоршоонд шилжүүлэн үлдэх 10 байрыг барьцаанаас нь чөлөөлж буцаасан байдаг. *** ХЗХ-ны өмчлөлд 2007 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр байрны 61, *** тоот байрыг улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байдаг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан байдаг. Тэгэхээр Н*** ын 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хийсэн хэлцэл нас барсных нь дараа хүчин төгөлдөр гэдгийг илэрийлж байна. Б*** өмчлөх эрхээ нотлоогүй хэрнээ уг итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна. Эзэмших өмчлөх эрхийг нотлоогүй байхад уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна. Уг итгэмжлэлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн *** ХЗХ-ний нэр дээрх 14 дүгээр байрны 61, *** тоот орон сууцуудыг Ц*** д шилжүүлснээр 2011 онд хүчингүй болсон. Өмчлөх эрх 2011 онд Ц*** д шилжсэн. Өмчлөх эрх шилжснээр хуулийнхаа дагуу хүчингүй болсон итгэмжлэл бэлэглэлийн гэрээ энэ хүмүүс оролдох эрхгүй. Өмчлөх эрх 2011 онд шилжсэн. Өмчлөх эрх шилжснээр итгэмжлэл болон бэлэглэлийн гэрээний ач холбогдол дуусгавар болсон. Нэхэмжлэгч талаас 2004 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн бэлэглэлийн гэрээ хийсэн Н*** үйлдэл нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг зөрчсөн гэж маргадаг. Гэтэл Н*** нь 2004 онд бэлэглэлийн гэрээ огт хийгээгүй байдаг.  Бэлэглэлийн гэрээ байдаггүй. Үүнийг нэхэмжлэгч тал нэхэмжлэл дээрээ дурдаж гаргасан. 2007 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Н***гаам *** ХЗХ-нд 61, *** тоот орон сууцуудыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Энэ бэлэглэлийн гэрээг Н*** нь Н*** аас  2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр олгосон итгэмжлэлээр шилжүүлсэн байдаг. Н*** аас Н*** олгосон итгэмжлэл нь *** ХЗХ-нд олгосон итгэмжлэл биш. Н*** гэх хувь хүнд нь олгосон итгэмжлэл. Итгэмжлэл дээр Н*** хаягийг бичээд Н*** гэсэн байдаг учраас энэ итгэмжлэлийг Н*** хувь хүнээр нь олгосон итгэмжлэл гэж үэзж байгаа. Хоршоонд итгэмжлэл олгосон бол хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч хэмээн гарын үсэг зурах ёстой. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 70.1-д заасныг зөрчсөн буюу төлөөлөгч нь өөрөө өөртэйгөө хэлцэл хийсэн гэж маргаад байдаг. Ийм зүйл байхгүй. Н*** Н*** аас итгэмжлэл аваад Н*** бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг хадгаламж зээлийн хоршоонд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 2005 онд өмчлөгчөөр өөр  хүн байгаа гэдгийг мэдсэн хэрнээ Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т зааснаар бүртгэлд нэр нь байгаа этгээдээс өөрчлөлт оруулахыг шаардаагүй 12 жил болсон. Гомдлоо гаргах боломжтой байсан. Өмчлөх эрхийн талаар хэн нэгэнтэй маргасан зүйл байхгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаадрлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

*** ХЗХ-г гуравдагч этгээдээр татан оролцуулах эсвэл хариуцагчаар татан оролцуулах нь зүйтэй гэж Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан. ХЗХ-г хариуцагчаар татах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч тал *** ХЗХ-г хариуцагч болон гуравдагч этгээдээр татаагүй байна.

Шаардах эрх нотлогдохгүй байна. Хуульд ядарсан өвчтэй хүнийг өмчлөгчөөр тогтооно гэсэн заалт байхгүй. Хүний өмчлөх эрхийг хязгаарлаагүй тул заавал уг байрандаа амьдарсан байх шаардлагагүй. Хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийх ёстой. Нэхэмжлэгч тал өмчлөх эрхээ юугаар шаардаж байгаагаа тодруулахгүй байна. М.Ц*** гийн хувьд өмчлөх эрх баталгаажсан. Өмчлөгч гэдэг нь тодорхой байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хангах нь үндэслэлтэй. 2011-2012 онд С.Б*** г уг байрыг чөлөөлүүлэхээр шаардаж байсан. М.Ц*** гийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 160.6 дахь хэсэгт заасан эрх зөрчигдсөн” гэжээ. 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөөлөгч З.Энхтуяа нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М.Ц*** С.Б*** д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол нэхэмжлэгч С.Б*** болон гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг буюу одоогийн өөрчлөгдсөн хаягаар 17 дугаар баг,  21 хороолол *** тоот *** дугаарт бүртгэлтэй 38м2 3 өрөө байрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. М.Ц*** уг байрны хууль ёсны өмчлөгчөөр 2011 оны 10 дугаар сарын 26-ны улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлж *** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авч тухайн байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон. Өмчлөх эрх баталгаажсан хэвээр байгаа. М.Ц*** Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд Н*** ын өмчлөлийн үед амьдарч байсан С.Б*** гаас өмчлөлийн орон сууцнаас гарахыг өмчлөх эрхээ олж авснаас эхлээд удаа дараа шаардаж боловч С.Б*** орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзаж миний байр гэж маргаж М.Ц*** гийн эрхийг зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 106.4-т заасны дагуу С.Б*** болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дэмжиж байна.

Н*** олгосон Н*** ын итгэмжлэл хууль зөрчсөн гэж байна. Огноог зөрүүтэй байна гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Он дусаад дараа оны 1 сар болж байгаа. Хүмүүс он солигдсоны дараа хугацаагаа андуурч бичэх тохиолдол их байдаг. Ийм бадйлаас огноог андуурч бичсэн байх магадлалтай. Хамгийн гол баталж байгаа зүйл нотариатч юм. Нотариатч 2007 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэсэн учраас энэ өдөр уг итгэмжлэлийг үйлдсэн гэдэг нь харагдаж байна. Нотариатч гэх тусгай үүрэг бүхий этгээдийн тэмдэг дарсан огноо тодорхой байна. Нотариатчийн тэмдэг дээр бичсэн огнооны хувьд асуудал байхгүй гэж үзэж байна. 13 байрыг 1 гэрчилгээтэй. Итгэмжлэлийг хүчингүй гэж байгаа бол 13 байрны өмчлөгч нарыг энэ хэрэгт татан оролцуулж шийдэж асуудлыг ярих ёстой. Байрыг өмчилж авсан бусад этгээдийн эрхийг зөрчиж байна. Итгэмжлэлээр бэлэглэлийн гэрээ хийгдэж уг итгэмжлэл хүчингүй болсон учраас дахин хүчингүй болгох үндэслэлгүй. Итгэмжлэлийн үндсэн дээр бусад бэлэглэлийн гэрээ хийгдсэн. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч Ц*** гэж тодорхой байгаа. Энэ хүний гэрчилгээг яах вэ?. Ц*** гийн гэрчилгээ байхад хоёр дахь өмчлөгчөөр Б*** г тогтоох боломжгүй. 2005 онд энэ хүн байранд орсон. Б*** өмчлөх эрх зөрчигдсөн байснаа мэдэж байсан. Хөөн хэлэлцэх тусгай хугацаа 6 жил байна. Сөрөг нэхэмжлэл өнгөрсөн жил гарсан. Үүн дээр хөөн хэлэлцэх хугацаа ярих боломжгүй. Нэхэмжлэгч Б*** маргаан бүхий байрны өмчлөгч болохыг тогтоосон зүйл байхгүй. Үүний нотолсон аман болон бичгийн хэлцэл байхгүй” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б*** нь хариуцагч М.Н***, М.Ц*** нарт холбогдуулж 2007 онд Ч.Н*** аас М.Н*** олгосон итгэмжлэл, 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М***, “*** ” ХЗХоршооны хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “*** ” ХЗХоршоо, М.Ц*** нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг,*** тоот, 38 мкв тайлбайтай 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч М.Ц*** нь өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж, нүүлгэн гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... талийгаач Н*** ах надад өгөх ёстой 7,000,000 төгрөгөндөө өөрийнхөө барьж дуусгасан барилгаас энэ гурван өрөө байрыг надад өгсөн юм, ... Тухайн үед миний бие муу, орж гарч чаддаггүй, унаж татдаг байсан ба Н*** ах “чиний байрны гэрчилгээг ах нь өөрөө гаргаж өгнө” гэдэг байсан боловч 2009 онд Н*** ахын бие гэнэт муудаж, нас барсан. Нас барахаасаа өмнө Н*** ах “Танай байр бусад байруудтай хамт Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байгаа, гэхдээ би танай байрыг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг нь гаргах талаар Хадгаламж зээлийн хоршооны хүмүүстэй яриад тохирчихсон байгаа” гэж байсан. Ахыг нас барах үед миний бие мөн сайжраагүй, явж чаддаггүй байсан тул байрны гэрчилгээгээ хөөцөлдөж чадахгүй байсан ба 2011 онд Хадгаламж зээлийн хоршооны дарга Н*** гэж хүн манай гэрт ирж “энэ байр Хадгаламж зээлийн хоршооны байр байгаа” гэхээр нь би “Энэ байрыг би Н*** ахаасаа 2005 онд авсан, яахаараа танай байр болчихдог юм бэ” гэхэд юу ч хэлээгүй гараад явсан ...  Миний бие 14-р байрны 64 тоот байрандаа 2005 онд хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ... “ гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч “ ... Хариуцагч С.Б*** нь М.***, М.Ц*** нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар шаардах эрхгүй этгээдүүд гэж үзэж байна. Учир нь хариуцагч М.***, М.Ц*** нар нь нэхэмжлэгч нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй буюу зохигчдын хооронд амаар буюу бичгийн хэлбэрээр ямар нэгэн хэлцэл тохироо хийгдээгүй энэ талаар нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаагүй байна. ... Ч.Н*** ын амьд сэрүүндээ илэрхийсэн хүсэл зоригийн илэрхийлэл болсон итгэмжлэл нь хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч С.Б*** нь өөрийнхөө эзэмших, өмчлөх эрхийг нотлоогүй байхад уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг шаардах эрхгүй юм. Тэгээд ч тухайн итгэмжлэлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлсэн “*** ” ХЗХ-ны нэр дээр 14-р байрны 61, *** тоот байрнуудыг өмчлөх эрхийн гэрчилгээ М.Ц*** д өмчлөх эрхийг шилжүүлснээр хүчингүй болсон байх тул дахин хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй ... “ гэж маргажээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч талын гаргасан тайлбар, мэдүүлгийг үндэслэн хэргийн талаар үйл баримтыг бодитойгоор үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэргийн талаар үйл баримтыг тодорхойлбол, С.Н*** нь 2004 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, 21 дүгээр хороололын 14 дүгээр байрны 1-р орцны дутуу баригдсан барилгад бусадтай хамтарч хөрөнгө оруулалт хийж барьж дуусгасан байх ба улмаар 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дээрх 1 дүгээр орцны 15 айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч болж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-*** дугаартай гэрчилгээ түүний нэр дээр гарсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар С.Н*** нь дээрх 15 айлын орон сууцыг бусдад худалдах, худалдан авах болон бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байх ба 2007 онд 14 дүгээр байрны 1 орцны 13 орон сууцыг худалдах, захиран зарцуулах бүрэн эрхийг “*** ” ХЗХоршоонд нягтлан бодогч ажилтай Магсаржавын Н*** 6 сарын хугацаатайгаар итгэмжлэлээр олгожээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н*** нь дээрх итгэмжлэлийн дагуу 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээгээр 14 дүгээр байрны *** тоот орон сууцыг “*** ” ХЗХоршоонд, “*** ” ХЗХоршоо нь 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээгээр 61, 64 тоот орон сууцыг иргэн М.Ц*** гийн өмчлөлд тус тус шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.”, хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч С.Б*** нь ийнхүү 2005 оноос орон сууцыг ашиглаж, өөрийн эзэмшилдээ байлгаж байсан боловч түүнийг шударга эзэмшигч гэж үзэхийн урьдчилсан нөхцөл нь  тэрээр орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авсан уу, эзэмших эрхээ хууль ёсоор хэрэгжүүлж байна уу гэдгийг тогтоох нь зүйтэй юм.

С.Н*** аас М.Н*** , М.Н*** “*** ” ХЗХоршоонд, “*** ” ХЗХоршооноос М.Ц*** гийн өмчлөлд шилжсэн 14 байрны 1-р орцны 64 тоот орон сууцанд нэхэмжлэгч С.Б*** нь 2005 оноос хойш оршин суусан ба тэрээр С.Н*** аас авах авлагадаа тооцож буюу 7,000,000 төгрөгөөр уг орон сууцыг худалдаж авсан талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон гэрч *** нарын гэрчийн мэдүүлэгт дурджээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.” гэж заасан ба хавтаст хэрэгт Ч.Н*** , С.Б*** нарын хооронд хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, орон сууцны өмчлөгч Ч.Н*** аас С.Б*** д орон сууцыг худалдсан талаар хүсэл зоригийн илэрхийллийг агуулсан хэлцэл, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч С.Б*** нь автын ослын улмаас 2004 оноос бусдын асаргаанд орсон ба нэхэмжлэгчийн энэ байдлыг Ч.Н*** мэдэж байсан боловч орон сууцыг бусдаас авсан өр зээлэндээ барьцаалж, захиран зарцуулах эрх олгосон зэрэг байдлаас үзэхэд бодит байдал дээр С.Б*** , Ч.Н*** нарын хооронд худалдах худалдан авах гэрээ, хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.Б*** г орон сууцанд нүүж орсноос хойш 2 жилийн дараа, 2007 онд  өмчлөгч Ч.Н*** орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийг нь М.Н*** олгож улмаар Ч.Н*** ыг нас барахаас өмнө буюу 2007 оны 02 дугаар сарын  01-ний өдөр М.Н*** нь олгосон итгэмжлэлийн дагуу орон сууцыг “*** ” ХЗХоршоонд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ.Энэ талаар нэхэмжлэгч нь “ ... 2009 онд Н*** ахын бие нь муудаж, нас барсан. Нас барахаасаа өмнө Н*** ах танай байр бусад байруудтай хамт Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байгаа, гэхдээ би танай байрыг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг нь гаргах талаар Хадгаламж зээлийн хоршооны хүмүүстэй яриад тохирчихсон байгаа ...” гэж нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд орон сууц хуульд заасан журмын дагуу өөрийн эзэмшил, өмчлөлд шилжээгүй болохыг нэхэмжлэгч мэдэж байсан гэх үндэслэлтэй байна.

Нөгөө талаар Ч.Н*** нь 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан байх ба өмчлөх эрх 2007 онд “*** ” Хадгаламж зээлийн хоршооны өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжсэнээс хойш 2 жил өнгөрсөн байхад маргааны зүйл болсон 64 тоот орон сууцны талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй, энэ талаар баримт хэргийн материалд байхгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Н*** аас М.Н*** олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т зааснаар итгэмжлэл олгосон он, сар, өдрийг заах гэсэн шаардлагыг хангаагүй, итгэмжлэлийн агуулга зөрүүтэй буюу бодит байдал дээр 8 байр үлдсэн байхад 13 байрыг захиран зарцуулах эрх олгосон тул итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргажээ.

Итгэмжлэлд олгосон он, сар, өдрийг заах нь тухайн итгэмжлэлийг хэзээ олгосон, хуульд заасан гурван жилийн хугацаа өнгөрсөн эсэх зэрэг хугацаа тодорхойлоход ач холбогдолтой байдаг ба Ч.Н*** аас М.Н*** олгосон итгэмжлэл дээр нотариатчий н “ ... 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цаг 10 минутад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр*** тоотод гэрээр үйлчлэв. Байлцсан: З.Пүрэвсүрэн, итгэмжлэгч Ч.Н*** ... “ гэсэн тэмдэглэл, бичиглэлээр тухайн итгэмжлэл олгосон он, сар, өдрийг тодорхойлох боломжтой гэж үзнэ.

Иймээс дээрх итгэмжлэлийг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийгдсэн гэж үзэж үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд итгэмжлэлээр 13 орон сууц биш 8 орон сууцны худалдах, захиран зарцуулах эрхийг шилжүүлэх ёстой байсан эсэх, хэлцэлд төлөөлүүлэгчийн хүсэл зориг зөрүүтэй тусгагдсан эсэх маргаан нь зөвхөн хэлцлийн оролцогч талуудад хамааралтай, энэ үндэслэлээр тухай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм.

Орон сууцны анхны өмчлөгч Ч.Н*** нь итгэмжлэлийг иргэн М.Н*** олгож, М.Н*** нь “*** ” ХЗХоршоотой бэлэглэлийн гэрээ байгуулсан байх тул М.Н*** Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар төлөөлөгчийн нэрийн өмнөөс өөртэйгээ хэлцэл хэлцэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл нь бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчин, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч, түүний өвлөгч нь бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй ба 2007, 2011 онд хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн заалттай нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч “*** ” ХЗХоршоо нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийн дагуу орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр М.Ц*** д шилжүүлжээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.”, хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.”, 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзнэ.” гэж заасны дагуу М.Ц*** нь Дархан-Уул аймаг, Дархан сум,  4-р баг,*** тоот 38 мкв тайлбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч болж эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан байна.  

Орон сууцны өмчлөгч М.Ц*** нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж, нүүлгэн гаргахыг шардах эрхтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч С.Б*** гийн хариуцагч М.***, М.Ц*** нарт холбогдуулж гаргасан 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ч.Н*** аас М.Н*** олгосон итгэмжлэл, 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М.***, “*** ” ХЗХоршоо нарын хооронд байгуулагдсан, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “*** ” ХЗХоршоо, М.Ц*** нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг,*** тоот, 38 мкв тайлбайтай 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Ц*** гийн гаргасан өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж, С.Б*** , түүний гэр бүлийг нүүлгэн гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б*** гийн гаргасан хариуцагч М.***, М.Ц*** нарт холбогдуулж гаргасан 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ч.Н*** аас М.Н*** олгосон итгэмжлэл, 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдөр М.***, “*** ” ХЗХоршоо нарын хооронд байгуулагдсан, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “*** ” ХЗХоршоо, М.Ц*** нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг,*** тоот, 38 мкв тайлбайтай 3 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Ц*** гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг,*** тоот, 38 мкв тайлбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нүүж гарахыг Самбуугийн Б*** д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 308,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б*** гаас тэмдэгтийн хураамж 308,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч М.Ц*** д олгосугай.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4.дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУНДАРЬ