Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 334

 

                                                                        

 

 

                                                                       

 

 

Б.Оч-Эрдэнэд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Оюунтунгалаг,

Ялтан Б.Оч-Эрдэнэ, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Оч-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Оч-Эрдэнэд холбогдох 201525011224 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Гарам овогт Батдэлгэрийн Оч-Эрдэнэ, 1989 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, грантмётчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 158 дугаар гудамжны 44 айл байрны 05 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ПМ89112634/;

1. Б.Оч-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 17 дугаар гудамжны 252/а/ тоотод оршин суух хохирогч Н.Алиманцэцэгийн байшингийн цонхыг нь хагалан хууль бусаар нэвтрэн орж, хүний хэрэглэж байсан хувцас, бэлэн 20.000 төгрөг, мөнгөн гинж зэрэг эд зүйл хулгайлж, 455.500 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 4-ний хооронд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 48 дугаар гудамжны 596/6/ тоотод оршин суух иргэн Ч.Ганцэцэгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, “Samsung K U-2” загварын гар утас, “G Mobile”-ийн модем, “Sony” загварын зургийн аппарат 2 ширхэг, цахилгаан дрилл зэрэг эд зүйл хулгайлж, 375.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 23 дугаар гудамжны 556 тоотод оршин суух хохирогч Я.Даваадоржийн байшингийн цонхыг түлхэн орж хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Sony” загварын өнгөт зурагт, индукцын плитка зэргийг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын 6 дугаар гудамжны 59 тоотод оршин суух хохирогч А.Аянбергений байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 37 инчийн LED зурагт DVD тоглуулагч, үхэр, адуу нийлсэн 20 кг мах хулгайлж, 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 7 дугаар гудамжны 161/а/ тоотод оршин суух хохирогч Д.Бямбаагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Hitachi” брэндийн LED зурагт, хохирогч Ч.Дангаагийн 24 инчийн “Малчин” зурагт зэрэг эд зүйл хулгайлж, 849.200 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 16-17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 20 дугаар гудамжны 3 тоотод оршин суух хохирогч Б.Оюунсайханы монгол гэрийн хаалганы цүүг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, “Sky Varch” загварын 32 инчийн LCD зурагт хулгайлж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Б.Тулгаатай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 10 дугаар гудамжны 492 тоотод оршин суух хохирогч Л.Мөнхбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн “Funey” загварын зурагт, хөргөгчинд байсан мах, ягаан өнгийн бамбарууш зэргийг хулгайлж, 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн ангийн 44 айлын 03 тоотод оршин суух иргэн Б.Наранбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн “Samsung” загварын LCD зурагт, цэргийн хүрэм хулгайлж 780.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөр шандын 7 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хохирогч Э.Одонтуяагийн монгол гэрийн цоожыг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, орны бүтээлэг зэрэг эд зүйл хулгайлж, 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхантын 8 дугаар гудамжны 94 тоотод оршин суух Цэндмаагийн өвлийн сууцны вакум цонхны салхивчаар хууль бусаар нэвтрэн орж, цахилгаан өрөм нэг ширхэг, цахилгаан индукцин зуух 1 ширхэг, цахилгаан тасдагч хөрөө хоёр ширхэг, цахилгаан зүлгүүр нэг ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, 195.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2016 оны 7 дугаар сарын З-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамжны 4095 тоотод оршин суух Т.Эрдэнэцэцэгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, “BSB” загварын 42 инчийн зурагт хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Оч-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хулгайн гэмт хэрэгт шалгагдаж, прокурорын хяналтад ирсэн байхдаа буюу 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлсан,

Б.Оч-Эрдэнэ хүндэвтэр гэмт хэрэгт хорьж мөрдөх хугацаа дуусч, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснөөс хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 4-ний хүртэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан,

Б.Оч-Эрдэнэ хүндэвтэр гэмт хэрэгт хорьж мөрдөх хугацаа дуусч, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад буюу 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс буюу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оч-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Оч-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, давтан үйлдлээр гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Оч-Эрдэнийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Оч-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Оч-Эрдэнэд оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Оч-Эрдэнийн нийт цагдан хоригдсон 350 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос пүүзийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Оч-Эрдэнээс 455.500 төгрөгийг хохирогч Н.Алиманцэцэгт /РД:УС68100206/, 375.000 төгрөгийг хохирогч Ч.Ганцэцэгт /РД:ТИ79030363/, 800.000 төгрөгийг хохирогч Я.Даваадоржид /РД:ШД59102672/, 140.000 төгрөгийг хохирогч А.Аянбергенд /РД:ЧД77061318/, 239.200 төгрөгийг хохирогч Д.Бямбаад /РД:ВЮ89036754/, 270.000 төгрөгийг хохирогч Б.Оюунсайханд /РД:И387123065/, 125.000 төгрөгийг хохирогч Л.Мөнхбаатарт /РД:УР70101299/, 60.000 төгрөгийг хохирогч О.Ууганбаярт /РД:УД88080927/, 780.000 төгрөгийг Б.Наранбаатарт /РД:АС91051011/, 720.000 төгрөгийг хохирогч Э.Одонтуяад /РД:УД82081306/, 105.000 төгрөгийг хохирогч Н.Цэндмаа /РД:Ч384051167/ нарт тус тус гаргуулан олгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Оч-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Оч-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хулгайн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар ялласанд харамсаж байна. Би санаатайгаар мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан зүйлгүй. Харин ч мөрдөн байцаалтад “хэргийг минь хурдан шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтээ 2-3 удаа гаргаж байсан. Дээрх зүйл ангиар ялласан нь хатуудаж байна. Учир нь 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл оргон зайлсан гэж үздэг. Би анх Эрүүгийн хуулийн тусгай анийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Отгоннямд 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж эхэлсэн. Би мөрдөн байцаагч дээр байнга очиж байсан. Байцаагч, ахлах дэслэгч Отгонням ээлжийн амралтаа авсан тул миний хэрэг ахлах дэслэгч Мөнхжинд шилжсэн. Тухайн үед би мөрдөн байцаалтад саад болсон удаагүй. 2015 оны 10 дугаар сарын эхээр мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Мөнхжин “за чи явж бай. Удахгүй хэргийг чинь прокурорт шилжүүлнэ. Тэр үед утсаар дуудана” гэсэн. Би оргосон гэх хугацаанд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хийсэн хулгайн 3 үйлдлээрээ шалгагдаж байсан. Налайх дүүргийн мөрдөн байцаагч, ахмад Баярсайхан тэр үед Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Мөнхжинтэй утсаар ярьж тэнд байцаагдаж байгааг хэлж мэдэгдсэн. “Мөрдөн байцаалт дуусгаад хэргийг харьяалалын дагуу шилжүүлнэ” гэж ярьж байсан. Тэр үед би Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд байцаалт болон эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэрэгт байдаг.

2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хооронд оргон зайлсан гэж үздэг. 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр цагдан хорих ангиас бусдын батлан даалтад гарахад намайг батлан даах хүн байхгүй учир мөрдөн байцаагч, ахмад Отгонням “яв” гэж явуулсан. Тэр үед надад очих газар байхгүй, хэцүү байсан. Уг нь цэргийн ангид ажилладаг ажлын газрынхаа байранд амьдардаг байсан. Энэ хэрэгт холбогдсоноос болж 2015 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр ажлаасаа халагдаж, байраа хүлээлгэж өгсөн. Би батлан даалтад гарсан үедээ “Техник импорт”-оос тороос гуйж гадуур зарж, идэх юм авах мөнгө олдог байсан. Надад хотод очих газар, ах, дүү байхгүй тул би орц, хонгил зэрэгт хонодог байсан. Мөрдөн байцаагч дээр огт очихгүй биш очиж энэ байдлаа хэлж байсан. Гэтэл байцаагч “за чи долоо хоногт нэг удаа ирж бай” гэж хэлж байсан.

2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл оргон зайлсан гэж үздэг. Миний цагдан хорих хугацаа дуусч батлан даалтад гарахад ахмад Батцогт надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ял сонсгон, гарын үсэг зуруулсан. Тэгээд намайг “яв” гэж явуулсан. Би 5 дахь өдөр батлан даалтад гараад 1 дэх өдөр нь очиход “Тулгааг чинь олно. Чи яв. Маргааш ир” гэсэн. Би дараа 7 хоногт нь очиход “чиний хэргийг хамаас чинь тусгаарлах юм шиг байна. Прокурор чинь тэгж хэлж байна” гэсэн. Тэгээд гэнэт 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байцаагч надад хоёулаа танай Тулгааг чинь олъё. Чи гэрийг нь мэднэ биз дээ. Чи зааж өгч чадах уу” гэсэн. Би “чадна” гэсэн. Байцаагч намайг “явахаасаа өмнө чи гадагш гарахгүй баталгаа, он, сарыг биччих. Би чамайг гарч ирэхэд чинь бичүүлж авахаа мартчихсан байна” гэж надаар баталгаа бичүүлж аваад “би чамайг одоо явуулбал өөрөө алуулах гээд байна” гэж хэлээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан ялыг сонсгон хорьсон. 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл оргосон гэж үзэхдээ гадагш явахгүй батлагаа гаргуулж авсаар байтал оргон зайлсан гэж үзээд байгаа. Энэ баталгаа нь намайг даалтад гарахад биш, энэ зүйл ангийг сонсгож хорихдоо хийлгэж авсан байдаг. 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл, 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл оргон зайлсан мөрдөн байцаалтад санаатайгаар хүндрэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилэн яллаж, оргон зайлсан гэх хугацаанаас бусдад нь би цагдан хоригдож байсан. 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ял сонсгож, цагдан хорьсон. Тухайн үед зүйл, ангийг тайлбарлаж хэлээгүй. ...Намайг хэдийнээс оргосон гэж үзээд байгаа, ямар үндэслэлээр дээрх зүйл ангийг сонсгосон, тус зүйл ангийг тайлбарлаж хэлээгүйгээр тулгасан, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдээгүй.

Би болж бүтэхгүй хүмүүстэй нийлж архидан согтуурч, зугаа цэнгэл хөөж, хулгайн гэмт хэрэг хийсэн нь үнэн. Миний бие 2007 онд Батлан Хамгаалах Их Сургуулийн ахлагчийн сургууль дүүргэж, 2007 оноос 2015 оныг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчний 150 дугаар анги, Элитийн батальонд ахлагч цолтой, мэргэн буудагчаар ажиллаж байлаа. Дээрх хугацаанд Афгинастан улс дахь энхийг сахиулах ажиллагаа болон сургуульд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан. Гэмт хэрэг үйлдэж өөрийн ажил, амьдралаа үрэн таран хийсэндээ гүнээ харамсаж байна. Анх удаа эрүүгийн хэрэгт холбогдож яах учраа олохгүй хүнд байдалд байна. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөнгөрүүлж, хорих ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү…” гэжээ.

 

Ялтан Б.Оч-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Ялтны өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Оч-Эрдэнийн хувьд хулгайн үйлдлээ зөвшөөрдөг ч мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан үйлдлийг зөвшөөрдөггүй. Түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс оргон зайлсан гэх үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хэрэгсэхгүй болгох хүсэлтээ илэрхийлсэн. Б.Оч-Эрдэнийг 3 удаагийн үйлдлээр, давтан оргосон гэж үздэг. Хамгийн сүүлийн үйлдлийн тухайд батлан даалтад гарсан өдрөөсөө эхлэн оргосон гэж үзсэн. Б.Оч-Эрдэнэ 5 дугаар сарын 7-ны өдөр батлан даалтад гарсан байхад 5 дугаар сарын 7-ны өдрөөс 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл оргосон гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн 9 дүгээр сарын 2-ны өдөр түүнийг батлан даалтад гаргасан хэрнээ тэр өдрөөс эхлэн оргон зайлсан гэж буруутгаж байна. Дээрх оргон зайлсан гэх хугацаанд Б.Оч-Эрдэнэ нь Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, байцаагдаж байсан. Тэрээр хэргээ хурдан шийдүүлмээр байна гэж хүсэлт гарагж байсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж чадаагүй шалтгаанаа “Мөрдөн байцаагч 7 хоноод ир гэдэг байсан. Би өөрийн гэсэн орон гэргүй, унаагүй, утасгүй байсан тул дуудсан цагт нь очиж чаддагүй байсан” гэж тайлбарласан. Б.Оч-Эрдэнийн хувьд мөрдөн байцаалтаас оргон зайлах гэсэн зорилго байгаагүй. 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл оргон зайлсан гэж байгаа ч энэ хугацаанд цагдаагийн хэлтсүүдээр шалгагдаад явж байсан. Мөн энэ хугацаанд прокурорын тогтоолоор харьяалал тогтоолгохоор 1 сар гаруй хугацаанд тодорхой харьяалах газаргүй явж байсан. Б.Оч-Эрдэнийг мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тэрээр өмнө нь ял шийтгүүлж байгаагүй. Б.Оч-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

 

Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Би Б.Оч-Эрдэнэд холбогдох хэрэгт анхнаас нь хяналт тавьсан. Тухайн үед Б.Оч-Эрдэнэ нэг үйлдэлтэй байсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх үед Б.Оч-Эрдэнэ оргон зайлсан бөгөөд түүнийг “авчрах арга хэмжээ ав” гэж шаардсан учир прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг түдгэлзүүлж, Б.Оч-Эрдэнийг эрэн сурвалжилсан. Тэрээр мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан үедээ Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргүүдэд хулгай хийж, шалгагдсан учир мөрдөн байцаалтын ажиллагаа удааширсан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан цагдан хорьж, хэргийг шалгасан боловч цагдан хорих хугацаа дуусч, батлан даалтад гаргахаас өөр аргагүй болсон. Б.Оч-Эрдэнэ нь батлан даалтад гарсан даруйдаа мөрдөн байцаалтад ирэхгүйгээр алга болдог. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсан ч олдлоогүй тул хэргийг дахин түдгэлзүүлсэн. Түүнийг өөр дүүрэгт шалгагдаж буй хэрэгтээ цагдан хоригдож байхад нь олж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорьж, хэргийн бүрдлийг гүйцээж, хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Б.Оч-Эрдэнэ нь мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан болох нь тогтоогдсон. Б.Оч-Эрдэнэ “оргосноо хүлээн зөвшөөрөхгүй, өөр дүүрэгт шалгадаж байсан” гэж хэлдэгч өөр хэрэгт шалгагдаж байгаа гэдгээ өөрөө ирж мөрдөн байцаагчид хэлэхгүй бол сүлжээгээр болон бусад байдлаар олох боломж байхгүй. Б.Оч-Эрдэнэ нь оршин суух газаргүй тул мөрдөн байцаагчийн дуудсан цагт очих боломж байгаагүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Б.Оч-Эрдэнэ хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

                                                      ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ялтан Б.Оч-Эрдэнэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан нь “шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлага хангагдаагүй байна. Тухайлбал:

 

  1. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн

ахлах дэслэгч Д.Нямдаваагийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 тоот Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /2-р хх-ийн 39/ хавтас хэрэгт авагдсан бөгөөд уг тогтоолд ялтан Б.Оч-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201526011692 дугаартай хэргийг Ж.Батболорын үйлдсэн 201526011990 дугаартай, эсгийний үйлдвэрийн байрнаас хулгайлсан эд зүйлийг зарж борлуулахад хамтран оролцсон гэсэн үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон, хэргийг нэгтгэн шалгасан байх бөгөөд уг хэрэгт Б.Оч-Эрдэнийг хамтран оролцсон гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Ж.Батболорт холбогдох эрүүгийн 2014260001859 дугаартай хэргээс Б.Оч-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201526011692 дугаартай хэргийг тусгаарлаж шийдвэрлэжээ.      

 

Дээрх тогтоолоос үзэхэд Б.Оч-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар тооцож байцаасан байх бөгөөд мөрдөн байцаагч, прокуророос түүний уг үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт алга.

 

2. Хавтаст хэрэгт хохирогч Д.Бямбаагийн “...Тэгээд орой 20 цагийн орчим гэртээ ирсэн ба гаднаас орж ирсэн чинь хөргөгч онгорхой, цаашаа том өрөөнд орсон чинь манай гэрийн зурагт алга болсон байсан. ...Тэгээд цагдаа ирээд манайхыг шалгаад байж байсан чинь манай хажуугийн залгаа байшинтай айл болох ээж Дангаагийн гэрт мөн хулгай орсон байсан...” /2-р хх-ийн 10-11/, хохирогч Ч.Дангаагийн “…манай гэрт хулгай орж эд зүйлс эмх цэгцгүй болгосон байсан. Алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд “Малчин” нэртэй зурагт алдагдсан байсан. Манай гэрээс өөр алдагдсан зүйл байхгүй. Уг зурагтаа авсан үнэ болох 299.000 төгрөгөөр нь үнэлж байна…” /4-р хх-ийн 178/ гэх мэдүүлгүүд авагджээ.

 

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Б.Оч-Эрдэнийг яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл болон прокурорын яллах дүгнэлтэд “2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилтын 7 дугаар гудамжны 161/а/ тоотод оршин суух хохирогч Д.Бямбаагийн байшингийн цонхоор орж, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Hitachi” брэндийн LED зурагт, хохирогч Ч.Дангаагийн 24 инчийн “Малчин” зурагт зэрэг эд зүйл хулгайлж, 849.200 төгрөгийн хохирол учруулсан” хэмээн хохирогч Ч.Дангаагийн гэрээс алдагдсан 24 инчийн “Малчин” зурагтыг Д.Бямбаагийн гэрээс авсан мэт болгож, хохирлын дүнг нэмж 849.200 гэж бичсэн нь мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн, прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байх тул дээрх үйлдлийг ялгаж бичих нь зүйтэй.

 

3. Прокуророос Б.Оч-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хулгайн гэмт хэрэгт шалгагдаж, прокурорын хяналтад ирсэн байхдаа буюу 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлсан,

Б.Оч-Эрдэнэ хүндэвтэр гэмт хэрэгт хорьж мөрдөх хугацаа дуусч, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснөөс хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 4-ний хүртэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан,

Б.Оч-Эрдэнэ хүндэвтэр гэмт хэрэгт хорьж мөрдөх хугацаа дуусч, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад буюу 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс буюу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ялтан Б.Оч-Эрдэнэ нь дээрх гурван удаагийн мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлсан удаа дараагийн үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд хэзээ, хаана ямар байдлаар таслан зогсоосон талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй, Б.Оч-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа өөр хулгайн гэмт хэрэгт Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байх хугацаанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан, тэрээр түүнийг зөрчсөн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай.

Дээрх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалт болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх юм.

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж, бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Б.Оч-Эрдэнийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан Б.Оч-Эрдэнийн гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөнгөрүүлж, хорих ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг энэ удаа эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Үүнээс гадна прокурор “Б.Оч-Эрдэнийг Б.Тулгаатай бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 10 дугаар гудамжны 492 тоотод оршин суух хохирогч Л.Мөнхбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Funey” загварын зурагт, хөргөгчинд байсан мах, ягаан өнгийн бамбарууш зэргийг хулгайлж, 625.000 төгрөгийн хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дээрх хулгайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн талаарх дүгнэлт хийлгүй орхигдуулсан ноцтой алдаа гаргасан байх тул цаашид онцгойлон анхаарвал зохино.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: