Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 114/2019/0010/з |
Дугаар | 221/МА2020/0117 |
Огноо | 2020-02-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2020/0117
Б.Б, Б.Б нарын 66 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Д, Б.Ц, Н.Л, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.С, хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Б.Б нарын 66 иргэний нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Б.Б нарын 66 иргэнээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дүгээр тогтоол, Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 га газар, 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг бүхэлдээ хангаагүй. Нэхэмжлэгч нарын болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны хэргийн шүүхэд зарга мэдүүлж яг ямар эрх нь зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн ямар эрхээ хэрхэн сэргээлгэхээр нэхэмжпэл гаргасан болох, нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхтэй хэрхэн холбогдож байгаа талаар анхан шатны шүүх тодруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэгч нарын ямар субъектив эрх сэргээгдэх тухай анхаараагүйн улмаас хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгг ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Учир нь нэхэмжлэгч нарын зүгээс дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарладаг. Маргаан бүхий актаар тариалангийн газарт шилжүүлсэн атар газрын кадастрын зураглал нь зөрсөн, маргаан бүхий газар хийсэн үзлэгээр тус газарт айлын өвөлжөө байсан атал энэ эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгахгүйгээр хариуцагч байгууллагын хамаарал бүхий Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн н.Батчулуунаас гэрчийн мэдүүлэг авч түүндээ үндэслэж нэхэмжлэгч иргэдийн эзэмшил, өмчлөлийн газартай давхцалгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс маргаан бүхий газар дээр хэд хэдэн удаа үзлэг хийсэн байх бөгөөд энэ үзлэгийн үеэр маргаан бүхий газарт байрлалтай өвөлжөө нь нэхэмжлэгч иргэдийн өмчлөл, эзэмшлийн газартай давхцалтай эсэх талаар тодруулах боломжтой байхад ийм ажиллагаа хийгээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийг дутуу шалгасан гэж үзэх боломжтой байна. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгч иргэдийн малын бэлчээр хадлангийн газартай давхцаж байгаа эсэх талаар шүүх ямар ч ажиллагаа хийгээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Учир нь нэхэмжлэгч тал Тариалангийн тухай хуулийн 24.2 “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” гэж заасантай зөрчилдөж байгаа тухай тайлбарладаг. Гэтэл шүүх хуулийн тус заалт хэрхэн зөрчигдөж байгаа талаар болон тус хуулийн заалтыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар огт дүгнэлт хийгээгүй. Мал бүхий малчин иргэд нь мэдээж малаа бэлчээх, өвс хадлан бэлдэх зэрэг газартай байж цаашид амьдралын эх үүсвэрээ залгуулах нь тодорхой бөгөөд энэ байдлыг нэхэмжлэгчийн эрх ашигт нөлөөлөх нөхцөл байдал хэмээн үзэж шүүх нарийвчлан шалгах нь зүйтэй. Маргаан бүхий шийдвэрүүдийг гаргахдаа нэхэмжлэгч иргэдэд хандаж Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйл, 73-81 дүгээр зүйлд заагдсан ажиллагаа зохих ёсоор хийгдэж байж захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн байх шаардлагыг хангаж улмаар иргэний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй зөв шийдвэр гарах ёстой. Гэтэл шүүх дээрх шийдвэр тус бүр дээр Захиргааны ерөнхий хуулийн заалтууд хэрэгжсэн эсэхийг нарийвчлан шалгаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын маргасан үндэслэлд дүгнэлт өгөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “Хонгор сумын 2 дугаар баг, Хар бэлчирийн хөндийд 25 га газар, 8 дугаар бригадын орчимд 13 га газрыг эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэхээр” 2019 оны газар зохион байгууллатын төлөвлөгөөнд нэмэлтээр оруулсан, мөн өдрийн 02 дугаар тогтоолоор “Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Талын толгой орчимд 776 га, Хонгор сумын 2 дугаар баг, Дархан түлээт уулын ард 17 га, 55 га, 47 га нийт 895 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжиж” шийдвэрлэсэн, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дүгээр тогтоолоор “Хонгор сумын нутаг дэвсгэр дэх 895 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх жагсаалтыг баталж” шийдвэрлэсэн байна.
Дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулахаар тус сумын 66 иргэнээс нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “малчин айл өрхийн амьжиргааны эх үүсвэр болсон малаа бэлчээх, хадлан хадах газаргүй болгосон, иргэдийн өвөлжөө хаваржааны газартай давхацсан, тариаланд шилжүүлсэн газрын хилийн цэсээс ойролцоо хэд хэдэн өвөлжөө хаваржаа байгаа нь Тариалангийн тухай хуулийн 24.2-т заасан “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” гэснийг зөрчсөн, Хар бэлчир, Өндөр хөвч гэх нөхөрлөлүүдийн хариуцдаг газарт хамаарах Хар бэлчирийн 25 га, Загт Өндөрийн 155, 47 га тариалангийн талбай нь Ойн тухай хуулийн хамгаалалтын бүсэд хамаардаг, нийтийн эдэлбэр газрын ашиглалтыг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх хуулийг зөрчсөн” гэж маргажээ.
Гэтэл анхан шатны шүүх гагцхүү маргаан бүхий актуудад дурдсан 895 га газар, Хар бэлчирийн шугуйд байрших 25 га газар, 8 дугаар бригадын нутагт байрших 13 га газар нь ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч 66 иргэний газартай давхцалгүй талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 478 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ “хэргийн үйл баримттай холбоотой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэх үндэслэл зааж нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэлийг батлах болоод үйгүйсгэх баримтыг хангалттай бүрдүүлэх, Хар бэлчирийн шугуй гэх нутагт байрших 25 га газар, 8 дугаар бригадын нутагт байрших 13 га газар нь ямар нэгэн байдлаар бусдын газартай давхцал байгаа эсэхийг тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэж дүгнэсэн байхад магадлалд заасан ажиллагааг хангалттай хийж гүйцэтгээгүй, нэхэмжлэгч тус бүрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөх боломжтой эсэхийг шалгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно.
Зүй нь анхан шатны шүүх нэхэмжлэгч 66 иргэн тус бүрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, нэр бүхий иргэдийн хэн нь өвөлжөө, хаваржааны газартай давхацсан гэх үндэслэлээр, хэн нь тариалангийн талбайд шилжүүлсэн газрын хилийн цэсээс ойролцоо өвөлжөө, хаваржаатай гэх үндэслэлээр, хэн нь ойн сан бүхий газартай давхацсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан болох, тэдгээр эрх нь зөрчигдсөн гэх иргэд маргаан бүхий актуудын аль хэсэгтэй, хэн хэн нь маргаж байгаа, “Бэлчирийн шугуй”, “Өндөр хөвч” гэх нөхөрлөлүүд нь хуулийн этгээдийн эсхүл гишүүдийн хувиар хэн хэн нь нэхэмжлэл гаргасан зэрэг эрх зүйн байдлыг тодруулах, үүнтэй холбоотойгоор ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, мөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй байгаа нэхэмжлэгч нарын татгалзлыг шийдвэрлэх шаардлагатай байжээ.
Түүнчлэн, тариалангийн газарт шилжүүлсэн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Талын толгой орчимд 776 га, Хонгор сумын 2 дугаар баг, Дархан түлээт уулын ард 17 га, 55 га, 47 га нийт 895 га газар нь ямар хэмжээгээр тухайн орон нутгийн бэлчээрийн газарт хамаарч байгаа эсэх, энэ нь холбогдох хуульд нийцэх эсэх, Хар бэлчирийн шугуй гэх нутагт байрших 25 га газар, 8 дугаар бригадын нутагт байрших 13 га газар нь ямар хэмжээгээр ойн сан бүхий газарт хамаарч байгаа эсэх, хамаарч байгаа бол эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр эзэмшүүлэхээр газар зохион байгууллалтын төлөвлөгөөнд тусгах нь холбогдох хуульд нийцэх эсэх, Тариалангийн тухай хуулийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” гэж заасныг зөрчсөнөөс нэр бүхий иргэдийн хэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж болзошгүй байгааг тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн эрхэм зорилго, үндсэн чиг үүрэгт нийцнэ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас гаргасан “нэхэмжлэгч болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яг ямар эрх нь зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн ямар эрхээ хэрхэн сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан болох, нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхтэй хэрхэн холбогдож байгаа талаар анхан шатны шүүх тодруулаагүй, Тариалангийн тухай хуулийн 24.2 дахь заалт хэрхэн зөрчигдөж байгаа талаар болон тус хуулийн заалтыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар огт дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.Тунгалагсайхан
ШҮҮГЧ Э.Зоригтбаатар
ШҮҮГЧ О.НОМУУЛИН