Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01032

 

Ч.Б-, Ү.Н-, Д.Э- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00513 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 946 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ч.Б-, Ү.Н-, Д.Э- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох,

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2016 оны эхний хагас жилийн урамшуулалд Ү.Н-т 64 350 000 төгрөг, Д.Э-т 62 400 000 төгрөг, Ч.Б-д 71 300 000 төгрөг гаргуулах, Х болон Ү.Н-, Д.Э-, Ч.Б- нарын хооронд контрактын гэрээ хууль зөрчин байгуулагдсаныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нэхэмжлэгч Д.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, нэхэмжлэгч Ч.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ү.Н-, Д.Э-, Ч.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Э- нь Хинд 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр, хожим хөдөлмөрийн Контрактын үндсэн дээр нийт 14 жил, Ү.Н- нь Хинд 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2009 оны 11 сар хүртэл хөдөлмөрийн гэрээгээр, 2016 оны 05 сар хүртэл контрактаар нийт 12 жил, Ч.Б- нь Хинд 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээгээр, 2016 оны 05 сар хүртэл контрактаар нийт 22 жил тус тус ажилласан. Гэвч АНУ-ын иргэн гүйцэтгэх захирал Жон Беллийн тушаалаар контрактын хугацаа дууссан үндэслэлээр цааш ажиллуулахаас татгалзаж бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн. Жон Белл нь банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод 2 сар ч болоогүй ба нэг өдрийн дотор өөрийн удирдлагын багийн 50 хувь болох нийт 6 захиралд гэрээ сунгахгүй байх тухай мэдэгдэл өгч одоогийн байдлаар 4 захирлыг чөлөөлөөд байна. Хөдөлмөрийн контрактад хугацааны хувьд дуусгавар болгох заалт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг бус харин 25 дугаар зүйлийн 25.2, хөдөлмөрийн контрактын хугацааны хэсэг буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусах гэсэн хугацааг оруулж, гүйцэтгэх захирал эдгээр зүйл заалтыг хэрэглэх учиртай.

Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээний хугацаа, контрактын хугацааг тус тусад нь зохицуулсан ба хариуцагч энэ хоёр хугацааг хольж, контрактын хугацаа дууссаныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссантай хамаатуулсан нь буруу учир хөдөлмөрийн контрактын дуусгавар болгох хэсгийн заалт хүчин төгөлдөр бус юм. Хөдөлмөрийн контрактын заалт хүчин төгөлдөр бус учир түүнийг баримталсан гүйцэтгэх захирлын тушаал мөн хууль бус. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 нь зөвхөн хугацаатай хөдөлмөрийн гэрээний хувьд хэрэглэгдэнэ. Контракт нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ биш юм. Ийм ч учраас контрактын хугацааг 25.2-т тусад нь зохицуулж өгсөн байна. Контрактын хугацаа дууссан байж болох ч энэ нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн харилцаа эхэлчихсэн байсан ба тодорхой хариуцлагатай ажлыг хийлгэх зорилгоор контракт байгуулсан. Контрактын хугацаа дууссан гэж үзэж байгаа бол биднийг хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажлын байранд буцаан томилох учиртай. Бид зөвхөн контрактад заасан ажлыг хийх зорилгоор гаднаас томилогдож ирээгүй, харин Хны ажилтан байсан. Бид ажлаас чөлөөлөгдөх тухай ямар нэг хүсэлт гаргаагүй. Гэрээний хэлбэр өөрчлөгдөж контракт болсон ба хөдөлмөрийн контракт нь хөдөлмөрийн харилцаагаа давхар агуулж яваа.Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно гэж заасан. Бидний ажиллаж байсан бүтэц, орон тоо одоо ч хэвээр бөгөөд бидний ажлын үр дүн, гүйцэтгэлийг сайн гэж дүгнэсэн учир бид үргэлжлүүлж ажлаа хийх бүрэн үндэслэлтэй. Х ажлын эцсийн үр дүнд бус харин контрактын хугацаагаар шахаж ажлаас чөлөөлөх зорилготой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд контрактыг 5 хүртэл жилээр байгуулах боломжтой байхад түүний талаас доогуур буюу ямагт 1 эсхүл 2 жилээр байгуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, дуртай үедээ ажлаас чөлөөлөх боломжтой байхын тулд богино хугацаагаар байгуулдаг байсан гэж үзэх үндэстэй. Ажил олгогч талын хүсэл зоригийн давамгайллаар контракт байгуулсан.Контрактын дуусах хугацаа 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байсан боловч хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн контракт дуусгавар болгох тушаал гаргаж, тэр өдрөө ажлаа хүлээж авсан. Иргэний хуулийн 72, 73 дугаар зүйлд заасан хугацаа тоолох нөхцөл журмаар контрактын хугацааг нарийвчлан тоолж үзвэл биднийг хугацаанаас өмнө чөлөөлсөн.

Хнаас 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлд Хны 2015 оны үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитын байгууллагын тайлан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гарсан, мөн гүйцэтгэх захирал шаардсан тул Хөдөлмөрийн контрактыг дүгнэх ажиллагааг 2016 оны 04 дүгээр сард хийсэн гэжээ. Бид аудитын байгууллагын ямар учиртай дүгнэлт гарсан, гүйцэтгэх захирал шаардсан зэрэг нь контрактыг сунгахгүй байгаа эс үйлдэлтэй ямар шалтгаант холбоотойг ойлгохгүй байгаа.

Д.Э-ыг Хны Зүүн бүсийн иргэдийн банк хариуцсан захирлын албан тушаалд, Ү.Н-ийг Бизнес хөгжил хариуцсан захирлын албан тушаалд, Ч.Б-ыг Баруун бүсийн иргэдийн банкны захирлын албан тушаалд эгүүлэн томилох, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин олговорт 99 060 084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Н-т, 52 725 406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т, 138 572 478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгох, 2016 оны эхний хагас жилийн урамшуулалд Х ХХК-иас Ү.Н-т 64 350 000 төгрөг, Д.Э-т 62 400 000 төгрөг, Ч.Б-д 71 300 000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах, Х болон Ү.Н-, Д.Э-, Ч.Б- нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн контракт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Э- нь Зүүн бүсийн Иргэдийн банкны захирлаар 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатайгаар Хөдөлмөрийн контракт байгуулан ажиллаж байсан. Түүнтэй байгуулсан хугацаатай хөдөлмөрийн контрактын хугацаа дуусгавар болсон. Хөдөлмөрийн контракт нь Хөдөлмөрийн гэрээний нэг төрөл тул хуулийн дээрх заалт хамаарна. Иймд Хны гүйцэтгэх захирал Жон Беллийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/175 тоот тушаал хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх тул Д.Э-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Ү.Н- нь Хинд Бизнес хөгжил хариуцсан захирлын албан тушаалд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай Хөдөлмөрийн контрактыг сайн дурын үндсэнд зөвшөөрч байгуулж ажилласан. Хны гүйцэтгэх захирал Жон Белл нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Ү.Н-тэй байгуулсан энэхүү 2 жилийн хугацаатай Хөдөлмөрийн конртактыг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож 01/177 дугаар тушаалаар баталгаажуулсан.Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 94 дүгээр сарын 11-ний 93 дугаар тушаалаар Хөдөлмөрийн контракт байгуулах ажлын байр, албан тушаалтныг тогтоосон. Уг жагсаалтад “Аж ахуйн нэгж, байгууллагын захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, алба хэлтэс, тасгийн менежер, аж ахуйн нэгж байгууллагын доторх нэгж, хэсгийн удирдах албан тушаал” гэж заасан ба Хны Бизнес хөгжил хариуцсан захирлын албан тушаал нь үүнд хамаарна. Иймд энэ албан тушаалд ажиллаж байсан Ү.Н-тэй Хөдөлмөрийн контрактыг байгуулж ажиллуулж байсан нь хууль тогтоомж болон хүний эрхийг зөрчихгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Хны гүйцэтгэх захирал Жон Белл нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Ч.Б-тай байгуулсан 2 жилийн хугацаатай Хөдөлмөрийн конртактыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул дуусгавар болгосон.Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон Контрактад заасан журмын дагуу дуусгавар болсон тул гүйцэтгэх захирал Жон Беллийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/175 тоот тушаал хуульд нийцсэн байгаа тул дээрх бүх үндэслэл холбогдох хууль тогтоомж, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн контрактыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00513 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ү.Н-ийг Хны Бизнес хөгжил хариуцсан захирлын ажилд, нэхэмжлэгч Д.Э-ыг Хны Зүүн бүсийн иргэдийн банкны захирлын ажилд, нэхэмжлэгч Ч.Б-ыг Хны Баруун бүсийн иргэдийн банкны захирлын ажилд тус тус эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Х ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 99 060 084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Н-т, 52 725 406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т, 138 572 478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д тус тус олгож, 2016 оны эхний хагас жилийн урамшуулалд Х ХХК-иас Ү.Н-т 64 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ү.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, Д.Э-т 62 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг, Ч.Б-д 71 300 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ү.Н-, Д.Э-, Ч.Б- нарын болон хариуцагч Х ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Х ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нарын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ү.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 266 433 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 213 257 төгрөг, нийт 549 890 төгрөгийн 479 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 190 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ү.Н-т олгож, нэхэмжлэгч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 270 475 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 199 200 төгрөг, нийт 539 875 төгрөгийн 469 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 69 925 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгож, нэхэмжлэгч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 330 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 184 450 төгрөг, нийт 584 650 төгрөгийн 514 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгож, нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Амаржаргалын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Амаржаргалд олгож, хариуцагч Х ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт гаргуулсан нийт 290 357 968 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1 609 739 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 946 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ү.Н-, Д.Э-, Ч.Б- нарын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас урамшуулалд 64 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Н-т, 71 300.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д, 62 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т тус тус олгосугай” гэж, 3 дах заалтыг хүчингүй болгож, “4” дэх заалтыг “3 гэж дугаарлан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ү.Н-ийн төлсөн 549 890 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Э-ын төлсөн 539 875 төгрөгийг, нэхэмжлэгч Ч.Б-ы төлсөн 584 650 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1 464 100 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж, “5” дах заалтыг “4” гэж дугаарлан, “6” дах заалтыг “5” гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 609 740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э-, Ч.Б-, Ү.Н- болон тэдгээрийн өмгөөлөгч Р.Мөнхзул нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх контрактын гэрээний агуулгыг зөв дүгнээгүй, контрактын гэрээ болон түүний хавсралтууд нь Хны Хөдөлмөрийн дотоод журмын зохицуулалтуудтай хэрхэн уялдаж байгааг нарийвчлан хянан дүгнэж чадаагүй, нотлох баримтуудын үүргийн гүйцэтгэл, мөн чанарыг сайтар судлалгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.Д.Э- миний бие Хинд 14 жил ажилласан, үүнээс 9 жил нь салбарын захирал, сүүлийн 5 жил нь энэ албан тушаалд ажилласан. Х Хөдөлмөрийн харилцааны гэрээний нөхцлийг нь харилцан тохирдоггүй, ажил олгогчийн эрх давамгайлсан урьдчилан боловсруулсан гэрээг ихэвчлэн үйл явдал эхэлснээс хойш баталгаажуулж ирсэн. Энэ нь миний Хтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, контрактууд нь бүгд хугацаатай байгуулагдсан. Би энэ байгууллагад ажиллахдаа гэрээний хугацаа дуусаад дахин сунгагдаад явдаг, зөвхөн жил бүрийн ажлын гүйцэтгэлээ /КР1/-г ханган биелүүлж сайн үнэлгээ авах, алдаа зөрчил гаргалгүй сайн ажиллах гэж ойлгож ирсэн. Энэ ажлын байр нь ажлын гүйцэтгэл үр дүнгээс хамаарсан тогтвортой байнгын ажлын байр, гэрээний хугацаа дуусаад дуусгавар болж байсан практик байгаагүй. Х намайг тогтвор суурьшилтай ажилуулна гэж орон нутгаас минь урьж авчран урт хугацаатай өндөр дүнтэй зээлийг Хны цалингийн орлогоор минь баталгаажуулан олгочихоод ямарч нийгмийн хариуцлагагүйгээр одоо намайг гудамжинд гаргах болсонд туйлын гомдолтой байна. Гүйцэтгэх захирал хүсвэл дүгнэх тохиолдол: захирал контрактыг ноцтой зөрчих, “Захирлын сахилга, хариуцлагын баталгаа” болон Хны хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргах тохиолдолд зөрчил илэрснээс хойш 7 хоногт багтаан дүгнэж болно гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдал миний хувьд үүсээгүй болно. Мөн гэрээнд контрактын хугацаа дуусахаас өмнө энэхүү контрактад зааснаар дүгнэж сунгах эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. Захирал тайланг хугацаанд нь хүргүүлсэн боловч ажил олгогч контрактыг хугацаанд нь дүгнэж хариуг өгөөгүй бол контрактыг 2 жилээр сунгагдсанд тооцно гэж заасны дагуу бид Хны Хөдөлмөрийн дотоод журамд заасан тайланг шууд удирдлага болон гүйцэтгэх захиралд хүргүүлсэн боловч контрактыг сунгах, дуусгавар болгох талаар ямар нэг хариу өгөөгүй тул контрактыг 2 жилээр сунгагдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Урамшуулалт цалинг Хны “Ажлын гүйцэтгэлийг удирдах, үнэлэх журам”-ын /КР1/ дагуу ажилтан бүр жилийн эхнээс тооцуулан авдаг бөгөөд бид 2016 онд ажилласан тул авах ёстой гэж үзэж байна. Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулалт цалинг нөхөж олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах шийдвэр гаргаж өгнө үү....Ч.Б- миний бие Хинд ажилласан 23 жилийн түүхэнд тэр тусмаа банкны дээд түвшинд удирдлагын хорооны гишүүнээр 16 жил ажиллахад хөдөлмөрийн гэрээ, контрактын хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан удирдлагын багийн гишүүн захирал нэг ч байхгүй, анхны тохиолдол байлаа. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хурал эхэлсний дараа банкнаас шүүхэд нэмэлт тайлбар гээд олон хуудас материал гаргаж өгснийг бидэнд урьдчилан танилцуулах боломжгүйгээр шууд шүүх хурал цааш үргэлжлээд явсан. Нийслэлийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн магадлалтай танилцаж байхад тэрхүү тайлбарт тулгуурласан дүгнэлтийг олон гаргасан. Миний хувьд 2015 оны КР1 дүгнэсэн тайлан байхгүй, надтай хэлэлцэж ярилцаагүй, гарын үсгээр баталгаажаагүй тайланг хавтас хэрэгт хавсаргасан байхад харин бусад захирлуудтай 2015 оны КР1-г дүгнэсэнтэй адилтган үзсэн, энэ тохиолдолд ажил дүгнээгүй учраас миний гэрээ сунгагдсан гэж үзэж байна. 2016 оны бизнесийн зорилтыг талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдгаас дүгнэлт хийхэд миний гэрээ сунгагдаад би ажлаа хэвийн хийгээд явж ирснийг нотолж байна. Банкинд гүйцэтгэх удирдлагын контрактын гэрээтэй захирлуудын хувьд бие даан зохицуулсан дүрэм журам байхгүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хүчинтэй гэж үзээд байгаа тэр хавсралтууд зүгээр загвар маягт, гарын үсгээр баталгаажсан зүйл энд огт байхгүй байна. Контрактын гэрээний хүчинтэй хугацаанд байнга хавсралтууд өөрчлөгдсөөр ирсэн.

Иймд анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг нягтлан дүгнэн үнэн зөв шийдвэрийг гаргаж нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх контракт хуулийн шаардлагыг хангаагүй байхад хуулийг буруу тайлбарлаж буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ү.Н- миний бие Хтай контрактыг бичгээр 2 жил хүртэл байгуулсан, бусад ажилчдаас илүү нөхцөл хангамж тохиролцсон нь контрактын харилцаа үүссэнийг нотолж, зарим нөхцлийг ерөнхий тусгасан, орхигдуулсан нь уг гэрээг байгуулсныг үгүйсгэх, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж өнгөцхөн дүгнэсэн нь энгийн хөдөлмөрийн гэрээ контракт хоёрын ялгааг бүрэн ойлгоогүй гэж үзэхээр байна. Х контрактыг боловсруулахдаа захирлуудаасаа санал аваагүй, өөрсдийн үндсэн ажилтан болох хүмүүсийн хөдөлмөрийн гэрээг автоматаар хавтгайруулан контракт руу шилжүүлж, контрактын ялгааг ажилчдад тайлбарлаагүй, асууж тодруулсанд нь зориуд хагас дутуу эсвэл буруу тайлбарласан, тайлбарлахаас зайлсхийсэн, зарим заалтыг өөрчлөх саналыг ер хүлээж аваагүй. Х хуулийн шаардлагыг хангаагүй контракт тулгачихад, хэрэгжилтийг өөрсдөө биелүүлдэггүй хэлбэр төдий гэрээнийхээ хугацаа дууссаныг гэнэт анзаарсан. Бизнесийн зорилт баталж өгөөгүй, контрактыг дүгнэх журам байхгүй, банкны дотоод журмаар гүйцэтгэх захирал ажлын дүгнэлтийг бичиж гарын үсэг зурж баталгаажуулаагүй, зорилтот урамшуулал хэлээгүй, өмч хөрөнгө шилжүүлээгүй гэх мэтээр хуулийн гол агуулгын шаардлагуудыг хангаагүй байхад Нийслэлийн шүүх нотлох баримтыг сайн нягталж шалгалгүй дүгнэсэн нь шүүх ажил олгогч талыг хэт хамгаалж, хараат бус, шударга байх зарчмыг илт зөрчсөн гэж үзэж байна. Хийг Монголын хамгийн хүчирхэг банк болгоход хамаг сэтгэл зүрхээ, мэдлэг чадвараа зориулсан. Х хуулийн шаардлага хангаагүй контракт ажилчдаа тулгаж хугацаа дууссан гэсэн шалтгаар дуртай хүнээ хүссэн үедээ ажлаас халах хэрэгсэл болгож байна. Иймд намайг ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх, 64 350 000 төгрөгийг урамшуулал гаргуулж өгнө үү....Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 8-д: “Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар контрактыг бичгийн хэлбэрээр байгуулахдаа энэ зүйлд заасан агуулгын шаардлагыг заавал хангана” гэж заасан. Агуулгын гэдэг нь давж заалдах шатны дүгнэсэнчлэн хугацаа, бичгээр байгуулсан, хангамжтай, машинтай, нарийн бичигтэй байсан төдийхнөөр бус харин байгуулсан хөдөлмөрийн контракт нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад гэрээнээс үнэхээр ялгарч, контракт гэсэн шинжээ хадгалж байна уу гэдгийг чухалчилсан утгатай юм. Хны “хөдөлмөрийн контракт” гэх баримт бичиг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25-д заасан контракт бус харин Хөдөлмөрийн тухай хуулийн 21-д заасан хөдөлмөрийн гэрээний шинжийг агуулсан байна. Гагцхүү буруу гэрээ байгуулчихаад түүний хугацаа дууссан гээд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тохирох гэрээгээ байгуулаад тэрхүү гэрээнийхээ нөхцөл, хугацааг баримтлан гэрээг дуусгавар болгох нь шударга ёсонд нийцэх юм. Өөрөөр хэлбэл байнгын ажлын байран дээр, урт хугацаагаар ажилтантай ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан бол түүнийг агуулгаараа хөдөлмөрийн гэрээний харилцаа байна гэж үзээд хөдөлмөрийн гэрээний нөхцлөөр ажилтны эрх ашгийг хамгаалахтай адил гэж үзэж байна. Ажилтан ямартаа ч хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орсон, гэхдээ ямар төрлийн гэрээ байгуулсан байна вэ, өөрийн эрхээ хамгаалуулахын тулд Иргэний хуулийн 9-д заасны дагуу эрхээ хамгаалуулж шүүхэд хандах эрхтэй. Контрактыг бусад гэрээнээс ялгахын тулд Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид: Контракт бол хөдөлмөрийн харилцаатай төдийгүй өмчийн харилцаатай холбоотой байдаг бол, түүнчлэн УДШ-ийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолын 8 дугаар хэсэгт зааснаар ажилтанд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг захиран зарцуулах агуулгыг ойлгож байгаа. Х болон нэхэмжлэгч нарын хооронд өмчийн харилцаа үүсээгүй. Хэрэв контракт мөн бол яагаад контрактад талуудын нэг ч тохиролцоо тоон илэрхийллээр контрактад бичигдэлгүй бүгдийг хавсралтаар нийт ажилтны нэгэн адил журмаар зохицуулж, биднээр контракт зуруулсан атлаа 8 хавсралт нь хоосон, контракт, түүний бүх хавсралтууд гүйцэтгэх захирлын баталсан хөдөлмөрийн дотоод журмаар батлагдчихсан, контрактын хавсралт 4-т байгаа 13 хүснэгт бүхий эрх хэмжээнээс саналын 4 эрхтэй байсныг бүгдийг хассан, ийнхүү хассан тухайгаа баталгаажуулж контрактад хавсаргаагүй. Анх удаагаа контрактыг 2016.04.21-ний өдөр дүгнэсэн. Дүгнэх маягт нь 3 бүлэг асуудлаар, нийт 10 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн, эдгээр нь контракт, түүний хавсралт, дагалдах журмуудад огт байгаагүй, цоо шинээр гарч ирсэн, харилцан тохиролцоогүй үзүүлэлт юм. Ү.Н-ийн хувьд контрактыг дүгнэлгүй дуусгавар болгосон нь Контрактын “сунгалт” гэсэн хэсгийн 2-т “Захирал тайланг хугацаанд нь хүргүүлсэн боловч Ажил олгогч контрактыг хугацаанд нь дүгнэж хариу өгөөгүй бол контрактыг 2 жилээр сунгагдсанд тооцно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 946 дугаартай магадлалын тогтоох хэсгийн Х ХХК-иас урамшуулалд 64 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Н-т, 71 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д, 62 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т тус тус олгосугай гэж заасныг хэвээр үлдээж, үлдэх хэсгийг хүчингүй болгож магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 946 тоот магадлалд өөрчлөлт оруулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.Нэхэмжлэгчид 2016 оны 05 дугаар сарын 12-ны хүртэл ажилласан байхад 2016 оны урамшууллыг бүрэн хэмжээгээр олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад нийцэх гэхээс илүү талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн контрактын хугацаагаар талуудын харилцан хүлээх үүрэг дуусгавар болох Хөдөлмөрийн контарктын зохицуулалттай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 49-р зүйлийн 49.1 дэх заалтыг хэрэглэн урамшууллыг тооцвол 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын 90 өдөр байна. Иймд нэхэмжлэгч Ү.Наранцэцгийн 1 өдөрт ногдох урамшуулал 249 418 төгрөг бөгөөд нийт 90 ажлын өдөрт ногдох урамшуулал 22 447 000 төгрөг, Д.Э-ын 1 өдөрт ногдох урамшуулал 241 860 төгрөг бөгөөд нийт 90 ажлын өдөрт ногдох урамшуулал 21 767 000 төгрөг, Ч.Б-ы 1 өдөрт ногдох урамшуулал 276 356 төгрөг бөгөөд нийт 90 хоногт ногдох урамшуулал 24 872 000 төгрөг байна. Нэхэмжлэгч нарт Хөдөлмөрийн контрактыг дуусгавар болсонтой холбогдуулан тухайн үедээ (2016 оны 05 сард) хүсэлт гарган улмаар Хнаас нэхэмжлэгч бүрт 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг контрактын харилцаа дуусгавар болсон үндэслэлээр олгосон буюу Ү.Н-т 37 200 000 төгрөг, Д.Э-т 28 500 000 төгрөг, Ч.Б-д 42 000 000 төгрөгийг тус тус олгосон болно.Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж Давж заалдах шатны шүүхийн энэхүү гомдолд дурдсанаас бусад хэсэг нь хуульд нийцсэн тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарт ажилласан хугацаанд нь ногдох урамшууллыг нэхэмжлэгч тус бүртэй байгуулсан Хөдөлмөрийн контрактын хугацааг тус тус үндэслэн олгохоор Давж заалдах шатны шүүхийн 946 тоот магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Б-, Ү.Н-, Д.Э- нар нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2016 оны урамшуулал олгуулах, ажил олгогчийн байгуулсан контрактын гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Х ХХК нэхэмжлэгч нартай контрактын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч нар нь Х ХХК-тай хөдөлмөрийн гэрээний харилцаатай байж байгаад, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс ажил олгогчтой 2 жилийн хугацаатай контрактын гэрээ байгуулж ажилласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 22, 25 дугаар зүйлийг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хөдөлмөрийн бус харин контрактын гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулдаг ба контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн баталдаг байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан “өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд” гэдэгт Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд заасан өмчийн бүх төрөл, хэлбэрийн хуулийн этгээд, байгууллага, тэдгээрийн төлөөлөгч хамаарах боловч мөн зүйлийн 22.2.-т заасан “контракт байгуулж, иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалт” нь төрийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд, байгууллага, төрийн бус байгууллагад хамааралтай ба өмчийн бусад төрлийн хуулийн этгээд, байгууллагын хувьд энэ жагсаалтад ороогүй байдал нь контракт байгуулахад саад болохгүй юм.

Нэхэмжлэгч тус бүртэй 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан контрактын гурван гэрээний хэлбэр, хугацаа, агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 25.2., 25.3.-т заасан шаардлагад нийцсэн байна. Гэрээний оролцогч талууд контрактын гэрээний нөхцөл агуулгыг ойлгож, хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн байх ба контарктыг зөвхөн ажил олгогчийн буюу нэг талын хүсэл зоригоор байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх контрактыг дүгнэх журам контарктад тодорхой тусгагдаагүй, хөдөлмөрийн гэрээг дүгнэх журамтай адил дүгнэгдэх нөхцөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-т заасан агуулгын шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.  Контрактын гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.-т заасан зарим нөхцлийг ерөнхий тусгасан байх нь контрактыг байгуулагдаагүй гэж, эсхүл энэ төрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Контрактын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн тусгайлсан эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдсан хэдий ч хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болдгийн хувьд хөдөлмөрийн гэрээнд тавигддаг нийтлэг үндэслэл контрактад нэгэн адил хамаарах талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн уг дүгнэлт хуулийн тусгайлсан заалтаар нарийвчлан зохицуулагдаагүй асуудалд хуулийн нийтлэг үндэслэл хамаарах хууль хэрэглээний зарчимд нийцсэн гэж үзнэ.

Хоёр шатны шүүх контрактыг хугацаанаас өмнө цуцлаагүй гэж үзсэн дүгнэлт Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.-д заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4.-т зааснаар контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болдог ба ажил олгогч контрактыг сунгах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй болно. Хариуцагч Х ХХК нэхэмжлэгч нартай байгуулсан контрактыг сунгах боломжгүй гэж үзэж, гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01\175, 01\176, 01\177 дугаартай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлийг контрактыг дуусгавар болгохдоо баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Контрактын гэрээ сунгагдахгүй болж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсонтой холбогдуулан ажил олгогч 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид нэхэмжлэгч Ч.Б-д 42 000 000 төгрөг, Д.Э-т 28 500 000 төгрөг, Ү.Н-т 37 200 000 төгрөг олгосон талаар талууд маргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна. Харин давж заалдах шатны шүүх контрактын гэрээг хугацаанаас өмнө цуцласан гэж үзээгүй, контрактын хугацаа дуусгавар болсон, уг гэрээг цаашид сунгахаас татгалзсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн атлаа ажилтанд олгох урамшууллыг ажилтны ажилласан хугацаагаар бус бүтэн жилээр тооцсон нь учир дутагдалтай болжээ.

Х ХХК-иас 2015 оны ажлын дүнгээр нэхэмжлэгч нарт олгосон урамшууллын хэмжээг жишиг болгон нэхэмжлэгч нарын ажилласан 4 сар 11 хоногт тооцвол Ү.Н-т 24 193 604 төгрөг, Д.Э-т 23 460 465 төгрөг, Ч.Б-д 26 806 586 төгрөг ногдохоор байна. Урамшууллын нэг сард тооцогдох хэмжээг шүүх Ү.Н-т 5 362 500 төгрөг, Д.Э-т 5 200 000 төгрөг, Ч.Б-д 5 941 666 төгрөг гэж тооцсоныг зохигчдын хэн алин нь татгалзаагүй болно.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 946 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “64 350 000 төгрөгийг” гэснийг “24 193 604 төгрөгийг” гэж, “71 300 000 төгрөгийг” гэснийг “26 806 586 төгрөгийг” гэж, “62 400 000 төгрөгийг” гэснийг “23 460 465 төгрөгийг” гэж, “1 464 100 төгрөг” гэснийг “530 253 төгрөг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /584 650+568 200+540 150/ нийт 1 693 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 802 770 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН