Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 946

 

 

Ч.Батсайхан, Ү.Наранцэцэг, Д.Энхбаатар нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00513 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Батсайхан, Ү.Наранцэцэг, Д.Энхбаатар нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХААН банк ХХК-д холбогдох

 

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2016 оны эхний хагас жилийн урамшуулалд Ү.Наранцэцэгт 64 350 000 төгрөг, Д.Энхбаатарт 62 400 000 төгрөг, Ч.Батсайханд 71 300 000 төгрөг гаргуулах, Хаан банк болон Ү.Наранцэцэг, Д.Энхбаатар, Ч.Батсайхан нарын хооронд контрактын гэрээ хууль зөрчин байгуулагдсаныг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Энхбатар, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр,

Нэхэмжлэгч: Ч.Батсайхан, түүний өмгөөлөгч Ц.Давхарбаяр,

Нэхэмжлэгч Ү.Наранцэцэгийн өмгөөлөгч: Р.Мөнхзул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Хосбаяр, Н.Ариунтуул,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Баасанжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ү.Наранцэцэг, Д.Энхбаатар, Ч.Батсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхбаатар нь Хаан банкинд 2002 оны 4 сарын 1-ний өдрөөс  хөдөлмөрийн гэрээгээр, хожим хөдөлмөрийн Контрактын үндсэн дээр нийт 14 жил, Ү.Наранцэцэг нь Хаан банкинд 2004 оны 11 сарын 5-ны өдрөөс 2009 оны 11 сар хүртэл хөдөлмөрийн гэрээгээр, 2016 оны 5 сар хүртэл контрактаар нийт 12 жил, Ч.Батсайхан нь Хаан банкинд 1994 оны 01 сарын 15-ны өдрөөс 2009 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээгээр, 2016 оны 5 сар хүртэл контрактаар нийт 22 жил тус тус ажилласан. Гэвч АНУ-ын иргэн гүйцэтгэх захирал Жон Беллийн тушаалаар контрактын хугацаа дууссан үндэслэлээр цааш ажиллуулахаас татгалзаж бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.  Жон Белл нь банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод 2 сар ч болоогүй ба нэг өдрийн дотор өөрийн удирдлагын багийн 50 хувь болох нийт 6 захиралд гэрээ сунгахгүй байх тухай мэдэгдэл өгч одоогийн байдлаар 4 захирлыг чөлөөлөөд байна. Хөдөлмөрийн контрактад хугацааны хувьд дуусгавар болгох заапт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг бус харин 25 дугаар зүйлийн 25.2, хөдөлмөрийн контрактын хугацааны хэсэг буюу 2016 оны 5 сарын 12-ны өдөр дуусах гэсэн хугацааг оруулж, гүйцэтгэх захирал эдгээр зүйл заалтыг хэрэглэх учиртай.

Хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн гэрээний хугацаа, контрактын хугацааг тус тусад нь зохицуулсан ба хариуцагч энэ хоёр хугацааг хольж, контрактын хугацаа дууссаныг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссантай хамаатуулсан нь буруу учир хөдөлмөрийн контрактын дуусгавар болгох хэсгийн заалт хүчин төгөлдөр бус юм. Хөдөлмөрийн контрактын заалт хүчин төгөлдөр бус учир түүнийг баримталсан гүйцэтгэх захирлын тушаал мөн хууль бус. Хөдөлмөрийн хуулийн 37.1.3 нь зөвхөн хугацаатай хөдөлмөрийн гэрээний хувьд хэрэглэгдэнэ. Контракт нь хугацаатай хөдөлмөрийн гэрээ биш юм. Ийм ч учраас контрактын хугацааг 25.2-т тусад нь зохицуулж өгсөн байна.  Контрактын хугацаа дууссан байж болох ч энэ нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн харилцаа эхэлчихсэн байсан ба тодорхой хариуцлагатай ажлыг хийлгэх зорилгоор контракт байгуулсан. Контрактын хугацаа дууссан гэж үзэж байгаа бол биднийг хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажлын байранд буцаан томилох учиртай. Бид зөвхөн контрактад заасан ажлыг хийх зорилгоор гаднаас томилогдож ирээгүй, харин Хаан банкны ажилтан байсан. Бид ажлаас чөлөөлөгдөх тухай ямар нэг хүсэлт гаргаагүй. Гэрээний хэлбэр өөрчлөгдөж контракт болсон ба хөдөлмөрийн контракт нь хөдөлмөрийн харилцаагаа давхар агуулж яваа.

Хөдөлмөрийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно гэж заасан. Бидний ажиллаж байсан бүтэц, орон тоо одоо ч хэвээр бөгөөд бидний ажлын үр дүн, гүйцэтгэлийг сайн гэж дүгнэсэн учир бид үргэлжлүүлж ажлаа хийх бүрэн үндэслэлтэй. Хаан банк ажлын эцсийн үр дүнд бус харин контрактын хугацаагаар шахаж ажлаас чөлөөлөх зорилготой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд контрактыг 5 хүртэл жилээр байгуулах боломжтой байхад түүний талаас доогуур буюу ямагт 1 эсхүл 2 жилээр байгуулдаг байсан. Өөрөөр хэлбэл дуртай үедээ ажлаас чөлөөлөх боломжтой байхын тулд богино хугацаагаар байгуулдаг байсан гэж үзэх үндэстэй. Ажил олгогч талын хүсэл зоригийн давамгайллаар контракт байгуулсан.

Контрактын дуусах хугацаа 2016 оны 5 сарын 12-ны өдөр байсан боловч хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 5 сарын 11-ний өдөр хөдөлмөрийн контракт дуусгавар болгох тушаал гаргаж, тэр өдрөө ажлаа хүлээж авсан. Иргэний хуулийн 72, 73 дугаар зүйлд заасан хугацаа тоолох нөхцөл журмаар контрактын хугацааг нарийвчлан тоолж үзвэл биднийг хугацаанаас өмнө чөлөөлсөн.

Хаан банкнаас 2016 оны 4 сарын 27-ны өдөр ирүүлсэн мэдэгдэлд Хаан банкны 2015 оны үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитын байгууллагын тайлан 2016 оны 3 сарын 31-ний өдөр гарсан, мөн Гүйцэтгэх захирал шаардсан тул Хөдөлмөрийн контрактыг дүгнэх ажиллагааг 2016 оны 4 дүгээр сард хийсэн гэжээ. Бид аудитын байгууллагын ямар учиртай дүгнэлт гарсан, Гүйцэтгэх захирал шаардсан зэрэг нь контрактыг сунгахгүй байгаа эс үйлдэлтэй ямар шалтгаант холбоотойг ойлгохгүй байгаа.

 Д.Энхбаатарыг Хаан банкны Зүүн бүсийн иргэдийн банк хариуцсан захирлын албан тушаалд, Ү.Наранцэцэгийг Бизнес хөгжил хариуцсан захирлын албан тушаалд,  Ч.Батсайханыг Баруун бүсийн иргэдийн банкны захирлын албан тушаалд эгүүлэн томилох, 2016 оны 5 сарын 12-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин олговорт 99 060 084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Наранцэцэгт, 52 725 406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбаатарт, 138 572 478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Батсайханд олгох, 2016 оны эхний хагас жилийн урамшуулалд Хаан банк ХХК-аас Ү.Наранцэцэгт 64 350 000 төгрөг, Д.Энхбаатарт 62 400 000 төгрөг, Ч.Батсайханд 71 300 000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах, Хаан банк болон Ү.Наранцэцэг, Д.Энхбаатар, Ч.Батсайхан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн контракт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан тушаал бүрт хөдөлмөрийн контракт байгуулан ажиллаж, өөр өөр албан тушаалд ажиллахдаа тухай бүр өмнөх контракт нь дуусгавар болж шинээр контракт байгуулан ажилласан. Тэд зөвхөн удирдлагын хорооны гишүүдэд олгодог өндөр дүн бүхий зорилтот урамшуулал жил бүр авдаг байсан. Тухайлбал: 2011 онд 26 400 000 төгрөг, 2012 онд 44 320 000 төгрөг, 2013 онд 65 500 000 төгрөг, 2014 онд 63 000 000 төгрөг, 2015 онд 64 350 000 төгрөгийн урамшуулал авсан. Бизнес хөгжил хариуцсан захирал дараах хөнгөлөлт хангамжийг эдэлж байсан. Үүнд: ажиллах хугацаандаа 6 000 000 төгрөгийн үндсэн цалинтай, нарийн бичиг буюу туслах, ажлын болон ажлын бус үеэр хувийн хэрэгцээнд ашиглах УНО 74-45 улсын дугаартай Ланд 200 маркын автомашин, сар бүр 1 сая төгрөг хүртэлх төгрөгийг ажил хэргийн шугамаар зарцуулах эрхтэй бизнес карт ашигладаг, сар бүр 3 000 ам долларын кредит картын эрхтэй, сар бүр 3 000 000 сая төгрөгийн кредит картын эрхтэй, жилд 1 удаа 750 000 төгрөгийн дүн бүхий урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгт хамрагддаг, банкнаас олгосон гар утас ашигладаг, гар утасны төлбөрийн хөнгөлөлт сар бүр 150 000 төгрөг эдэлдэг, фитнес клуб, бассейнд сар бүр 140 000 төгрөгөөр явах эрхтэй, зөөврийн компьютер ашиглана, интернет эрх модем олгож төлбөрийг банк төлдөг, банкнаас 4 удаа орон сууцны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл авч байсан, 2013 оны 2 сарын 8-ны өдөр 218 694 000 төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 3.6 хувийн хүүтэйгээр олгосон,  нийт 64 ажилтныг хариуцан ажилладаг, Удирдлагын хороо, Эрсдэлийн хороо, МТ-ийн удирдлагын хороо, Бизнес бүтээгдэхүүн хөгжлийн хороонд саналын эрхтэй гишүүнээр оролцдог, хамтын шийдвэр гаргахад оролцох эрхтэйгээр ажиллаж байсан. Мөн хариуцсан асуудал, нэгжийн үйл ажиллагааны зардал батлах эрхтэй, итгэмжлэлийн үндсэн дээр Банкыг төлөөлөх эрхтэй ажиллаж байсан. Ү.Наранцэцэг нь 2016 оны 5 сарын 04-ний өдөр өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдөлдөө контракт дуусгавар болсонтой холбогдуулан 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг хүссэн. ТУЗ энэ асуудлыг Гүйцэтгэх захирлыг бие даан шийдвэрлэхийг зөвшөөрсөний дагуу түүнд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 37 200 000 төгрөгийг олгож, 2013 оны 2 сарын 8-ны өдөр олгосон 218 694 000 төгрөгийн зээлийн хүүг 3 жилийн хугацаанд жилийн 3.6 хувиар хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Зээлийн хүүг 3 жилийн хугацаанд хэвээр хадгалахыг зөвшөөрч талууд холбогдох Орон сууцны зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан.

Ч.Батсайхан нь Хаан Банкинд 2001 оноос хойш Хянан шалгагч, Дотоод хяналтын газрын захирал, Хойд бүсийн иргэдийн банкны захирал, Баруун бүсийн иргэдийн банк хариуцсан захирлаар тус тус ажилласан. Хянан шалгагчаар ажиллахдаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Удирдах түвшиний ажил үүрэг гүйцэтгэх болсон тул Хөдөлмөрийн контракт байгуулан ажилласан. Тэрээр зөвхөн удирдлагын хорооны гишүүдэд олгодог өндөр дүн бүхий зорилтот урамшуулал жил бүр авдаг байсан. Тухайлбал: 2011 онд 63 600 000 төгрөг, 2012 онд 63 000 000 төгрөг, 2013 онд 84 200 000 төгрөг, 2014 онд 78 750 000 төгрөг, 2015 онд 71 300 000 төгрөг авсан. Хаан Банк нь нэхэмжлэгч Ч.Батсайхантай Баруун бүсийн иргэдийн банк хариуцсан захиралын ажлын байранд 2014 оны 5 сарын 12-ны өдрөөс 2016 оны 5 сарын 12-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн контракт байгуулан ажилласан. ББИБ-ны захирлаар хөдөлмөрийн контракт байгуулан ажиллах хугацаандаа 6 900 000 төгрөгийн үндсэн цалинтай, нарийн бичиг буюу туслахтай, ажлын болон ажлын бус үеэр хувийн хэрэгцээнд ангаглах УНЛ 05-19 улсын дугаартай Ланд 200 маркын автомашинтай, сар бүр 1 сая төгрөг хүртэлх төгрөгийг ажил хэргийн шугамаар зарцуулах эрхтэй, бизнес карт ашигладаг, сар бүр 3 000 ам долларын кредит картын эрхтэй, сар бүр 3 000 000 сая төгрөгийн кредит картын эрхтэй, жилд 1 удаа 750 000 төгрөгийн дүн бүхий урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгт хамрагддаг, банкнаас олгосон гар утас ашигладаг, гар утасны төлбөрийн хөнгөлөлт сар бүр 150 000 төгрөг эдэлдэг, фитнес клуб, бассейнд сар бүр 140 000 төгрөгөөр явах эрх, зөөврийн компьютер ашиглана, интернет эрх модем олгож төлбөрийг банк төлдөг, банкнаас 3 удаа орон сууцны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл авсан, банк 2009 оны 9 сарын 30-ны өдөр 115 000 000 төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 2.4 хувийн хүүтэйгээр олгосон, мөн 2014 оны 12 сарын 15-ны өдөр 75 000 000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэйгээр олгосон.  Ч.Батсайханы хувьд иргэдийн банкны ажилтнууд болон 12 аймаг дах салбар, 249 тооцооны төв, түүний 1 484 ажилтныг хариуцан ажилладаг, Актив пассивын удирдлагын хороо, Бизнес хөгжил, Мэдээлэл технологийн удирдлагын хороо, Төв банкны зээлийн хороо, Эрсдэлийн удирдлага зэрэг хороонд саналын эрхтэй гишүүнээр оролцдог хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх эрхтэй, хамтын шийдвэр гаргахад оролцох эрхтэйгээр ажиллаж байсан. Мөн хариуцсан асуудал, нэгжийн үйл ажиллагааны, бизнесийн зардал батлах эрхтэй, итгэмжлэлийн үндсэн дээр Банкыг төлөөлөх эрхтэй ажиллаж байсан. Ч.Батсайханд  6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 42 000 000 төгрөгийг олгож, 2009 оны 9 сарын 30-ны өдөр олгосон 115 000 000 төгрөгийн зээлийн хүүг 2.4 хувиар, 2014 оны 12 сарын 15-ны өдөр 75 000 000 төгрөгийн зээлийн хүүг 6 хувиар тус тус 3 жилийн хугацаанд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Зээлийн хүүг 3 жилийн хугацаанд хэвээр хадгалахыг зөвшөөрч талууд холбогдох орон сууцны зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан.

 Д.Энхбаатар нь Хаан банкинд 2002 оноос хойш Төв салбарын тооцооны төвийн эрхлэгч, Багануур салбарын захирал, Өмнөд бүсийн иргэдийн банкны захирал, Зүүн бүсийн иргэдийн банкны захирлаар тус тус ажилласан. Төв тооцооны төвийн эрхлэгчээр ажиллахдаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Удирдах түвшиний ажил үүрэг гүйцэтгэх болсон тул контракт байгуулан ажилласан. Тэрээр зөвхөн удирдлагын хорооны гишүүдэд олгодог өндөр дүн бүхий зорилтот урамшуулал жил бүр авдаг байсан. Тухайлбал: 2011 онд 19 400 000 төгрөг, 2012 онд 43 560 000 төгрөг, 2013 онд 65 500 000 төгрөг, 2014 онд 57 000 000 төгрөг, 2015 онд 62 400 000 төгрөг авсан. Хаан банк нь нэхэмжлэгч Д.Энхбаатартай Зүүн бүсийн иргэдийн банк хариуцсан захирал-ын ажлын байранд 2014 оны 5 сарын 12-ны өдрөөс 2016 оны 5 сарын 12-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай хөдөлмөрийн контракт байгуулан ажилласан. ЗБИБ-ны захирлаар Хөдөлмөрийн контракт байгуулан ажиллах хугацаандаа 4 700 000 төгрөгийн үндсэн цалинтай, нарийн бичиг буюу туслахтай, ажлын болон ажлын бус үеэр хувийн хэрэщээнд ашиглах УХБ 42-43 улсын дугаартай Ланд 200 маркын автомашинтай, сар бүр 1 сая төгрөг хүртэлх төгрөгийг ажил хэргийн шугамаар зарцуулах эрхтэй бизнес карт ашигладаг, сар бүр 3 000 ам долларын кредит картын эрхтэй, сар бүр 3 000 000 сая төгрөгийн кредит картын эрхтэй, жилд 1 удаа 750,000 төгрөгийн дүн бүхий урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгт хамрагддаг, банкнаас олгосон гар утас ашигладаг, гар утасны төлбөрийн хөнгөлөлт сар бүр 150 000 төгрөг эдэлдэг, фитнес клуб, бассейнд сар бүр 140 000 төгрөгөөр явах эрх, зөөврийн компьютер ашиглана, интернет эрх модем олгож төлбөрийг банк төлдөг, банкнаас 2 удаа орон сууцны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл авсан, банк 2010 оны 8 сарын 20-ны өдөр 80 000 000 төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 2.4 хувийн хүүтэйгээр олгосон. Мөн 2013 оны 2 сарын 28-ны өдөр 266 000 000 төгрөгийг жилийн 2,4 хувийн хүүтэйгээр олгосон. Зүүн бүсийн иргэдийн банк хариуцсан захирал Д.Энхбаатарын хувьд иргэдийн банкны ажилтнууд болон 13 аймаг дах салбар, 178 тооцооны төв, түүний нийт 1 104 ажилтныг хариуцан ажилладаг байсан. Актив пассивын удирдлагын хороо, Бизнес хөгжил, Мэдээлэл технологийн удирдлагын хороо, Төв банкны зээлийн хороо, Эрсдэлийн удирдлага зэрэг хороонд саналын эрхтэй гишүүнээр оролцдог хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх эрхтэй, хамтын шийдвэр гаргахад оролцох эрхтэйгээр ажиллаж байсан. Мөн хариуцсан асуудал, нэгжийн үйл ажиллагааны, бизнесийн зардал батлах эрхтэй, итгэмжлэлийн үндсэн дээр Банкыг төлөөлөх эрхтэй ажиллаж байсан. Д.Энхбаатарт  6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 28 500 000 төгрөгийг олгож, 2010 оны 8 сарын 20-ны өдөр 80 000 000 төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 2.4 хувийн хүүтэйгээр, 2013 оны 2 сарын 28-ны өдөр 266 000 000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэйгээр тус тус 3 жилийн хугацаанд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Зээлийн хүүг 3 жилийн хугацаанд хэвээр хадгалахыг зөвшөөрч талууд холбогдох орон сууцны зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан.

 Контрактын хугацаа дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр дуусгавар болсон. Контрактад заасны дагуу нэхэмжлэгч тус бүрийн Хөдөлмөрийн контрактыг дүгнэх тухай 2016 оны 3 сарын 27-ны өдөр мэдэгдсэн. Нэхэмжлэгч нар үүний дагуу контрактыг дүгнэх тайланг 2016 оны 4 сарын 18-ны өдрийн 12 цагт багтаан тус бүр бичгээр ирүүлсэн. Ч.Батсайхан, Д.Энхбаатар нарын ирүүлсэн контракт дүгнэх тайланг тэдний шууд удирдах албан тушаалтан Гүйцэтгэх захирлын орлогч, иргэдийн банк хариуцсан захирал Д.Жавхлан өөрсдийг нь байлцуулан хөдөлмөрийн контрактыг дүгнэж дүгнэлтийг Гүйцэтгэх захиралд хүргүүлсэн. Ү.Наранцэцэгийн тайланг гүйцэтгэх захирал Жон Белл байсан тул ажлын тайлантай танилцан дүгнэлтийг хийсэн байна. Конрактын дүгнэлтийг 2016 оны 4 сарын 27-ны өдөр гүйцэтгэх захирал нэхэмжлэгч тус бүртэй биечлэн уулзалт хийж Хөдөлмөрийн контрактыг дуусгавар болгох талаар мэдэгдсэн. 2016 оны 4 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч бүрт Хөдөлмөрийн Контрактын хугацаа дуусгавар болоход Гүйцэтгэх захирлаас сунгаагүй бөгөөд дуусгавар болгохоор шийдвэрлэж байгааг бичгээр мэдэгдэж,  мэдэгдлийг гардуулсан.  Улмаар 2016 оны 5 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон  Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримтлан 01/176, 01/177, 01/175 тоот тушаалууд гаргасан. Тушаалыг нэхэмжлэгч бүрт гардуулан өгч, тэмдэглэл үйлдэн, ажил хүлээлцэж, холбогдох ээлжийн амралтын бүх тооцоог хийсэн.  Хаан Банкны гүйцэтгэх захирлын цаашдын бизнесийн зорилтод зардлыг хэмнэсэн, хялбар, шуурхай бүтцээр ажиллах, шинэ системээр ажиллах шаардлага байсан тул Хөдөлмөрийн контрактыг сунгахгүй харин дуусгавар болгосон. Банкны зохион байгуулалтын бүтэц 2016 оны 6 сарын 23-ны өдөр шинэчлэгдсэн. Энэхүү шинэ бүтцэд нэхэмжлэгч нарын ажлын байр байхгүй болсон байгаа.

 Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч нарт 2016 оны 01 сарын 01-ээс 2016 оны 5 сарын 11-ний өдрийг дуустал хугацааны урамшууллыг олгох тухай шийдвэр байхгүй тул урамшууллыг олгохгүй байх эрх нь ажил олгогч Хаан Банкинд байгаа гэж үзэж байна. 2016 онд бүтэн ажиллаагүй, энэ онд авах зорилтот урамшууллын дүн тодорхойгүй байгаа тул урамшууллыг олгох үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, өөрчилсөн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ү.Наранцэцэгийг Хаан банкны Бизнес хөгжил хариуцсан захиралын ажилд, нэхэмжлэгч Д.Энхбаатарыг Хаан банкны Зүүн бүсийн иргэдийн банкны захиралын ажилд, нэхэмжлэгч Ч.Батсайханыг Хаан банкны Баруун бүсийн иргэдийн банкны захиралын ажилд тус тус эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан Хаан банк ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 99 060 084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Наранцэцэгт, 52 725 406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбаатарт, 138 572 478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Батсайханд тус тус олгож, 2016 оны эхний хагас жилийн урамшуулалд Хаан банк ХХК-иас Ү.Наранцэцэгт 64 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ү.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг, Д.Энхбаатарт 62 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Энхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг, Ч.Батсайханд 71 300 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Батсайханы нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ү.Наранцэцэг, Д.Энхбаатар, Ч.Батсайхан нарын болон хариуцагч Хаан банк ХХК-ийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хаан банк ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нарын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ү.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 сарын 6-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны өдөр төлсөн 266 433 төгрөг, 2017 оны 1 сарын 2-ны өдөр төлсөн 213 257 төгрөг, нийт 549 890 төгрөгийн 479 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 190 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ү.Наранцэцэгт олгож, нэхэмжлэгч Д.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 сарын 6-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны өдөр төлсөн 270 475 төгрөг, 2017 оны 1 сарын 2-ны өдөр төлсөн 199 200 төгрөг, нийт 539 875 төгрөгийн 469 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 69 925 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Энхбаатарт олгож, нэхэмжлэгч Ч.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 сарын 6-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны өдөр төлсөн 330 000 төгрөг, 2017 оны 1 сарын 2-ны өдөр төлсөн 184 450 төгрөг, нийт 584 650 төгрөгийн 514 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Батсайханд олгож, нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Амаржаргалын 2016 оны 8 сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Амаржаргалд олгож, хариуцагч Хаан банк ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт гаргуулсан нийт 290 357 968 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1 609 739 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нар нь тус тусдаа нэхэмжлэл гаргасан бөгөөд “Хамтран нэхэмжлэл гаргах тухай” гэсэн нэхэмжлэгч нарын ИХШХШтХуулийн 65-р зүйл заалтыг хангаагүй нэхэмжлэлээр иргэний хэргийг нэгтгэн 1 хэргээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарт дундаа хамтран гаргасан эсхүл хамтын нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Ганцаарчилсан  маргааныг  шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

            Түүнчлэн шүүх хуралд ИХШХШтХ-ийн 23-р зүйлийн 23.1-д заасны дагуу талууд эрх тэгш оролцоход шүүгчийн зүгээс ялгамжтай хандсанд гомдолтой байна. Шүүхээс 3 нэхэмжлэгчийн тус тусын нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн зүгээс хэргийг шүүх хуралд өөрийн хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон байх бөгөөд ХААН Банкны Хууль эрх зүйн газрын захирал Э.Хосбаяр нь шүүх хуралд хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байсан ба 2017 оны 2 сарын 10-ны өдөр Хууль, эрх зүйн газрын захирал Э.Хосбаяр өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа талаар акт, баримтыг хүсэлтийн дагуу шүүхэд өгсөн байхад шүүх хуралд түүнийг заавал биечлэн оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж хариуцагчийн эрхийг хязгаарлаж шүүх хурлыг хийсэн. 

            Хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2, 128.1.5 дахь заалтыг баримтласан, энэхүү баримтласан зүйл заалт нь уг хуулийн 11-р бүлэг буюу Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарах зохицуулалт байх бөгөөд энэ нь эрх нь зөрчигдсөн ажилтны хэргийг ганцаарчлан шийдвэрлэнэ гэсэн хэрэг. Шийдвэрт бүхэлд нь нэхэмжлэгч нартай байгуулсан контрактад зааснаар гэж дурдсан, “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нартай байгуулсан контрактууд нэг ижил загвараар байгуулагдсан байх бөгөөд...” гэж шүүгчийн зүгээс үзсэн байна. Шүүгчийн зүгээс нэгэнт нэхэмжлэгч бүртэй байгуулсан Хөдөлмөрийн контрактыг нэгэн ижил загвараар хийгдсэн яг адил баримт бичиг гэж үзсэн тул хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч бүрийн Хөдөлмөрийн контракт, түүний салшгүй хэсэг болсон хавсралтуудыг ч ялгаж салгаж дүгнэлт хийгээгүй байна. ХААН Банкнаас нэхэмжлэгч бүрт Хөдөлмөрийн контрактыг байгуулахаар 2014 оны 5 сард санал болгоход нэхэмжлэгч Ү.Наранцэцэг, Д.Энхбаатар, Ч.Батсайхан нараас хариу ямар нэг санал гаргаагүй, ХААН Банкнаас өгсөн саналаар хөдөлмөрийн контрактыг зөвшөөрч гарын үсэг зурсан гэж хариулсан (Шүүх хурлын тэмдэглэлд). Хөдөлмөрийн контрактын хавсралтуудаар нэхэмжлэгч бүрийн Хөдөлмөрийн контракт хоорондоо ялгаатай байгаа.

            Шүүгчээс нэхэмжлэгч нартай байгуулсан Хөдөлмөрийн контрактыг Хөдөлмөрийн тухай хуулийн 25-р зүйлийн 25.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн. Хэрэв шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх ёстой бол аль нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн контракт, контрактын аль зүйл, хэсэг, заалт эсвэл хавсралт нь уг хуулийн заалтыг хэрхэн яаж зөрчөөд байгааг тодорхой дурдах ёстой. Хариуцагч ХААН Банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, Хөдөлмөрийн контрактын хугацааг дуусгавар болсон үндэслэлээр тушаал гаргасан гэж маргаж байгаа бүх няцаалт, мэтгэлцээн, гаргаж өгсөн баримт нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн контракт нь Хөдөлмөрийн тухай хуульд бүр тодруулвал тус хуулийн 25-р зүйлийн 25.3-т нийцсэн гэдгийг нотолсон байдаг. Нарийвчлан дүгнэхгүйгээр, ямар ямар баримтууд нь шаардлага хангахгүй байгаа эсхүл нотолж чадахгүй байгааг дурдахгүйгээр нэхэмжлэгч нарыг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэнд хариуцагч ХААН Банк гомдолтой байна.

            Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлүүдийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Батсайхан, Ү.Наранцэцэг, Д.Энхбаатар нар нь хариуцагч Хаан банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2016 оны урамшуулалд Ү.Наранцэцэгт 64 350 000 төгрөг, Д.Энхбаатарт 62 400 000 төгрөг, Ч.Батсайханд 71 300 000 төгрөг гаргуулах, талуудын хооронд байгуулагдсан контрактын гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “контрактын хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон тул гэрээг цуцалсан“ гэж  маргажээ.

 

Ү.Наранцэцэг нь Хаан банк ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр контрактын гэрээ байгуулан Бизнес хөгжил хариуцсан захирлын албан тушаалд, Д.Энхбаатар нь Хаан банк ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр контрактын гэрээ байгуулан Зүүн бүсийн иргэдийн банкны захирлын албан тушаалд, Ч.Батсайхан нь Хаан банк ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр контрактын гэрээ байгуулан Баруун бүсийн иргэдийн банкны захирлын албан тушаалд ажиллаж байгаад ажил олгогчийн шийдвэрээр, Хаан банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/177, 01/176, 01/175 дугаар тушаалаар тус тус ажлаас чөлөөлөгджээ. /1-р х.х-ийн 14,15, 24, 25, 35, 36/

 

Хариуцагч Хаан банк ХХК нь нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөхдөө контрактын гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлийг тушаалдаа заажээ.  

 

Хэргийн баримтаар контрактын гэрээний хугацаа дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх 3 нэхэмжлэгч хамтран нэхэмжлэлээ гаргасан бөгөөд ашиг сонирхлын зөрчилгүй, хариуцагч нь нэг, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь адил тул хэрэг хянан шийдвэрлэх нэг ажиллагаагаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

Зохигчдын контрактын гэрээний хугацаа адил, чөлөөлөгдсөн өдөр, чөлөөлөгдсөн үндэслэл адил тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар адил тайлбар хийх нь хууль зөрчихгүй юм.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “.., контрактын гэрээ хууль зөрчин байгуулагдсан, урд нь хөдөлмөрийн гэрээгээр олон жил ажилласан үндсэн ажилтнууд, контрактын гэрээний хугацаа дуусгавар болоход хуучин хөдөлмөрийн гэрээний үйлчлэл сэргэнэ, ажлаа сайн хийж байсан тул контрактын гэрээг дуусгавар болгох ёсгүй байсан, ажил олгогчийн тушаал хууль зөрчин гарсан, талуудын байгуулсан гэрээ нь хөдөлмөрийн гэрээний харилцаа байсан” гэж тайлбарлажээ.

 

Хэргийн баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчийн байгуулсан контрактын гэрээ нь бичгээр хийх хуулийн шаардлага хангасан, гэрээний үргэлжлэх хугацаа болон ямар ажил албан тушаалд ажилууллахыг тохирсон, ажилтанд олгох хангамж хөнгөлөлт, нэмэгдэл ахуй хангамж, урамшуулал, бусад нөхцлийн талаар хавсралтаар тохиролцсон,  Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дах хэсэгт заасан контрактын гэрээнд тавигдах шаардлага хангасан байна. Өөрөөр хэлбэл контрактаар ажилтанд олгох хангамж хөнгөлөлт, нэмэгдэл, урамшууллыг тохиролцох нь хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд олгох цалин хөлс, нэмэгдлээс өөр юм.

 

Ажилтны өндөр ур чадвар илүү мэргэшсэн байдлыг ашигласны төлөө тэдэнд  ажлын үр дүнгээс хамаарч урамшуулал олгох, хангамж, хөнгөлөлт эдлүүлэх, автомашин унах, туслах нарийн бичигтэй ажиллах зэргээр тухайн байгууллагын бусад ажилтнаас илүү нөхцөл тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан контрактын гэрээний харилцаа үүссэнийг нотолж байна. 

 

Түүнчлэн контрактын гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дах хэсэгт заасан зарим нөхцлийг ерөнхий тусгасан, орхигдуулсан нь уг гэрээг байгуулсныг үгүйсгэх, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлээр контрактын гэрээг нарийвчлан зохицуулснаас гадна контракт нь хөдөлмөрийн гэрээний 1 төрөл болохын хувьд хөдөлмөрийн гэрээний нийтлэг үндэслэлүүд түүнд бас хамаарах юм. Контрактын  хугацааны дээд хязгаарыг 5 жил байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан бөгөөд талуудын байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн гэрээнд хугацааг 2 жилээр тохиролцсон нь хуулийн заалтад нийцжээ. 

 

Ажил олгогчийн тушаалынхаа үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ерөнхий үндэслэлийг зохицуулжээ.  Мөн хуулийн заалтуудаар хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч санаачилсан, ажилтан санаачилсан, гуравдагч этгээд шаардсан, талуудын хүсэл зоригоос үл хамаарах үндэслэл бий болсоноор  дуусгавар болохоор байна. 

 

Хаан банк ХХК нь нэхэмжлэгч нартай байгуулсан контрактын гэрээний хугацаа  дуусгавар болох үед дуугүй байх замаар үргэлжлүүлэн сунгаагүй, гэрээг дуусгавар болгохоор хүсэл зоригоо илэрхийлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг тушаалынхаа үндэслэлд баримталсныг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх контрактийн хугацааг эхлэн тоолох, тоолж дуусах хугацааны талаарх дүгнэлтийг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн зөв дүгнэжээ.

 

 Гэвч анхан шатны шүүх контрактын гэрээ дуусгавар болсон үйл баримт, контрактын гэрээний агуулгыг зөв дүгнээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэгэнт талуудын байгуулсан гэрээ хэрэгжээд дууссан, гэрээний хугацаа дуусгавар болсоноор ажил олгогч гэрээг цааш нь сунгахаас татгалзсаныг буруутгах хууль болон гэрээнд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх ажилтнуудын ажилд эгүүлэн тогтоолгох үндсэн шаардлага, үүнээс үүдэн гарах бусад шаардлагуудыг хангах боломжгүй тул анхан шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ү.Наранцэцэгийг Хаан банкны Бизнес хөгжил хариуцсан захиралын ажилд, нэхэмжлэгч Д.Энхбаатарыг Хаан банкны Зүүн бүсийн иргэдийн банкны захиралын ажилд, нэхэмжлэгч Ч.Батсайханыг Хаан банкны Баруун бүсийн иргэдийн банкны захиралын ажилд тус тус эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 99 060 084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Наранцэцэгт, 52 725 406 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбаатарт, 138 572 478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Батсайханд тус тус олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Контрактын гэрээний нэг онцлог нь ажилтны ажлын туршлага, зохион байгуулах авьяас чадвар, мэргэжлийн түвшинд гаргаж байгаа шийдвэр зэргээс нь тухайн бизнесийн байгууллагын ашиг орлого нэмэгдэж байдаг бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч нарыг муу ажилласан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар чөлөөлөөгүй байна. 

 

Нэхэмжлэгч нар нь контрактын хугацаанд ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байсан тул  гэрээний хавсралтад заасан ажиллаж байсан хугацааны зорилтот урамшуулал шаардсаныг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч  Ч.Батсайхан “..,би өөрийн ажил, мэргэжлийн ур чадвараас бус харин гадаад захирлын дур зоргоор, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй боллоо. КPI үнэлгээгээр ямагт 100-аас дээш оноо авч ирсэн. Нийт 8 гүйцэтгэх захиралтай нэг баг болж хамтран ажилласан. Монгол захирлуудын хийж бүтээсэн үйл, Хаан банкинд оруулсан хувь нэмрийг үл тоомсорлож байна. Хаан банкны нийт ашгийн 50 орчим хувийг бидний хариуцдаг бүс оруулдаг” гэж тайлбарласан, нэхэмжлэгч Ү.Наранцэцэг”.., KPI үнэлгээгээр ямагт 100–аас дээш оноо авч байсан”, нэхэмжлэгч Д.Энхбаатар “..,нийт ашгийн 50 орчим хувийг бидний хариуцсан бүс оруулдаг. Нийт нэгжийн 80 гаруй хувь, нийт ажилчдын 60 гаруй хувийг бид хариуцаж байсан” гэх тайлбаруудыг гаргасныг хариуцагч тал няцааж чадаагүй.

 

Ажилтныг ажлаас чөлөөлөх үед түүнтэй ажилласан хугацааны бүх тооцоог ажил олгогч хийх байтал хариуцагч талын гүйцэтгэх захирлын нэхэмжлэгч нарт олгох  урамшууллыг бодож гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь гэрээний үүргийн зөрчил тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ү.Наранцэцэгт 64 350 000 төгрөг, нэхэмжлэгч Ч.Батсайханд 71 300 000 төгрөг, нэхэмжлэгч Д.Энхбаатарт 62 400 000 төгрөгийн урамшуулалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч нарын гаргасан урамшууллын тооцоолол, жишгийг хариуцагч тал баримтаар няцааж чадаагүй “..,урамшууллыг олгох талаар гарсан шийдвэр байхгүй. Урамшууллыг олгохгүй байх эрх нь ажил олгогчид байгаа” гэх тайлбар нь үндэслэл бүхий няцаалт биш тул шаардсан хэмжээгээр урамшууллыг олгох нь хууль болон гэрээнд нийцэх юм. 

 

Контрактын хугацаа дуусгавар болсноор өмнөх хөдөлмөрийн гэрээний үйлчлэл сэргэх ёсгүй бөгөөд талууд контракт байгуулж байх үедээ “талуудын өмнө нь хийсэн гэрээ, хэлцэл, үүрэг амлалт нь энэхүү контракт байгуулснаар хүчингүй болно” гэж тохиролцсон тул энэ талаарх нэхэмжлэгч нарын тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн контрактын гэрээ хууль зөрчин байгуулагдсаныг тогтоолгох, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсаныг тогтоолгох гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага гэхээсээ илүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлан хариуцуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ү.Наранцэцэг, Д.Энхбаатар, Ч.Батсайхан нарын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХААН банк ХХК-иас урамшуулалд 64 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Наранцэцэгт, 71 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Батсайханд, 62 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхбаатарт тус тус олгосугай” гэж, 3 дах заалтыг хүчингүй болгож, “4” дэх заалтыг “3 гэж дугаарлан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ү.Наранцэцэгийн төлсөн 549 890 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Энхбаатарын төлсөн 539 875 төгрөгийг, нэхэмжлэгч Ч.Батсайханы төлсөн 584 650 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч ХААН банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1 464 100 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж, “5” дах заалтыг “4” гэж дугаарлан, “6” дах заалтыг “5” гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Хаан банк ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 609 740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                     Д.БАЙГАЛМАА

                                                                      Ш.ОЮУНХАНД