| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2019/01111/И |
| Дугаар | 207/ма2025/00017 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 207/ма2025/00017
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 207/МА2025/00017 |
2025 03 07 207/МА2025/00017
*********гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч *********ад холбогдох
иргэний хэргийн тухай
********* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, ********* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
********* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2024/01614 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч:*********гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********ад холбогдох,
Хохирол 25.000.000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч *********, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг нар /цахимаар/, хариуцагч *********, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, нарийн бичгийн дарга Э.*********тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ээж *********, хүү, *********, ********* бид 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ********* аймгийн ********* сумын малчин *********аас дутаалгасан /залилуулсан/ 19 тооны адууг хохирол барагдуулж өгөхийг хүсч ********* аймгийн Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн. /өргөдлийг хавсаргав №1/ Тэгээд харьяаллын дагуу ********* аймгийн ********* сумын цагдаагийн төлөөлөгч ахлах дэслэгч ********* ах ********* очиж уулзахад малчин *********ыг дуудуулна, ирсэн үед нь ирж тайлбар өг гээд буцаасан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч ********* ах *********ыг дуудсан. Тэгээд ********* дутаасан 19 тооны адууны төлбөрт 90 ямаа 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгч хохирол барагдуулна гээд энэ тухайгаа бичиж гарын үсгээр баталгаажуулсан. /баримтыг хавсаргав №2/ Малчин ********* хэлсэн хугацаандаа хохирол барагдуулаагүй бөгөөд утасдахаар утсаа авахгүй, уулзахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Бидэнд үүссэн шалтгааныг дор тайлбарлая: Ах ********* маань 2017 оны 06 дугаар сард зуурдаар нас барж, талийгаачийн нэрийг гаргаж хэрүүл маргаан хийхгүй гэж үзээд тэр жил *********ын араас яваагүй. Ээж ********* нь өндөр настай, одоо Улаанбаатар хотод амьдардаг, гэртээ асаргаанд байдаг тул нотлох баримт бүрдүүлж хөөцөлдөж явах боломжгүй. /асаргааны шийдвэрийг хавсаргав №3/ Миний бие ********* цэргийн байгууллагад ажилладаг. 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд гадаадад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн зэрэг шалтгаан бидэнд байсан. /гадаад паспорт хуулбар хавсаргав/ Монголд ирснээсээ хойш миний бие *********ын *********, ********* дугаарын утас руу удаа дараа залгахад миний дугаарыг мэдэх тул авдаггүй, өөр дугаараас залгахад эхнэр хүүхэд нь аваад эзгүй байна гэдэг. Миний бие 2019 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа авч *********тай уулзахаар ********* аймагт ирж утас руу нь залгаж уулзахаар ирсэн тухайгаа хэлэхэд ********* аймагт ажил хөөцөлдөж байна, эргээд ярья гээд дахин утсаа аваагүй тул уулзаж чадалгүй Улаанбаатар буцсан.
Миний хүсэлтийг харгалзан үзэж малчин *********ын бидэнд учруулаад байгаа хохирол 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөрийг 2016 оноос 2019 оныг хүртэл 4 жилийн хугацаанд байх төл малыг тооцож, одоогийн зах зээлийн ханшаар 19 тооны адууны төлбөрт 20,000,000 төгрөг, 4 жилийн хугацааны төл малд 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгөөр тооцож хохирол барагдуулж өгнө үү..., ...2008 оны 08 дугаар сард ********* аймгийн Сайхан суманд талийгаач ах ********* ********* 23 тооны адуу өгсөн байдаг. 2010 оны 06 дугаар сард *********, талийгаач ах ********* хоёр ********* аймгийн Сайхан сумаас 20 тооны адуу авч ирсэн. 2010-2015 оны хооронд *********ынд байгаа адуугаа тооцох, тамгалах, бүртгэх боломж олдоогүй. 2010-2012 онд миний би ОХУ-д цэргийн академид суралцахаар явсан байсан. 2013-2015 онд жил болгоны ээлжийн амралтаараа 7 сарын сүүлээр 8 дугаар сарын сүүл хүртэл ирж адуу малаа тооцож үзье, харъя гэхээр бүртгэх боломжийг олгодоггүй, адуу модлосон байна, олдохгүй байна гэдэг байсан. Хэрэгт өгсөн дэвтэр нь манай ээж *********, талийгаач ах ********* бид 2 *********ых ********* буюу Улаантолгойн наад талд Нарангийн голд байхад нь очоод адуугаа бүртгэе гэхэд адуу модлосон, огт олдохгүй байна гээд аман байдлаар тооцоо нийлсэн акт үйлдье гээд үйлдсэн бичиг байгаа. 2010 онд 20 адуу өгсөн, 2011 онд хэд болсон гээд өөрөөс нь асуугаад бичсэн байгаа. Тиймээс манай ээж ааваас өвлөгдөн ирсэн адууг ********* дутагдуулж хохирол учруулсан тул нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбар зэргээс ямар нэгэн байдлаар хариуцагч ********* нэхэмжлэгч талаас адуу хүлээж авсан байна. Хүлээж аваад тодорхой хэмжээний үлдэгдэл төлбөртэй байсан байна, үлдэгдэл адууны оронд төлбөр төлөх талаар илэрхийлж байсан байна. Илэрхийлсэн асуудалтайгаа холбоотой хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэдэг. Үгүйсгэхдээ гэрчийг худал мэдүүлэг өгүүлээд, худал мэдүүлэг өгүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд гэм буруутай нь тогтоогдож шийтгэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт байгаа. 2 дугаарт анх энэ хүн нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхэд анх ирүүлж байсан тайлбар дээрээ ********* гэж хүнтэй огт уулзаж байгаагүй, танихгүй гэдэг тайлбар өгч байсан бол өнөөдөр тухайн адууг өөрөө очиж тууж ирсэн, ********* гэх хүн ирж байсан гэж тайлбарлаж байна.
Мөн 90 ямаагаар төлбөр барагдуулна гэхэд тухайн үед зүгээр гарын үсэг зурсан, тэгж тохирсон асуудал байхгүй гэсэн тайлбар өгдөг боловч төлбөр болон 3.000.000 төгрөгийг ********* гэдэг хүнд зээлсэн асуудал байхгүй төлбөртөө өгч байгаа гэдэг байдлаар үнэнд гүйцэгдээд ирэхээр хэлж байгаа. Тэгэхгүй зөрүүтэй мэдүүлэг тайлбар өгөөд ямар нэгэн байдлаар хариуцлагаас зугтах, шүүх, шүүгчийг төөрөгдөлд оруулах арга заль гаргаад яваад байгаа нь тогтоогдож байна. Нэгэнт нэхэмжлэгч талаас хариуцагч адууг хүлээж авсан, адууг дутаасан, төлбөр төлөх талаар бичиг хийж өгсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Би ********* гэдэг хүнийг зүс мэдэхээс өөр харилцаа холбоо байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Цэрэгт алба хааж байхдаа *********ыг таньдаг болсон юм. Тэрнээс хойш ********* аймгийн Сайхан суманд амьдарч байхад манайхаар орж гардаг байсан. Тэгээд манай ах дүү нартай ах дүү шиг болсон юм. ********* 2013 онд унага, гүү, морь нийлээд 18 тооны адуу надаар маллуулахаар авчирч өгсөн. Адууг ********* минийх гэж хэлсэн. Сар бүр 150.000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон. Цалин гэж нэг ч төгрөг өгч байгаагүй. Мөнгөний хэрэгцээ гарлаа гээд өвөл, зун аль нь ч хамаагүй байнга хүнтэй ирж адуунаасаа янзлаад аваад явдаг байсан. Мөн өвлийн идэшний үеэр ирж идэш иддэг. Би 3 жил гаран ямар ч хөлс мөнгө авалгүй адууг малласан. Нэг удаа ирээд өвс аваад өгдөггүй байсан. Ах дүү шигээ санадаг байсан болохоор цалингаа нэхэж байгаагүй. Боломж бололцоо муу байна, удахгүй боломжтой болохоор өгнө гэдэг байсан юм. 2016 оны 08 дугаар сард 13 тооны адууг *********, ********* хоёр ирээд авч явсан. Авч явахдаа ********* манай эхнэр хүүхэд, хадам саам уух гээд Улаанбаатараас ирсэн. Бөхөнгийн тэнд 7 хоног саам ууна, гэж хэлсэн.
Бөхөнд ээжийнх нь зусаж байсан юм. Тухайн үед *********ын 18 тооны адуунаас том жижиг нийлсэн 6 тооны адуу үлдсэн байсан юм. *********ын 6 тооны адуун дээр өөрийн 7 тооны адууг нэмээд 13 тооны адуу өгч явуулсан. Хэдхэн хоног саам ууя гээд ирж байхад нь цөөхөн юм явуулаад яахав гэж бодсон юм. ********* саам уулгана гэж надад худал хэлсэн юм билээ. 3 хоногийн дараа миний таньдаг хүн над руу залгаад танай адууг машинд ачиж байна гэж хэлсэн. Би 7 хоног саам ууж байгаа юм гэхэд гүү бариагүй, саам хүмүүс уугаагүй гэж хэлсэн. Тэгэхэд би очиж адуугаа авах байсан юм билээ. Ачаад явна гэж бодоогүй болохоор авчрахыг нь хүлээсэн юм. Тэгээд байж байтал сарын дараа намайг цагдаа дуудсан. Цагдаагийн газарт очиход ********* байсан. Цагдаа намайг хүний адуу авсан гэсэн утгатай зүйл тайлбарласан. Би цагдаад болсон зүйлийн талаар ярих гэтэл ********* намайг цагдаагийн газраас дагуулан гаргаад танай адуу тоо ёсоороо Бугатад байгаа, зун авчраад өгнө, ээж, дүү нар таныг буруугаар ойлгоод цагдаад өргөдөл бичиж өгсөн байна. Хоёулаа цагдаад ингээд бичээд өгчихвөл болно гээд өөрөө 90 ямаа гэж бичсэн. Би тэр цаасан дээр гарын үсэг зурсан. Тэгээд цагдаа намайг дахин дуудаагүй.
Бусдыг нь ********* өөрөө мэдээд зохицуулна гэсэн юм. Тэгээд зохицуулсан гэж бодож байна. 2016 оны 12 дугаар сарын 24, 25-ны үеэр ********* ирээд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 1.500.000 төгрөгийг бэлэн өгсөн. Мөн 2017 оны хавар ноолуурын үеэр 3.000.000 төгрөг өгсөн. Манайхаар ********* ганцаараа ирээд хонож өнжөөд явдаг. Дүү гэх ********* 3 удаа идэшний үеэр, адууг авч явахад ирсэн. ********* адуу манай ээж, дүүгийнх гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Минийх гэсэн болохоор адуунаасаа янзалж аваад явахад юм хэлж байгаагүй. Хэрвээ манай ээж, дүүгийнх байгаа юм гэвэл би ээж, дүүд нь хэлэх байсан. Идэш идэх гээд дүүтэйгээ ирэхдээ нэг их юм ярихгүй дуугүй болчихдог байсан. Надад дүү болон манай гэрийнхэнд энэ хэдэн адуу ямар ч хамаагүй гэдэг байсан. Зун *********ыг сурагласан чинь нас барсан гэж дуулсан. Би адуу, мөнгөө хэнээс нэхэхээ мэдэхгүй өдий хүрсэн. *********аас өнөөдрийг хүртэл зугтсан мэт бичиж. Би гэртээ малаа маллаад байж байгаа. *********ын адууг хэдэн жил маллахдаа нэг ч төгрөг авч байгаагүй. Найзынхаа хэдэн малыг өөрийн юм шиг хардаг байсан. Адууг нь малласныхаа төлөө өөрийн адууг хамт явуулан алдаж, мөн 4.500.000 төгрөг бэлэн өгч хохирсон.
Миний хохирлыг барагдуулах байтал надаас 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны 20.000.000 төгрөг, 4 жилийн төл малд 5.000.000 төгрөг нийт 25.000.000 төгрөг нэхсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ээж, дүүсийг нь хальт зүс үзсэнээс өөр зүйл мэдэхгүй. Ээж, ах дүүс нь Улаанбаатар хотод амьдардаг гэж сонссон. Хэдэн малаасаа илүү гарахгүй болохоор очиж уулзаж чадахгүй мөн хаягийг мэдэхгүй, нэр утсыг мэдэхгүй өдий хүрсэн юм. Ээж, дүүгээс нь тэгж байгаад адуу, мөнгөө нэхнэ гэж бодож байна. Ямар учраас адуу нэхэж байгааг ойлгохгүй байна. *********ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Би 2013 онд 18 адуу авч ирсэн. *********ын ах ********* гэх хүнтэй хамт очоод би гуйж аваагүй, өөрөө би холдоод байна, танайх ойрхон байна, айраг цагаагаа очоод авч байя гэж хэлсэн. Өөрөө мэдэхгүй юу гэхэд талийгаачийн ихэрийн өрөөсөнгийн гэрт нь очоод хоол унд идэж хоночихоод маргааш нь адууг нь туугаад ирсэн. Шинэхүүгийн гэрээс очиж авсан. Би *********ыг сайн мэдэхгүй, юм ярьдаггүй, ахыгаа дагаж очоод явдаг байсан. ********* заримдаа ирж идшээ авдаг байсан, заримдаа ирдэггүй байсан. ********* 2013 онд идэшний 2 адуу, машин янзална гэж 1 адуу, Бугатад 1 адуу, станцын хоёр хүн дагуулж ирээд 1 адуу авч байсан. 2015 онд ихэртэйгээ ирж хоноод шөнө 1 гүү алаад үүрээр авч явсан, охин зусланд явах гээд байна гээд 1 адуу, өвөл идшиндээ 1 адуу нийт 14 тооны адууг авч явсан. Би гар хөлийн үсэг зурчихаад өгье гэхээр миний мал юм чинь та өөрөө мэдэж байгаа гэж хэлдэг. Мэдэж байгаа нь 14, мэдэхгүй хэдэн тооны адуу авсныг мэдэхгүй байна. Өөрт нь цаадуул чинь сүүлд янз бүрийн юм ярихгүй юу гэхэд зүгээрээ миний адуу гэж хэлж байсан. Надаар харуулж байхдаа нэг ч удаа тэжээл авч өгч байгаагүй. Ингээд 2016 оны 08 дугаар сард талийгаач ахтайгаа ирээд хадам ирж саам уух гээд байна гэхээр нь энд ирээд уулгахгүй юм уу? адуу тогтох уу? гэхэд тогтоно гэж хэлээд 13 тооны адуу аваад явсан. Би ганц уналгын морь авч үлдээд тэр чигээр нь адуугаа өгөөд явуулсан. Тэр дунд миний 7, адуу эдний 6 адуу нийт 13 адуу авч явсан. 7 хонуулаад аваад ирэх юм байх гэж бодсон чинь 3 хоногийн дараа нэг хүн залгаад танай адууг ачаад хот руу явж байна, үхэр аччихсан машин мухар буланд адууг чинь буулгаж байна гэж хэлсэн. Маргааш нь очоод харахад байхгүй байсан, энэ айл хаачсан юм бэ? гэхэд нүүгээд, адуу малаа туугаад явсан гэж хэлсэн.
Хааш нь туугаад явчихав гэхэд мэдэхгүй ийшээ явсан л гэж хэлсэн. Манай адууг авч ирж өгөхгүй юм уу? гэхэд өгнө гэж хэлсэн. 9 дүгээр сард намайг цагдаа дээр дуудахаар нь би хадланд явж байна, 2-3 хоногоос очиж болох уу? гэхэд болно гэсэн. Хадлангаа авчихаад цагдаа дээр очиход нөгөө хүмүүс нь ирнэ та гадаа сууж бай гэсэн. Ирээд яасан талаар асуухад энэ хүн манай адууг 8 сард авч яваад авч ирж өгөөгүй гэхэд та нар өөрсдөө л тохирох асуудал байна гэсэн. Тэгээд энэ дээр гарын үсэг зур, би зохицуулна, амархан гэж хэлэхээр нь цаасан дээр гарын үсэг зурсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс мөн адил нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар оролцож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлттэй танилцлаа. Ямар нэгэн байдлаар малыг хүлээлгэж өгсөн, авсан зүйл байгаа гэдэг байдлаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхой тайлбарлаж, тодорхойлсонгүй гэж миний зүгээс харж байна. Иргэд хооронд эд хөрөнгийн шинжтэй харилцаа үүссэн байхад эрх зүйн аливаа харилцаа үүссэн үү? ямар маргаантай харилцаа үүссэн бэ гэдэг дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. ********* болон ********* нарын хооронд ямар үүргийн харилцаа үүссэн юм? ********* ямар эрх эдлээд, ********* ямар үүрэг хүлээсэн юм? хэрхэн малаа харуулах юм, хөлсөөр харуулж байгаа юм уу? ямар хөлсөөр харуулах юм, гуйж харуулж байгаа юм уу? үр шимийг нь хэн хүртэх юм гэдэг талаар, ********* гуай малаа маллуулахад хариуд нь яах юм, харилцан ямар үүрэг хүлээсэн зэрэг байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхойгүй байна. Тэгэхлээр *********, ********* гэдэг хүмүүсийн хооронд аливаа эрх зүйн харилцаа үүсээгүй гэж нэгдүгээрт дүгнэж байна. Харин ********* *********ын малыг малласан, хүлээлгэж өгсөн асуудал байсан байна. Үүнийг өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Шинэхүү ч гэсэн *********ын малыг малласан гэдгийг хэлж байна.
Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч гэсэн ********* малаа маллуулж байсан, харилцан тохирсон хүн нь ********* гэдэг тайлбарыг өгч байна. Хэрэгт авагдсан малын А дансаар ********* гуай малтай байсан юм байна гэдэг нь харагдаж байгаа. Гэтэл ********* гуайн нэр дээр бүртгэлтэй байгаа малнууд ********* гэж хүний маллаж байсан мал гэдэг нь тогтоогдохгүй байна. Харин эсрэгээрээ ********* гуайн малыг маллаж өгнө гэж үүрэг хүлээсэн байх магадлалтай гэж үзэхэд огт танихгүй, удаа дараа уулзаж байгаагүй, малын харилцаа өглөг авлага, идэш тууж ирсэн, буцааж хүлээлгэж өгсөн, хэрхэн уулзсан гэдэг асуудал *********, ********* гэдэг хүмүүсийн хооронд үүсээд байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг төлбөр барагдуулах гэж тодорхойлсон, аливаа төлбөр мөнгө гаргуулах асуудал нь ямар нэгэн гэрээнээс үүдэлтэй байх боломжтой. Гэрээнээс үүдэлтэй байх юм бол тухайн гэрээнээсээ татгалзаж байна уу? биелэлт нь дуусгавар болсон уу? татгалзсантай холбоотой учирсан хохирлоо шаардаж байна уу? эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага нэхэж байгаа юм, энэ байдлууд бүгд тодорхой байх ёстой. Гэтэл энэ байдлууд тодорхойгүй байна. Эсхүл бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсантай холбоотой харилцаа үүссэн байх боломжтой гэхэд энэ тохиолдолд хохирол учруулсан этгээд хариуцна. Тэгэхлээр ********* гэдэг хүн хэний адууг яаж дутаасан юм? яаж залилсан юм? яаж хорогдуулсан юм? өөрөө идшиндээ идчихсэн юм уу? тэр адууг нь бусдад зарчихсан юм уу? энэ мэт байдал тогтоогдоогүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ********* болон ********* нарын хооронд эрх зүйн ямар нэгэн маргаантай харилцаа үүсээгүй тул ********* гэдэг хүн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байна.
Шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага буюу үндэслэл, юуг үндэслээд байгаа, хэрхэн үндэслээд байгаа гэдгээ нотлох ёстой, гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ байдал бол нотлогдож тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ биелүүлээгүй байна. Юунд үндэслээд хэнээс юуг, яагаад нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Талуудын маргаантай байгаа зүйлийн тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ********* гэдэг хүн явж байсан, дараа нь ********* болж солигдоод нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ********* гэдэг хүн оролцсон. Эдгээр хүмүүсийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд гаргадаг анх гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад бүгд зөрүүтэй. Хавтаст хэргийн 172 дугаар талд авагдсан давж заалдах шатны шүүх хуралдаанд 2011 оны 06 дугаар сард мал өгсөн гэдэг. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ********* төлөөлөгч анхан шатны шүүх хурал дээр 2010 онд 29 тооны адуу өгсөн гэдэг. Хэзээ хүлээлгэж өгсөн нь 2010, 2011, 2013 он гээд зөрүүтэй яваад байна. Хэдийг хүлээж авсан гэдэг нь 29, 20, 18, 19 гээд зөрүүтэй яваад байна. Дутаасан залилуулсан гэж шаардлага, үндэслэлээ тодруулдаг, гэтэл үнэхээр хувьдаа завшсан юм уу? бусдад зарсан юм уу? гэдэг байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талд хэрхэн хохирол учирсан нь тогтоогдохгүй байна. ********* гуайн эд хөрөнгийг ********* гэдэг хүн алдсан, завшсан, идсэн, устгасан гэдэг байдлаар гэм хор учруулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй, ийм шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй учраас ********* гэдэг хүн *********д хохирол учруулсан гэдэг байдлаар хохирлыг барагдуулна гэж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар яригдаад байгаа хоёр баримт бичиг байна. Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаар 90 ямаа юм уу? 19 тооны адуу, 11 сарын 20-нд өгнө гээд нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч, шүүгч ч гэсэн асуусан. Та яагаад зүгээр байж мөнгө өгнө гээд баримт бичиг үйлдээд байгаа юм бэ гэхэд хариуцагч татгалзлаа юу гэж тайлбарладаг гэхээр хоосон цаасан дээр надаар гарын үсэг зуруулж авсан гэдэг. Гэтэл 12 дугаар хуудсанд байгаа баримтыг уншаад үзэхээр *********аас авахаар боллоо гэж байгаа. Өөрөөр хэлбэл авах ёстой хүн нь бичсэн нь харагдаж байна. Гэтэл ********* гэдэг хүн би юм авна гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулаад нөхөж бичсэн зүйлийг та яагаад өгнө гэсэн юм бэ гэж тулгаж асуугаад байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Юм авах гэж байгаа хүн нь бичсэн болох нь яг тэр бичмэлийг уншихаар харагдаж байна. Түүнээс биш ********* гэдэг хүн би өгнө гэж өөрийн гараар бичээгүй, тэр бол ********* гэдэг хүний бичгийн хэвтэй баримт байгаа. Мөн тооцоо нийлсэн актыг шинжлэн судлах юм бол анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гол баримт нь уг тооцоо нийлсэн актыг үндэслэдэг.
Гэтэл тооцоо нийлсэн актыг 2019 онд нэхэмжлэл гаргахдаа хуулбар хувийг өгсөн. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад 2 жилийн хугацаанд эх хувь нь байхгүй гэдэг байдлаар шинжээч томилуулахад хүртэл өөрсдийнхөө гаргасан хүсэлтийг нотолж уг баримтаа гаргаж өгөөгүй. Гэтэл 2019 оноос хойш 5 жилийн дараа гэнэт өнөөдөр эх хувийг нь гаргаж ирлээ гэдэг байдлаар өмнөх шүүх хуралдаан дээр хуулбар хувийг өгсөн. Аливаа нотариатч юмыг хуулбарлахдаа эх хувиас нь харж байж буюу эх хувийг нь харж байж хуулбар үнэн дардаг. Ийм учраас нэхэмжлэгч *********гийн шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байна. ********* ********* нарын хооронд эрх зүйн аливаа харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Харин мал малласан асуудал *********, ********* нарын хооронд үүссэн, ********* нь өнгөрсөн учраас шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Мөн хариуцагчийн зүгээс анх хүлээлгэж өгсөн 18 адуунаас 2016 онд 13 тооны адууг буцааж өгсөн, 5-6 тооны идэш идсэн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр анх авсан тоогоороо буцаагаад идсэн идэш болон авсан мал нь дүйцэж байна. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаж өөрийнхөө зургаан тооны адууг авч явсан талаар гомдол мэдээлэл гаргая гэсэн боловч нэхэмжлэгч ********* өнгөрсөн учраас түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжгүй байна гэдэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг тайлбарласан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
********* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/01614 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч *********аас 8.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 142.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч *********, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *********, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ********* хариуцагч *********ад холбогдуулан дутагдуулсан 19 тооны адуу эсвэл 90 тооны ямааны төлбөрт 20.000.000 төгрөг, 4 жилийн хугацааны төл малд 5.000.000 төгрөг, нийт 25.000.000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан./2хх 102, 103х/
Хариуцагч “…*********ын 18 тооны адуунаас том, жижиг нийлсэн 6 тооны адуу үлдсэн байсан….2016 оны 08 сард *********, ********* нар ирээд 13 тооны адууг аваад явсан. *********ын 6 тооны адуун дээр би өөрийн 7 тооны адууг нэмээд нийт 13 тооны адуу өгч явуулсан.*********гаас адуу мал авч байгаагүй учраас *********гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ. /хх221х/
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч *********гийн хүү ********* нь нэхэмжлэгчийн 21 тооны /хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 1 азарга, 5 даага, 2 шүдлэн гүү, 2 хязаалан байдас, 8 бүдүүн гүү, 3 унага /хх 121х/ адууг гэрч Б.********* 2010 оны 6 сарын үед ********* аймгийн Сайхан сумаас хариуцагч *********тай цуг очиж авч, *********ынд маллуулахаар өгсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* 2016 оны 8 сард *********аас 13 тооны адуу буцааж авсан үйл баримт тогтоогдсон байна.
4.Хариуцагч шүүхэд “…18 тооны адуу надаар маллуулахаар авч ирж өгсөн.Сар бүр 150.000 төгрөгөөр цалинжуулахаар тохирсон” гэж маргадаг боловч зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн болох нь нотлогдоогүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй.
5.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуульд заасан гэрээний харилцаа үүсээгүй, харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3.-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэстэй байна.
5.1. Тодруулбал нэхэмжлэгч *********гийн хүү ********* нь 21 тооны адуугаа маллуулахаар *********ад хүлээлгэн өгсөн, ийнхүү хүлээлгэн өгсөн адуугаа зүслэх, тоолох, бүртгэхээр удаа дараа очиход нь тэрээр “...адуу олдохгүй байна” гэсэн тайлбар хэлж адууг зүслэх, тоолох, бүртгэх ажиллагааг хийгээгүй, хариуцагчийн дээрхи үйлдэл нь хөрөнгө шилжүүлсэн этгээд буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ.
6.*********ын гарын үсэг бүхий 19 адууны төлбөрт 90 ямаа авах боллоо гэсэн утга бүхий бичгийн агуулгаас үзэхэд ********* өөрөө төлнө гэдгээ илэрхийлж бичээгүй, мөн 2-р хавтаст хэргийн 66-р талд авагдсан нотлох баримт нь эх хувь /дэвтэрт бичигдсэнээс/-иас зөрүүтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт нийцсэн байна.
7. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
7.1. Хариуцагч нь “...би өөрийн 7 тооны адууг *********, ********* нарт өгч явуулсан гэж, нэхэмжлэгч “...би *********ын 7 тооны адууг авч яваагүй, өөрийнхөө 13 тооны адууг авч явсан, миний адууг ********* өөрийнхөө тамгаар тамгалсан байсан” гэж маргаж байгаа бөгөөд талуудын хооронд өгч авалцсан адууны нас, зүс, адуу малын төл мал, адуу малнаас идэшинд авч хэрэглэсэн болон бусад байдлаар зарцуулсан адууны тоо ширхэгийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдийн тайлбар, татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
7.2. Нэхэмжлэгч ********* 2011 онд 20 адуу, 2013 онд 27 адуу тоолуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан мал тооллогын бүртгэлийн баримтаар нотлогдсон, хариуцагч нэхэмжлэгчээс 21 тооны адуу хүлээн авснаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа мэдүүлсэн /2хх 121х/, түүнчлэн гэрч *********21 тооны адуу байсныг мэдүүлсэн 2хх 118х/ тул *********ын хүлээн авсан 21 тооны адуунаас *********ын *********аас авсан 13 тооны адууг хасч, үлдэх 8 тооны адууны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
7.3. Нэгэнт 8 тооны адууны зөрүү гарсан, үлдсэн 8 тооны адууны нас, хүйсийг зохигч хэн нь аль баримтаар нотолж чадаагүй, хэн аль нь зөрүүтэй тайлбар гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1.-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй юм.
Иймд хариуцагч *********, түүний өмгөөлөгч Н.Мөнхнарангийн шүүхэд гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.********* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2024/01614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *********, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *********ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА