Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1649

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/00293 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.О , С.А нарт холбогдох

 

Газрыг хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б ,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А ,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.А ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.О , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.О нь хашаандаа ганцаараа бие муутай, олон жил группэд байсан болохоор хашаандаа ханьтай айл буулгая гэж бодож 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д.О , С.А нарыг өөрийн хашаандаа 2 жилийн хугацаатай буулгаж 350 000 төгрөгийг ямар нэг хүүгүйгээр авсан. Түүнээс хойш эднийх 12 жил амьдарч байна. 2004 оноос хойш бид ямар ч төлбөр аваагүй. Өнгөрсөн хугацаанд Д.О , С.А нарт нүүхийг олон удаа хэлэхэд нүүж өгөхгүй иргэн миний өмчид халдаж хашаа тусгаарлаж бариад хойшоо харсан хаалга гаргаж хашаан дотор жорлон нэмж ухсан. Миний бие Д.О , С.А нарын гэр бүлийг 12 жилийн хугацаанд хашаандаа амьдруулсан. Энэ хугацаанд нэг ч төгрөг шаардаагүй. Нүүхийг олон удаа хүссэн боловч үндэслэлгүй өмчийн маргаан үүсгэж өнөөдрийг хүргэлээ. Иймд Д.О ынхыг манай хашаанаас нүүлгэн гаргаж өгнө үү.

Энэ 564 м.кв газрыг “иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 122 тоот захирамжаар өмчилж авсан. Улмаар 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........дугаарт нэг хүний өмчөөр бүртгүүлэн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

Хариуцагч нар худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй. Худалдах худалдан авах гэрээ болон ямар нэг хэлцэл хийгдээгүй. Тэгэж тохирсон зүйл байхгүй. Анх 350 000 төгрөгийг хүүгүйгээр зээлсэн. Уг мөнгийг хашаандаа байлгасны төлбөрт тооцвол хаана нь ч хүрэхгүй. 350 000 төгрөг нь хашаагаа түрээслэсэн бол 2 жилийн төлбөр л болж байгаа. Түрээслэсэн гэж тооцсон ч хаанаа ч хүрэхгүй мөнгө байгаа. Бид хашаанаас нүүхийг удаа дараа шаардаж байсан боловч нүүдэггүй. Иймд шүүхэд хандсан гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Б.О нь 2004 онд хашаа газраа таллаж зарна гэсний дагуу бид очиж уулзан 350 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулан мөнгөө өгч авалцсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн газар очиж бүртгүүлэх гэсэн боловч тэр өдөр дотоод ажилтай гэсэн тул бүртгүүлж амжаагүй. Түүнээс хойш үл хөдлөх дээр очих гэхээр Б.О бичиг баримтаа авчихаад өгөхгүй хамт очихгүй зугатаагаад байсан. Бид тухайн үед газраа худалдаж аваад гэр барьж буусан. Тэр үед хоосон хашаа хямд 300 000-400 000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд түрээсийн хашаа 10-20 000 төгрөгийн үнэтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Б.О-ийн ах нь бэлэглэлийн гэрээ байгуулж өгнө, татвар бага ордог гээд бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бидэнд энэ талаар баримт бичиг үлдээгүй, бүгд Б.О т байгаа. Бид шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нотариат дээр очиж гэрээний нэг хувьд үлдсэн эсэх талаар асуухад нотариатын бичиг баримтыг 10 жил хадгалдаг тул устгалд оруулсан. Одоо ямар ч бичиг баримт байхгүй гэсэн. Бид тухайн үед худалдаж авч байсныг гэрчлэх гэрч байгаа боловч ар гэрийн гачигдалаар хөдөө явсан тул ирэх боломжгүй байгаа. Анх хашааг авахдаа өгсөн 350 000 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан, зээлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч мөн энэ талаар баримт хэрэгт байхгүй байдаг. Бид уг хашаанд 12 жил амьдарч дүүрэг хороондоо бүртгүүлэн өрхийн дэвтэр нээлгэсэн. Тусдаа хаяг 82б гэсэн тоот хашааны дугаар авсан. Анх хашааг авахдаа Д.О ын нэр дээрх........ дүүргийн ...... дугаар хороо .......тоот байшинг 1 300 000 төгрөгөөр тооцон М.Б гэж хүнд зараад уг мөнгөнөөсөө Б.О т 350 000 төгрөгийг өгч газрыг нь таллан худалдаж авсан. Үүнийг гэрчлэх орон сууц бэлэглэлийн гэрээг гаргаж өгсөн. Цаг хугацааны хувьд яг ижил байгааг харж үзнэ үү. Б.О өөрөө бидэнд хашаагаа зарчихаад одоо ингэж хүнийг хөөж гаргах гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Б.О-ийн ах Б.Б биднийг хашаанаас хөөгөөд байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 75.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О , С.А нарыг ....... дүүргийн ........ дүгээр хороо, ....... гудамжны ......тоот хашаанаас албадан нүүлгэхийг хүссэн Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , түүний өмгөөлөгч Ш.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хавтаст хэргийн материалд Б.О-ийн өмчлөлийн газар болох ....... дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан мөн хашааг зарсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй бөгөөд уг байшинг худалдаагүй байхад хариуцагч нар шүүхэд үнэн зөв тайлбар өгөхгүй хууль зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа нүүхийг, хашаа чөлөөлж өгөхийг шаардсан, удаа дараа шаардахад дандаа асуудал ярьж хойшлуулахыг гуйдаг байсан байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д “...шүүх арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно...” гэж заасан байхад хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй гэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж болохгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184\ШШ2016\00293 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.О , С.А нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн газрыг хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдөр газрыг 350 000 төгрөгөөр худалдаж авсан гэж маргажээ.

 

Хариуцагч нар нь ....... дүүргийн ....... дүгээр хороо, ....... гудамжны .......тоотод 2004 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа болох нь тус хорооны Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1109 тоот тодорхойлолт, зохигчдын тайлбараа тогтоогдож байх ба 2004 онд хариуцагч Д.О , С.А нар нь нэхэмжлэгч С.О-т 350 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, буцааж аваагүй гэх үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 38 дугаар тал/

 

Уг мөнгийг нэхэмжлэгч нь хүүгүй зээлсэн, газрын түрээсийн төлбөрт авсан гэж, хариуцагч нь газрыг худалдан авсны төлбөрт шилжүүлсэн гэж, харилцан зөрүүтэй тайлбарлан маргаж байх боловч талууд ямар хэлцэл хийсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 122 тоот захирамжаар ...... дүүргийн ....... дүгээр хороо, .......... гудамжны ........тоотод байршилтай, 571.75 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэхэмжлэгч Б.О т өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн газраас 564 м.кв талбай бүхий газрыг өмчлөх эрхийн ......... тоот гэрчилгээг авч өмчлөгчөөр бүртгэгджээ. Нийслэлийн засаг даргын захирамж, Газар өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн газрын хэмжээ зөрүүтэй, нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээ авахаас өмнө уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

/хэргийн 6-9 дүгээр тал/

 

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь уг газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авахаас өмнө хариуцагч нар нь өөрсдийн оршин сууж буй хаягт амьдарч байжээ.

 

Түүнчлэн зохигчдын иргэний үнэмлэхний хуулбараас үзвэл, нэхэмжлэгч ....... дүүргийн ...... дүгээр хорооны ........ гудамжны ...... тоот, хариуцагч нар тус гудамжны ....... тоотод буюу өөр өөр хаягт оршин суух бүртгэлтэй байх бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн уг 564 м2 газрын аль хэсгийг ямар хэмжээтэйгээр хууль бусаар эзэмшиж байгаа болохыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байна.   

 

Хариуцагч нарт 2004 оноос хойш газар чөлөөлүүлэх тухай шаардлагыг нэхэмжлэгч гаргаж байсан болон Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/00293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , өмгөөлөгч Ш.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                   С.ЭНХТӨР