Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01031

 

А.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00462 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1066 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч А.Г-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “А” ХХК-д холбогдох,

Түрээсийн урамшуулал 2 600 000 төгрөг гаргуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амарсанаа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А.Г- нь “А” ХХК-тай Хан-Уул дүүрэг, Эрчим хүчний 21 дүгээр байр, 10 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөө дахин барилгажуулахаар 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орон сууцны нөхцөл сайжруулах 3 талт гэрээг эрх олгогч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “А” ХХК-ийн захирал Ц.Цэрэндолгор нартай тус тус байгуулсан. Тус гэрээний 4.1.3-т түрээсийн урамшууллыг сард 1 300 000 төгрөгөөр тооцож, олгож байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш түрээсийн урамшууллыг огт олгоогүй тул би шүүхэд хандан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны урамшууллыг олгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй байсан. Харин одоо шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг “А” ХХК нь бүрэн өгсөн.2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш одоог хүртэл урамшууллыг өгөхгүй, орон сууцыг сонгож авах эрхийг олгохгүй байна. Орон сууцыг ашиглалтанд оруулаагүй гэрээний хугацааг хэтрүүлсэн. “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнөх шүүх хуралдаанд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын комисс хүлээн авсан гэж хэлсэн боловч намайг орон сууцыг сонгож авъя гэхэд сонгуулахгүй, шүүхэд хандсан учир шүүхээр шийдвэрлүүл гэж захирал Ц.Цэрэндолгор хэлсэн.Иймд би 2 сарын түрээсийн урамшуулал болох 2 600 000 төгрөгийг, мөн гэрээнд заасны дагуу баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонгуулах эрх буюу Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ-ний 5.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хот байгуулалтын хяналтын албанд хандаж 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/51 тоот албан мэдэгдлээр улсын комисс ажиллуулах тухай хүсэлт өгсөн ба Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний газар хүлээж аваад улсын комисс ажиллуулахаар акт гаргасан. Ингээд улсын комисс барилгыг хүлээж авахаар ажиллаагүй шалтгаан нь УИХ-ын ээлжит сонгууль, Ази номхон далайн орнуудын удирдах түвшний дээд албан тушаалтнуудын чуулга уулзалт, Засгийн газрыг шинээр томилох, түүнтэй холбоотой яам, агентлагийн дарга нар солигдсон учир тамга, тэмдэг шинээр хийлгэсэн гэдэг үндэслэлүүдээр комисс ажиллаж чадаагүй. Нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажиллаж, барилгыг шалган үзэж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2016/403 тоот улсын комиссын акт гарч барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. Уг актад барилгыг 2014 оны 06 дугаар сард барьж эхлээд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусгасан гэж дүгнэсэн. Мөн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 6/51 тоот захиалагч байгууллагын албан мэдэгдлээр шалгасан тухай комиссын актад заасан байгаа. Тэгэхээр 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэж өгсөн, хүлээж авсан гэдгийг хэлсэн.

Нэхэмжлэгч өмнө нь энэ талаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрт заасан 4 333 333 төгрөгийг бүрэн барагдуулж дуусгасан. Мөн талуудын хооронд байгуулсан Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээний 4.1.3 дахь хэсэгт барилга баригдах хугацаанд 1 сарын 1 300 000 төгрөгөөр тооцож урамшуулал олгоно гэж заасан. Тэгэхээр барилга баригдах хугацаа нь улсын комиссын актад дурдагдсан 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцогдож байгаа учраас үүнээс хойшхи төлбөрийг хариуцах үндэслэлгүй юм.А.Г-д 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл буюу илүү 8 хоногийн төлбөрийг төлсөн учир дахин 2 600 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд гаргуулж авна гэж тайлбарласан. Шинээр барьж байгаа барилга нь эхлээд барилгын эскиз зургаа батлуулж, мэргэжлийн хяналтын инженерт дүгнүүлж, улсын комиссоор батлуулсаны дараа барилгын ажил явагддаг. Уг эскиз зургийг жилийн өмнө батлуулсан зураг бөгөөд А.Г- нь манай компаниас мөнгө нэхэмжилж байхдаа байршилтай холбоотой нэг ч гомдол, санал гаргаагүй. Өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт өгч байх үед барилгыг аль хэдийн өөрчлөх боломжгүй болсон, ашиглалтанд орсон байсан. Гэрээний 1.4 дэх хэсэгт орон сууц нь 21 дүгээр байрны 1 давхарт байрлахаар харилцан тохиролцсон. Харин байрны аль хэсэгт гэж тухайлан харилцан тохироогүй.“А” ХХК нь А.Г-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байсан өргөтгөлийг талбайг нь оруулж тооцон 1 300 000 төгрөгөөр, бусад хүмүүсээс харьцангуй өндөр хэмжээгээр тооцон урамшууллыг төлж ирсэн. Бусад захиалагч нарт сарын 600 000 төгрөгөөр тохиролцож байсан. Бид орон сууцны 1 дүгээр давхарт 54 м.кв талбай бүхий орон сууцыг олгохоор шийдвэрлэж хүлээлгэж өгсөн. Гэрээний 5 дугаар зүйлд захиалагчийн эрх үүрэг гэж байгаа бөгөөд А.Г- нь өөрөө бусад захиалагч буюу өмчлөгч нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр сонгоно гэж заасан, үүнийг ч нэхэмжлэгч өөрөө тайлбартаа дурдсан. Энэ 1 дүгээр давхар нь нийтдээ 740 м.кв талбайтай бөгөөд үүнээс 300 м.кв талбайд супермаркет, 140 м.кв талбайд банк, үлдсэн хэсэгт үсчин, нотариат, эмийн сан, А.Г-гийнх гэсэн өмчлөгч нар байгаа. Өөрөөр хэлбэл төв зам руу харсан 3 хаалгатай, үүний 1 хаалганд супермаркет, 1 хаалганд банк, нөгөө хаалганд нь 4 төрлийн үйл ажиллагаа явуулдаг газар бий. А.Г-гийн орон сууцны хаалга нь орц талын хаалга биш бөгөөд төв зам дагуу харсан хаалгаар ордог. Мөн бусад хүмүүс нь сонголтоо хийсэн, өнөөдрийн байдлаар ямар нэгэн маргаан гаргаагүй. 4 өмчлөгч нар адил м.кв-тай байсан бол тохиролцох боломжтой. Одоо хана нурааж, барилгыг өөрчлөх боломжгүй. Харин ингэх бол бусад хүмүүстэй тохиролцох асуудал байх. Тиймээс А.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00462 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 1 256 657 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г-д олгож, нэхэмжлэлээс 1 343 343 төгрөгийн шаардлагыг болон талуудын хооонд байгуулсан 14/29 тоот гэрээний 5.2-т заасан шинээр баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонгуулах үүргээ биелүүлэхийг хариуцагч “А” ХХК-д даалгуулах гэсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 34 709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1066 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00462 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 1 256 657 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А.Г-д олгож, шинээр баригдсан орон сууцнаас тэргүүн ээлжинд сонгуулах талуудын хооронд байгуулсан 14/29 тоот гэрээний 5.2-т заасан үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлээс үлдэх 1 343 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “34 709” гэснийг “104 909” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас авч үзэхэд маргаан бүхий орон сууцны барилгын бусад өмчлөгч этгээдүүдийн эрх, ашиг ноцтойгоор хөндөгдөхөөр байна. Тухайн орон сууц нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2016/403 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын акт”-аар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “А” ХХК-ийн гүйцэтгэсэн 50 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 182 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулж захиалагч нарт бүрэн хүлээлгэж өгсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Учир нь шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдүүдийн буюу тухайн маргаан бүхий объектын нэг давхарт байрлах супермаркет, банк, үсчин, нотариат, эмийн сан зэрэг нэхэмжлэгч А.Г-гээс бусад өмчлөгч нарын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй шийдвэр болжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч А.Г-гийн байршил, талбайг чөлөөтэй сонгох талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу дээрх супермаркет, банк, үсчин, нотариат, эмийн сан зэрэг бусад өмчлөгчийн эрх нь ноцтойгоор зөрчигдөх нөхцөл байдал бүрдээд байна. Учир нь шинээр барьж байгаа барилга нь эхлээд барилгын эскиз зургаа батлуулж, мэргэжлийн хяналтын инженерт дүгнүүлж, улсын комиссоор батлуулсаны дараа барилгын ажил явагддаг. Уг эскиз зургийг нэг жилийн өмнө батлуулсан бөгөөд дахин өөрчлөлт хийх боломжгүй юм. Өөрчлөлт хийх боллоо гэж үзэхэд мөн дээрх өмчлөгч нар нь зөвшөөрөх эсэх асуудал давхар хөндөгдөж байна.Мөн нэхэмжлэгч А.Г- нь өмнө хариуцагч байгууллагаас гэрээнд заасан урамшууллын мөнгө нэхэмжилж байх явцад мөн энэ талаар нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч гаргаагүй байдаг....Нэхэмжлэгчээс “удаа дараа хариуцагч байгууллагын захирал Ц.Цэрэндолгорт хандаж амаар хүсэлт гаргаж байсан гэх, орон сууцны барилгыг ашиглалтад оруулж хүлээн авсаны дараа 2016 оны 10 дугаар сарын 14-нд хариуцагч “А” ХХК-д өөрийн үйл ажиллагаа эрхэлж байсан объектын байрлалд орон сууц авах тухай хүсэлт гаргаж шуудангаар хүргүүлсэн гэх” тайлбарыг гаргаж байснаас харахад нэхэмжлэгч нь маргаан бүхий объектын эскиз зурагтай танилцсан бөгөөд байршлын талаар сонголтоо хийх бүрэн боломжтой байсан болох нь тогтоогдож байна. Мөн талуудын хооронд байгуулсан 14/29 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиалагч нь бусад орон сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонголт хийх эрхтэй” гэж заасны дагуу бусад өмчлөгч нартай харилцан тохиролцсон болон мэдэгдсэн гэх баримт хавтаст хавтаст хэрэгт авагдаагүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн сонголт хийх эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч байгууллагын зүгээс 14/29 тоот гэрээнд заасны дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 21 дүгээр байрны 1 дүгээр давхарт 54 метр квадрат орон сууцны барилгыг захиалагчид шилжүүлж өгнө гэсэн үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Хариуцагч байгууллагын зүгээс гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа тул давж заалдах шатны шүүхийн 1066 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч А.Г- хариуцагч “А” ХХК-д холбогдуулан нөхөн олговор олгох гэрээний үүрэгт 2 600 000 төгрөг, шинээр баригдсан орон сууцны барилгаас орон сууцны сонголт хийх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Засаг дарга, нэхэмжлэгч А.Г-, хариуцагч “А” ХХК-ийн хооронд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ байгуулагдсаны үндсэн дээр зохигчид мөн өдөр “Орон сууцны нөхцөл сайжруулах гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 21 дүгээр байрны 10 тоот ашиглалтын шаардлага хангахгүй болсон 54 мкв хоёр өрөө орон сууцыг буулгаж, дахин барилгажуулахаар тохиролцжээ.

Энэхүү гэрээний дагуу хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэгч А.Г-д сар тутам “түрээсийн урамшуулал” нэрээр 1 300 000 төгрөг олгох үүрэг хүлээсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хариуцагчаас 1 256 657 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигчдын хоорондох гэрээний 5.2.-т “захиалагч нь бусад орон сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас тэргүүн ээлжинд сонголт хийх эрхтэй. Энэхүү сонголтод гүйцэтгэгч ямар нэг байдлаар оролцох эрхгүй” гэж заажээ. Мөн гэрээний 5.3.-т зааснаар “захиалагч нь тэргүүн ээлжинд барилгын урьдчилсан эскиз зурагнаас өөрийн өмчлөх орон сууцны сонголт хийх бөгөөд гүйцэтгэгч нь урьдчилсан эскиз зургийг улсын комиссоор хянуулж баталгаажуулсны дараа батлагдсан эскиз зураг болон сонголт хийсэн эскиз зургийн хооронд орон сууцны талбайн хэмжээнд өөрчлөлт орохоос бусад тохиолдолд ямарваа нэгэн шаардлага гаргах эрхгүй” гэж заасан байна.

Шүүх гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг орон сууцны сонголт хийх эрхтэй гэж үзэн, уг эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангахыг буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчид үүрэг болгосон нь үндэслэлтэй болжээ.

Харин нэхэмжлэгч А.Г- нь ийнхүү сонголт хийхдээ бусад орон сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцох, сонголт хийх бодит бололцоог харгалзах ёстойг тэмдэглэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1066 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.            

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН