Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0526/З |
Дугаар | 221/МА2020/0145 |
Огноо | 2020-02-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2020/0145
Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, Т.З, Т.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 812 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 812 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх”-ийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан мэдүүлэг гаргагч нь мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй, энэ үүргийнхээ дагуу ирүүлсэн нотлох баримтуудад үндэслэсэн, хууль зөрчөөгүй” гэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх гэсэн зарчимтай зөрчилдөж байна. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл тогтоогдсоныг хууль зүйн үндэслэлгүйгээр хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Эрх бүхий этгээдийн шийдвэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлснийг сэргээсэн шийдвэргүйгээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэсэн үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10.”улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно;”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5.”Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Ш.Ц 10А байрны 45 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 46 гэж алдаж бүртгэсэн нь улсын бүртгэл давхардсан зөрчлийг бий болгосон. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан улсын бүртгэл үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэх зарчим, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасан улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглосон заалтыг тус тус зөрчсөн. Шалгалтын илтгэх хуудаст дурдсан зөрчлүүдийг хянан хэлэлцэж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж, дүгнэлт өгөөгүй. Маргаан бүхий акт болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/164 дүгээр тушаалын 2 дахь үндэслэл болох албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдлыг шүүх хянан хэлэлцэж дүгнээгүй. Ш.Ц үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байсан бөгөөд түүний хууль зөрчсөн үйлдэлтэй нь холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/362 дугаар тушаалаар албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан ба 2019 оны Б/362 дугаар тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин хууль тогтоомж зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Ш.Ц нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Дархан-уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий захиргааны актаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/211 дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 5.12, 6.4.1, 10.1, 10.2, 10.6.5 дахь заалтуудыг баримтлан, “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй “Л-и” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эд хөрөнгийг иргэн Д.Б, Б.Д нарт салган бүртгэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин бүртгэсэн нь ажлын хэсгийн санал дүгнэлтээр тогтоогдсон, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ш.Ц-г “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8 “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 39 дүгээр зүйлийн 39.1.3 “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 48 дугаар зүйлийн 48.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 48.1.З “төрийн албанаас халах” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаал дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Тодруулбал, иргэн Д.Б, Б.Д нараас гаргасан гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх зарим үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс дараах зөрчлүүдийг нотлогдсон гэж үзнэ. Үүнд:
1/ Иргэн Б.Д-ий өмчлөлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А байрны 7, 12, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 26, 28, 29, 30, 31, 40, 43, 44, 46, 55, 56, 59, 60, 61, 67, 71 тоот орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2003021859 дугаарт бүртгэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 1/19497 тоот албан бичигт дурдаагүй 55 тоот орон сууцыг бүртгэсэн,
2/ Иргэн Д.Б-ийн өмчлөлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А байрны 2, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, 36, 46, 47, 49, 51, 54, 58, 62, 64, 65, 68, 69 тоот орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 1/19496 тоот албан бичигт дурдаагүй 51 тоот орон сууцыг бүртгэсэн,
3/ Иргэн Б.Д-ий өмчлөлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А байрны 46 тоот орон сууцыг бүртгэсэн атлаа иргэн Б.Болормаагийн өмчлөлд 46 тоотыг давхардуулан бүртгэсэн /залруулга хийж дахин бүртгэхдээ 45 тоотыг 46 гэж бүртгэсэн/
4/ Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс салгаж бүртгэсэн Ү-2003021859, Ү-2003021860, Ү-2003021861, Ү-2003021862 дугаартай эрхийн улсын бүртгэлд иргэн О.Батпүрэвийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн барьцааны гэрээг тус тус тусгаагүй.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.5 “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 19 дүгээр зүйлийн 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” гэж зааснаар улсын бүртгэгч нь эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх үүрэгтэй бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрт заагаагүй түдгэлзүүлсэн эрхийг сэргээж бүртгэсэн, өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн зэрэг нь дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”, 20.1.10 “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг зөрчсөн талаар шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан нь холбогдох хуульд нийцсэн байхад анхан шатны шүүх “залруулах боломжтой зөрчил” гэж хуульд байхгүй нэр томъёо хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу.
Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/19496, 1/19497 тоот албан бичигт дурдсан боловч “Л и” ХХК болон иргэн Б.Д, Д.Б нарын мэдүүлэг болон хүсэлтдээ дурдаагүй 10А байрны 27 болон 3 тоот орон сууцыг тэдний өмчлөлд бүртгээгүй, 22, 45, 53 тоот орон сууцыг “Л и” ХХК-ийн өмчлөлд бүртгээгүй орхигдуулсан зэрэг нь шууд зөрчил гэж үзэх боломжгүй, өмчлөгчийн хүсэл зоригтой хамааралтай болно.
Ийнхүү дээр дурдсан байдлаар зөрчил гаргасан нь тогтоогдсон, нэхэмжлэгч Ш.Ц-д Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар “сануулах”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/362 дугаар тушаалаар “албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл тус тус ногдуулсан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байх тул Ш.Ц-д “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсаныг зөрчлийн шинж байдал, гэм буруугийн хэр хэмжээнд тохироогүй гэж үзэхгүй.
Шүүх гагцхүү хуульд захирагдах зарчимтай билээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдлыг шүүх хянан хэлэлцэж дүгнээгүй” гэх гомдлыг хангаж анхан шатны шүүхий шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.З дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ц-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Дархан-уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ О.НОМУУЛИН