Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 328

 

И.Сайханбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндорж,

шүүгдэгч И.Сайханбаатарын өмгөөлөгч О.Баяраа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 365 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч С.Цэрэндоржийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бичсэн прокурорын эсэргүүцлээр И.Сайханбаатарт холбогдох 2015 2500 01425 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаан гэрийнхэн овогт Ичинхорлоогийн Сайханбаатар, 1986 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ам бүл 5, эх, дүү, хойд эцгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3-21 тоотод оршин суух хаягтай,

2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 8 дугаар сарын 10 өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан уг тогтоолоор оногдуулсан хорих ялд 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял шийтгэгдэж 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД:ФБ86050675/,

И.Сайханбаатар нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр шалгагдаж байхдаа оргон зугатаж өөрийн эхнэр Д.Очирмаагаар батлан даалт гаргуулна гэж хуурч мэхлэн дагуулан явж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар хотхонд байрлах “Лотус” зочид буудлын 205 тоот өрөөнд 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр согтуугаар, өөрийг нь цагдаад барьж өгсөн гэж өс хонзонгийн сэдэлтээр хохирогчийн хоолойг нь боож санаатайгаар алсан,

2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Өнөболдыг хавсарч унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн Самсунг Нөт-1 загварын гар утас, Роекс загварын гар утас зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн,

Урьд нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдал дуусаагүй байхдаа,

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Б.Эрдэнэванаас нийт 6 удаагийн үйлдлээр өөрийгөө Боловсролын яаманд үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж танилцуулан хүүхэд сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 12.800.000 төгрөгийн,

2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Батцэцэгийг ШУТИС-д оруулж өгнө гэж хуурч мэхлэн 3.060.000 төгрөгийг,

2014 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт И.Сайханбаатар нь өөрийгөө Боловсролын яаманд боловсролын үнэлгээний мэргэжилтэн ажилтай гэж танилцуулан Н.Одгэрэлийн нөхөр Тулгын сургуулийг шилжүүлж өгнө гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөгийн,

2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрүүдийн хооронд М.Туяацэцэгийн хүүхдийг Цагдаагийн академид оруулж өгнө гэж хууран мэхлэж 5 удаагийн үйлдлээр 4.610.000 төгрөгийг,

2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт Э.Энхдөлгөөнийг ШУТИС-н барилгын инженерийн ангид оруулж өгнө гэж хууран мэхлэж 1.200.000 төгрөгийн,

2014    оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар
хороонд М.Гандолгорыг Хууль сахиулах их сургуульд оруулж өгнө хуурч мэхлэн
1.550.000 төгрөгийн,

2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт Ж.Одончимэгээс Самсунг Нөт-3 загварын гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч мэхлэн авч 400.000 төгрөгийн,

2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт хохирогч Г.Гантуяагийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Айфоне-6, 5 с, Самсунг Галакси Эс-2 загварын гар утаснууд болон бэлнээр 220.000 төгрөгийг хуурч мэхлэн авч нийт 890.000 төгрөгийн,

2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт Б.Болдбаатараас Асер загварын ЛСД 19 инчийн дэлгэцтэй иж бүрэн 56 ширхэг компьютерийг зарж өгнө гэж итгэл төрүүлэх замаар авч 19.600.000 төгрөгийн,

2014 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт Б.Анхзаяад диплом гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 3.500.000 төгрөгийн,

2014 оны 6 дугаар сарын 3-нд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт Б.Тамирыг ТИС-н диплом гаргаж өгнө хуурч мэхлэн 3.500.000 төгрөгийн,

2013 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт Б.Жигмэдэд диплом гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 3.000.000 төгрөгийг авч, нийт 12 удаагийн давтан үйлдлээр бусдад 56.110.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: И.Сайханбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 365 дугаартай шүүгчийн захирамждаа:

Шүүх эрүүгийн 2015 2500 01425  дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзэв. Үүнд: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны 313 дугаартай магадлалд заасан ажиллагаа гүйцэт хийгдээгүй,

Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 329 дүгээр зүйлийн 329.1 дэх хэсгийн шүүхийн тогтоолыг байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн байна.

Магадлалд заасан таксины жолооч н.Баяраа, мөн н.Оюунгэрэл гэх хүнийг олж гэрчээр мэдүүлэг авах гэж заасан байхад аваагүй байна.

2015    оны 2 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч а/х Б.Ууганбаяр, цагдаагийн жолооч а/а А.Энхбаяр
нар нь И.Сайханбаатарыг хүлээн авч Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс
рүү авч явах замдаа Цагдаагийн албаны тухай, Цагдаагийн байгууллагын үйл
ажиллагааны дүрэм, журам, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудын чухам аль заалтуудыг зөрчсөнийг нарийвчлан тогтоогоогүй, энэ тухай үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөөгүй атлаа Б.Ууганбаярт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Баянзүрх дүүргийн прокурорын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаар тогтоол хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэсэн байхад зохих ажиллагааг хийгээгүй байна.

Яллагдагч А.Энхбаярт холбогдох хэргийг “И.Сайханбаатарын бусдыг алсан гэмт хэрэгтэй нэгтгэн түүний гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр байхад түүний үйлдлийг И.Сайханбаатарт холбогдох хэргээс салгаж “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хууль”-д хамруулан хэргийг шууд хэрэгсэхгүй болгосон нь тэдгээр хуулийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзнэ” гэж заасан байгааг анхаарааргүй байна.

И.Сайханбаатар нь Г.Төгөлдөрөөс /гар утас 94888819/ диплом гаргаж өгнө гэж 2.500.000 төгрөг, н.Гандолгорын хамаатны ах Сумьяад /гар утасны дугаар 99001165/ диплом гаргаж өгнө гэж 3.000.000 төгрөг, Cap шинэ байгуулагаас И.Сайханбаатарын найз н.Мөнхнасангаар дамжуулж “Тесла кар” гэх компаний бичиг баримт бүрдүүлж 3.000.000 төгрөг авч байсан, эдгээр асуудлыг үнэн зөв шалгавал н.Оюунгэрэлийг олох боломж байсаар байтал мөрдөн байцаагч ажиллагаа хийж өгөхгүй байна гэж удаа дараа гомдол гаргаж байгааг анхаарч шалгаж, хамт бусдыг залилсан гэх үйлдэлд н.Оюунгэрэл оролцсон эсэхийг шалгаж, диплом гарчихсан олон байгаа эдгээр хүмүүсийг өөрөө гаргаж өгөх учир шалгавал н.Оюунгэрэл тогтоогдоно гээд асуудал тавиад байгааг анхаарч шалган хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд И.Сайханбаатарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлүүдийг хэргийн хамт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэг прокурорт очтол И.Сайханбаатарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор  С.Цэрэндорж  бичсэн  эсэргүүцэл  болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Магадлалд заасан таксины жолооч н.Баяраа, мөн н.Оюунгэрэл гэх хүнийг олж гэрчээр мэдүүлэг авах гэж заасан байхад аваагүй байна гэжээ ...

Эрүүгийн 2015 2500 001425 дугаартай хэрэгт яллагдагч И.Сайханбаатар мэдүүлэхдээ “...н.Баяраа. н.Оюунгэрэл гэх хүмүүсийн овог, нэр, хаягийг тодорхой мэдүүлдэггүй бөгөөд хэрэв н.Оюунгэрэл гэх хүнд мөнгийг өгсөн тодорхой баримт байдаггүй. Түүний өгсөн мэдээллийн дагуу О.Оюунгэрэл, Ш.Туяа нараас гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Мөн Г.Анхбаяраар дамжуулан н.Оюунгэрэлийг олох боломжтой гэсэн боловч 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 05/259 тоот гадаадын иргэн харьяатын газрын албан бичгээр Ганболдын Анхбаяр /РД:ДО90031303/ Е-1289340 гадаад паспортаар 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Буянт-Ухаа боомтоор Улаанбаатар Токиогийн ОМ-501 дүгээр аяллын онгоцоор хилээр гарсан гэж бүртгэгдсэн байна.

Дээрх хүмүүс нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой бус учир хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

2015    оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2
дугаар хэлтэсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Ууганбаяр, цагдаагийн
жолооч цагдаагийн ахлах ахлагч А.Энхбаяр нар нь И.Сайханбаатарыг хүлээн авч
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явах замдаа Цагдаагийн албаны
тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны дүрэм журам, Гэрч хохирогчийг
хамгаалах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудын чухам аль
заалтуудыг зөрчсөнийг нарийвчлан тогтоогоогүй, энэ тухай үндэслэл бүхий хууль
зүйн дүгнэлт өгөөгүй атлаа Б.Ууганбаярт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Баянзүрх дүүргийн прокурорын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаар тогтоол хэргийн
жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэсэн байхад зохих ажиллагааг хийгээгүй
байна.

Яллагдагч А.Энхбаярт холбогдох хэргийг И.Сайханбаатарын бусдыг алсан гэмт хэрэгтэй нэгтгэн түүний гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр байхад түүний үйлдлийг И.Сайханбаатарт холбогдох хэргээс салгаж “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хууль”-д хамруулан хэргийг шууд хэрэгсэхгүй болгосон нь тэдгээр хуулийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзнэ гэж заасан байгааг анхаараагүй байна гэжээ.

Яллагдагч Б.Ууганбаярт холбогдох үйлдлийг 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, яллагдагч А.Энхбаярт холбогдох үйлдлийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-д заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Гэвч 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 313 дугаартай магадлалын дагуу дээрх хэрэгсэхгүй болгосныг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 53, 54 дугаартай дээд шатны прокурорын тогтоолоор дээрх тогтоолуудыг хүчингүй болгож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Эрүүгийн 2015 2500 01425 дугаартай хэрэгт эрүүгийн 2015 2501 2536 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр эрүүгийн хэргийг нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.

Тус хэрэгт талийгаач Д.Очирмаагийн амь нас хохирсон “хүнд хор уршиг учрах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн Цагдаагийн ажилтнуудын бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхдээ ажил олгох заалтыг иргэний хариуцагчаар татан оролцуулах талаарх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг шүүхээс хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэсний дагуу Цагдаагийн Ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбатыг тус хэрэгт иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авсан.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч А.Энхбаяр. мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяр нар “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын 235.4.2, 226.6.8, 222.6.14 дэх заалтуудыг зөрчиж албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учирсан болох тогтоогдсон гэж үзсэн ба яллагдагч Б.Ууганбаяр, А.Энхбаяр нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 41а дугаартай прокурорын тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хууль-“ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу “Эрүүгийн байцаан шийтгэх хууль” болон “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./7хх 23-24/,

Яллагдагч Б Ууганбаяр, А.Энхбаяр нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй, гэм буруугийн асуудлыг заавал шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлгүй гэж үзсэн.

И.Сайханбаатар нь Г.Төгөлдөрөөс /гар утас 94888819/ диплом гаргаж өгнө гэж 2.500.000 төгрөг, н.Гандолгорын хамаатны ах Сумьяад /гар утасны дугаар 99001165/ диплом гаргаж өгнө гэж 3.000.000 төгрөг, cap шинэ байгууллагаас И.Сайханбаатарын найз н.Мөнхнасангаар дамжуулж “Тесла кар” гэх компаний бичиг баримт бүрдүүлж 3.000.000 төгрөг авч байсан. Эдгээр асуудлыг үнэн зөв шалгавал н.Оюунгэрэлийг олох боломж байсаар байтал мөрдөн байцаагч ажиллагаа хийж өгөхгүй байна гэж удаа дараа гомдол гаргаж байгааг анхаарч шалгаж, хамт бусдыг залилсан гэх үйлдэлд н.Оюунгэрэл оролцсон эсэхийг шалгаж, диплом гарчихсан олон байгаа эдгээр хүмүүсийг өөрөө гаргаж өгөх учир шалгавал н.Оюунгэрэл тогтоогдоно гээд байгааг анхаарч шалгах гэжээ.

Эрүүгийн 2015 2500 01425 дугаартай хэрэгт яллагдагч И.Сайханбаатар нь мөрдөн байцаалт, прокурор, болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Төгөлдөр, Сумъяа, н.Мөнхнасан гэх хүмүүсийн талаар огт мэдүүлж байгаагүй бөгөөд одоо шинээр ийм хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй зүйлийг дурдаж хэргийг шийдвэрлүүлэхгүй байгааг анхаарч үзнэ үү.

Мөн яллагдагч И.Сайханбаатар “...Оюунгэрэл гэж хэн юм бэ? Энэ хүнийг яаж олох бэ? гэхэд “Оюунгэрэлтэй зараар танилцсан, би тэрийг одоо хаана ажилладаг, яг жинхэнэ нэр нь Оюунгэрэл мөн эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг “...Оюунгэрэлийг “Cap шинэ” ББСБ-ын ажилтан Анхбаяраас мэдэж болно. Өөрөөр олох арга байхгүй. Энэ Анхбаяр найз нь юм. Би Оюунгэрэлийн гэрийг нь мэдэхгүй, нэрийг нь яг Оюунгэрэл гэдэг байсан гэхдээ би бичиг баримтыг үзээгүй. Оюунгэрэл хаана ажилладагийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт залилан мэхлүүлсэн 12 нэр бүхий хохирогчдоос “Оюунгэрэл гэх хүн цуг явсан” талаар огт мэдүүлж байгаагүй, бүлэглэн залилан мэхлэж оролцсон талаар хохирогч нараас огт мэдүүлдэггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн нотлох баримтын хүрээн дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 365 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Шүүгдэгч И.Сайханбаатарын өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 365 дугаар шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Уг эрүүгийн хэрэг 2 жил 4 сарын хугацаанд шалгагдаж байна. Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж хэргийн бүрдэл хангагдаагүй гэсэн үндэслэлээр буцсан. Түүнээс хойш 6 сарын дараа анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өмнө заасан ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр хэргийг мөн л буцаасан. Сүүлд хэргийг буцаасны дараа мөрдөн байцаагч хэргийн талаар тодорхой ажиллагаа хийсэн. Үүнээс өмнө хяналт тавьсан прокурор болон мөрдөн байцаагч хэргийг шалгаж шийдвэрлэх талаар хариуцлагагүй хандсан учраас хэрэг удааширсан гэж үзэж байна. Прокурорын байгууллага ажилдаа хэрхэн ханддаг болох нь харагдаж байна. Өмгөөлөгч бидний зүгээс хэргийг удаашруулах зорилго байгаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж талийгаачийг үхэлд хүргэхээс өмнө уулзсан хүмүүсийн гэрчийн мэдүүлгийн зөрүүг арилгах байсан. Энэ мэдүүлгийн зөрүүг гаргахад талийгаачийг өс хонзонгийн сэдэлтээр алсан гэх зүйл тогтоогдоогүй учраас мөрдөн байцаагч зүйл ангийг өөрчилөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг прокурорт шилжүүлсэн. Прокуророос хэргийг шүүх рүү шилжүүлэх өдрөө ялыг өөрчилж сонсгоод шүүх рүү шилжүүлсэн. Энэ талаар шүүгдэгчид хэлээгүй. И.Сайханбаатар үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй байдаг. Өмгөөлөгч миний биеийг мөн оролцуулаагүй. давж заалдах шатны шүүх 2016 оны магадлалдаа Баяраа, Оюунгэрэл нарыг зайлшгүй олж байцаах шаардлагатай гэсэн байдаг. Мөрдөн байцаагч И.Сайханбаатарт ял өөрчилж сонсгохдоо Баяраа, Оюунгэрэл нар хаана байдаг талаар заалгана гэж хэлсэн атлаа ял хөнгөрч байгаа учраас Баяраа, Оюунгэрэл нарт гомдол, санал гаргах шаардлагагүй гэсэн байдаг. Баяраагийн хувьд Цайз захын арын буудалд очоод Баяраа гэх жолоочийг асуухад бүгд мэддэг. Сайханбаатар өөрөө очвол олно гээд өмнө өгсөн байцаалтууддаа мөн хэлсэн байдаг. Оюунгэрэлийн оршин суугаа хаяг болон өмссөн хувцасыг тодорхой хэлдэг. Мөн Оюунгэрэлээр дамжуулан диплом гаргуулсан хүмүүс байдаг. Түүнээс хэрэгт авагдсан баримтаар Анхзаяа гэх хүнийг Анхтуяа гэсэн нэрээр ШУТИС-ийн дипломыг 3.500.000 төгрөгөөр 2004 оны 6 дугаар сард авсан байдаг. Нэрний арын 4 үсэг зөрснөөс бусад нь тохирч байгаа учраас хохирогч мөнгөө нэхэмжлэхгүй гэсэн байдаг. Ийм учраас энэ дипломыг хэн гаргуулсан талаар лавлагаа авч Оюунгэрэлийг олох боломжтой байсан. Үүнийг урьд өгсөн байцаалтдаа хэлсэн боловч шалгаагүй байдаг. Хэрэг шүүх рүү шилжихээс өмнө И.Сайханбаатар өөр бусад хүмүүсээс эд зүйлс авсан, Оюунгэрэлийг олох боломжтой талаар хэлдэг. Баянзүрх дүүргийн прокурор Алтангэрэлд 3 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт бичсэн. Хүсэлтдээ “Г.Төгөлдөрөөс диплом гаргаж өгнө гэж 2.500.000 төгрөг, н.Гандолгорын хамаатны ах Сумьяад диплом гаргаж өгнө гэж 3.000.000 төгрөг, Сap шинэ байгууллагаас И.Сайханбаатарын найз Мөнхнасангаар дамжуулж “Тесла кар” гэх компаний бичиг баримт бүрдүүлж 3.000.000 төгрөг авч байсан”. Сар шинэ байгууллагаас лавлагааг гаргуулвал Оюунгэрэл гэж хэн болохыг тогтоож болох байсан. Ийм учраас шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тул дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тогтоон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Миний охины амь нас хохироод 2 жил 5 сарын хугацаа өнгөрч байна. Хохирогчийн ар гэр болон хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэрэгт их хүлээцтэй хандлаа. Шүүгдэгчийн гаргасан саналыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг шудрагаар, эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. И.Сайханбаатарын зүгээс байцаалт өгөх бүртээ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн гэх боловч дутуу ярьж, хий хоосон хүний нэр хэлж шалгуулах хүсэлт гаргадаг. Өнөөдрийн шүүх хуралдаанаас хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа гэхэд дахин өөр хүнийг шалгуулах хүсэлт гаргах учраас хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. И.Сайханбаатар өш хонзонгийн сэдэлтээр алаагүй гэсэн боловч шинжээчийн дүгнэлт болон өөрийн хийсэн үйлдлүүдээр нотлогдож байгаа. Шүүгдэгч цагдан хорих ангиас гараад талийгаач руу очдог. Батлан даалтад гарах боллоо гэж худлаа хэлж гэрээс нь гаргасан. Миний охин хэсэг хугацаанд ханилсан хань, үр хүүхдийг нь төрүүлсэн учраас ална гэж бодоогүй итгээд туслах гэж хамт гарсан. Миний охин буудалд архи уугаад, хүн дагаж явах хүн биш. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308  дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зөвхөн прокурорын давж заалдсан эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны 313 дугаартай магадлалын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа зохих ёсоор хийгдсэн, Нийслэлийн шүүхийн магадал, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр И.Сайханбаатарт холбогдох хэргийг цаашид нэмэлт мөрдөн байцаалтад буцаах  шаардлагагүй байна гэж үзэв. Үүнд:

1.И.Сайханбаатар нь н.Баяраа, н.Оюунгэрэл нарын овог, нэр, хаягийг тодорхой мэдүүлдэггүй бөгөөд н.Оюунгэрэл гэх хүнд мөнгийг өгсөн гэх тодорхой баримт тогтоогдоогүй байна. Түүний өгсөн мэдээллийн дагуу О.Оюунгэрэл, Ш.Туяа нараас гэрчээр мэдүүлэг авсан боловч үр дүн гараагүй байна.

Нөгөөтэйгүүр, мөрдөн байцаалтад И.Сайханбаатарын: “...Би Оюунгэрэл гэж эмэгтэйд мөнгө төгрөг өгч байгаагүй, өмнө нь би буруу ярисан, …түүнтэй уулзаж байсан, тэгэхдээ бичиг баримтыг нь үзэж харж байгаагүй, ямар нэг гэрээ байгуулж байгаагүй. Нэрийг нь Оюунгэрэл гэдэг гэж өөрөө л хэлсэн болохоос би мэдэхгүй байна. ... “Сар шинэ” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан, тэгэхэд би өөрөө л материалаа бүрдүүлээд авсан, Оюунгэрэл туслаагүй. Би худлаа ярисан юм. … Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлын тооцоотой танилцсан, тооцоог хүлээн зөвшөөрч байна...” /7хх-170/ гэсэн мэдүүлснээс үзэхэд түүний энэ талаар өгсөн хүсэлт, мэдүүлгүүд үндэслэл муутай болох нь нэгэнт тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

2.Яллагдагч Б.Ууганбаярт холбогдох хэргийг прокурорын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаар тогтоол /5хх-223/-оор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, яллагдагч А.Энхбаярт холбогдох хэргийг прокурорын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар тогтоол /5хх-221/-оор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 313 дугаартай магадлалд заасны дагуу дээд шатны прокурорын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 53, 54 дугаартай тогтоолууд /5 хх-236-237/-аар хүчингүй болгож, 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр И.Сайханбаатарт холбогдох эрүүгийн 2015 2500 01425 дугаартай хэрэгт 2015 2501 2536 дугаартай а/х Б.Ууганбаяр, а/а А.Энхбаяр нарт холбогдох хэргийг нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, уг магадлалын “талийгаач Д.Очирмаагийн амь нас хохирсон хүнд хор уршиг учрах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн цагдаагийн ажилтнуудын бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхдээ ажил олгогч байгууллагыг иргэний хариуцагчаар татан оролцуулах тухай” заалтыг хангахдаа Цагдаагийн Ерөнхий газрыг төлөөлүүлж, хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбатыг татаж мэдүүлэг авсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг шүүхээс хэрэгжүүлэх боломжийг хангасан гэж үзнэ. Мөрдөн байцаагч тогтоол /5хх-247/-доо иргэний хариуцагчаар ЦЕГ-ыг татахын оронд тус газрын хуулийн ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбатыг татан оролцуулсан нь зөрчилтэй гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу “Иргэний хариуцагчаар татах тухай … шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасны дагуу зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч А.Энхбаяр, мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяр нар “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын 235.4.2, 226.6.8, 222.6.14 дэх заалтуудыг зөрчиж албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учруулсан болох нь тогтоогдсон ба яллагдагч Б.Ууганбаяр, А.Энхбаяр нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх  үндэслэлээр прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 41а дугаартай тогтоол /7хх -23/-оор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хууль-“ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Б.Ууганбаяр, А.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 2015 2501 2536 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

3. Шүүгчийн захирамжийн “И.Сайханбаатар нь Г.Төгөлдөрөөс /гар утас 94888819/ диплом гаргаж өгнө гэж 2.500.000 төгрөг, н.Гандолгорын хамаатны ах Сумьяад /гар утасны дугаар 99001165/ диплом гаргаж өгнө гэж 3.000.000 төгрөг, “Сap шинэ” банк бус санхүүгийн байгууллагаас И.Сайханбаатарын найз н.Мөнхнасангаар дамжуулж “Тесла кар” гэх компаний бичиг баримт бүрдүүлж 3.000.000 төгрөг авч байсан. Эдгээр асуудлыг үнэн зөв шалгавал н.Оюунгэрэлийг олох боломж байсаар байтал мөрдөн байцаагч ажиллагаа хийж өгөхгүй байна гэж удаа дараа гомдол гаргаж байгааг анхаарч, .. бусдыг залилсан гэх үйлдэлд н.Оюунгэрэл оролцсон эсэхийг … шалгавал н.Оюунгэрэл тогтоогдоно гэж байгааг анхаарч шалгах ...”  гэснийг  хангах үндэслэлгүй байна. 

Учир нь, яллагдагч И.Сайханбаатар нь залилангийн хэрэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2015 2500 01546 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэгдсэн /2хх-99/-ээс хойшхи энэ тухай хүсэлт ирүүлсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх 2 жил 2 сарын хугацаанд мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн хэлэлцүүлэгт Г.Төгөлдөр, н.Сумъяа, н.Мөнхнасан гэх хүмүүсийн талаар огт мэдүүлж байгаагүй, шинээр ийм хүсэлт гаргаж байгааг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, яллагдагч И.Сайханбаатарын “...Оюунгэрэл гэж хэн юм бэ? Энэ хүнийг яаж олох бэ? гэхэд “Оюунгэрэлтэй зараар танилцсан, би тэрийг одоо хаана ажилладаг, яг жинхэнэ нэр нь Оюунгэрэл мөн эсэхийг мэдэхгүй байна...” гэж,  “...Оюунгэрэлийг “Cap шинэ” ББСБ-ын ажилтан Анхбаяраас мэдэж болно. Өөрөөр олох арга байхгүй. Энэ Анхбаяр найз нь юм. Би Оюунгэрэлийн гэрийг мэдэхгүй, нэрийг нь яг Оюунгэрэл гэдэг байсан гэхдээ би бичиг баримтыг үзээгүй. Оюунгэрэл хаана ажилладагийг нь мэдэхгүй...” гэж мэдүүлсэн болон залилан мэхлүүлсэн 12 нэр бүхий хохирогч “Оюунгэрэл гэх хүн цуг явсан” талаар огт мэдүүлээгүй зэргээс үзэхэд түүний дээрх хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж зааснаар И.Сайханбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, цугларсан нотлох баримтуудад үндэслэн, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, дээрх үндэслэлүүдээр 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 365 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.