Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 0009

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

улсын яллагч: М.Хэрлэнчимэг

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Д.Саранчимэг

хохирогч: А.Болортуяа

түүний өмгөөлөгч П.Итгэл

шүүгдэгч: Д.Цамбалхүндэв нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Халх овогт Доржийн Цамбалхүндэвт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201625014154 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Халх овогт Доржийн Цамбалхүндэв, 1986 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд  төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, эхнэр, 2-3 насны 3 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо  Монелын 24 дүгээр гудамжны 186 тоотод оршин суудаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн эцсийн Хараа-2 хүнсний 8 нэрийн дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:ВТ86100412,

Холбогдсон хэргийн талаар:

          Д.Цамбалхүндэв нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудлын орчимд эхнэр А.Болортуяаг бусадтай хардан гараараа нүүр хүзүү рүү нь зодож  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч Д.Цамбалхүндэв  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би эхнэртэйгээ муудалцсан. Тухайн өдрөөс өмнө эхнэрийн утас дээр дуудлага ирсэн байсан. Би тэр дугаар руу нь залгахад 1 залуу авсан болохоор бага зэрэг уурлаад өнгөрсөн. Хэрэг гардаг өдөр би эхнэрээ машин угаалгаад ир гэж явуулсан. Тухайн өдөр удаад байсан болохоор нь маргалдсан. Тэгээд бид 2 машин дотор явж байхдаа маргалдаад зодолдсон. Би эхнэрээ зодно ч гэж бодоогүй. Тэгээд би гараараа цохиход осол гаргах шахсан. Тэгээд эхнэр рүүгээ харахад эхнэрийн амнаас цус гарсан байсан. Тэгээд би сандраад хайрыгаа уучлаарай гэж уучлалт гуйсан. Маргааш нь манай эхнэрийн эгч нь энэ өргөдлийг гаргасан байсан гэв.

        Хохирогч А.Болортуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8 цагийн үед би машин угаалгаад ирэхэд ямар уддаг юм чи гэж хэлсэн. Тэгээд би машин угаалгын газарт их дугаарлаж зогссон талаараа хэлэхэд шүүгдэгч чи хүнтэй марзагнаж, сээтэгнээд гэж хэлсэн. Тэгээд бид нар машиндаа суугаад явж байхдаа маргалдаад би эхэлж шүүгдэгчийг баруун гараараа цохисон. Шүүгдэгчид дургүй хүрээд намайг элдвээр хэлээд байхаар нь би цохисон. Эргүүлээд хацар руу самардсан байсан. Гараараа ам хүзүү рүү цохисон. Өмнө нь цохиод хамар муруйлгасан. Одоо гомдолгүй. Би шүүгдэгчтэй үр хүүхдийнхээ төлөө эвлэрлийн гэрээ байгуулсан. Би эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Шүүгдэгч сайн дураараа энэ эмчилгээний хохирлыг өгсөн гэв.

      Шүүгдэгч Д.Цамбалхүндэв хэрэг бүртгэлтэд  мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17.00 цагийн үед эхнэр автомашин угаалгахаар угаалгын газар луу ганцаараа явж би дэлгүүртээ үлдээд 2 цагийн дараа эхнэрлүүгээ залгахад эхнэр угаалгын газарт байна машин угааж дуусаагүй байна гэхээр нь удалгүй байж байгаад дахиад залгатал эхнэр утсаа авахгүй байсан. Тэгээд дахиад залгатал утсаа авахаар нь юугаа хийгээд удаад байгаа юм бэ ямар удаан машинаа угаалгадаг юм гэхэд угаагч нь удаад байгаа юм чинь яах юм гэсэн. Тэгээд 20.20 цагийн үед иэрэхээр нь би чи яасан удаан угаалгадаг юм гэхэд угаагч нь удаад байсан гэж хэлсэн. Тэгсэн чинь угаалгын газарт савтай ус, махаа мартсан байна гээд буцаад явах гэхээр нь би аваад ирий гээд явсан. Угаалгын газарт очоод би угаагч залууг яасан удаан машин угаадаг юм гэж хэлчихээд ус, махаа аваад дэлгүүртээ ирээд эхнэр Болортуяаг аваад гэртээ харихаар явсан. Бид хоёр машин дотор уг асуудлаас болж маргалдаад эхнэр Болортуяа миний ам руу гараараа цохиж, зүүн мэдрэл орчим маажихаар нь би уурандаа зөрүүлэн маажаад хүзүү билүү мөр рүү нь нэг удаа цохисон. Бид хоёр харилцан зодолдож явсан. Өмнө нь бид хоёр мөн маргалдаад би гараараа түүний нүүрэн тус газар цохиж хэрэг үүсгээд бид эвлэрээд дуусаж байсан юм бий гэжээ. /хх-ийн 08/

    Хохирогч  А.Болортуяа  хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: Би нөхөртэйгээ 2012 онд танилцаад сууж одоо 3 хүүхэдтэй. 2014 оноос хойш миний биед гар хүрдэг болсон. Ер нь бол асуудал гарах болгонд намайг зоддог. 2015 оны 12 дугаар сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 24-538 тоотод орших гэртээ байхад нөхөр Цамбалхүндэв миний хамран тус газар гараараа цохиж зодож галын дэгээ төмрөөр баруун ташаа, зүүн гарын шууруу цохиж зодсоноос болоод би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл нөхөр маань дахиж зодохгүй намайг уучлаач гэсний дагуу бид эвлэрээд гомдлоо буцаан авч байсан. Ер нь намайг хардаад олон удаа зодож байсан. Хамгийн  сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 18.00 цагийн үед автомашинаа угаалганд өгөөд угаалгачихаад ажил дээрээ иртэл нөхөр Цамбалхүндэв ямар удаан машинаа угаалгадаг юм бэ би чам руу залгахад чи сүүлийн дуудлагыг авч өмнөх дуудлагыг аваагүй чи угаалгын газрын залуучуудтай марзагнаж, сээтэгнэлээ гээд уурласан. Тэгээд машины арын багажинд байсан ус яасан бэ гэж асуухаар нь угаалгын газарт л орхисон юм шиг байна гэхэд машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд буцаж ирээд намайг аваад гэртээ харих замдаа бид хоёр маргалдаад манай нөхөр намайг цохиж зодсон. Би энэ тухай эгч Болорцэцэгт хэлээд эгч маань өргөдөл гаргасан юм гэжээ. /хх-н 16-22/

       2016.11-16-ны өдөр А.Болортуяагийн эгч А.Болорцэцэгийн  Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдлийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна /хх-н 1-4/

        А.Болортуяа, Д.Цамбалхүндэв нараас асууж авсан тайлбарууд /хх-н 5-8/

       Д.Цамбалхүндэвийн захиргааны зөрчил гаргаж байсан талаарх баримтууд /хх-н 9-14/

          Гэрч А.Мөнхдөл хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 1996 онд манайх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд амьдарч байхад манай хажууд айл бууж саахалт болсон айлын хүүхэд болох Цамбалхүндэвтэй 11 наснаасаа эхлээд найзалж байна. Цамбалхүндэв бол архи тамхи хэрэглэдэггүй, ажилдаа сайн, гэр бүлдээ анхаарал халамжтай залуу ба найз нөхөддөө тусархаг. 2015 оны 2 дугаар сард намайг Цамбалхүндэвийнд очиход хоёр ихэр хүүхэд нь төрөөд удаагүй ханиад хүрчихсэн маш зут руу байсан. Гэтэл эхнэр нь байхгүй болохоор нь асуухад төрсөн өдөрт явсан гэж байсан. Тэгээд би хоёр хүүхэд нь ханиад хүрээд зутруу байхад ямар юмных нь төрсөн өдөр гэж бодож л байсан. 2015 онд нэг удаа надад эхнэртэйгээ маргалдсан гэж ярьж байсан гэжээ. хх-н 23-24/

          Гэрч Д.Сувдмаа  хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: Би 4 хүүхэдтэй ба Цамбалхүндэв миний хамгийн том хүүхэд юм. 2012 онд Болортуяа гэдэг хүүхэнтэй танилцаад хамтран амьдарч байгаад 2013 онд нэг охинтой болж 2014 онд 2 ихэр хүүхэдтэй болсон. Тэгээд гэрлэлтээ батлуулаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 24-286 тоотод тусдаа амьдрах болсон. Манай хүү Болортуяатай манай гэрт 2 жил амьдрахдаа янз бүрийн хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Тусдаа гарсанаас хойш нэг удаа маргаан болсон талаар сонссон. Миний хүү бол архи тамхи хэрэглэдэггүй, ажилд сайн, ар гэртээ халамжтай, өөртөө байшин барьж суусан, мөн 2 дүүдээ байшин барьж өгсөн гэжээ.  /хх-н 25-26/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 27/

          Компьютер томографийн шинжилгээ /хх-н 28/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 15760 тоот акт  дүгнэлтэд:

            1.А.Болортуяагийн биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, доод уруулд язралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 29/

           Оролцогч нарт шинжилгээ хийх тогтоол, шүүх эмнэлэгийн гаргасан дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл/ хх-н 30/,

          Д.Цамбалхүндэвийг гадагш явж болохгүй баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 31/

          Д.Цамбалхүндэвийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд /хх-н 32-39/,

          Д.Цамбалхүндэвийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 40-41/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 43/ зэрэг болно.

           Д.Цамбалхүндэв нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны орой 20.00 цагийн үед  Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн хуучин эцсийн автобусны буудлын орчимд машин дотроо эхнэр А.Болортуяаг машин удаан угаалгаж ирлээ, утасдахад эхний дуудлагыг авсангүй гэж бусадтай хардан гараараа нүүр хүзүү рүү зодож  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

       Д.Цамбалхүндэвт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байна.

       Шүүгдэгч нь хохирогч А.Болортуяад 1.000.000 төгрөг, 8х8 хэмжээтэй байшингаа өгөх, 500.000 төгрөгийн үнэтэй гар утас зэргээ өгч хохиролгүй болгосон, одоо хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн нь хуульд харшлахгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цамбалхүндэвт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөж болно гэсэн үндэслэлээр Д.Цамбалхүндэвийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

          Д.Цамбалхүндэв нь  урьд ял шийтгэгдэж байгаагүйг  хавтаст хэргийн  43 дугаар талд авагдсан цагдаагийн байгууллагаас гаргуулсан  лавлагаагаар тогтоогдож байгаа учраас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Д.Цамбалхүндэв нь  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдах нь зүйтэй

Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй байна.

Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Халх овогт Доржийн Цамбалхүндэвийг  бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Д.Цамбалхүндэвт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3  дах хэсэгт заасан хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр Д.Цамбалхүндэвт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Д.Цамбалхүндэвийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Д.Цамбалхүндэв нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

4.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

5.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Цамбалхүндэвт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН