Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01285

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00851 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1293 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК болон “Э” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9 208 031,25 ам.доллар буюу 18 366 707 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батчулууны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, Н.Мандах, нарийн бичгийн даргаар С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан 4 962 500 ам.долларыг жилийн 9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дахь хэсгээр зээлийг эргэн төлөх хугацааг тохирсон. Хариуцагч “Э” ХХК нь зээлийн төлбөрөөс 2 000 000 ам.доллар болон түүний хүү 180 000 ам.доллар, нийт 2 180 000 ам.долларыг 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, үлдэгдэл төлбөр 2 962 500 ам.доллар, энэ төлбөрт ногдох хүү 266 625 ам доллар нийт 3 229 125 ам.долларыг 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус тус төлөх үүргийг дээрхи гэрээний дагуу хүлээсэн.

Мөн хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 2 200 000 ам.долларыг, 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлсэн. Энэ гэрээний 5 дахь хэсгээр зээлийн төлбөр болон хүүг төлөх хугацааг тохирсон бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэхэд үндсэн зээл 2 200 000 ам.доллар, хүү 396 000 ам.доллар, бүгд 2 396 000 ам.долларыг төлөх үүргийг хүлээсэн.

Хариуцагч тал дээрхи зээлийн гэрээнүүдээр хүлээсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй байсан учир талууд зээлийн гэрээний өөрчлөлтийн гэрээг удаа дараалан буюу 2012 оны 10 дугаар сарын 12, 2013 оны 01 дүгээр сарын 31, 2013 оны 04 дүгээр сарын 30, 2013 оны 10 дугаар сарын 13, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус тус байгуулж зээл болон хүүг төлөх хугацааг сунгаж байсан боловч хариуцагч үндсэн гэрээг болон өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Эхний буюу 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлж авсан зээлийн үндсэн төлбөр 4 962 500 ам.доллар, хүү 1 451 531,25 ам.доллар нийт 6 414 031,25 ам.доллар болж байгаа. 4 962 500 ам.доллар, жилийн 9 хувийн хүүтэй, 1 жилийн хүү 446 625 ам.доллар, 3 жилийн хүү 1 339 875 ам.доллар, 3 сарын хүү 111 656,25 ам.доллар.

Дараагийн буюу 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлж авсан үндсэн зээлийн төлбөр 2 200 000 ам.доллар, хүү 594 000 ам.доллар, нийт зээл, хүүгийн төлбөр 2 794 000 ам.доллар болж байгаа. 2 200 000 ам.доллар, жилийн 9 хувийн хүүтэй, 1 жилийн хүү 198 000 ам.доллар, 3 жилийн хүү 594 000 ам.доллар.

Дээрхи 2 зээлийн гэрээгээр үндсэн зээл 7 162 500 ам.доллар, хүү 2 045 531,25 ам.доллар нийт 9 208 031,25 ам.долларыг зээлдэгч төлөх үүрэгтэй.

Уг гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хариуцагч “Э” ХХК нь биелүүлэхгүй бол хариуцагч “С” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч “Т” ХХК нь “С” ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр баталгааны гэрээг, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр барьцааны гэрээг тус тус байгуулсан. Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлдэж авсан мөнгө, түүнийг хүүг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлд дурдсан болон бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаанд дурдсан хаягт тус тус байхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагч “Э” ХХК-иас татгалзаж байна.

Иймд хариуцагч “С” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг бүхэлд нь шаардсан ба 9 208 031,25 ам.доллар буюу 18 366 707 452 төгрөгийг хариуцагч гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

“Т” ХХК болон “Э” ХХК-иудын хооронд байгуулсан гэх зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөр шаардсан байх ба энэхүү зээлийн харилцаанд манай компани оролцоогүй тул хариуцагч байх боломжгүй. “Т” ХХК болон “С” ХХК нь “Э” ХХК-нийг хамтарсан хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан бөгөөд “Т” ХХК нь хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн хувьцаа эзэмшдэг “Э” ХХК-д мөнгө зээлүүлж буй харилцаа бус хөрөнгө оруулагчдын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний дагуу бизнесийн зорилгоор хөрөнгө оруулж ашиг олох гэсэн үндсэн зорилготой үйлдэл байсан ба энэхүү үйлдлээ халхавчлахын тулд зээлийн гэрээ байгуулсан.

2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч тал зээл олгосон гэдгээ нотлох ёстой. Өнөөдрийн байдлаар зээл олгосон гэдгээ нотлоогүй, 4 962 500 ам.долларыг ямар байдлаар олгосон нь тодорхойгүй. 4 962 500 ам.долларыг аваагүй бөгөөд нэг ч удаа хүү төлж үзээгүй. Үүнээс үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.

2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг нэхэмжлэгч тал нотолсонгүй. “Т” ХХК болон “С” ХХК-ийн хооронд 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталгааны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд хэдэн төгрөг ямар байдлаар төлөх талаар зохицуулалт байдаггүй ба уг гэрээний хугацаа 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон.

Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00851 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас 4 962 500 ам.доллар буюу 9 898 401 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 245 532 ам.доллар буюу 8 468 306 452 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Э” ХХК-иас татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 991 488 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 49 649 955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41690 дүгээр захирамжаар хариуцагч “С” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 129/1 тоотод хаягтай, гэрчилгээний дугаар ГД-000034314, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014271 дугаарт бүртгэгдсэн, 3341м2 талбайтай зочид буудал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 131/А тоотод хаягтай, гэрчилгээний дугаар ГД-00084315, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022085 дугаарт бүртгэлтэй 5184 м2 талбайтай зочид буудлын зориулалттай барилга, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 129/2 тоот хаягт байрлах гэрчилгээний дугаар ГД-000043954, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204014268 бүртгэгдсэн, 5034.2 м2 талбайтай зочид буудлын барилга /корпус 2/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хариуцагчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг хориглосон бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1293 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “С” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 9 208 031,25 ам.доллар буюу 18 366 707 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 991 488 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 499 483 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 649 955 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх “Т” ХХК болон “Э” ХХК, “С” ХХК-ийн хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэх, тухайн маргаанд хэрэглэгдэх хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хэрэглээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “шийдвэр хууль ёсны байх” шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх БНСУ-ын хуулийн этгээд “Т” ХХК, Монгол Улсын хуулийн этгээд “Э” ХХК-ийн хооронд 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 4 962 500 ам.долларын, 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 2 200 000 ам.долларын зээлийн гэрээний байгуулагдсан, тэдгээр гэрээг тодорхой хугацаагаар удаа дараа сунгаж байсан болохыг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд зөв тодорхойлж тогтоосон.

Анхан шатны шүүх бидний гаргасан нэхэмжлэлээс 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн үндсэн зээл болох 4 962 500 ам.долларыг л гаргуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ уг зээлийн гэрээнд заасны дагуу төлөгдөх ёстой хүүг ямар хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа талаараа нэгч үндэслэл дурдаагүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “...зээлийн гэрээгээр талууд хүү тогтоож болох”-оор, 282.2 дахь хэсэгт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх”-ээр тус тус зохицуулсан байдаг. “Т” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд 2011 онд байгуулсан 4 962 500 ам.долларын, 2012 онд байгуулсан 2 200 000 ам.долларын зээлийн гэрээнүүд тус бүрдээ хуулийн дээрх шаардлагыг хангаж хийгдсэн, хуульд нийцсэн гэрээнүүд байсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дахь хэсгийг хэрэглэлгүйгээр 2011 онд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл 4 962 500 ам.долларыг гаргуулж, хүүг тооцож, шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

“Т” ХХК-иас “Э” ХХК-д 2 200 000 ам.долларыг зээлдүүлсэн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээнд хамтарсан батлан даагчаар гэрээний нэг тал болон оролцож, гэрээнд гарын үсэг зурсан. Эдгээр нөхцөл байдлууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх зөвхөн 2 дахь буюу 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээн дэх “хамтарсан батлан даалт” гэсэн үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдсон заалтыг дээрх бие даасан тусдаа байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон арга мэтээр ойлгож, 2 тусдаа олгогдсон зээл, зээлийн гэрээнд хамааруулан дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт нийцээгүй. Тухайн маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ шүүх хариуцагч “С” ХХК гэрээний оролцогч болсон нөхцөл байдлыг зохигчийн хооронд урьд байгуулсан байсан гэрээ түүний, хэрэгжилтийн байдал, тэдний хооронд урьд үүссэн байсан харилцаатай холбон үзэж гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 198 дугаар зүйлийн 198.1, 198.6 дахь хэсгийг хэрэглэн талуудын нэгдмэл байдлыг тодруулах ажиллагааг хийх боломжтой байсан.

Түүнчлэн 2 200 000 ам.доллар зээлдэхийн тулд 2012 оны 03 дугаар сарын 29-нд хийгдсэн Зээлийн гэрээнд “С” ХХК нь батлан даагчаар гарын үсэг зурсан нь батлан даалтын гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзэх бүрэн боломжтой Батлан даагч гэж гарын үсэг зурсан нь үүрэг гүйцэтгэгч “С” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даасан нь илт тодорхой байна. Хариуцагч тал өөр зорилгоор батлан дааж гарын үсэг зурсан талаар тайлбар гаргаагүй байхад анхнаас нь үгүйсгэж батлан даалтыг тодорхой бус гэж үзэж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр илт буруу шийдвэр болсон юм.

...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тус шүүх бие даасан 2 зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг гэрээнд оролцогч талууд тус тусад нь тохиролцон баталгаа барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулсан байхад ялгамжтай байдлаар авч үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 заасанд нийцэхгүй байгаагаас гадна шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тиймээс 1, 2 дахь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийг хэрэглэх ёсгүй байсан ба энэ асуудлыг Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.4 дүгээр зүйлийг хэрэглэн шийдвэрлэх ёстой байсан. Иргэний хуулийн 232.4 заалтын дагуу үүрэг гүйцэтгэгч зээлийн үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд түүнийг төлбөр төлөх чадваргүйг тогтоох шаардлагагүйгээр батлан даагчаас нэхэмжлэхээр заасан тул “Тэяан Сонаб Гэбал” ХХК нь “С” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар Баталгааны гэрээ хийж хөрөнгөө барьцаалсаных нь хувьд 2 удаагийн зээл, түүний хүүг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулинд нийцсэн нэхэмжлэл байсан.

...“Э” ХХК-ийн сүүлчийн захирал Ём Юм Соб нь уг зээлийн асуудал “Э”, “С” ХХК, “Тэяан Сонаб Гэбал” ХХК-ийн хооронд хүчтэй яригдаж эхлэх үед дахиж Монгол Улсад ирж бизнес эрхлэхгүйгээр Солонгос улс руу зугтсан ба “Э” ХХК-д нэг ч ажилчин байхгүй, ямар ч үйл ажиллагаа эрхлэхгүй байгаа, ажлын байр ч байхгүй байгаагаас харахад “Э” ХХК нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэх боломжгүй, зээл, түүний хүүг төлөх чадваргүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Давж заалдах шатны шүүх “Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бодит боломжгүй болохыг нотолсон дээрх нотлох баримтуудыг үл хайхран нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг тan бүрээс иь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх тухай хуулийн шаардлагыг зөрчиж байна.

Нэхэмжлэгч нийт 18 366 707 452 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 2011 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн үндсэн зээл 4 962 500 ам.долларыг төгрөгт шилжүүлсэн хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэхдээ уг зээлийн хүүг тооцоогүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэсгийн талаар тодорхой тайлбаруудыг хийсэн боловч 4 962 500 ам.долларын хүүг ямар үндэслэлээр, яагаад хэрэгсэхгүй болгосон талаар ямарч дүгнэлт хийгээгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлээр шаардаж буй үүргийг гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай хүсэлтийг нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхад анхан шатны шүүх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн “...Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэсэнд нийцээгүй байх бөгөөд тус шүүх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр агуулгад тавигдах шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд хууль ёс, шударга ёсны зарчмын дагуу давж заалдах шатны шүүхийн 1293 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 101ШШ2017/00851 дүгээр шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан өөрчлөлт оруулж, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг хуулийн дагуу хянан шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч БНСУ-ын “Тэяан Саноб Кэбал” компани нь Монгол Улсын хуулийн этгээд болох “Э” ХХК, “С” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу 9 208 031.25 ам.доллар гэж, үндэслэлээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 234 дүгээр зүйлийн 234.1., 234.4. гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1., 234.4.-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид  баталгаа гаргаж болох бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч “Тэяан Саноб Кэбал” компаниас 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 4 962 500 ам.долларыг 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй, 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2 200 000 ам.долларыг 24 сарын хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй зээлэх тухай хоёр гэрээ байгуулжээ. Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч “ЭмЭс Ар” ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн, мөн 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар шаардлага гаргажээ.  Энэ утгаар нэхэмжлэлийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан үндэслэл бүхий шаардлага хариуцагч “Э” ХХК-д хамааралтай гэж үзэхээр байна.

Харин хариуцагч “С” ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч “Тэяан Саноб Кэбал” компанитай баталгааны гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэлийн Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1., 234.4.-т заасан үндэслэл бүхий шаардлага нь хариуцагч “С” ХХК-д хамааралтай байна.

Хариуцагч “Э” ХХК болон “С” ХХК-ийг нэхэмжлэгч “Тэяан Саноб Кэбал” компани тухайн хэрэгт хамтран хариуцагчаар татсан боловч тэдгээр нь өөр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй хоёр тусдаа хуулийн этгээд байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Э” ХХК нь зээлийн гэрээний зээлдэгч бөгөөд баталгаа гаргагч биш, харин “С” ХХК нь зээлийн гэрээний зээлдэгчийн үүргийн талаарх баталгаа гаргагч болохоос бус зээлдэгч биш юм. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “Э” ХХК нэхэмжлэлд болон бүртгэлийн байгууллагын лавлагаанд дурдсан хаягт байхгүй тул “хариуцагч “Э” ХХК-иас татгалзаж байна” гэжээ.

Ийнхүү татгалзсанаар нэхэмжлэгч нь “Э” ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байгаа эсэхийг шүүх тодруулалгүй “хариуцагч “Э” ХХК-иас татгалзсан болохыг дурдсугай” гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасан шаардлагад нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, заалтыг буруу хэрэглэснээс гадна хариуцагч “Э” ХХК-д хамааралтай зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан үндэслэлээр  хариуцагч “С” ХХК-д ногдуулсан нь алдаатай болжээ. Хариуцагч “С” ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй, харин мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1., 234.4.-т заасан үүргийг хүлээжээ.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4.-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж зааснаас үзвэл үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх учиртай байна. Нэхэмжлэгчийн өмнө зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн гэх зээлдэгч “Э” ХХК үүргээ гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгч л тайлбарласан болохоос бус зээлдэгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, нэхэмжлэгч “түүнээс татгалзсан” тохиолдолд зээлдэгчийн үүргээ гүйцэтгээгүй байдал тогтоогдоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4.-т заасан “үл маргах журмаар шаардах” эрх зөвхөн баталгаа гаргагчид хамааралтай болохоос бус зээлдэгчийн өөрийн үүргийн биелэлтийн талаар маргах эрхийг хязгаарлах үндэслэл биш юм.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4.-т заасан эрх зүйн хэм хэмжээний диспозицийг илэрхийлэх үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд баталгаа гаргагчийн үүрэг гүйцэтгэгчийн өмнө үүрэг хүлээх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй болно.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч “С” ХХК-ийг зээлийн гэрээний зээлдэгч биш, нэхэмжлэгч “Тэяан Саноб Кэбал” компанийн өмнө үүрэг хүлээх нөхцөл бүрдээгүй гэж дүгнэсэн боловч   талуудын хооронд батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч “С” ХХК-ийг зээлийн гэрээний үүргийн батлан даагч гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй  болжээ.  Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1., 458 дугаар зүйлийн 458.1.-д заасан баталгааны болон батлан даалтын гэрээ нь бие даасан тусдаа хоёр өөр гэрээ бөгөөд хуулийн 234.2-т заасан үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар биелүүлэх баталгаа гаргагчийн үүрэг, хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д заасан  үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх батлан даагчийн үүрэг агуулга, үндэслэлийн хувьд ялгаатай хоёр өөр үүрэг юм.

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар эрх зүйн хувьд алдаатай дүгнэлт хийж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг баримтлаагүй, хэрэглэх ёсгүй зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар дээрх алдаа, зөрчлийг залруулах боломжгүй байна.

Нөгөө талаар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий зарим нөхцөл байдал тодорхой бус байгааг шүүх анхаараагүйг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал, шүүх нэхэмжлэгч “Тэяан Саноб Кэбал” компанийг Монгол Улсын Компанийн тухай хуульд зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж үзэж, “ХХК” гэж шийдвэр, магадлалд тусгасан байх боловч уг компани нь БНСУ-ын хуулийн этгээд бөгөөд зарим баримтад хувьцаат компани гэж тэмдэглэгдсэн байгааг анхаарах шаардлагатай болно.

Уг компанийн улсын бүртгэлтэй холбоотой баримт бичгээс компанийн гүйцэтгэх удирдлагыг хэн хэрэгжүүлдэг, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах болон итгэмжлэл гаргах эрхтэй этгээд хэн болохыг тодорхой болгох шаардлагатай байна.

Нэхэмжлэлд зээлийн гэрээ байгуулагдсан талаар тодорхой тусгагдсан боловч гэрээний зүйл болох мөнгийг нэхэмжлэгч хэзээ, хэрхэн зээлдэгчид шилжүүлсэн талаар заагаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Мөнгийг шилжүүлэх талаар тохиролцсон байх нь уг мөнгийг бодитоор шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Зээлдэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, зээлийн гэрээний дагуу мөнгө шилжсэн байдал, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлээгүй гэх байдал нэхэмжлэгчийн тайлбараас өөрөөр нотлогдоогүй байхад шүүх зээлийн гэрээний үүргийн талаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийг нэхэмжлэгч “Тэяан Саноб Кэбал” компани, хариуцагч “С” ХХК үүсгэн байгуулсан гэх баримт хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгчээс хариуцагч “Э” ХХК-д зээлүүлсэн гэх мөнгө нь үүсгэн байгуулсан хуулийн этгээдэд хөрөнгө оруулах агуулгатай эсэхийг шүүх анхаарах шаардлагатай байна. Хэрвээ уг зээлийг хөрөнгө оруулалт гэж үзэхээр бол хамтарч байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгийг компанийн хөрөнгө оруулагчид бие биенээсээ зээлийн болон баталгааны үүргийн нэрийн дор шаардах боломжтой эсэх талаар дүгнэх шаардлагатай болно.

Хариуцагч “С” ХХК нь баталгааны гэрээнээс гадна барьцааны гэрээ байгуулсан байх ба баталгааны болон барьцааны гэрээний агуулгыг хооронд нь харьцуулж, хариуцагч “С” ХХК-ийн хүлээх үүргийн хэмжээ баталгааны эсхүл барьцааны гэрээгээр тодорхойлогдохыг шүүх анхаарах учиртай.

Хэрэгт авагдсан барьцааны гэрээний зарим хуулбар гаргацгүй, уншигдахгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00851 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1293 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 91 991 488 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН