Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 13

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

       Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Б.Мөнх-Учралын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

Гуравдагч этгээд: Д.Отгонзул

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 17 дахь хэсгийн Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Отгонзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунбат, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, гуравдагч этгээд Д.Отгонзул, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Мөнх-Учрал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бяхарсүрэн овогтой Мөнх-Учрал миний бие нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдөж эхэллээ. 

Учир нь Ч.Энхцэцэг нь Тамгын газрын даргаар томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10,  33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтуудыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 225 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. 

Мөн түүнчлэн дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн бөгөөд миний ажиллаж байсан Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаал, ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байна. 

Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын Б.Мөнх-Учралд холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мөнх-Учрал нь 2012 оноос аймгийн Засаг даргын Тамгын газарт бодлогын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан ажлаасаа чөлөөлөгдсөн. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байдаг. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний ажлын байранд хэвээр хадгалагдан үлдсэн байгаа тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 17-д байгаа Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Отгонзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Мөнх-Учралыг уг албан тушаалд үргэлжүүлэн ажиллуулахаар томилох,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 1.995.116 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: 2013 онд аймгийн Засаг даргын Тамгын газарт бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг ажилд томилсон 2012 оны Б/14 дүгээр тушаалд өөрчлөлт оруулаагүй гэж хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрх нь Тамгын газрын даргад байдаг. Тамгын газрын мэргэжилтэн өөрөө өөртөө тушаал гаргах эрх байхгүй учраас үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Маргаан бүхий актаар нэхэмжлэгч Б.Мөнх-Учралыг Байгаль орчин, газрын харилцааны бодлогын мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байгаа. 2014 онд батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь Б.Мөнх-Учралыг ажлаас чөлөөлөх үед хүчин төгөлдөр хэвээрээ байсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг дээр аялал жуулчлал гэсэн чиг үүрэг нэмэгдсэн болохоос биш эрхэлж байсан албан тушаал нь бүр үгүй болж хасагдсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой. Төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдсэн ч гэсэн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бол тухайн албан тушаалтныг уг ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн томилж ажиллуулах ёстой байтал Д.Отгонзул гэдэг хүнийг томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт хөндсөн шийдвэр болсон гэж үзэж байна. 

Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 17-д байгаа Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Отгонзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Мөнх-Учралыг Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв. 

    Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 орон тоотой байхаар тогтоосон. Ингээд аймгийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаар захирамжаар Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Хөгжлийн бодлогын хэлтэст “Байгаль орчин, аялал жуучлалын бодлогын мэргэжилтэн” гэсэн орон тоо байхаар тогтоосон. 

Б.Мөнх-Учрал нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн “Байгаль орчин, аялал жуулчлал, газрын харилцаа, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдсон. Аймгийн Засаг даргын 2013 оны А/368 дугаар захирамжийн хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг баталж “Байгаль орчин газрын харилцааны бодлогын мэргэжилтэн”, “Уул уурхай, зам тээврийн бодлогын мэргэжилтэн” гэсэн орон тоог баталсан боловч Б.Мөнх-Учралыг ажилд томилсон тушаалд өөрчлөлт оруулаагүй байсан. 

Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 орон тоотой байхаар тогтоосон. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь 45 орон тоотой ажиллаж байсан учир батлагдсан цалингийн санд багтаан үйл ажиллагаа явуулах, бүтцийн өөрчлөлт хийж орон тоо цөөрүүлэх шаардлагатай байсан. 

Бүтцийн өөрчлөлт хийх тухай хуучин Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ш.Мандахнар 2016 оны 08 дугаар сард байгууллагын мэдээллийн цагаар нийт албан хаагчдад мэдэгдэж, бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байсан. 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нийт ажиллагсдын хурал дээр ч дахин мэдэгдсэн. Мөн удирдлагын түвшинд ажлын байрыг хэрхэн нэгтгэх талаар танилцуулж, зөвлөлдөж шийдвэрлэсэн. 

Б.Мөнх-Учралын ажлын байрыг “Байгаль орчин газар зохион байгуулалтын мэргэжилтэн” болгон өөрчилсөн. Ажлын байрны тодорхойлолтод нилээн их өөрчлөлт орсон байгаа. Түүнд ажлаас чөлөөлөгдсөн учир 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 1,620,099 төгрөгийг олгож, 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийнх нь Хаан банкны 5630466296 тоот дансад шилжүүлсэн, ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон. Тамгын газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцсэн тушаал гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв. 

Гуравдагч этгээд Д.Отгонзул шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнх-Учрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын Б.Мөнх-Учралд холбогдох заалтыг хүчингүй болгон ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. 

Иргэн Б.Мөнх-Учралыг ажлаас чөлөөлөх гол үндэслэл нь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсантай холбогдуулж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, чиг үүргийг шинэчлэн баталсан. Нэхэмжлэгч Б.Мөнх-Учралын ажиллаж байсан Хөгжлийн бодлогын хэлтэс нь дээрх тогтоолоор Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон өөрчлөгдсөн. 

Б.Мөнх-Учрал нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 04  дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн “Байгаль орчин, аялал жуулчлал, газрын харилцаа, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдон ажиллаж байсан. 

Үүнээс хойш аймгийн Засаг даргын 2013 оны А/368 дугаар захирамжийн хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг батлахдаа “Байгаль орчин, газрын харилцааны бодлогын мэргэжилтэн”, “Уул уурхай, зам тээврийн бодлогын мэргэжилтэн” гэсэн орон тоог баталсан боловч Мөнх-Учралыг ажилд томилсон тушаалд өөрчлөлт оруулаагүй байсан. 

Б.Мөнх-Учрал нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар томилогдох үед тус мэргэжилтний харьяа төрийн захиргааны төв байгууллага болох яам нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байсан бол 2015 онд Байгаль орчин хөгжил, аялал жуулчлалын яам, 2016 онд Байгаль орчин аялал жуулчлалын яам болон бүтцийн өөрчлөлтөд орох болгонд аймаг орон нутагт ажиллаж байгаа байгаль орчны байгууллага нь 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, 2013 онд Байгаль орчны газар, 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон тус тус өөрчлөн байгуулагдсан байдаг. 

Б.Мөнх-Учрал нь аймгийн Засаг даргын 2013 оны А/368 тоот захирамжаар батлагдсан Хөгжлийн бодлогын хэлтсийн Байгаль орчин, газрын харилцааны бодлогын мэргэжилтний орон тоон дээр ажиллаж байсан. Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын 2-р хавсралтын шинэчилсэн бүтцээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болж өөрчлөгдөн хэлтсийн хариуцаж байсан ажлын чиг үүрэг нэмэгдсэн. Намайг Байгаль орчин, аялал жуулчлал, газар зохион байгуулалтын бодлого хариуцсан мэргэжилтний орон тоонд шинээр томилсон. Миний хувьд ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаж байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулахдаа аялал жуулчлалын ажлыг давхар хариуцуулсан. 

Б.Мөнх-Учралтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсон боловч Б.Мөнх-Учрал нь гэрээний үүргийн биелэлтээ дүгнүүлээгүй, гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн талаар нотлогоо байхгүй, 2017 онд шинээр үр дүнгийн гэрээ байгуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Б.Мөнх-Учрал нь Байгаль орчин, аялал жуулчлал, газрын харилцаа, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын 2013 оны А/368 дугаар захирамжаар энэ ажлын байр нь 2 ажлын байр болж салсан. Б.Мөнх-Учралыг аль ч албан тушаал дээр нь томилоогүй байгаа. Ажлын байрны тодорхойлолт байхгүй. Хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээг нь үзэхээр худалдаа, үйлчилгээний чиглэлээр бүтээгдэхүүн нийлүүлнэ гээд үр дүнгийн гэрээ байгуулчихсан байдаг. Нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж байсан байх гэсэн нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хоёр өөр зүйл яриад байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв. 

 ҮНДЭСЛЭХ нь:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Б.Мөнх-Учралаас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын Б.Мөнх-Учралд холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 17 дахь хэсгийн Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Отгонзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах тухай” гэж өөрчлөн тодорхойлсон болно. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл орон тоотой байхаар тогтоосон бөгөөд Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэр бүхий 44 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар 37 албан тушаалтныг томилжээ. 

Маргаан бүхий акт болох дээрх тушаалын 1 дүгээр хавсралтын холбогдох заалтаар нэхэмжлэгч Б.Мөнх-Учралыг Байгаль орчин, газрын харилцааны бодлогын мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг олгож, 2 дугаар хавсралтын 17 дахь заалтаар Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтнээр Д.Отгонзулыг томилсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “... Миний хариуцан ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний ажлын байранд хэвээр хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан баталгаагаар хангагдах ёстой ...” хэмээн маргаж байна.

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлах тухай” А/09 дүгээр тушаалаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийг Дарга 1, Дэд бүтэц төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн 1, Хөдөө аж ахуй, хүнс, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 1, Эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн 1, Байгаль орчин, газар зохион байгуулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн 1, Зам, тээвэр, холбоо харилцаа, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн 1 гэсэн 6 орон тоотой байхаар тогтоожээ. 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын 3 дахь заалтаар Тамгын газрын даргын 2017 оны А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 17-гийн “Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн” гэснийг “Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал /байгалийн/ хариуцсан мэргэжилтэн гэж өөрчилсөн байна.  

  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх),  эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэжээ. 

Дээрх хуулийн заалтын агуулга нь төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, мэдлэг, ур чадварыг үнэлүүлэн сонгон шалгаруулж ажиллуулах; албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллуулах; харин тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар байна. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Байгаль орчин, газрын харилцааны бодлогын мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдаагүй, албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдож байхад хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Д.Отгонзулыг Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Тодруулбал нэхэмжлэгчийн ажиллаж байсан Байгаль орчин, газрын харилцааны бодлогын мэргэжилтний 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Байгаль орчин, аялал жуулчлал, газар зохион байгуулалтын бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаал нэршлийн хувьд Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдөн, аялал жуулчлалын талаар хэрэгжүүлэх чиг үүрэг нэмэгдсэн байгаа боловч байгаль орчин, газар зохион байгуулалтын талаар төрөөс баримталж байгаа бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг аймаг орон нутгийн хэмжээнд хангах, зохион байгуулах, орон нутагт баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах, түүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, салбарын бодлогыг бусад салбартай уялдуулан зохион байгуулж, бүх шатны Засаг даргыг бодлогын зөвлөмж, чиглэлээр хангах замаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хоорондын харилцаа, түншлэлийг хууль тогтоомжийн дагуу зохицуулах зэрэг гүйцэтгэх ажил үйлчилгээний зорилго, зорилтууд болон ажлын байрны үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байна гэж үзэхээр байна. 

Мөн түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан 2017 оны А/09 дүгээр тушаалаар урьд нь 9 орон тоотой ажиллаж байсан тус хэлтсийг 6 орон тоотой ажиллахаар баталж, Хөгжлийн бодлогын хэлтсийн Барилга, хот байгуулалт, мэдээлэл технологи, харилцаа холбооны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний бодлогын мэргэжилтний чиг үүргийг Дэд бүтэц төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэнд, Хүнс, хөдөө аж ахуй асуудал хариуцсан мэргэжилтэн, Хөдөө аж ахуйн бодлого хариуцсан мэргэжилтний чиг үүргийг Хөдөө аж ахуй, хүнс, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнд, Уул уурхай, зам тээврийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Тээвэр, харилцаа холбоо хариуцсан мэргэжилтний чиг үүргийг Зам, тээвэр, холбоо, харилцаа, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэнд тус тус нэгтгэж, 3 орон тоог хассан болох нь шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн албан тушаал (ажлын байр) хэвээр хадгалагдан үлдсэн энэ тохиолдолд түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн томилж ажиллуулалгүй өөр хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй байна. 

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан ажлын байрны тодорхойлолтууд /хх-ийн 23-26, 44-46-рт/, аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/368 дугаар захирамж /хх-ийн 33-34-рт/, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр захирамж /хх-ийн 49-50-рт/, 2017 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдийн хурлын тэмдэглэл /хх-ийн 35-39, 153-154-рт/, нэхэмжлэгч Б.Мөнх-Учралын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргатай 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээ /хх-ийн 149-152-рт/, гуравдагч этгээд Д.Отгонзулын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргатай 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ /хх-ийн 111-115-рт/, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт бүтцийн өөрчлөлт хийхтэй холбогдуулан хийсэн нөхцөл байдлын үнэлгээ тогтоосон судалгаа /хх-ийн 156-159-рт/ зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “ ... Нэхэмжлэгч Б.Мөнх-Учрал нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтсийн Байгаль орчин, аялал жуулчлал, газрын харилцаа, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын 2013 оны А/368 дугаар захирамжаар Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүргийг 2 салгаж Байгаль орчин, газрын харилцааны бодлогын мэргэжилтэн, Уул уурхай, зам тээврийн бодлогын мэргэжилтэн гэсэн шинэ орон тоо бий болгосон. Гэвч Б.Мөнх-Учралыг томилсон тушаалд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байсан. Б.Мөнх-Учрал нь ямар албан тушаал дээр ямар чиг үүрэг хэрэгжүүлж ажиллаж байсан нь тодорхойгүй ... ” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна. 

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.” гэж Тамгын газрын ажилтнуудыг бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан томилж, чөлөөлөх эрхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад олгосон байхад “ажилд томилсон тушаалд нь өөрчлөлт оруулаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Отгонзулд холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “... төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, …” гэж заасантай нийцээгүйн улмаас нэхэмжлэгч Б.Мөнх-Учралын төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Отгонзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Мөнх-Учралыг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Мөнх-Учралын ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх нийт 3 сар 18 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу тооцоолж 1.995.116 (нэг сая есөн зуун ерөн таван мянга нэг зуун арван зургаа) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчид урьд олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 1.620.099 (нэг сая зургаан зуун хорин мянга ерөн ес) төгрөгийг хасч үлдэгдэл 375.017 (гурван зуун далан таван мянга арван долоо) төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнх-Учралд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Д.Отгонзулаас “Хариуцагчтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа өмгөөлөгч Б.Баярмааг өөрийн өмгөөлөгчөөр оролцуулах тухай” хүсэлт гаргаж үүнийг хариуцагч талаас зөвшөөрч, өмгөөлөгч Б.Баярмааг гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлснийг шүүх хүлээн авч гуравдагч этгээд Д.Отгонзулын   өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Байгаль орчин, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Отгонзулд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Мөнх-Учралыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин, газар зохион байгуулалт, аялал жуулчлал /байгалийн/ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.995.116 (нэг сая есөн зуун ерөн таван мянга нэг зуун арван зургаа) төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнх-Учралд олгохоос урьд олгосон тэтгэлэг 1.620.099 (нэг сая зургаан зуун хорин мянга ерөн ес) төгрөгийг хасч үлдэгдэл 375.017 (гурван зуун далан таван мянга арван долоо) төгрөгийг олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.ЦЭРЭНХАНД