Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 125/2019/0018/З |
Дугаар | 221/МА2020/0104 |
Огноо | 2020-02-11 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2020/0104
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Б.Ж нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,”О” ХХК-ийн XV-018983 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ховд аймгийн Засаг дарга нь хуулийг ноцтой зөрчиж, хайгуулын лиценз хууль бусаар олгох нөхцлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн “О” ХХК хайгуулын лиценз авснаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, хайгуулын менежментийн төлөвлөгөө болон байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөг батлуулж байгаагүй, энэ талаархи баримтууд хэрэгт байхгүй, нотлох баримтыг цуглуулаагүй. “О” ХХК-ийн хайгуулын линценз авахдаа хууль зөрчиж авсан бөгөөд үйл ажиллагаа явуулах хууль зөрчиж байгаа байдлыг таслан зогсоохоор 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Нутгийн захиргааны өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг заасан бөгөөд 12.1.2-д “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”, 12.1.3-д “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих” гэж Засаг даргын эрхийг заасан. Хуульд заасан эрхийн хүрээнд сумын засаг дарга “О” ХХК-ийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан. Гэтэл энэ асуудлыг анхан шатны шүүхээс шалгалгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...’’ гэснийг хэрэгжүүлсэнгүй. “О” ХХК-ийн 2016, 2017, 2018 онуудын Байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөө хавтаст хэрэгт байхгүй байгаа бөгөөд энэ талаархи нотлох баримтыг шүүхээс дутуу бүрдүүлсэн. Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Шар толгойн өвөлжөө гэх З.Бямбацэцэгийн эзэмшлийн газартай “О” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон газар давхцалтай байгаа нь энэхүү газрыг малчид эзэмшиж ашигладаг болохыг нотлож байна. Тухайн хайгуулын зөвшөөрөл олгогдсон гэх газрууд нь сумын малчдын өв удмаараа он удаан жил амьдарч, нутаглаж ирсэн өвөлжөө, хаваржааны гол түшиц газар бөгөөд сумын мал төллүүлэх бааз байдаг. Энэхүү газрын эзэмшигчдийг гэрчээр оролцуулж хэргийг тал бүрээс нь нотлох баримтыг шүүх бүрдүүлэх үүргээ биелүүлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “О” ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад холбогдуулан “тус компанийн эзэмшлийн XV-018983 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “О” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн бүрдүүлсэн, үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзнэ.
Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3 “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38 дугаар зүйлийн 38.2 “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ирүүлснийг тухайн нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг дарга батлах үүрэгтэй гэж ойлгоно.
Нэхэмжлэгч “О” ХХК нь Ховд аймгийн Мянгад сумын Чойдог худаг нэртэй газарт байрших ХV-018983 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хариуцагч Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргад хандсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх ба хариуцагч нь дээрх төлөвлөгөөг батлахаас татгалзсан 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/148 дугаар албан бичигт “2015 онд тус сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас татгалзсан хариу өгсөн байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, багийн иргэдийн нийтийн Хурлаас сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын ямар ч үйл ажиллагаа явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан” гэж тодорхойлсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа “тухайн нутаг оронд уул уурхайн лиценз олгуулахгүй байх ард иргэдийнхээ санал бодолд нийцүүлсэн, иргэдийн өвөлжөөний газартай давхцалтай, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан” гэжээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12-т “Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох, 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, 38 дугаар зүйлийн 38.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж зааснаар хариуцагч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, биелүүлээгүй бол дээр дурдсан арга хэмжээг авах, байгаль орчинд хохирол учруулахаар зөрчил гаргавал таслан зогсоох эрхтэй бөгөөд “О” ХХК-ийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэл хуульд нийцээгүй, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Өөрөөр хэлбэл, “хайгуулын тусгай зөвшөөрөл анх олгохдоо хууль зөрчсөн, багийн иргэдийн нийтийн Хурлаас сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын ямар ч үйл ажиллагаа явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан” гэх үндэслэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах сумын Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй, хууль зүйн үндэслэл болж чадахгүй бөгөөд “иргэдийн өвөлжөөний газартай давхцалтай, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг” гэх үндэслэл нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах бус хуулийн өөр зохицуулалтад хамаарч хэрэгжих учиртай.
Иймд дээрх үйл баримтууд нотлогдох эсэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул “шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.Тунгалагсайхан
ШҮҮГЧ О.НОМУУЛИН