Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/01310

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00454 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 124 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч И.О-д холбогдох,

Гүйцэтгээгүй үүргийн дүн 3 672 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.О-ын тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнээс татгалзах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч И.О-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн даргаар  Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

И.О- нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2 700 000 төгрөгөөр 42-66 ОРХ Avanti автомашиныг худалдан авахаар тохиролцож мөнгөө өгөлгүй өдийг хүрлээ. Гэрийн хаягаар очиж, утсаар нь залгаж удаа дараа уулзахад өгнө гэдэг боловч нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн мөнгө 2 700 000 төгрөг, 2 сарын хүү 648 000 төгрөг, нийт 3 348 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Д.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Нарантуяа нь уг машинаараа миний хүү Адьяасүрэнг жолооны үнэмлэхгүй гэдгийг нь мэдсээр байж машинаар бариулж, таксидуулж хажууд нь өөрөө сууж мөнгийг нь хурааж явдаг байсан. Тэгээд уг машинаа ав гэж хүүд өгсөн байсан. Хүүд машинаа өгөхдөө үнэ мөнгө огт яриагүй өгсөн байсан. Тэгээд хүү маань өөрөө машин унах сонирхолтой байсныг нь ашиглаад машинаа өгсөн байхаар нь жолооны үнэмлэхгүй байж машин барих гэлээ гэж уурлаж, уг машиныг бариулаагүй. Одоо болтол уг машин нь хашаанд хэн ч барихгүй байж л байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Нарантуяа нь биднийг анхнаасаа хууран мэхэлж янзалсан машинаа бидэнд өгч энэ доголдлын талаар биднээс нуусан байсан.

Иймд машиныг худалдан авахаас татгалзаж машиныг нь буцаан өгөх саналтай байна. Машин худалдах худалдан авах гэрээг хийхдээ хүртэл үнэ мөнгө нь хамаагүй та нарын нэр дээр машиныг гэрчилгээг шилжүүлж өгөхөд зайлшгүй гэрээ хийдэг юм гэж итгүүлж гэрээг хийсэн. Иймд бид машиныг худалдан авахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Д.Н- нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр намайг нотариат дээр дуудсан. Яах гэж байгаа талаар асуутал нөгөө Адьяасүрэнд өгсөн машиныг чиний нэр дээр шилжүүлж өгье гэхээр нь очтол энэ гэрээн дээр гарын үсэг зур гээд шууд зуруулсан. Гарч ирээд үзтэл 2 700 000 төгрөгөөр машин худалдсан гэсэн гэрээ байсан. Бид 2 ерөөсөө мөнгө төгрөг дэр тохирч ярьсан юм байхгүй ингээд дураараа үнэ тавьчихаж болж байгаа юм уу гэтэл тэр хамаагүй одоо энүүгээрээ машинаа өөрийн нэр дээр болгож авахад л хэрэгтэй гэсэн. Гэтэл удаа ч үгүй шүүхээс дуудаад очтол энэ гэрээгээр надаас машины мөнгө нэхсэн байна. Уг гэрээгээр Нарантуяа нь надад унагаж засварласан хэн ч тоож авахгүй зарагдахгүй байсан машинаа бидний дуугүй байдлыг далимдуулан хууран мэхэлж төөрөгдүүлж өндөр үнээр зарж борлуулсан гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч И.О-ын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Отгоннямтай гэрээ хийсэн нь үнэн. Гэтэл Отгонням нь машинаа өөрийн нэр дээр болгож авна гэсний дагуу нотариатраар батлуулсан. Отгонням нь 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2 700 000 төгрөгийг өгнө гэж уулзах болгонд хэлдэг. 2015 оны 09 дүгээр сарын 29-нд яг өгч дуусгана гэж бичээд гарын үсэг зурсан. Би Отгоннямд унагаж хэмхэрсэн машин өгөөгүй, бүрэн бүтэн явж байсан машин хүлээлгэж өгсөн нь үнэн. Машиныг өгснөөс хойш удаа дараа утсаар ярихад хамгийн сүүлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөнгийг өгнө гээд алга болсон ба ярихаар утсаа аваад Улаанбаатарт байна удахгүй өгнө гэсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахаа байгаад сураггүй болсоны эцэст би шүүхэд өргөдөл өгсөн. Машин авснаас хойш бүтэн 6 сар болсны дараа машинтай мөргөлдүүлчихээд буцаана гэдэг нь хүн чанаргүй үйлдэл байна. Бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Би эвдэж сүйтгэсэн машиныг буцааж авахгүй, төдийгүй бидний гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна. Машин худалдах худалдан авахаар тохирсон 2 700 000 төгрөг, алданги 972 000 төгрөг, нийт 3 672 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00454 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч И.О-аас 3 672 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч И.О-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 120 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 58 150 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И.О-аас 73 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 124 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00454 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч И.О-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч И.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь худалдсан машины доголдлын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 253, 254 дүгээр зүйлүүдийн заалтыг огт анхаараагүй ба зөвхөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2 дахь заалтыг баримтлан “уг машин ямар нэгэн доголдолгүй байжээ” гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харицагч миний бие нь уг машиныг доголдолтой гэж огт мэдээгүй, нэхэмжлэгч тал мөн энэ талаар юм яриагүй болохоор итгэж байсан. Гэтэл хүүгийн минь сонирхож авчирсан дээрх машин нь унаж бүтэн замасканд орж, янзалсан машин болохыг нь Мэдээллийн биржид зар өгч машиныг зарах гэтэл зараар ирж үзсэн хүмүүсээс доголдолтой машин болохыг нь мэдсэн. Тэрхүү доголдол уг машинд байгаа нь Техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн гэрч Мөнх-Эрдэнийн мздүүлэг давхар нотолсоор байхад ингэж шийдэж байгаа нь үндэслэлгүй юм. Миний хүү Адьяасүрэн нь жолооны үнэмлэхгүй учраас уг машиныг унаж явах боломжгүй гэдгийг энэ хүмүүс мэдэж байгаа.

Мөн нэхэмжлэгч Нарантуяа нь уг машиныг миний хүүд зарахын өмнөхөн буюу 2016 оны 07 дугаар сарын 20-нд худалдаж аваад 10 хоногийн дараа буцаагаад бидэнд зарсан асуудлыг бид машины доголдлыг мэдээд санаатайгаар нууж бидэнд хэлэлгүйгээр зарсан гэж үзэж байна. Уг машинд техникийн шинжээч томилохоос өмнө шүүх дээр ирүүлж үзлэг хийхэд энд тэнд будаг нь хагарч цаанаас нь зузаан замаск товойж харагдаж байсныг фото зургаар бэхжүүлсэн нь хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. Би өөрийгөө хариуцагч биш гэж үздэг. Анхнаасаа би машин худалдаж авна гэж Отгоннямтай уулзаагүй, надад машин худалдаж авах хүсэл зориг байгаагүй. Намайг Улаанбаатар хотод ажиллаж байх хойгуур миний хүү Адьяасүрэнд машиныг өгч явуулсан байсан. Тэрнээс надад машиныг хулээлгэж өгөөгүйгээс гадна уг машиныг оношлогооны байгууллагаар оруулалгүй хүүд өгсөн байсан. Уг машиныг нь хүү гэрлүүгээ авч ирэх үед копуд нь өөрөө сөхөгдөж урд шилээ хагалаад ирсэн байснаас ямар муу машин байсан нь харагдаж байна.

Анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2016/0381 дугаар шийдвэр, хяналтын шатны шүүхийн тогтоолоор хүчингүй болсон. Гэтэл дахин шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр хүчингүй болсон шийдвэрийг үг үсгийн зөрүүгүй хуулж, хэдхэн үг өөрчилж бичигдсэн байгаа нь шүүгч гагцхүү хуулинд захирагдаж, хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэх зарчмыг зөрчиж, өөрийн мэдлэг туршлагаа хэрэглэж хэргийн үнэн мөнийг олох сэтгэл зүтгэл гаргасангүй гэж үзэж байна.

Шүүхээс 42-66 ОРХ Аванте маркын машины эзэмшигчийн өөрчлөлтийн талаар болон осол зөрчлийн талаарх лавлагааг Тээврийн алба болон Замын цагдаагийн газраас гаргуулах хүсэлт тавьсаныг хангаж шийдвэрлэсэн боловч эдгээр баримтууд хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд хэргийг хянаж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Бид үнийг буулгаж, уг машины үнэлсэн “Лэндс” ХХК-ийн үнээр төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын маргааны талаар мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч И.О-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт буюу худалдан авсан автомашины үнэд 2 700 000 төгрөг, алдангид 972 000 төгрөг, нийт 3 672 000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч И.О- автомашиныг худалдан авах хүсэлгүй байсан, гэрээнд хуурч мэхлэн гарын үсэг зуруулсан, автомашин эвдэрхий байсныг нэхэмжлэгч нуун дарагдуулсан гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөөгүйгээс гадна худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүсч сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа гэрээнээс татгалзах шаардлага болгон тодруулсаныг сөрөг нэхэмжлэлээ өөрчилсөн гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийллийн зөрчил байгаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний зүйл болох эд хөрөнгийг доголдолтой гэх, улмаар гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 251 дүгээр зүйлийн 251.2., 254 дүгээр зүйлийн 254.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Зохигчдын хоорондох худалдах-худалдан авах гэрээнд гэрээний зүйлийн чанарын талаар ямар нэг тусгайлсан нөхцөл заагдаагүй, тухайн автомашины чанар, шинж тэмдгийн талаар худалдан авагч тал мэдэж байсан гэж үзэхээр байна. Тухайлбал, хүүхэд нь уг машиныг урьд өмнө жолоодож, таксины журмаар ажиллуулж байсан гэж хариуцагч тайлбарласан байна.

Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Харин худалдан авагч нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд эдгээр шаардлагын аль нэгийг гаргасан гэх байдал баримтаар тогтоогдоогүй, тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулах шаардлага гаргаагүй байна. Худалдан авагч эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бол дээрх шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00454 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 124 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН