Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 346

 

А.Жавхланд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          ялтан А.Жавхлангийн өмгөөлөгч Ю.Батболд,       

          нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Жавхлан, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Жавхланд холбогдох 2016 2603 0449 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шош овгийн Амарбаярын Жавхлан, 1986 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Миннесота Лайф” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эх, охины хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөөн гудамжны 42 дугаар байрны 137 тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 24А дугаар байрны 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧР86090310/,

А.Жавхлан нь хамтран амьдрагч Л.Золзаяаг 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Вива Сити” хорооллын 5 дугаар орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар зодож хавиргыг нь хугалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-нд шилжих шөнө 04.00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна бусадтай хардсаны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива Сити” хороололд мөн хамтран амьдрагч Л.Золзаяаг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан байнга зодон тарчлаан удаа дараагийн бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: А.Жавхланг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Жавхланг хамтран амьдрагчаа байнга зодох буюу тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жавхланд 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, түүнд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, А.Жавхлангийн цагдан хоригдсон 8 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн КТГ-ийн зургийн тайлал, 075597, 054926 дугаартай кассын орлогын ордер, Л.Золзаяа 28-F 2016-03-07 КТГ гэсэн хар өнгийн бичиглэлтэй цагаан өнгийн сиди 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, олон зүслэгт КТГ-ийн зургийн хохирогч Л.Золзаяад буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Жавхлангийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Жавхлангийн төрсөн охин болох Жавхлангийн Энхрийлэн /РД: УК09210202/-д асран хамгаалалт тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан А.Жавхлан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хоригдож байх хугацаандаа өөрт оногдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан заалт, эмэгтэй хүнд гар хүрсэн, хөнгөн гэмтэл учруулсан, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвдэж, өөрийгөө зөвтгөн ойр дотны хүмүүстээ хохирол учруулсандаа үнэн сэтгэлээсээ гэмшиж байна.

Би өрх толгойлсон эцэг, миний охин 8 настай. Миний буруутай үйлдлээс болж охин Ж.Энхрийлэн минь хичээл дугуйлан, эрүүл саруул өсөн торниход хүнд боллоо.

Өөрийн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байгааг минь, дахин ямар ч хууль зөрчсөн асуудал давтахгүйг минь хүлээн авч төрсөн охинтой минь нэг хоногийн өмнө ч гэсэн уулзуулж, хамтдаа байх боломжийг олгож өгнө үү. Миний бие гэмээ бүрэн ухаарч гэмшиж байна. Иймд надад оногдуулсан баривчлах ялын хугацааг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Ялтан А.Жавхлангийн өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

А.Жавхлан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч шүүхийн шатанд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээсэн. Мөн А.Жавхлан нь хохирогч Л.Золзаяад эмнэлгийн тусламж үзүүлж, тухайн үед нь эмчилгээний зардал мөнгийг төлж, гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг зайлуулж байсан бөгөөд одоо бусдад төлөх өр төлбөргүй болно. Хохирогч Л.Золзаяа нь анхан шатны шүүхэд “А.Жавхланд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байдаг ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “...А.Жавхланд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, оногдуулах ял шийтгэлийг биеэр эдлүүлэхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”, мөн давж заалдах гомдолдоо “А.Жавхланг уучилсан, оногдуулсан ял шийтгэлийг нь биеэр эдлүүлэхгүй хөнгөрүүлж өгнө үү, энэ шийдвэрээ ээжийнхээ хамт ярилцаж ийм шийдвэр гаргасан” гэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор бүрэн арилсан гэж үзэх үндэслэлтэй байна.

А.Жавхлангийн хувийн байдлаас харахад ганц бие эцэг бөгөөд охин Ж.Энхрийлэнгийн ээж нь салаад гадаадад амьдарч байгаа учир бага насны охин Ж.Энхрийлэнгийн хувьд одоо сэтгэл санааны хувьд хямралд орж хичээл номдоо муудаж хэцүү байдалд ороод байна. Мөн өндөр настай ээжийнх нь хувьд даралт нь ихсэж эрүүл мэнд нь тааруухан байдалд ороод байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх өр төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг анхааран үзэж А.Жавхланд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж баривчлах ялыг биеэр эдлүүлэхгүй тэнсэн харгалзаж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

          Хавтаст хэрэгт авагдсан баримт болон давж заалдах шатны шүүхэд ялтан А.Жавхлангийн өмгөөлөгч Ю.Батболдын гаргасан “Ж.Энхрийлэнгийн төрсний гэрчилгээний хуулбар” /1-р хх-121/ зэргээс үзэхэд А.Жавхлан нь 2009 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн Жавхлангийн Энхрийлэн гэх бага насны охинтой болох нь тогтоогдож байна.

          Мөн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Эрүүгий байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Жавхлангийн төрсөн охин болох Жавхлангийн Энхрийлэн /РД:УК09210202/-д асран хамгаалалт тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай” гэж заасан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт “Баривчлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван зургаан насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт оногдуулахгүй” гэсэн заалтыг зөрчин А.Жавхланд 4 сарын баривчлах ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Жавхланд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан ялтан А.Жавхлан, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Жавхланд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

          2. Хэрэг шүүхэд очтол А.Жавхланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ