Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0063

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ё.Ш нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 748 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ё.Ш нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ё.Ш 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Баянзүрх дүүргийн орон сууцны ... дүгээр хорооллын “.......” талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэрийн Ё.Ш холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 748 дугаар шийдвэрээр:

“Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг баримтлан Ё.Ш Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Баянзүрх дүүргийн орон сууцны ...... дүгээр хорооллын “...” талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэрийн Ё.Ш холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.5-д заасан шаардлагыг хангаж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Б” ХХК нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн Орон сууцны 14 дүгээр хороолол орчимд “Б” хэсэгчилсэн талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан ирүүлж, журмын 5.1-д заасны дагуу манай газар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан болно.

Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай харилцан тохирч, хамтран ажиллах чиг үүргийг төсөл хэрэгжүүлэгч “М” ХХК нь хариуцан шийдвэрлэх ёстой. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.16-д “гурван талт гэрээ байгуулаагүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр нөхөх олговор олгож, газрыг чөлөөлнө” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагчийн Баянзүрх дүүргийн орон сууцны .... дүгээр хорооллын “......” талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэр зөрчжээ...” гэжээ.

Тухайн маргаан бүхий Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх газрыг Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 84 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам”-ын дагуу сонгож, тухайн нэгж талбарт манай байгууллага нь “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Орон сууцны 14 дүгээр хороолол орчим” /ХЕТ-2013-2 багц/ “Б” блокод хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г баталсан. Тус журмын 1.2-т заасны дагуу төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөх үүрэгтэй.

Иймээс төсөл хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө баталсан нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж байгаа хэлбэр биш бөгөөд харин иргэн нь тухайн батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах ёстой байхад зөвшөөрөлгүй барилга барьж, төлөвлөлтийн шийдэл зөрчсөн байгаа болно. Тухайн маргаан бүхий нэгж талбартай газарт авто зам байхаар туссан.

Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх”-ийг эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо харгалзан үзэхээр заажээ” гэжээ.

Тухайн нэхэмжлэлийн шаардлага нь “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байх ба ямар нэгэн барилгын үйл ажиллагаатай холбоотой маргаагүй байхад хэрэгт ач холбогдолгүй хуулийн зүйл заалтыг тусгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгон тусгаж өгсөн нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцсэн дүгнэлт хийхэд эсрэгээр нөлөөлжээ.

Процесс үйл ажиллагаа зөрчсөн тухайд:

Ё.Ш нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны шүүх хурал 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт товлогдсон бөгөөд тус өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б миний бие мөн шүүхэд 14:00 цагт “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт орсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг тул тухайн хурлыг түр хойшлуулахыг шүүгчийн туслахад биечлэн мэдэгдсэн, шүүгчид уламжилсан байдаг. Гэтэл шүүх хуралдааныг 14:30 минутад эхлүүлсэн байх ба урьдчилсан хэлэлцүүлэг 14:45 минутад дуусч хуралдаанд хоцорч орсон. Энэ үед нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд “шүүх хуралдаан эхэлсэн тул хариуцагчийг оруулах боломжгүй” гэдэг хүсэлт хэлж шүүгч хуралдааны танхимаас гаргасан.

Хэрэв хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх байсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасны дагуу хүсэлт өгөх байсан.

Тус үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн үндсэн зарчмыг зөрчсөн. Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч оролцсоноор хэргийн талаар үнэн бодит мэдээлэл хэлэлцүүлэх, хариу тайлбар асуулт хариулт авч, хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэгдэхэд ач холбогдол бүхий мэдээлэл өгөх байсан. Дээрх шалтгааны үндсэн дээрээс тус шүүхийн шийдвэр үнэн мөнөөс зөрүүтэй эргэлзээтэй хэрэгт ач холбогдолгүй зүйлийн талаар дүгнэлт хийсэн шийдвэр болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, өмгөөлөгч Б.Б нар мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1 Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зугадугаар зүйлийн Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө, мөн хуулийн Арван есдүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус хуульчилсан.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэж тусгасан.

Гэтэл Ё.Ш гаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Баянзүрх дүүргийн орон сууцны 14 дүгээр хорооллын “Б” талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгаа нь тухайн газар дээр төлөвлөгдсөн авто замын трасс, мөн хорооллын цэвэр усны болон дулааны шугам, бохир ус зайлуулах шугамын трасс, явган хүний зам тавигдах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэх болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу нийтийн ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байна. Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж батлах” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооллын “Б” хэсэгчилсэн талбайд “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан гэж ойлгож байгаа.

Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нь Баянзүрх дүүргийн орон сууцны 14 дүгээр хорооллын “Б” талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн барилгын зураг төслийг баталсан болно.

Иргэн Ё.Ш болон Р.Ц нарын тухайн газарт байгаа үл хөдлөх хөрөнгөнд “М” ХХК-ийн зүгээс “Ф” ХХК-иар үнэлгээ хийлгэн төлбөрийг төлж, гарсан үнэлгээгээр нөхөх олговрыг олгох саналыг удаа дараа тавьж, хэд хэдэн удаагийн уулзалтыг хийсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээнээс хэт өндөр нөхөх олговор шаардсан учраас өнөөдрийг хүртэл гурван талт хэлэлцээрийг байгуулах боломжгүй нөхцөлийг нэхэмжлэгчээс үүсгэснийг шүүх харгалзаж үзээгүй. Энэ талаар байр суурийг гуравдагч этгээдийн зүгээс анхан шатны хуралдаанд илэрхийлэн хуралдааны тэмдэглэл тусгуулсан байгаа.

2. Ё.Ш, Р.Ц нар нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга С.Б болон Нийслэлийн хот төлөвлөлт, төлөвлөгөөний газарт гомдол гаргасан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заажээ.

Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хүчингүй болгуулах зураг төслийн талаар нэхэмжлэгч 2014 оноос хойш маргаж байгаа, 2014 онд Ё.Ш, Р.Ц нар барилга барьж эхлээд 2015 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тусгасан байна.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа илтэд хэтэрсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

3. Монгол Улсын Их хурал нь Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоолыг баталсан байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Орон сууцны 14 дүгээр хорооллын “Б” талбай”-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан гэж гуравдагч этгээдийн зүгээс ойлгож байгаа.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй нь “шүүх нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй” гэж үзэж байна.

Ё.Ш нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын .... дугаар гудамжны ...... тоот хаягт байршилтай ...... м.кв талбайтай газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн. Мөн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Р.Ц нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын ...... дугаар гудамжны ...... тоот хаягт байршилтай ........ м.кв талбайтай газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчийг тус газрын өмчлөгч болохоос өмнө хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан болно.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, консулын ......дугаар гудамжны ....... тоот хаягт байршилтай ........ м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ё.Ш болон Р.Ц нар нь бүртгэгдсэн. Нэхэмжлэгч нь тус газар дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаныг мэдэж байсан гэдгийг нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад 2014 оноос зургийн асуудлаар маргаж байснаар нотлогдож байгаа бөгөөд 2015 онд барилга барьсан байдаг.

Энэхүү барилгад архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаагүй, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй, бусдын эзэмшил газар уруу орсон, барилгын стандарт шаардлага хангаагүй байгаа нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан.

Ё.Ш, Р.Ц нарын үл хөдлөх хөрөнгө, түүний газар нь Р.Ц өмчлөлийн газар бөгөөд шүүхээс Ё.Ш холбогдох яг ямар хэсгийг хүчингүй болгуулах шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Баянзүрх дүүргийн орон сууцны 14 дүгээр хорооллын “Б” талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэрийн Ё.Ш холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

Тухайн үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн ч Ё.Ш зөвхөн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Р.Ц үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон нэр дээрх газартай холбоотой асуудал хөндөгдөж байгаа болно.

5. Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хот байгуулалтын үйл ажиллагааны талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодорхойлсон. 5.1.5-д “нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах” мөн хуулийн 6 дугаар зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон. 6.1.4-т “бүсийн хөгжлийн тулгуур төв хот, түүнчлэн томоохон уул уурхайн орд газар, үйлдвэр, нисэх онгоцны буудлыг даган бий болсон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах”, 7 дугаар зүйлд Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон. 7.1.12-т “шинэ хороолол, бичил хорооллын зураг төсөл, техникийн баримт бичиг болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын боловсруулсан хот байгуулалтын баримт бичгийг батлах” эрхтэй гэж заасан. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дугаар зүйлд “...хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” нь хот байгуулалтын баримт бичигт хамаарна” гэж хуульчилсан. Мөн хуулийн 8 дугаар зүйлд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг 8.1.1-д “хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах” гэж заасан байна.

Үүнээс үзэхэд Засгийн газар нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах бүрэн эрхтэй байна. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт Баянзүрх дүүргийн орон сууцны 14 дүгээр хорооллын “Б” талбайд баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах болон хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах санал өгөх эрхтэй байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдсэн зураг төсөл журмын дагуу л хийгдсэн гэж үзэж байгаа.

Ё.Шинэхишигийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Зураг нь өөрөө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бол төлөвлөгөө мөн адил нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх хууль зүйн шаардлагыг өөртөө агуулна. Гэвч нэхэмжлэгч анхнаасаа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Ё.Шинэхишигийн газар багтсан эсэхэд маргаагүй бөгөөд шүүхээс “талууд маргаагүй тухай” дүгнэсэн болно.

Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам нь 2013 онд болон 2014 онд тус тус батлагдсан. Шүүх дүгнэхдээ энэхүү хоёр зарчмыг хамт баримталсан. Аль журмыг баримтлах талаар тодруулаагүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодорхойлох, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах ч, нэхэмжлэл гаргах болон төлөөлөх эрхийг тодруулах нь шүүхийн үүрэг.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ё.Ш нь 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-ээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын ..... тоот .........м.кв газрыг арван сая төгрөгөөр, харин түүний эхнэр Р.Ц мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр Консулын ....... тоот ....... м.кв газрыг нэг зуун хорин таван сая төгрөгөөр тус тус худалдан авч, мөн тус тусын нэрээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан, улмаар байршлын хувьд Р.Ц өмчлөлийн газарт 2 давхар барилгын карказ цутгагдаж, 2015 онд ...... м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ё.Ш, Р.Ц нар хамтдаа улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авчээ.   

Гэвч шүүхээс Ё.Ш анх гаргасан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Баянзүрх дүүргийн орон сууцны 14 дүгээр хорооллын “Б” талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тэрбээр “дээрх төлөвлөгөө болон зураг төслийн Ё.Ш, Р.Ц нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамжны ......, ....... тоот хаягт байрлах ....... м.кв, ....... м.кв, нийт ........ м.кв газартай давхцаж буй хэсгийг баталсан үйлдлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг шүүх хүлээн авсан атлаа үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулаагүйгээс гадна өөрчилсөн бус анхны шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй.  

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/427 дугаар албан бичгээр ирүүлсэн нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны зурган мэдээллийг 2017 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зурагтай давхцуулсан байдал, маргаан бүхий хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэргээс үзэхэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын ......, ......... тоотод тус тус байрлах нэхэмжлэгч Ё.Ш, эхнэр Р.Ц нарын өмчлөлийн газар болон тэдгээрийн хамтын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх дүүргийн орон сууцны 14 дүгээр хорооллын “Б” талбайд баталсан “М” ХХК-ийн барилгажуулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төсөлтэй давхцалтай болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас “М” ХХК-д хүргүүлсэн удаа дараагийн албан бичигт зөвхөн нэхэмжлэгч Ё.Ш бус мөн Р.Ц тус тус гурван талт гэрээ байгуулж ирүүлэхийг шаардсан байдаг. Иймд хэдийгээр нэг гэр бүлийн гишүүд ч гэсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг, мөн “…үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус тодруулах нь зүйтэй.

2. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 08/4377 дугаар албан бичигт “…хашааны өмчлөгч Ё.Ш, Р.Ц нартай 2 болон 3 талт гэрээ хийгээгүй хариу илүүлээгүй тохиолдолд иргэдийн ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх болохыг гуравдагч этгээд “Моннис урбан девелопмент” ХХК-д мэдэгдэж байсан;

-мөн 1-р хавтаст хэргийн 26-р талд авагдсан маргаан бүхий хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд “НЕТГазар, уг байршилд иргэн С.Г 18х15м хэмжээтэй 10 давхар орон сууц төлөвлөгдсөн болно” гэж гар бичмэлээр хийсэн “цохолт”-ыг Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Н хийжээ. /уг төлөвлөгөөний зөвшөөрсөн хэсэгт зурсан гарын үсэг нь адил байв/

Иймд одоог хүртэл гэрээ хийгдээгүй тохиолдолд дээрх мэдэгдэлд дурдсаны дагуу нэхэмжлэгч болон түүний эхнэрийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, нэгэнт баталсан төлөвлөгөөнд дээрх байдлаар өөрчлөлт оруулж болох эсэхийг хариуцагчаас тодруулах шаардлагатай.

Учир нь “ийнхүү өөрчлөлт оруулж болж байхад яагаад нэхэмжлэгчийн барьж буй барилгад нийцүүлэн төлөвлөлтөд өөрчлөлт оруулж болохгүй гэж” гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан, үүнийг тодруулах нь ч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баатарсайханаас “…нэг тэрбум төгрөгөөр худалдан авах байдлаар тохиролцох саналыг нэхэмжлэгчид удаа дараа амаар тавьж байсан… одоо ч энэ санал хэвээр байгаа…”, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэрээс “…ийм санал огт тавьж байгаагүй, уулзалт л болж байсан…” гэх тул энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгчээс тодруулах, шаардлагатай бол талуудыг байлцуулан тайлбар авах нь зүйтэй.  

“М” ХХК-иас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн АБ-047 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “…иргэн Ё.Ш ..... тэрбумаар 2 хашааг зарах хүсэлт гаргасныг зах зээлийн үнээс хэт өндөр байх тул худалдан авах боломжгүй, харин өмнө ярилцаж байсан ........ м.кв үйлчилгээний талбайгаар солих боломжтой гэдгээ илэрхийлсэн болно…” гэх тухайн үеийн байр суурь одоо хэвээр болох, үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай.

Учир нь маргаан бүхий захиргааны акт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гарсан, өөрөөр хэлбэл маргааныг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч зөвхөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн төдийгүй уг төлөвлөлтөд хамрагдаж, газраа чөлөөлсөн олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн болон түүний эхнэрийн өмчлөлийн газраар явган хүний замын, хорооллын дулааны шугам болон бохир ус зайлуулах шугамын болон авто замын трасс дайрч байгаа, мөн ....... тоот нь төлөвлөлтийн дагуу баригдах үйлчилгээтэй орон сууцны барилгын хэсэгтэй, ......... тоотын дээгүүр цахилгаан дамжуулах агаарын шугам дайрч байгаа гэх баримтууд тус тус хэрэгт авагджээ. 

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж буй мэт боловч үндэслэлийн хувьд түүнийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийснийг буруутгаагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН