Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 748

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 30 өдөр         Дугаар 128/ШШ2019/0748            Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: Ё.Ш, /РД:**********/

          Хариуцагч: НХБХГ,

          Гуравдагч этгээд: “М” ХХК, /РД:******/,

         Нэхэмжлэлийн шаардлага: “НХТЕТГ-ын БЗД-ийн орон сууцны 14 дүгээр хорооллын Б талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэрийн Ё.Ш-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Ш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл НХТЕТГ-ын БЗД-ийн орон сууцны 14 дүгээр хорооллын Б хэсэгчилсэн талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төсөл нь нэхэмжлэгчийн үндсэн хуулиар баталгаатай эдлэх эрхийг зөрчиж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

Хоёр.нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НИТХ-ын2013 оны 7/29 дугаар тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс буюу БЗД-ийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших орон сууцны 14 дүгээр хорооллын Б хэсэгчилсэн талбайд  НЗД-ын 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/537 дугаар захирамжаар  “М” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч НХТЕТГ-аар зураг төслөө батлуулсан байдаг. Нэхэмжлэгч нь эхнэр Н.Ц хамт БЗД-ийн 14 дүгээр хороо, консулын 20 дугаар гудамжны 513, 524 тоотод байрлах нийт 1106 метр квадрат хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 1382.5 метр квадрат дуусаагүй барилгын талбай бүхий газруудыг өмчилдөг. Гэтэл дээрх дахин төлөвлөлтийн төлөвлөгөөний дагуу батлагдсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төсөл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газартай давхцаж байгаа юм. Ийнхүү давхардсаны улмаас Ё.Ш-ийн хувьд газраа хуулийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй болж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс “М” ХХК-тай холбогдож удаа дараа дээрх байдлаа таслан зогсоохыг мэдэгдсэн боловч, шаардлагыг хүлээн аваагүй тул НМХГ, НИТХ, НХТЕТГ, НЗД нарт удаа дараа хандаж байсан. НХТЕТГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08/4377 тоот албан бичигт “Өмчлөгч нартай гурвалсан гэрээг хийсний дараа хариу мэдэгдэнэ. Гэрээг хийгээгүй тохиолдолд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг болон шугам сүлжээний зураг  төслийг өөрчлөн хийнэ” гэсэн байдаг. Дээрх албан бичигт тогтоосон хугацаанд багтаан “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчтэй холбогдоогүй. Харин тогтоосон хугацаа өнгөрсний дараа хариуцагчид энэ талаар мэдэгдсэн боловч хүсэлтийг шийдвэрлэж ямар нэгэн арга хэмжээ аваагүй. “М” ХХК нь одоог хүртэл нэхэмжлэгчтэй гурвалсан гэрээг байгуулаагүй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн газар эзэмших, үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг зөрчиж баталсан. НХТЕТГ-ын БЗД-ийн орон сууцны 14 дүгээр хорооллын Б хэсэгчилсэн талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Гурав.нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нийт 165 нэгж байгаагаас 93 нэгжтэй гэрээ байгуулсан байгаа юм. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх” гэж заасан байдаг. Гэтэл Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас дээрх хууль зүйн шаардлага хангагдаагүй байхад, зураг төслийг баталсан нь үндэслэлгүй байгаа юм. Гэрээ байгуулснаас бусад бүх иргэд гуравдагч этгээдтэй маргаантай байгаа. Тохиролцох уулзалтуудыг удаа дараа хийж байсан. Гэвч тухайн газарт барьсан байгаа үл хөдлөх хөрөнгө нь гуравдагч этгээдийн зүгээс үнэлүүлсэн үнэлгээгээр 700.000.000 орчим төгрөгийн үнэлгээтэй гэж гарсан. Тухайн үнийн дүн нь зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бөгөөд газрын үнэлгээ ороогүй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нэгэнт тодорхой болсон тул одоо газраа үнэлэх гэхээр үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг НХТЕТГ бий болгосон. Учир нь урьдчилсан тохиролцох нөхцөлийг бүрдүүлээгүй, хуульд заасан нөхцлөө мөрдөж ажиллаагүй учраас гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нар тохиролцоонд хүрч чадахгүй өнөөдрийг хүртэл явсан байна.  НХТЕТГ нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Ш-ийн өмчлөх эрхэд халдсан зүйл байхгүй. Түүний өмчлөх эрхийг хүндэтгэж байгаа. Эрхээ хэрэгжүүлж байгаа бол үүргээ мөн биелүүлэх ёстой. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэж заасан байдаг. Бидний хувьд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг унагааж авах гэсэн зүйл байхгүй. Хот хөгжлийн төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа энэ ажил хотын иргэдийн төлөө хийгдэж байгаа гэж харж байна. Хэсэгчилсэн төлөвлөгөө нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар захирамжилсан шинжтэй, бие даасан үйлчлэл, эрх бүхий этгээдээс гаргасан байгаа юм. Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд Хот байгуулалттай холбоотой Улсын Их хурлын бүрэн эрхийг тодорхойлсон. 5.1.5 дахь заалтад “нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах”, мөн хуулийн 6 дугаар зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон. 6.1.4 дэх заалтад “бүсийн хөгжлийн тулгуур төв хот, түүнчлэн томоохон уул уурхайн орд газар, үйлдвэр, нисэх онгоцны буудлыг даган бий болсон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах”, 7 дугаар зүйлд Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон. 7.1.12 дахь хэсэгт “шинэ хороолол, бичил хорооллын зураг төсөл, техникийн баримт бичиг болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагын боловсруулсан хот байгуулалтын баримт бичгийг батлах” гэсэн байдаг. Хот байгуулалтын баримт бичиг гэдэгт хэсэгчилсэн төлөвлөгөө хамаарч байгаа. Мөн хуулийн 8 дугаар зүйлд Аймаг, НИТХ-ынбүрэн эрхийг хуульчилсан. 8.1.1 дэх заалтад “хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах” гэж заасан байдаг. Тэгэхээр НХТЕТГ нь хэсэгчилсэн төлөвлөгөөний зураг нь мэргэжлийн шаардлага хангасан гэдгийг баталж байгаа болохоос хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 12 дугаар 10-ны өдөр нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байна. Хэрэв Захиргааны акт гэж үзэж гомдол гаргасан бол гомдлыг хүлээн аваад 30 хоногийн дотор урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын эрх, үүргийг тодорхойлсон. 10.1.1 дэх заалтад “хот байгуулалтын салбарын норматив, эрх зүйн бусад актын төсөл болон тэдгээрийг боловсруулах, өөрчлөх тухай санал оруулах”, 10.1.2 дахь заалтад “орон нутаг дахь хот байгуулалтын бодлого боловсруулахад санал гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” , 10.1.3 дахь заалтад “зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах”, 10.1.4 дэх заалтад “хот суурины нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх”, 10.1.5 дахь заалтад “орон нутгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохицуулж, Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг өдөр тутмын мэргэжил арга зүйн удирдлагаар хангах”, 10.1.6 дахь заалтад “барилга байгууламжийг барьж байгуулахаас өмнө тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гудамжны нэр, барилгын дугаарыг тогтоож, газрын кадастрын бүртгэлд оруулах ажлыг зохион байгуулах”, 10.1.7 дахь заалтад “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх” гэж тус тус заасан байна. Дээрх заалтуудаас харахад НЗД нь зураг төсөл боловсруулж, санал гаргаж, арга зүйн удирдлагаар хангаж, Аймаг НИТХ батлах эрхтэй болж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 2013 онд дахин төлөвлөлтийн асуудал яригдсан байхад, 2015 онд үл хөдлөх эд хөрөнгө барьсан байдаг. Түүний эрхийг хүндэтгэж үзээд хэлсэн үнээр нь авах гэхэд нийт 1.6 тэрбум төгрөгөөр тохиролцоно гэсэн. Манай байгууллагын хувьд хуульд заасан журмын дагуу төсөл сонгон шалгаруулах эрх авсан. Өнөөдөр шүүхийн шийдвэр ямар ч гарсан байсан гэсэн Ё.Ш-тэй өмчийн асуудлаар тохиролцоо хийх боломжтой. Хамгийн гол нь энэ маргаан нь аливаа төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллаж байгаагийн хамгийн том жишээ болж харагдаж байгаа юм. Хууль зүйн хувьд ХБХГ нь хариуцагч этгээд биш болохоор нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй болж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “НХТЕТГ-ын БЗД-ийн орон сууцны 14 дүгээр хорооллын Б талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “НХТЕТГ-ын БЗД-ийн орон сууцны 14 дүгээр хорооллын Б талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэрийн  Ё.Ш-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

НИТХ-ын2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай” 07/29 дүгээр тогтоолоор нийслэлийн БЗД-ийн 13, 14 дүгээр  хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр хороолол орчим /ГХДТ-2013/6 багц “Б” блок/-ын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж мөн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг хавсралтаар баталжээ. Уг журмаар “...НИТХ дахин төлөвлөлт хийхээр байршил, хэмжээг тогтоосон газрыг буюу сонгогдсон талбайд төсөл хэрэгжүүлэгчтэй хийх гурван талт гэрээний загвар батлах болон төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий удирдах хорооны эрх хэмжээ, төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах ажиллагаа”-г зохицуулжээ.

            Дээрх тогтоолыг үндэслэн НЗД-ын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/537 дугаар захирамжаар нийслэлийн БЗД-ийн 13, 14 дүгээр  хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр хороолол орчим /ГХДТ-2013/6 багц “Б” блок/-ын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “М” ХХК-ийг шалгарсныг батламжилж, НЗД-ын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай” А/1150 дугаар  захирамжаар нийслэлийн БЗД-ийн 13, 14 дүгээр  хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр хороолол орчим /ГХДТ-2013/6 багц “Б” блок/-ын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “М” ХХК-ийн нэрийг “М”  ХХК болгон өөрчилжээ.

         Хэргийн оролцогчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа болон орон сууцны 14 дүгээр хороолол орчим “В” хэсэгчилсэн талбайн  ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгч Ё.Ш-ийн газар багтсан эсэхэд маргадаггүй болно.

   Нэхэмжлэгч нийслэлийн БЗД-ийн  орон сууцны 14 дүгээр хорооллын Б хэсэгчилсэн талбайд баталсан “М” ХХК- ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зургийн холбогдох хэсэгтэй маргаж байгаа бөгөөд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 5.1-т заасны дагуу Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас “М” ХХК-иас Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн орон сууцны 14 дүгээр хороолол орчим “В” хэсэгчилсэн талбайн  ерөнхий төлөвлөгөөг боловсруулан ирүүлснийг баталсан байх бөгөөд НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг “Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрэм”-ийн  3.1.10-д “гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гар хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл, хөтөлбөрийн саналыг хүлээн авч байршил, хил, зааг, хүчин чадлыг тодорхойлох, ажлын даалгавар боловсруулах, архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, загвар зураг зөвшилцөх, баталгаажуулах”, 3.1.11-т “нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барих, өргөтгөх, авто зам, замын байгууламжийг  хотын хөгжлийн  ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн  төлөвлөх, ажлын даалгавар боловсруулах, архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, загвар зураг зөвшилцөх, баталгаажуулах” чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.

          Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн НИТХ-ынТэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх чиг хандлага”-ын баримт бичигт нийцүүлэн боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний мэдээллийг БЗД-ийн 14 дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамжны 513 /нэгж талбарын 18645310879613 дугаар бүхий/ болон 524 / нэгж талбарын 18645310902593 дугаар бүхий/ тоот хаягт байрлах газрын кадастрын зурагтай давхцуулсан байдлаар ирүүлснийг үзвэл 513, 524 тоот байршилтай газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн авто зам, ногоон байгууламжтай давхацсан болон нь тогтоогдож байна.     

Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  худалдах худалдан авах гэрээгээр нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороо Консулын 20-524 тоот 566м2  газрыг арван сая төгрөгөөр худалдан авч, 2013 оны 12 дугаар сарын 11-ний нэгж талбарын 18645310902593 дугаартай 566 м2 талбайтай  гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгож, мөн нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ё.Ш-ийг нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр хороо Консулын 20 дугаар гудамж 513 тоот хаягт байршилтай  1382,5 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ.

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох “Ф” ХХК-ийн үнэлгээгээр дээрх 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 752,770,234.00 /долоон зуун тавин хоёр сая долоон зуун далан мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөг гэж тогтоожээ.

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.16-д “гурван талт гэрээ байгуулаагүй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр нөхөх олговор олгож, газрыг чөлөөлнө” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагчийн БЗД-ийн орон сууцны 14 дүгээр хорооллын Б талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэр зөрчжээ.

Учир нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх”-ийг эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо  харгалзан үзэхээр заажээ.

Мөн Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “барилга байгууламжийн ... загвар зураг батлах ...” бүрэн эрхийг НЗД-д олгож, энэхүү чиг үүргийг ЗДХА  ХБХГ-ын чиг үүрэгт хамааруулахаар ЗД захирамжилсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг баримтлан Ё.Ш-ийн НХБХГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “НХТЕТГ-ын БЗД-ийн орон сууцны 14 дүгээр хорооллын Б талбайд баталсан “М” ХХК-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон уг төлөвлөгөөний  дагуу хийгдсэн барилгын зураг төслийг баталсан шийдвэрийн Ё.Ш-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ