Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0007

 

Г.Гэрэлцогтод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0065/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүгдэгч: Г.Гэрэлцогт

Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын 17-ны  өдрийн 63  дугаар шийтгэх тогтоолтой Г.Гэрэлцогтод  холбогдох 201722000070 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн  2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Шарнууд овогт Ганбаатарын Гэрэлцогт, 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,  мөн  шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 09-ний  өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нийт 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн  /регистрийн дугаар: РГ89121915/.

Г.Гэрэлцогт нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ж.Ариунжаргалыг зодож бие махбодид нь “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд овогт Ганбаатарын Гэрэлцогтыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Г.Гэрэлцогтод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн 201722000070 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэрэлцогтод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Улсын яллагч эсэргүүцэлдээ: ... Г.Гэрэлцогт нь Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оноож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ...бүгд 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт “Дор дурдсан этгээд дараах тохиолдолд ялгүй болно”, 78.2.4 дэх хэсэгт “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж заасан байгаа нь Г.Гэрэлцогтын ялгүй болох хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусахаар байна.

Г.Гэрэлцогт нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн байх ба ...өмнөх гэмт хэргийн ялтай байдал нь өршөөлийн хуульд хамрагдаагүй гэж үзэж болохоор байна.

...Шүүгч шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Г.Гэрэлцогт нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- ийн 37-р хуудас/-аар болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.” гэж дурдсан атлаа тогтоох хэсэгтээ шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй, ямар үндэслэлээр ялгүйд тооцож байгаагаа дүгнэж бичээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэж заасан мөн тогтоолын тодорхойлох хэсэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд Г.Гэрэлцогтод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Г.Гэрэлцогт нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ж.Ариунжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх шийтгэх тогтоолдоо дээр дурдсан хуулийн зүйл, заалтыг хэрэглэх болсон үндэслэл,  шалтгаанаа тодорхойлоогүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д заасныг зөрчсөн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх заалтыг  “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн”  тохиолдолд  шүүх хэрэглэх боломжтой.

Г.Гэрэлцогт нь ялтай байхдаа буюу  2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ж.Ариунжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байхад  түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж гэмт хэрэг үйлдэж байгаагүйгээс гадна гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар ялгүй болсон,  ял шийтгэлгүйд тооцогдсон байхыг ойлгох бөгөөд Г.Гэрэлцогт нь ялгүй болоогүй, ялгүйд тооцогдоогүй байна.

Г.Гэрэлцогт нь 2008 оны 6 дугаар сарын 09-ний  өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нийт 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба ялтайд тооцогдох хугацаандаа буюу 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бусдын эд зүйл хулгайлж  2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д “...энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулах”-аар заасан бөгөөд Г.Гэрэлцогтын 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэргийг өршөөлд хамааруулсан учир түүний хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байдал буюу Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан хугацаа өршөөлд хамаарагдаагүй байна.

Шүүх Эрүүгийн хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлт  шийтгэх тогтоолд оруулах боломжгүй учир хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 317.1.4, 319 дүгээр зүйлийн 319.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 325 дугаар зүйлийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 02 дугаар сарын  17-ны  өдрийн 63  дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Гэрэлцогтод бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Магадлалд  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.БАЯРХҮҮ

                      ШҮҮГЧИД                                                          З.ХОСБАЯР

                       Б.СОСОРБАРАМ