Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 0008

 

Э.Гандаваад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0063/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Б.Сосорбарам  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Ялтны өмгөөлөгч: Л.Цогтбаяр,

Хохирогч: Б.Мягмарзундуй, Б.Батцэцэг,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 03 дугаар сарын 23-ны  өдрийн 82  дугаар шийтгэх тогтоолтой Э.Гандаваад холбогдох 201622000733 дугаартай эрүүгийн хэргийг ялтан болон ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Энхтуяагийн Гандаваа, 1998 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЮ98072010/.

Э.Гандаваа нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байрлах “Тэмүүнхүслэн” билльярдын газар иргэн Б.Мягмарзундуйг билльярдын цохиур модоор нүд рүү нь хатгаж бие махбодид нь нэг нүдний бүрэн сохрол, зүүн доод зовхинд язарсан шарх, зулгаралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2017 оны 03 дугаар сарын 23-ны  өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Гандавааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Э.Гандавааг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Э.Гандаваад оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Гандаваагаас 617,795 /зургаан зуун арван долоон мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батцэцэг, Б.Мягмарзундуй нарт олгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201622000733 дугаар хэрэгт хураагдан ирсэн СД 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, билльярдны цохиур мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгаж, Эрүүгийн 201622000733 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Мягмарзундуй, хохирогч Б.Батцэцэг нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардал 101,015,825 /нэг зуун нэг сая арван таван мянга найман зуун хорин тав/ төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Э.Гандаваагаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гандаваад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Э.Гандаваа, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нар давж заалдах гомдолдоо:  ... анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэлгүй, Эрүүгийн хуулийн зохих зүйл заалтыг хэрэглэлгүй буруу шийдвэр гаргасан.  Үүнд:

Гэрч Ууганбаяр нь: хавтаст хэрэгт мэдүүлэхдээ “Анх орж ирэхдээ Б.Мягмарзундуй нь зүүн нүдний доод зовхи нь гэмтсэн байсан. Цус гарсан зүйл ажиглагдаагүй. Бага зэрэг гарсан байж магадгүй”  гэжээ. Үүнээс үндэслэн бусад гэрч нараас Б.Мягмарзундуй өмнө нь зодоон хийсэн эсэх, нүд нь яагаад улайсан талаар нарийн сайн тодруулан шалгаагүй байна.

... Мөн шүүх эмнэлгиин шинжээчээс уг гэмтэл нь хэзээ үүссэн, яг ямар үйлчлэлийн улмаас зүүн нүд сохорсон байна, өмнө нь уг нүдэнд гэмтэл байсан эсэхийг нарийн шалгаж асууж байцаалгүй, тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ...Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт нь чухам ямар санаатай үйлдэл байсан, болгоомжгүй үйлдэл байсан эсэх талаар нарийн тогтоож шалгаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Э.Гандаваа нь хавтаст хэрэгт болон шүүхийн шатанд мэдүүлэхдээ Б.Гантогоо мөргөх үйлдэл хийх үед нь би палкны модоор хатгасан гэж мэдүүлсэн байх бөгөөд мөр рүү нь хатгах гэсийн гэж мэдүүлсэн, мөн хавтаст хэрэгт авагдсан бичлэгт Э.Гандаваа нь хохирогч Б.Мягмарзундуй, Гантогоо нарын маргааны үед хатгасан болох нь харагдаж байсан. Гэм буруугийн сэдэлт болон Э.Гандаваа нь бусдын эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж байна, нүдийг нь сохлох шууд санаатай субъектив тал байсан эсэх, ойролцоо төрлийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 97-р зүйлийн 97.1 дахь хэсэгт заасан гэмт хэргээс ялгагдах онцлогийг тодорхойлон хэргийг шийдвэрлээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон бичлэгээс харахад сэдэлтийн хувьд шууд санаатай хүнд гэмтэл учруулсан нь эргэлзээтэй, харин Эрүүгийн хуулийн 97-р зүйлд заасан гэм буруугийн хайхрамжгүй хандсан буюу нүдэнд хатгаж хүнд гэмтэл учруулахыг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдээгүй уг үйлдлийг хийсэн мэт харагдаж байна. Иймд ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, эсвэл нэмэлт байцаалтанд буцааж гомдолд дурдагдсан асуудлуудыг шалгуулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн тогтоол нь “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шаардлагад нийцжээ.

Э.Гандаваа нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байрлах “Тэмүүнхүслэн” билльярдын газар иргэн Б.Мягмарзундуйн нүд рүү нь билльярдын цохиураар хатгаж бие махбодид нь “хүнд” зэргийн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Б.Мягмарзундуйгийн:  “...2016 оны 12 сарын 06-ны өдөр  ...цаанаас нь улаан куртиктэй залуу ирээд хөөш гэснээ билльярдны палкны нарийн талаар нь миний зүүн талын нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд миний нүдний доод зовхиноос цус гараад нүдээ нээхээр нүд юу ч харахгүй байсан” гэсэн  мэдүүлэг  /хх-ийн 15-17-р хуудас/,

Гэрч Х.Ууганбаярын: “...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...нэг банди орж ирээд нүд сохолчихлоо гар утсаа өгөөч цагдаа дуудъя гэсэн, тэгэхээр нь би хаана юу болов гээд асуусан чинь танай билльярд  дотор тоглож байсан хүүхэд палк модоор хатгаад нүд сохолчихлоо гэсэн.  ...сүүлд камерын бичлэг үзэхэд улаан өнгийн куртиктэй банди нүд рүү нь палк модоор хатгачихаж байсан.” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Гантогоогийн:  “....2016 оны 12 сарын 06-ны өдөр  ...энэ үед манай найз Гандаваа билльярдын цохиур модоороо Мягмарзундуйгийн зүүн нүдрүү нь очоод хатгачихсан. Тэгснээ Мягмарзундуй нүд нүд гэснээ газарт уначихсан, тэгэхээр нь очоод харахад зүүн нүдний доод талын зовхиноос нь цус гарч байсан. Тэгснээ цагдаа дуудна гээд гараад явсан.” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бямбабаярын: “...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ...цаана билльярд тоглож байсан улаан өнгийн куртиктэй банди билльярдын цохиур модоор Мягмарзундуйгийн нүүр хэсэг рүү нь хатгачихсан. Тэгсэн Мягмарзундуй хойшоо болоод уначихсан, тэгэхээр нь би очоод яасан бэ гээд очоод харсан чинь зүүн нүдний доод хэсэгт цохисон бололтой тэрнээс цус гарч байсан, яг сайн хараагүй Мягмарзундуй гараараа нүдээ дараад нүд юм харахгүй байна, цагдаа дуудъя гээд билльярдын газраас хажуу талын дэлгүүрийн хүний утаснаас цагдаад дуудлага өгсөн.”  гэсэн  мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Болортэсийн: ... Гандаваа цаана тоглож байснаа билльярдын цохиур модоор Мягмарзундуйгийн нүүр хэсэг рүү нь хатгачихсан. Тэгтэл Мягмарзундуй хойшоо болоод нүүрээ дараад байсан, тэгэхэд ямар ч байсан зүүн нүднийх нь тэндээс цус гоожоод байсан.”  гэсэн  мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаартай “...Б.Мягмарзундуйн биед нэг нүдний бүрэн сохрол, зүүн доод зовхинд язарсан шарх, зулгаралт бүхий гэмтэл учирсан байна. ...Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 31.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварт их хэмжээгээр тогтонги байдлаар нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.”  гэсэн  дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, ялтанд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Э.Гандаваад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг  тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч  гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.  

Э.Гандаваа нь өөрийн үйлдлийн нийгмийн  аюулын шинж чанарыг ухамсарлаж, билльярдын цохиураар хатгах нь бусдад хор уршиг учруулж  болохыг мэдсэн атлаа  үйлдсэн байх тул түүнийг  гэмт хэрэг  санаатай үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

Хохирогч Б.Мягмарзундуй нь билльярдын газар орохоос өмнө гэмтэл авсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн дээр 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр болсон үйл явдлын талаар гэрч, хохирогч нар зөрүүгүй, тодорхой мэдүүлсэн байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй буюу эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба  шинжээч  ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэлт гаргаж байгаа, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр гэмтэл учирсныг дүгнэлтдээ тодорхой тусгасан байх тул шинжээчээс мэдүүлэг авах шаардлагагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр ялтан болон ялтны өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтыг хэрэглэлгүй буруу шийдвэр гаргасан, ...шинжээчээс уг гэмтэл нь хэзээ үүссэн, ямар үйлчлэлийн улмаас зүүн нүд сохорсон, өмнө нь нүдэнд гэмтэл байсан эсэхийг асууж байцаагаагүй, ...сэдэлтийн хувьд шууд санаатай хүнд гэмтэл учруулсан нь эргэлзээтэй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Ялтан болон ялтны өмгөөлөгч Л.Цогтбаярын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны  өдрийн 82 дугаар  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг  хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАЯРХҮҮ

                        ШҮҮГЧИД                                             З.ХОСБАЯР

                                                                       Б.СОСОРБАРАМ