Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1646

 

Б.**ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00436 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.**ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.**т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.**тай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.** нь зээлийн хүүд 610.800 төгрөгийг бэлнээр төлснөөс өөрөөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээгээр заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул үндсэн зээл 5 000 000 төгрөг, 120 хоногийн /нэг хоног 25 000 төгрөг/ алдангид 3 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэр дээр 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ээжийн найз С.** Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Буянт-Ухаа, Морингийн зам гудамжны ** байрны 0 давхарт ** 13 м.кв байрыг н.Гансүх гэх хүнээс шилжүүлж авахдаа миний нэр лүү шилжүүлсэн болно. Улмаар эгч С.** нь “яаралтай мөнгө хэрэг болоод байна яаралтай барьцаанд тавих хэрэгтэй байна” гээд намайг дуудаад Б.** гэдэг хүнээс мөнгө зээлэх тухай хэлсэн. Тэр үед би “буцаан нэр лүү нь шилжүүлье “гэж хэлсэн боловч “хугацаа алга байна, найдвартай өгчихнө санаа зоволтгүй” гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.**оос 5 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Би энэ мөнгийг аваагүй, дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө минийх биш учраас нэхэмжилж байгаа 8 000 000 төгрөгийг би төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.**аас зээлийн гэрээний үүрэгт              6 958 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.**т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 041 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.**аас 126 291 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.**т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.** миний нэрээр зээлийн гэрээг байгуулж, Б.**оос 5 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн хүүд 610 800 төгрөг төлсөн. Гэтэл шүүх үүрэг гүйцэтгээгүй нийт хугацааг 2016 оны дүгээр сарын 06-ны өдрөөр тооцсоныг зөвшөөрөхгүй байна.

Үүрэг гүйцэтгэх хугацааг 30 хоногоор илүү тооцсоны улмаас 712 500 төгрөгөөр илүү тогтоогдсон тул үүнийг зөвтгөж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.** нь хариуцагч Б.**т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.**, Б.** нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр     5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.**ын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа Морингийн Зам гудамжны ** байрны 0 давхрын ** хаягт байршилтай 13 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр үйлдсэн талаар зохигчид маргаагүй байна.

 

Зээлийн гэрээний ар талд 5 000 000 төгрөгийг Б.**оос хүлээн авсан гэж Б.** тэмдэглэж, гарын үсэг зурсан баримт байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох юм.

 

Иймд хариуцагч мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй гэх тайлбараа нотлоогүй, уг зээлийн гэрээний ар талын хуудаст мөн шилжүүлж авсан гэх үйл баримтыг баримтаар үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үндсэн үүргийг, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг тэрээр төлөх үүрэгтэй гэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул уг гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хүсэлт гаргаагүй тул диспозитив зарчмын дагуу хариуцагчийн тайлбарыг үндэслэн зээлийн гэрээний үүргийг уг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэх боломжгүй байна. Энэ нь шийдвэр гүйцэтгэх журмаар уг хөрөнгөд ажиллагаа явуулахад саад болохгүй юм.

 

Шүүх зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлбөл зохих үүргийг зөв тодорхойлж, гэрээний үүрэгт төлсөн 610 800 төгрөгийн 250 000 төгрөгийг зээлийн хүүд, 360 800 төгрөгийг үндсэн зээлээс хасч төлбөл зохих дүнг 6 958 800 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй байх тул хариуцагчийн алдангийг 30 хоногоор илүү тооцсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүх Иргэний болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг жижгээр бичиж бичгийн дүрмийн алдаа гаргасныг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГ ШҮҮГЧ                                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

Э.ЗОЛЗАЯА