Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 23/3 байр, 8а тоотод оршин суух, Буурал да овогт Буянбадрахын Пүрэв-Очир /РД-ЧК79032274/-ын,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Уулын 1 дүгээр гудамж, 12 тоотод оршин суух, Гял овогт Болдбаатарын Шинэбаяр /РД-ФБ85022013/-т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, хариуцагч Б.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Саранцэцэг нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Шинэбаяртай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Шинэбаяр нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү, алданги 3.000.000 төгрөг нийт 8.000.000 төгрөгийг хариуцагч Б.Шинэбаяраас гаргуулан өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир нь Б.Шинэбаяртай 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл зээлдүүлсэн бөгөөд зээлийн хүүнд 610.800 төгрөгийг бэлнээр төлснөөс өөрөөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд бидний зүгээс үндсэн зээл болох 5.000.000 төгрөг, 120 хоногийн алдангийг нэг өдөрт 25.000 төгрөгөөр тооцон алдангид 3.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Шинэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Шинэбаяр миний нэр дээр 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ээжийн найз н.Ариунаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Буянт-Ухаа, Морингийн зам гудамжны 60/2 дугаар байрны 0 давхарт 69/3 тоот 13 метр квадрат байрыг Гансүх гэх хүнээс шилжүүлж авахдаа Б.Шинэбаяр миний нэр лүү шилжүүлсэн болно. Улмаар эгч Ариунаа нь яаралтай мөнгө хэрэг болоод байна яаралтай барьцаанд тавих хэрэгтэй байна гээд намайг дуудаад Б.Пүрэв-Очир гэдэг хүнээс мөнгө зээлэх тухай хэлсэн. Тэр үед би буцаан нэр лүү нь шилжүүлье гэж хэлсэн боловч хугацаа алга байна, найдвартай өгчихнө санаа зоволтгүй гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Пүрэв-Очироос 5.000.000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Б.Шинэбаяр миний бие энэ мөнгийг аваагүй болно. Энэ дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгө 2 миний биш учраас нэхэмжилж байгаа 8.000.000 төгрөгийг би төлөхгүй. Иймд нэхэмжилж байгаа мөнгийг барьцаанд авсан эд хөрөнгөөр барагдуулж өгнө үү. Би 5.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл зээлдэж авсан нь үнэн, гэвч би энэ мөнгийг аваагүй, ээжийн найз Ариунаа гэдэг хүн авсан учраас би төлөхгүй. Энэ хүн хариуцна. Ээж надад хэлээд би Ариунаад авч өгсөн юм, төлөх боломжгүй, Ариунаа эгч л зээлээсээ хэдэн төгрөг нэхэмжлэгчид өгсөн гэж байсан, яг хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  нь:

            Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир нь хариуцагч Б.Шинэбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Пүрэв-Очир, хариуцагч Б.Шинэбаяр нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас тогтоогдож байна. 

Монгол улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг зохигчид байгуулсан байх ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчид хоорондоо 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар зээлдэн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч уг гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг, 120 хоногийн хугацаа хэтрүүлсний алдангид 3.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч Б.Шинэбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй. Би төлөхгүй ээжийн найз Ариунаа төлнө, би энэ мөнгийг аваагүй гэж марган мэтгэлцдэг.

 Гэхдээ хариуцагч Б.Шинэбаяр нь зээлийн гэрээнд өөрөө гарын үсэг зурж, мөнгийг хүлээж авсан нь үнэн гэж хүлээн зөвшөөрдөг.

Иймд хариуцагч Б.Шинэбаяр нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх эрхтэй хэдий ч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцан биелүүлэх этгээд мөн болох нь тогтоогдож байна. Иймээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нь уг зээлийн гэрээний үүрэгт 610.800 төгрөгийг төлсөн. Үүнийг 2 сарын хүүнд бэлэн мөнгөөр тооцон нэхэмжлэгч хүлээн авсан гэж тайлбарладаг. Тиймээс зээлийн гэрээний үүргээс хариуцагч зохих хэсгийг биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг болон 1 сарын 5 хувийн хүү 250.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.Шинэбаяраас зээлийн гэрээний үүрэгт төлсөн 610.800 төгрөгөөс 1 сарын хүү 250.000 төгрөгийг хасан 360.800 төгрөгийг үндсэн зээлээс хасч/5.000.000-360.800=4.639.200/ тооцон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 4.639.200 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь алдангид 3.000.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул алдангийг 4.639.200 төгрөгнөөс тооцон гаргуулах нь зүйд нийцнэ.

Хариуцагч Б.Шинэбаяраас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4.639.200 төгрөг болон алдангид 2.319.600 төгрөг, нийт 6.958.800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.041.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 126.291 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.Шинэбаяраас зээлийн гэрээний үүрэгт 6.958.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.041.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Шинэбаяраас 126.291 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пүрэв-Очирт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б. БАЯРМАА