Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01381

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01042 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1299 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний алдангид 7 571 609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Т” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, 48.36 мкв талбай орон сууцыг 50 785 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 30 хувийг төлж, үнийн дүнгийн 70 хувийг банкны зээлээр төлнө гэж гэрээнд заасан. Банкны зээлээр төлөхдөө “Т” ХХК барилгыг ашиглалтад оруулж, орон сууцны гэрчилгээ гарсан тохиолдолд төлнө гэж заасан боловч “Т” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, 2-3 жил хугацаа хожимдуулсан.

Иймд “Т” ХХК-иас өдрийн 15 023 төгрөгөөр бодож нийт 403 хоногийн алдангид 7 571 609 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Гэрээний талууд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг дүгнэж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн нь хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд нэхэмжлэгч шүүхэд ажиллаж байсан талаар баримт байгаа. Тухайн үед манайх гэрээ байгуулахдаа 5 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Учир нь Г.Г-а Багахангай, Налайх дүүргийн шүүхэд нарийн бичгийн даргаар ажилладаг байсан тул бид хөнгөлөлт үзүүлсэн. Ёс зүйн талаас ийм байж болохгүй гэдгийг нотлохын тулд бид үүнийг ярьж байгаа юм. Бид зөрүү алданги нэхэмжлээд, сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой. Г.Г-ын төлбөр төлсөн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Бид Г.Г-ыг төлбөр төлсөн гэдэгтээ маргахгүй. Ипотекийн зээл буюу банкны зээлээр төлөх байсан гэж тайлбарлаж байна. Банкны зээлээр төлнө гэдгийг зөвшөөрч байна. Банкны зээл гэдгийг ипотекийн зээл гэж ойлгохгүй, цалингийн зээл зэрэг ямар ч зээлээр төлөх боломжтой гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01042 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Т” ХХК-иас 7 511 571 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60 092 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136 096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас 135 135 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1299 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт “зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дээрх 0103 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээг дүгнэж акт үйлдсэн үйл баримт тогтоогдсон ба уг актад хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан, харилцан гарын үсэг зурж актыг баталгаалжуулсанаас үзэхэд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцлийн шинжийг агуулсан байна. Стандарт нөхцөлц бүхий гэрээ буюу талууд гэрээний заалт бүрийг нэг бүрчлэн тохиролцоогүй гэрээ, хэлцлийн хувьд нөгөө тал нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн байгаа тохиолдолд тухайн этгээдийн үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн нөхцлийг гэрээнд тусгасан тохиолдолд уг нөхцлүүд хүчин төгөлдөр бус байх талаар Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д заажээ.” гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Учир нь иргэний хуулийн 39.1-д заасан ...дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн гэдэг нь зохицуулалт нь үүрэг дуусгавар болгоход бус үүрэг хэрэгжих явцад хэрэглэх заалт байдаг өөрөөр хэлбэл гэрээ хэрэгжих явцад татгалзах, цуцлахад хэрэглэгдэх юм. Ийнхүү хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Үндэслэл нь хэргийн материалд авагдсан 0103 тоот гэрээний 9.1-д зааснаар талууд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрээг дүгнэж үүргээ дуусгавар болгосон байдаг. Ийнхүү үүргээ гүйцэтгэснээр Иргэний хуулийн 236.1.1-д зааснаар зохигчид үүргээ дуусгавар болгосон байхад энэ заалтыг хэрэглээгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Г.Г-а болон хариуцагч “Т” ХХК нь орон сууц захиалгын буюу ажил гүйцэтгэх гэрээ 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан байх ба энэхүү гэрээгээр хариуцагч “Т” ХХК нь “Шинэ Налайх” хорооллын орон сууцны барилгыг 2014 оны 1-2 дугаар улиралд багтаан барих, нэхэмжлэгч 3 өрөө орон сууцны төлбөрт 50 076 780 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

Ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн учир нэхэмжлэгч Г.Г-а нь орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрт төлсөн 15 023 034 төгрөгт гэрээний 6.4.-т  зааснаар алданги тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээг дүгнэж акт үйлдсэн байна. Уг актад “гүйцэтгэгч тал энэхүү актын 1, 2-т заасан алдангиас захиалагч талыг чөлөөлсөн тул гэрээний талаар өөр ямар нэгэн хугацааны алданги, ам.долларын ханшийн зөрүү, талбайн зөрүү зэрэг зөрчил маргаан аль нэг талд байхгүй болно” гэж заасан нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн нөхцлийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол энэ нь хүчин төгөлдөр бус байхаар хуулийн уг зүйл, заалтад заажээ.  

Хариуцагч “Т” ХХК нь ажил гүйцэтгэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн болохоо нотлоогүй, ажил гүйцэтгэх гэрээнд хугацаа хожимдуулан үүрэг гүйцэтгэх тохиолдолд алданги тооцох талаар тохиролцсоныг баримтаар үгүйсгээгүй, нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг шаардлага гаргаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв  тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01042 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1299 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН