Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0184/З |
Дугаар | 221/МА2020/0079 |
Огноо | 2020-01-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2020/0079
Ч.Д нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн Д.Ж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Д.Т, гуравдагч этгээд В.С, Н.О нарын өмгөөлөгч Г.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Д нэхэмжлэлтэй, Сонгинохайран дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ч.Д 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/297 дугаар захирамжийн Ч.Д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/297 дугаар захирамжийн Ч.Д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий Ч.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь дор дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, мөн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Тодруулбал:
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...тухайн маргаантай асуудлын талаар үнэлэлт өгөхдөө, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг “дээрх хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэл зоригоо илэрхийлсэн буюу хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ” гэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар” гэдэгт гагцхүү Газрын тухай хууль тогтоомжид заасанд нийцүүлэн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа газрыг хамааруулан ойлгох бөгөөд үүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тусгайлсан журмын дагуу гэрчилгээ олгогдоогүй үед хууль бусаар эзэмшсэн байж болзошгүй иргэдийн газар эзэмшил хамаарахгүй.
Гэтэл шүүхээс уг нөхцөл байдлыг буруугаар үнэлж, хуулийн зохицуулалтыг өргөтгөн тайлбарлаж, улмаар зохих журмаар гэрчилгээ аваагүй (кадастрын нэгдсэн мэдээллийн санд зураг оруулах үйл явц нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын “дараалал” бүхий ажиллагааны нэгээхэн хэсэг болохыг анхаарч үзэх) гуравдагч этгээдийн эзэмшлийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь учир дутагдалтай юм.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт кадастрын мэдээллийн санг хөтлөх үүргийн тухай ерөнхий зохицуулалтыг удирдлага болгож, харин тухайн харилцаанд тусгайлан үйлчилж буй “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1.7, 2.1.10, 9.1, 9.5-д заасныг бүхэлд нь хэрэглэхгүйгээр орхигдуулсан байгаа нь хууль хэрэглээний алдаа болно. Шүүгч гуравдагч этгээдийн кадастрын зураг хэмээх баримт бичиг нь
1. Кадастрын нэгдсэн мэдээллийн санд оруулаагүй;
2. Газрын хувийн хэрэгт байхгүй;
3. Газрын албаны зөвшөөрөл, мэдэгдлээр хийгдээгүй баримт бичиг болохыг тал бүрээс нь тооцож үнэлж үзэхгүйгээр шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл 2011 оны А/461 дүгээр захирамж /нэгж талбарын дугааргүй, газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээгүй, улсын бүртгэл, кадастрын санд ороогүй, газрын төлбөр нэг ч удаа төлж байгаагүй/, түүний “өмнөх” гэгдэх 2002 оны Б/109 дүгээр захирамжаар тус тус Д.Ж нь тухайн Ч.Д олгогдсон газарт хууль ёсоор газар эзэмшиж байгаагүй, энэ утгаараа “бусдын эзэмшил, ашиглалт” бүхий газартай давхацсан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй болохыг анхан шатны шүүхээс зөв үнэлж дүгнээгүй байгаад гомдолтой байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/297 дугаар захирамж нь агуулгын хувьд “захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох”-оор бичигдсэн байх боловч Засаг даргын бүрэн эрхэд үл хамаарах асуудал болох “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тэргүүтэй гарсан байгаа нь утга агуулгын илэрхий алдааг илтгэн нотолж байгааг шүүх анзаарч үзээгүй.
Давж заалдах гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбар гаргаж, биечлэн оролцох хүсэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Маргаан бүхий захирамжийн нэр нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай”, агуулга нь нэр бүхий иргэдэд, түүний дотор нэхэмжлэгч Ч.Д газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2015 оны А/224 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон, үндэслэсэн хуулийн заалт нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 буюу “…албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох”, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан тайлбар нь “гуравдагч этгээдэд өмнө эзэмшүүлсэн газартай давхцуулан олгосон учраас энэхүү захирамжийг гаргасан” гэх;
-түүнчлэн нэхэмжлэлийн болон давж заалдах гомдлын үндэслэл нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох гэхээс илүүтэй хүчингүй болгоход хамааралтай нөхцөл байдлын талаар маргаж байгаа энэ тохиолдолд маргаан бүхий захирамж Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус актын шинжийг огт агуулахгүй байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчиж, өөрөөр хэлбэл “бусдын эзэмшил газартай давхцуулан нэхэмжлэгч Ч.Д газар олгогджээ” гэж хариуцагчийн зүгээс үзэн, улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох зорилгоор Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон, ийнхүү хүчингүй болгосноор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж, газар эзэмших эрх дуусгавар болно.
Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээг, эсхүл газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох аль ч тохиолдолд тухайн газрын эзэмших эрх дуусгавар болох үр дагаварт хүргэх бөгөөд давж заалдах гомдолд “…Засаг даргын бүрэн эрхэд үл хамаарах асуудал болох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тэргүүтэй гарсан байгаа…” гэсэн ч хариуцагчийн хувьд дээрх хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй.
Харин энэхүү эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн болох, тэр нь хуульд нийцсэн эсэх нь тусдаа асуудал бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэгэнт холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Ч.Д газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох байдлаар түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож буй энэхүү захирамжийг илт хууль бус буюу “утга агуулгын хувьд илэрхий алдаатай” гэж үзэхгүй.
Захирамжид утгын болон агуулгын ямар алдаа байгаа нь тогтоогдохгүй, гэхдээ давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзвэл энэ нь захирамжийг илт хууль бусад тооцох бус, харин хүчингүй болгох үндэслэл болно.
Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлд холбогдох, тухайлбал цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид 2015 онд газар эзэмшүүлэхээс 4 жилийн өмнө буюу 2011 онд тухайн газрыг гуравдагч этгээд Д.Ж эзэмшүүлсэн болох нь холбогдох баримтаар тогтоогдсон талаар, уг газрыг нэхэмжлэгчид давхцуулсан олгосон нь Газрын тухай хуульд нийцээгүйгээс гадна гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар, мөн хариуцагчаас өөрийн хууль бус гэж үзсэн шийдвэрээ хүчингүй болгох эрхийн хүрээнд маргаан бүхий захирамжийг гаргасан талаарх дүгнэлтүүд үндэслэл бүхий болжээ.
Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчтэй хамт нийт 7 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, эдгээр нь хөрш зэргэлдээ газрууд төдийгүй зарим нь төрөл садангийн холбоотой, гэвч 6 иргэн нэхэмжлэгчийн нэгэн адил маргаагүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А хүлээн зөвшөөрснөөс гадна тухайн газарт гуравдагч этгээд нар оршин сууж байгаа нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон байгааг тэмдэглэв.
Хэдийгээр нэхэмжлэгчийн газар эзэмших ийнхүү эрх дуусгавар болсон ч, бусдад эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлсэн газартай давхцуулахгүйгээр Газрын тухай хуульд нийцүүлэн дахин газар эзэмших нэхэмжлэгчийн эрхэд энэхүү шийдвэр, магадлал ямар нэгэн хязгаарлалт болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН