Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 113/ШШ2017/0005

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Морьтон овогт Мөнхбаатарын Наранмандах, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 105 дугаар байрны 15 тоотод оршин суух (РД:ВЛ88122516);

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга;

Гуравдагч этгээд: Боржигон овогт Ширэндэвийн Шинэбаяр, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, ЗДТГ-3 дугаар байрны 4 тоотод оршин суух (РД:СП77071113);

Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Наранмандах, гуравдагч этгээд Ш.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар надад урьдчилан мэдэгдэлгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн гэсэн нэрээр сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас шууд чөлөөлсөн. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажлаас чөлөөлөх тухай биш, Засаг даргын орлогчийн албан тушаалд Ш.Шинэбаярыг томилохоор нэр дэвшүүлсэн ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргын саналыг дэмжиж албан хариу ирүүлсэн байсан. Тиймээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн заалтаар чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Хэдийгээр миний хашиж байсан албан тушаал нь улс төрийн албан тушаал ч гэлээ урьдчилж мэдэгдэх байсан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасны дагуу ажлаас чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдэх байсан учраас хууль зөрчиж үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзээд аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан боловч “сумын Засаг дарга нь хууль зөрчөөгүй, ажлаас чөлөөлөх тухай биечлэн мэдэгдсэн байна” гэсэн хариуг өгсөн. Сумын Засаг дарга надад ажлаас чөлөөлөх тухай нэг ч удаа хэлж ярьж байгаагүй. Сумын Засаг дарга сүүлд ажлаас чөлөөлсний дараагаар “намын шахалт шүү” гэх мэтийн үг хэлсэн. Хэрвээ надад урьдчилан мэдэгдсэн бол би өнөөдөр гомдол гаргаж суухгүй байсан. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дараагийн хүнийг томилохоор нэр дэвшүүлэхдээ намайг чөлөөлөх асуудлыг давхар хэлэлцүүлж, шийдвэрлэх байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь зөвхөн нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн албан бичгээр нотлогдож байна. Ямар ч юм яриагүй байж нэгэнт л ажлаас чөлөөлсөн захирамж гарчихсан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас чөлөөлөх бичиг ирсэн гэсэн. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичиг нь чөлөөлөх биш нэр дэвшүүлсэн асуудлыг дэмжсэн байсан. Тиймээс сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нь өөрийн албан тушаалын эрх мэдлээ хэрэгжүүлэх нэрээр миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж сэтгэл санааны дарамтанд оруулаад байна. Ажилтай байх хугацаандаа банкнаас зээл авсан байсан ба одоо ажилгүй болохоор зээлээ төлөхөд ч хүнд байна. Энэ мэтчилэн сэтгэл санааны дарамт их байгаа тул миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнийн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн үндсэн болон нэмэлт тайлбартаа: “Баянтал сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Мөнхбаатарын Наранмандах нь удаа дараа хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, эрх мэдлээ байнга хэтрүүлэн ашиглаж Санхүүгийн зөрчил гаргаж байсан тул ажлаас халах, чөлөөлөх тухай мэдэгдлийг удаа дараа өгч байсан болно. М.Наранмандах нь өөрийн хүсэлтээр “орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна” гэсэн үндэслэлээр ажлаас халахгүй, чөлөөлөхгүй байх талаар гуйсныг харгалзан үзсэн нь, урьд нь ажлаас халах, чөлөөлөх тухай мэдэгдэж байсан нь үүгээр нотлогдож байна. Орон нутгийн сонгууль товлогдсон өдрөө явагдаж нэг нам нь олонх болсноор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч гэсэн улс төрийн албан тушаалтнуудаа томилдог хуультай. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт заасны дагуу олонх болсон нам нь Засаг даргынхаа орлогчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилдог ба өмнө нь ч одоо ч тэр шат дарааллаар явагдаж байна. М.Наранмандах нь Ардчилсан намын харьяалалтай, тэр намаас Засаг даргын орлогчид нэр дэвшин томилогдож байсан. Орон нутгийн сонгуулиар нам нь ялагдсан учир ажлаас чөлөөлөгдөх хамгийн сайн мэдэж байсан албан тушаалтан юм. Өмнө нь алдаа дутагдал гаргаж байсан хүнд улс төрийн хүрээнд ба иргэд хариуцлагыг нь давхар үүрүүлсэн дүн тавьсан. Иймд миний гаргасан шийдвэр хууль зөрчөөгүй бөгөөд М.Наранмандахын гаргасан өргөдөл үнэнд нийцэхгүй байна. М.Наранмандах нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сумын Засаг даргын орлогчид эгүүлэн тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 3340098 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн хүсэлтэй байгаа гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль эрх зүй, ёс зүйн хувьд ямар ч боломжгүй нэхэмжлэл гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсгийг үндэслэл болгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн 100 хувийн саналаар Ш.Шинэбаярыг дэмжсэн нь М.Наранмандахыг чөлөөлөх зөвшилцөл хийгдсэн гэж ойлгож болно. Иймд сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамж нь хууль ёсонд нийцсэн захирамж гэж үзэж байгаа тул дээрх нэхэмжлэлүүдийг биелүүлэх боломжгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Наранмандахаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлд дурдагдсан асуудал нь миний хууль ёсны эрх ашгийг хөндөж болзошгүй байгаа тул шүүхэд албан ёсоор тайлбар гаргаж байна. 2016 оны орон нутгийн сонгуулиар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол ардын нам үнэмлэхүй олонх болж 15 суудлын 14-ийг нь авч улс төрийн сонгуулиар олонх болсон нам нь улс төрийн томилгоо хийж, ялагдсан тал нь асуудал үүсгэхгүйгээр тахимаа өгдөг ёс Монгол улсад үйлчилсээр ирсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “Сум дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэсний дагуу сумын Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд зөвшилцөх саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсний дагуу Хурлын Тэргүүлэгчид ярилцан Ш.Шинэбаяр миний биеийг сумын Засаг даргын орлогчид томилохоор 100 хувь дэмжсэн албан бичгийг хуулийн дагуу Засаг даргад хүргүүлж 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилсон нь хууль ёсны дагуу гарсан болно. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь шинээр томилогдох нэр дэвшигчийг дэмжсэнээр өмнөх орлогчийг чөлөөлөх үндэслэл болох бөгөөд заавал чөлөөлөх, эс чөлөөлөх асуудлыг уг хуралдаан дээр ярих ёстой гэсэн хууль зүйн дүрэм журам байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/14 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр гэж миний бие үзэж байнагэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 13.30 цагт хийх шүүх хуралдааныг товлон зарлахдаа хариуцагч Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ, гуравдагч этгээд Ш.Шинэбаяр нарыг оролцуулан 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хариуцагчид тухайн өдрөө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан нэхэмжлэгчээс “шүүх хуралдааныг товлосон цагтаа явуулах хүсэлтэй байна”[2] гэснийг, мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар 2017 оны 4 дүгээр сарын 11, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлсэн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “шүүх хуралдааны хувьд тусгайлан хэлэх тов байхгүй, шүүх хуралдааныг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 13.30 цагт товлоход боломжтой, одоогоор өмгөөлөгч авах санал хүсэлт алга” зэргээр тайлбар гаргасан, хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан, товлон зарласан шүүх хуралдаанд ирэх боломжгүй тухайгаа шүүхэд урьдчилан, албан ёсоор мэдэгдээгүй, холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан[3], хариуцагчийн урьд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хэрэгт цуглуулсан нотлох баримтад үндэслэж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.  

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

I. “Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101 тоотыг үндэслэн “сумын Засаг даргын орлогч М.Наранмандахыг үүрэгт ажлаас нь чөлөөлж” шийдвэрлэжээ.

Маргаан бүхий дээрх захиргааны актын хүрээнд нэхэмжлэгчээс “Засаг даргын орлогчоос чөлөөлөх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, Б/13 дугаар захирамжийг гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй” гэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс “М.Наранмандах нь сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, санхүүгийн зөрчил гаргасан, ажилдаа хариуцлагагүй хандсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, олонх болсон нам нь Засаг даргын орлогчийг томилно, Ш.Шинэбаярыг Засаг даргын орлогчоор томилохыг дэмжсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зөвшилцөл нь М.Наранмандахыг чөлөөлөхийг дэмжсэн зөвшилцөл болно, чөлөөлөх асуудлыг заавал тусад нь хэлэлцэх шаардлагагүй” зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар “... сум... -ын Засаг даргын орлогч” нь “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах ... орон тооны” улс төрийн албан тушаал бөгөөд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан нь төрийн улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, тодруулбал түүнийг томилох, чөлөөлөх асуудлыг тухайлсан хуульд өөрөөр заагаагүй бол уг харилцаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг, харин өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөхгүй байхаар хуульчилжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга .... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан нь Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд төрийн улс төрийн албан хаагчийн хувьд Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг Төрийн албаны тухай хуульд зааснаас өөрөөр тусгайлан заасан, нарийвчилсан зохицуулалт байна.

Хуулийн энэ зохицуулалтын агуулгыг авч үзвэл Засаг дарга нь (а) Засаг даргын орлогчийг чөлөөлөх тухай захирамж гаргахын өмнө, (б) түүнийг чөлөөлөх асуудлаар зөвшилцөх саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд албан ёсоор хүргүүлж, улмаар (в) Хурлын Тэргүүлэгчид чөлөөлөх асуудлаар хуралдаж, албан ёсны шийдвэрээ Засаг даргад хүргүүлэх шаардлагатай ба “Засаг даргын орлогчийг томилох болон чөлөөлөх”-дөө өөр захиргааны байгууллага болох “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид”-тэй зөвшилцөхөөр зохицуулсан нь уг захиргааны актыг гаргахад тавигдах эрх зүйн тусгай шаардлага болж, эдгээрийг бүрэн хангасан захиргааны актыг “хуульд нийцсэн” гэж үзнэ.

Хэргийн оролцогчдын гаргасан тайлбарыг хэрэгт цуглуулсан нотлох баримтуудтай харьцуулахад:

1/ Баянтал сумын Засаг дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 468 дугаар албан бичгээр “сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд Ширэндэвийн Шинэбаярын нэрийг дэвшүүлж” буйгаа уламжилсаны хариуд тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мөн өдрийн 101 дүгээр албан бичгээр[4] “...468 тоот саналыг ... хэлэлцээд Засаг даргын орлогч даргаар Ширэндэвийн Шинэбаярыг томилуулах тухай саналыг дэмжсэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж дурдсан,

2/ Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дүгээр албан бичигт “ ... 468 тоотоор Засаг даргын орлогчийн албан тушаалд Ш.Шинэбаярын нэрийг дэвшүүлж, Тэргүүлэгчдийн Хурлаар зөвшилцөхөөр оруулж ирсэн нь Шинэбаярыг Засаг даргын орлогчоор томилж, М.Наранмандахыг чөлөөлөх үндэслэл гэж ойлгож дэмжсэн болно” гэсэн,

3/ шүүхээс баримт бичигт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “... Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны ирсэн, явуулсан бичгийн бүртгэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ирсэн бичгийн бүртгэлд М.Наранмандахыг чөлөөлөхтэй холбоотой албан бичиг байхгүй байна”[5] гэж тэмдэглэгдсэн,

4/ Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дүгээр хурлын тэмдэглэлд “Хэлэлцэх асуудал: 1.Сумын Засаг даргын орлогч даргыг томилуулах тухай, 2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг томилох тухай, ... Шийдвэрлэсэн нь: Ш.Шинэбаярыг сумын Засаг даргын орлогч даргад ... томилуулахаар Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг гаргаж шийдвэрлэв“ гэж тэмдэглэсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Эндээс маргаан бүхий захиргааны акт, түүнд үндэслэн эрх зүйн хэм хэмжээг дээрх үйл баримттай харьцуулан дүгнэвэл Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ нь Засаг даргын орлогч М.Наранмандахыг ажил, албан тушаалаас нь чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д заасан журмыг зөрчжээ.

Тодруулбал тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, түүнийг ажлаас нь чөлөөлөхийн өмнө саналаа Хурлын Тэргүүлэгчдэд албан ёсоор хүргүүлээгүй, Хурлын Тэргүүлэгчид нь Засаг даргын орлогч М.Наранмандахыг ажлаас чөлөөлөх асуудлаар хуралдаж, шийдвэр гаргаагүй болох нь дээрх байдлаар нотлогдож байх тул Баянтал сумын Засаг даргын Б/13 дугаар захирамж нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... тэгш байдал, ... хууль дээдлэх зарчим баримтална” гэсэнд нийцэхгүй, “ялсан буюу олонхи болсон нам нь хүнээ томилно, Засаг даргын орлогчийг томилохоор зөвшилцөж байгаа нь өмнөх орлогчийг чөлөөлөх зөвшилцөл болно, тусад нь хэлэлцэх шаардлагагүй” гэх хариуцагчийн болон гуравдагч этгээдийн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн тайлбарт дурдсан “Наранмандах нь сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, санхүүгийн зөрчил гаргасан, ажилдаа хариуцлагагүй хандсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй” гэх эдгээр зөрчил нь Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийн үндэслэл болоогүй (захирамжид дурдаагүй), зөрчлийг нотолно гэх баримт бичгүүд[6] нь маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш үйлдэгдсэн байх тул шүүх хариуцагчийн энэ тайлбарыг хүлээж авах, улмаар түүний үндэслэлийг шалгах буюу нотлох ажиллагаа явуулах шаардлагагүй болно.

II. “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

М.Наранмандах нь Баянтал сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 562509 төгрөгөөр цалинжиж, түүн дээр нэг сарын үндсэн цалингийн 30 хувиар тогтоосон онцгой нөхцлийн нэмэгдэл авч байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[7] тогтоогдож байна. 

Эдгээр бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7 дахь заалтын а/-д “... дундаж цалин хөлс тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр;” тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж буй ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг тооцоолбол:

Ажилгүй байсан нийт хугацаа: 6 сар 20 хоног (2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл)[8]

2016 онд цалин авсан сүүлийн 3 сарыг авч үзвэл: 9 дүгээр сард 770862 төгрөг, 10 дугаар сард 765462 төгрөг, 11 дүгээр сард 801457 (ээлжийн амралтын хамт) төгрөг ба сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэрийн дундаж нь 2337781 төгрөг:3 сар=779260 төгрөг, нэг өдрийн цалин хөлсний дундаж нь 779260 төгрөг:21 хоног (сарын ажлын дундаж өдөр)=37107 төгрөг болно.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний нийт олговор нь 779260 төгрөг*6 сар=4675560 төгрөг, 37107 төгрөг*20 хоног=742140 төгрөг буюу 4675560 төгрөг+ 742140 төгрөг=5417700 төгрөг байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сар 20 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5417700 (таван сая дөрвөн зуун арван долоон мянга долоон зуун) төгрөг олгож, холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн болох нь дээрх байдлаар тогтоогдсон зэргээс үзвэл дээрх хугацааны цалин олговор нь нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2, 102 дугаар зүйлийн 102.1-д заасан захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж тодорхойлох үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Наранмандахыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Засаг даргын орлогч“-ийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 5417700 /таван сая дөрвөн зуун арван долоон мянга долоон зуун/ төгрөгийг Баянтал сумын Засаг даргаас гаргуулж М.Наранмандахад олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргад даалгасугай.  

2. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 хоногийн дотор М.Наранмандахыг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Засаг даргын орлогч”-ийн албан тушаалд томилсон захирамж гаргах, ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 5417700 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх буюу хүн амын орлогын албан татварын суутган тооцож, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

 


[1] Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн өргөдөлд тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дээрх байдлаар тодруулсан ба энэ шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

[2] Хэргийн 110 дахь талд авагдсан 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд

[3] Хэргийн 22 дахь талд хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарласан тухай баримт, 88-89 дэх талд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, 93-94 дэх талд шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамж, 95 дахь талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт, 96 дахь талд хэргийн материал танилцуулсан тухай баримт, 109 дэх талд хариуцагчтай 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 13.20 цагт утсаар ярьсан тэмдэглэл авагдсан.

[4] Уг албан бичиг нь хэргийн 8 дахь талд нэхэмжлэгчээс, 26 дахь талд хариуцагчаас, 57 дахь талд шүүхийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргаж, 74 дэх талд гуравдагч этгээдээс ирүүлснээр авагдсан ба хариуцагчаас гаргаж ирүүлсэн хувилбар нь бичвэрийн хувьд зөрүүтэй; нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс ирүүлсэн хувилбар нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж буй албан бичигтэй тохирч байсан тул хэргийн 8, 57, 74 дэх талд авагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101 дүгээр албан бичгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

[5] Хэргийн 44-47 дахь талд үзлэгийн тэмдэглэл, 48-62 дахь талд үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан баримт бичгүүд авагдсан.

[6] Хэргийн 100-108 дахь талд авагдсан.

[7] Үүнд: хэргийн 5-7 дахь талд авагдсан М.Наранмандахын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 42-43 дахь талд авагдсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 164 дүгээр албан бичиг, М.Наранмандахын 2016 оны цалингийн карт зэрэг хамаарна.

[8] Нэхэмжлэгч нь өөрийн ажилгүй байсан хугацааг “2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 30-н өдрийг хүртэл” гэж шүүх хуралдаанд тодруулсан.