Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 205/МА2025/00005

 

                                                                                               Д.Ө-ын нэхэмжлэлтэй иргэний

                                                                                                                хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 311/ШШ2025/00064 дугаар шийдвэртэй

Д.Ө-ын нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь Х.Б-ын нэрэмжит Х-д холбогдох тус к-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/93 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дотуур байрын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Д.Ө нь Завхан аймаг дахь Х.Б-ын нэрэмжит Х-д холбогдуулан тус -ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/93 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: ...Миний бие Монгол Улсын К-ийн харьяа Завхан аймаг дахь Х.Б-ын нэрэмжит Х-д 2022 онд жижүүрээр томилогдсон юм. Жижүүрээр ажиллаж байх хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж байсныг минь үнэлэн 2023 оны 09 сарын 08-нд албан тушаал дэвшүүлж намайг байрны багшаар томилсон. Учир нь сургуулийн дотуур байрны хүүхдүүдийг дийлэхээ байсан, дотуур байрны суралцагч хүүхдүүд 7 хоногт 4-5 удаа архидан согтуурдаг, тамхи таталт ихтэй, дотуур байрны хоёр жигүүрээр болон сургуулийн ариун цэврийн өрөө, сургуулийн байрны гадуур тамхины иш их байдаг байсан. Жишээлбэл, Намайг байрны багш болохоос өмнө 6, 7-р ангийн 2 хүүхэд "....." худалдааны төвөөс 2 пиво буюу согтууруулах ундаа хулгай хийсэн. Энэ явдлыг дотуур байрны жижүүр Л.П, АУБ нар гэрчилнэ. Мөн 12 дугаар ангийн хүүхдүүд сургуулийн бүжгийн зааланд бүжиг давтаж байгаа нэрийдлээр худлаа хэлж архидан согтуурч 2 хүүхэд нь архины хордлогод орж ухаангүй, эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгч, эмч нар ирж хордлого тайлах шингэн эмчилгээ хийж зүгээр болгосон. Мөн 5 эрэгтэй хүүхэд архидан согтуурч дотуур байрны цонхоор гарч зугтсан, ахлах ангийн хүүхдүүд доод ангийн дүү нараа дарамталж гар утсыг нь дэлгүүрт барьцаанд тавьж дэлгүүрээс юм авч идэж, уудаг. Манай сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хараа хяналтгүйгээс гарсан зөрчлүүдэд байрны жижүүр багш нар нь цагдаа дээр байнга дуудагдаж, сурагчдын дунд дээд доод ангийн хүүхдүүдийн дээрэлхэлт энгийн үзэгдэл болсон байсан. Үүнийг тухайн үеийн байрны багш нар, жижүүрүүд гэрчилнэ. Би өөрийн хариуцсан ажил буюу жижүүрийн ажлаа хийж байхад 2023 оны 09 сарын 08-ны өдөр дотуур байрны дээрх нөхцөл байдлыг арилгах үүднээс захиргааны зөвлөлийн хурал хуралдаад, хурлаас намайг дотуур байрны багшаар ажиллах саналыг тавьсан. Би дотуур байрны багшаар ажиллахгүй гэхэд “...та л энэ бүгдийг цэгцэлж чадна, байрны хүүхдүүд эмэгтэй багшийг элэг бариад, жижүүрүүдийг тоохгүй, дийлдэхээ байлаа...” гээд захирал М.А, зөвлөлийн гишүүд болох Ц.Л, С.Т, Ж.Н, У.Л нар санал тавиад, удирдлагуудаа хүндэтгэн надад итгэл хүлээлгэж байхад гээд тухайн үед намайг хүсээгүй байхад учир зүггүйгээр л ажлаа өгөхийг тулган шаардаж дарамталж байсан. Үүнийг тэнд байсан захиргааны зөвлөлийн гишүүд болон анги удирдсан багш нар гэрчилнэ. Иймэрхүү байдлаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гээд шахаад оройн 20.00 цаг орчим болж байсан. Ингээд дарамтлаад байхаар нь миний уур хүрч тэгвэл таны хүсээд байгаа өргөдлийг чинь маргааш өгье гээд гарсан. Маргааш өглөө нь өргөдлөө өгөөд ороход “...би чамд дургүй, чи надад угаасаа таалагдаагүй” гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь би “...төрийн ажлыг танд таалагдаж хийх албагүй” гээд гарсан. Би ажлаасаа гарах хүсэлгүй байсан, миний бичсэн өргөдөл миний чин хүсэл байгаагүй, над руу янз бүрээр орилоод өргөдлөө өг гээд байхаар нь өргөдлөө өгсөн. Гэтэл захирлын 2024 оны 10 сарын 03-ны өдрийн Б/93 тоот Д-ын Ө-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд өөрийн хүсэлтийг үндэслэн гэж хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Намайг энэ сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байх хугацаанд олон эцэг, эхчүүд ёстой сайн байна, эрэгтэй багштай болсноор ямар нэгэн дарамт шахалт дээрэлхэлтгүй болсон гэж манай хүүхэд хэлж байна гэж хэлдэг байсан. Би энэ хүүхдүүдийг учирч болох эрсдэлээс хамгаалж, хорт зуршлаас нь салгаж, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлж чин сэтгэлээсээ ажиллаж олон үр дүнд хүрсэн. Үүнийг багш нар, манай хамт олон гэрчилнэ. Намайг гарснаас хойш хүүхдүүдийн харилцаа хандлага өөрчлөгдөж, багш ажилчдад хүндлэлгүй, жижүүр багшийн, жижүүрүүдийн үгэнд орохоо байсан, тамхи таталт эрс нэмэгдсэн, олон нийтийн эзэмшлийн дэлгүүр хоршооны хаалгыг эвдсэн гэсэн сурагтай байна лээ. Миний бие Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 01-нд хүргүүлсэн боловч Завхан аймгийн ..... сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй гэх үндэслэлээр тус шүүхийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 1586 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Завхан аймгийн ..... сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 11 сарын 01-нд хандсан боловч, өнөөдөр буюу 2024 оны 12 сарын 06-ны өдөр хуралдаж талууд эвлэрээгүй тул тэмдэглэл гаргаж өгсөн болно. Монгол Улсын .... харьяа Завхан аймаг дахь Х.Б-ын нэрэмжит Х-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/93 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Д.Ө-ын хувьд ажилдаа хариуцлагатай үнэнч шударга ажилладаг гэж хардаг байсан. Хамтарч ажиллаж байсан хүний тухайд хэлэхэд ажилдаа хариуцлагатай ажилладаг л гэж боддог байсан. Өөр хэлэх тайлбар байхгүй. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ө-ыг түүний урьд эрхэлж байсан ажил болох Монгол Улсын ....-ын харьяа Завхан аймаг дахь Х-ийн дотуур байрны багшийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол Улсын ....-ын харьяа Завхан аймаг дахь Х-оос нэхэмжлэгч Д.Ө-ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8.914.701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 206,979 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн үндэслэлтэй тушаал шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ийнхүү үндэслэлтэй шийдвэр гаргасан гэдгээ шүүхэд хариуцагчаар оролцож буй тохиолдолд хангалттай нотлох үүргийг хүлээнэ, мөн энэ талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй юм. Дээрх өргөтгөсөн хурлаар дотуур байрны багш Д.Ө-ын хүүхэд зодсон асуудлыг хэлэлцсэн байгаа нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээс зөрүүтэй байна..." гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар, эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус хуульчилсан. /Хөдөлмөрийн тухай хуулийн 79, 80 дугаар зүйл/, Нэхэмжлэгч Д.Ө нь дотуур байрны хүүхдүүдтэй удаа дараа зүй бус хандаж, дарамт хүчирхийлэл үйлдэж байгаа тухайд, цагдаагийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, хүүхдийн тусламжийн 108 утас, хүүхдүүдийн гомдол зэрэгт үндэслэн ажил олгогчоос арга хэмжээ авах асуудал өргөтгөсөн хурлаар яригдсан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасныг баримтлан өөрийн хүсэлтээр нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргаж буй тохиолдолд байгууллагаас буюу ажил олгогчоос /ажил олгогчийн санаачилгаар/хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгох нь өрөөсгөл бөгөөд өөрөө хүсэлтээ өгч буй тохиолдолд түүний хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сайн дураараа чөлөөлөгдөх хүсэл сонирхол, байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэв тийм бол нэхэмжлэгч тал энэ талаарх баримтаа өөрөө нотлох үүрэг хүлээнэ. Хариуцагч байгууллагын зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байхгүй бөгөөд анги удирдсан багш нарын оролцуулсан өргөтгөсөн хурлын протоколд ажлаас гарахыг шаардсан, тулгасан, ямар нэгэн шахалт шаардлага  гаргаагүй болох нь тогтоогдож байгаа. Гэтэл шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Нөгөөтэйгөөр шүүх ажлаас чөлөөлөгдөх бичгийн хүсэлтийг тэрээр өөрөө бичээгүй, түүний эхнэр бичсэн болох нь гэрч Х.Н-ийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэнээр хэрхэн бичүүлэх нь ажил олгогчид хамааралгүй, тэр хүн өөрөө заавал бичсэн байхыг шаардахгүй бөгөөд эхнэрээрээ бичүүлнэ үү, ээж, ааваараа бичүүлнэ үү тэр хүний өөрийнх нь эрхийн асуудал. Харин тухайн бичсэн өргөдөл, хүсэлт агуулгыг өөрөө хүлээн зөвшөөрч зурсан гарын үсэг нь өөрийнх нь мөн үү гэдэг чухал ач холбогдолтой. Өөрийн бичсэн хүсэлт дээрх гарын үсгийг техникийн шинжээч томилж гарын үсэг нь мөн биш гэдгийг тогтоогоогүй байж хүнээр бичүүлсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч И.Э-ын гаргасан гомдлыг дэмжиж байна. Хүүхэд хөгжлийн газраас дотуур байранд хүүхэд зодсон асуудлыг шалгах зорилгоор багш Д.Ө-ыг хурлаар оруулсан байдаг. Хурал дээр Д.Ө хүүхэд зодсон асуудлаа хүлээн зөвшөөрдөг. Хүүхэд зодуулсан асуудал дээр арга хэмжээ авах тал дээр удирдлагын зөвлөлийн хурал болсон байгаа. Хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд Д.Ө би өөрөө хүсэлтээ гаргаад ажлаа өгнө гэдэг байдлаар хурлын тэмдэглэл дээр тусгагдсан. Д.Ө өөрөө эхнэрээрээ өргөдлөө бичүүлээд, өөрөө газар үсэг зурсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан байна. Х-ийн захирлын тухайд, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг баримтлаад Д.Ө-ыг ажлаас чөлөөлсөн. Гомдол гаргасан үндэслэл нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Д.Ө-ыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн үү, үгүй юү, гэдгийг тодруулахын тулд нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч асуулгасан, хариуцагч байгууллагын зүгээс процессын үйл ажиллагаа мэдэхгүй учраас нотлох баримттай холбоотой гэрч асуулгасан байдаг. Д.Ө өөрт нь арга хэмжээ авагдахаас өмнө урьдчилан сэргийлээд хүсэлтээ өгч байгаа нь өөрийнхөө эрх зүйн байдлаа дээрдүүлж байгаа нөхцөл байдал юм. Гэтэл үүн дээр сахилгын арга хэмжээ авах ёстой байсныг өөрийн хүсэлтээр чөлөөлсөн байна гэж үзэж анхан шатны шүүх үндэслэлгүй шийдсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Хоёрдугаарт, Анхан шатны шүүхийн шийдвэр гардуулагдахад шүүх хуралдааны танхимд уншиж танилцуулсан шийдвэрээсээ өөр заалтаар шийдвэрээ гаргасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл дээрээс харахад шүүх шийдвэрээ уншихдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 81.4 дэх хэсэгт зааснаар түүнийг ажилд эгүүлэн тогтоосон гэж тусгагдсан. Гэтэл цаасаар гардуулагдсан шийдвэр дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 дэх хэсгийг баримталсан байгаа. Шүүх уншиж сонсгосон шийдвэрээсээ өөр заалтыг баримталсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх тушаалд заасан үндэслэлийг хэлэлцэхгүйгээр өмнө болсон сахилгын зөрчилтэй асуудлыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг үндэслээд, хэргийн бодит байдлаас өөрөөр тогтоож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

6. Нэхэмжлэгч Д.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өргөдлөө эхнэрээрээ бичүүлээд өгсөн. Тухайн үед нарийн бичиг энэ өргөдөл дээр өөрөө гарын үсэг зурчих гэхлээр нь гарын үсгээ зурсан. Намайг “...энэ яргачин одоо зайл, чиний диплом хуурамч байна. Чи сургууль төгсөөгүй байна. 40-50 сая төгрөгийн өрөнд орлоо...” гээд олон янзаар хэлээд чи ажлаа өгчихөө гэхэд нь би “...сургууль төгссөн дипломоо шалгуулдаг газраар нь шалгуулна” гэж хэлсэн. Тэгээд дипломоо Боловсролын газарт өгсөн. Боловсролын газар миний дипломыг хүчин төгөлдөр байна гэж тогтоосон. ...тийм л асуудал болсон гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 2 дугаар сарын 13-ны 64 дугаартай Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрт цалин хөлсийг нь гаргуулаад, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Х-ийн захирлын тушаалаар 2025 оны 2 дугаар сарын 27-ний өдөр анхан шатны шүүхэд Д.Ө-ыг өмнө нь байсан ажилд эгүүлэн авсан. Энэ тушаал гарсан учир давж заалдах гомдол гаргах ямар ч боломжгүй болчхоод байгаа.  Хэрвээ зөвшөөрөхгүй гэж үзвэл дахин тушаал гаргах боломжтой. Энэ тушаалаа хүчингүй болгосон тушаал гаргаж байж, давж заалдах гомдол гаргах боломжтой. Одоо хэргийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил олгогч, ажилтны өргөдлийн дагуу ажлаас чөлөөлсөн ийм маргаан бүхий тушаал гарсан байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдлаар ажилтны өөрийнх нь хүсэл сонирхол мөн үү гэдэг асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан тогтоол байдаг. Ажилтны хүсэлт ямар байх ёстой талаар шаардлага тавьсан.  Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлахдаа Дээд шүүхээс “...ажилтны өөрийнх нь чин хүсэл байх ёстой” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ямар нэгэн нөлөөлөл байхгүй байх ёстой. Хэдийгээр хуульд заасан шаардлага хангасан буюу ажилтны өргөдөл байсан ч гэсэн, тэр ажилтан өөрийнхөө чин санаанаас өргөдлөө бичсэн үү, хэн нэгний шахалтаар бичиж өгсөн үү гэдгийг шүүхээс анхаарч үзэж хэргийг шийдвэрлэх ёстой гэсэн Дээд шатны шүүхийн тайлбар байгаа. Тэгэхээр анхан шатны шүүх хууль ёсны дагуу шийдвэр гаргасан. Д.Ө-ын эхнэр Х.Н-ийн мэдүүлгээр, би өргөдлийг нь бичсэн. Энэ хүн өөрөө өргөдлөө бичээгүй гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан өргөдөл дээр юу бичсэн гэхээр, өргөдөл гаргах нь гээд Д.Ө миний бие 2022 онд 10 дугаар сараас эхлэн 2 жил дотуур байрны багшаар ажиллаа. Ажиллах хугацаандаа хийж буй ажилдаа чин сэтгэлтэй хандаж, хичээж ажиллаа. Тийм учраас ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн ийм утгатай зүйл бичсэн байдаг. Ийм утгатай зүйл нь энэ хүний санаа мөн үү. Харин ийм алдаа дутагдал гаргалаа ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн утга санаа байхгүй байна. Энэ өргөдлийг нэхэмжлэгч өөрөө бичээгүй. Хоёрдугаарт, шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн. Нэхэмжлэгч бас өөрөө хэлсэн. Өргөдлийг би бичээгүй, эхнэр бичээд өгсөн. Сүүлд нарийн бичиг над руу залгаад, та энэ өргөдөл дээрээ заавал гарын үсэг зурах шаардлагатай гээд надаас шаардаад байсан учраас би гарын үсэг зурчхаад явсан. Гарын үсэг дээр ямар ч маргаан байхгүй. Анхан шатны шүүх дээр ч энэ талаараа хэлсэн байгаа. Өргөдөл миний бичсэн өргөдөл биш, харин гарын үсэг минийх мөн гэсэн байгаа. Нэхэмжлэгч хэлэхдээ тэр өргөдөл дээр юу бичсэн талаар сайн мэдэхгүй байна. Сайн уншаагүй гарын үсэг зурсан. Давж заалдах гомдол дээр шинжээч томилж өгөөч ээ гэсэн байгаа. Өргөдлийг манай нэхэмжлэгчийнх мөн үү, биш үү гэдгийг шинжээч томилоод тогтоох боломжтой байсан. Гэрчээр Б гэдэг хүнийг оруулсан байдаг. Гэтэл тэр хүн хуралд огт байгаагүй, байгаагүй хүнийг гэрчээр оруулаад, хуралд орсон, гэрчээр орсон байдлаар тэмдэглэгдээд явсан байдаг. Тийм учраас манайх хурлын тэмдэглэлийг үгүйсгэх байдлаар, Б гэдэг хүнийг гэрчээр орсон уу? гэдэг асуудлаар гэрчээр асуух хүсэлт гаргасан. Б гэдэг хүн мэдүүлэг өгөхдөө би энэ хуралд огт ороогүй гэсэн байгаа. Тийм учраас нэгэнт анхан шатны шүүх үнэн зөвөөр хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг цэнэглэгчээр хүүхэд ороолгосон уу гэдэг асуудлаар хуралдаан хийсэн байдаг. Хариуцагч байгууллагын зүгээс энэ хүн өөрөө өргөдлөө өгсөн, бид нар өргөдлийн дагуу хуралдсан юм аа гэдэг. Тэгэхээр энэ чинь эсрэгээрээ сахилгын шийтгэл хүлээх талаар хуралдаан болсон гэсэн үг. Захирал нь өрөөндөө дуудаад, чиний диплом хуурамч байна. Чи сургууль төгсөөгүй байна. 40-50 сая төгрөгийн өрөнд орлоо гээд чи ажлаа өгчихөө гэсэн. Ийм байдлаар хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ :

 1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Завхан аймгийн Х-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргаж шаардлагаа “Х-ийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/93 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тодорхойлжээ.

3. Хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч ажилтан Д.Ө нь дотуур байрны хүүхдүүдтэй удаа дараа зүй бус харьцаж, хүчирхийлэл үйлдсэн нь цагдаагийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, хүүхдийн тусламжийн 108 утас, хүүхдүүдийн гомдол зэрэгт үндэслэн ажил олгогчоос арга хэмжээ авах асуудал өргөтгөсөн хурлаар яригдсан тул өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсний дагуу түүнийг чөлөөлсөн гэж маргажээ.

 4.  Анхан шатны шүүх хариуцагчийн гомдол бүхий хэргийг хянан хэлэлцээд ажилтан Д.Ө-ын хүүхэд зодсон асуудал нь ажил олгогчийн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээс зөрүүтэй байна гэж дүгнэн, ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, нэхэмжлэгч Д.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус, нөлөөлөл байгаа бөгөөд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэнээр бичүүлэх нь ажил олгогчид хамааралгүй, харин өргөдөлд өөрөө гарын үсэг зурсан уу гэдгийг тогтоогоогүй байж, хүнээр бичүүлсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна… гэж тайлбарлажээ.

6. Хэргийн үйл баримт, зохигчидын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.Ө нь Завхан аймаг дахь Х-д 2022 оноос жижүүрээр ажиллаж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 08-нд байрын багшаар томилогдон ажиллаж байсан байна.

 Ажил олгогч нь Д.Ө нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын “-ын 2 дугаар зүйлийн 2.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн  түүнийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/93 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлжээ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэл болно.  Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д хуульчлан зохицуулсан бөгөөд энэхүү эрхээ эдлэх нь ажилтны өөрийнх нь хүсэл зориг байх бөгөөд ажил олгогчийн нөлөөлөл, хөндлөнгийн оролцоогүй, зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр эдлэх эрх гэж ойлгогдож байна.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолд ... хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Д.Ө нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бичгээр гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

8. Ажил олгогч нь тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ажилтан Д.Ө нь байрны жижүүрээр ажиллаж байхдаа дотуур байрны хүүхдүүдтэй удаа дараа зүй бус хандаж, хүчирхийлэл үйлдсэн нь цагдаагийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, хүүхдийн тусламжийн 108 утас, хүүхдүүдийн гомдол зэрэгт үндэслэн ажил олгогчоос арга хэмжээ авах асуудал өргөтгөсөн хурлаар яригдсан тул өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсний дагуу түүнийг чөлөөлсөн гэдэг боловч хэрэгт авагдсан байгууллагын өргөтгөсөн хурлын тэмдэглэл, болон гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Д.Ө нь өөрийн хүсэл зоригийн дагуу ажлаас чөлөөлөх өргөдөл бичсэн эсэх нь тогтоогдохгүй байна.  Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогчоос ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, түүнийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгөхийг  шаардсан, ажил олгогчийн шахалт, шаардлага зүй бус, нөлөөлөл байсан гэж үзэхээр байна. 

9. Нөгөө талаар ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Ө-ын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан бүртгэл, тэмдэглэл хэрэгт байхгүй тул   ажил олгогч тушаалынхаа үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй байна.

10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг Хөдөлмөрийн хуульд үндэслэн зөв шийдвэрлэсэн боловч, шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл,заалт буруу баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 311/ШШ2025/00064 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79. 1 дэх хэсэгт гэснийг  “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”,  “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

                                                                          ШҮҮГЧИД                  Б.НАМХАЙДОРЖ

                                                                                                             Б.АРИУНБАЯР