Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01360

 

Ж.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан,  Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 109 577 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам,  нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн Өлөнтийн 22 тоотод нөхөр, бага насны 2 хүүхдийн хамт оршин суудаг. 2014 оны 12 дугаар сарын 27-ны өглөө үүрээр гэртээ хоёр хүүхдийн хамт унтаж байтал гэнэт чад пад хийх чимээ гарахаар нь сэрээд хартал байшингийн залгаа авто гараашийн цахилгаан эрчим хүчний тоолуур байсан цахилгаан төв оруулгын холболт залгаанаас гал түймэр үүсвэрлэн асаж байсныг харсан. …гэрт байсан тоолуурыг гадаа гаргаж айлын хашааны цахилгааны шон дээр суурилуулсан. Ингэж суурилуулаад 23 хонож байтал уг суурилуулсан, тоолуур байсан төв оруулгын цахилгаан утаснаас гал гарч, ханаараа дамжин бусад өрөө болон байшингийн доторх эд хогшил, өрөөнүүд бүгд галд өртсөн. Хэрвээ тоолуурыг гаргаагүй байсан бол уг гал түймэр гарахгүй байсан. Бид Мягмарболдын буруутай ажиллагаанаас болж гал түймэр гарсан гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсний дагуу “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Зүүнхараа салбарын Борлуулалтын инженер Мягмарболдын ажиллаж байгаа байгууллага болох “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Зүүнхараа салбарыг иргэний хариуцагчаар татаж, эд хөрөнгөнд учруулсан хохирлын 39 777 700 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

…2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болсон шүүх хурал дээр нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтантуяа би өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг 109 577 700 төгрөг болгон тогтоож ихэсгэсэн байгаа. Учир нь үнэлгээний төвөөс өгсөн үнэлгээ юм. Одоо нэхэмжилж байгаа нь 90 000 000 төгрөгөөр үнэлж байсан өвлийн байшин нь мэргэжлийн үнэлгээчний үнэлгээгээр 68 589 337 төгрөг, тухайн байшинг үнэлсэн үнэлгээний төвөөс ажлын хөлс болох “Лэндс” ХХК-ийн нэхэмжилсэн 3 960 000 төгрөг, байшин шатсанаас хойш жилийн турш айлын байр хөлсөлсөн 2 500 000 төгрөг, өмнө нь үнэ тогтоогдсон эд зүйлс, үл хөдлөх хөрөнгө, нэхмэлийн машин, нэхмэлийн машины утас, эд материал нийлээд 27 777 700 төгрөг болж байгаа ингээд нийт 102 127 737 төгрөг болгон багасгаж үлдэх 7 449 960 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.Н-гийн оршин суух буюу 8x15 хэмжээтэй байшин 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тогноос шалтгаалж шатаж 39 777 700 төгрөгийн хохирол учирсан энэ асуудалд “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн “Зүүнхараа” салбар буруутай гэж үзэж гэм хорын хохирол нэхэмжилжээ. Манайх энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас “дээд газраас” айл өрхүүдийн Цахилгаан эрчим хүчний тоолуурыг гэрт биш гадаа шонгийн модонд төвлөрүүлж байх шийдвэр өгсөн. Энэ шийдвэрийн дагуу ээлж дарааллаар айл өрхүүдийн эрчим хүчний тоолуурыг гадаа шонгийн модонд байрлуулж байгаа.

…Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-наас гэм хорын хохиролд 29 577 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д олгож нэхэмжлэлээс 72 547 337 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 305 838 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305 638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч 2-уулаа гомдол гаргасан боловч хэн нь ч гомдолдоо хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хүулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн тухай огт дурдаагүй. Угаасаа ийм асуудал гараагүй нь үнэн. Ж.Нарэнтуяа анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хүраамжаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэхдээ 641 дүгаартай иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн “тогтоох” хэсгийн 3 дахь заалтад нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх хуүль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар эхлээд нэхэмжлэгчийг тэмдэгтийн хүраамжаас чөлөөлсөн тухай захирамж гаргаад, дараа нь дахин иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийг давхардуулан гаргах талаар тухайлан зохицуулаагүй. Иймээс Монгол улсын шүүхийн практикт эдгээр асуудлыг нэг захирамжаар шийдвэрлэдэг жишиг тогтсон байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Ж.Н- анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Зуүнхараа салбарын борлуулалтын инженер Мягмарболдын буруутай ажиллагаанаас гал түймэр гарсан гэж үзэж түүний ажилладаг байгууллагыг хариуцагчаар татаж хохирол гаргуулахыг хүссэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн мэдлэг боловсролгүй иргэн, хариуцагчийн хуулийн этгээдийн эрхтэй эсэхийг заавал мэдэж байх албагүй. Нэхэмжлэгчийн энэ алдааг зөв зүйтэйгээр залруулан анхан шатны шүүх нэхэмжлэлд нэрлэн дурдсан “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг хариуцагчаар татсанд давж заалдах шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хуулийн энэхүү зүйлийг хариуцагч мөн эсэх тухай маргаан бүхий харилцааг шийдвэрлэхэд хэрэглэх бөгөөд үүнийг Нарантуяагийн хэрэгт хамааруулах тохиолдолд нэхэмжлэгч өөрөө “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг хариуцагч мөн хэмээн хүлээн зөвшөөрч байгаа үйл баримтыг зайлшгүй харгалзан үзэх учиртай. Хэн нэгэн этгээдийг хэргийн хариуцагчаар татах, хариүцагч болохоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн өөр өөр зүйл заалтаар зохицуулагдахыг давж заалдах шатны шүүхийн шүүгчид эрх биш ялгаж мэдмээрсэн. Иймд тэднийг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулан, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээс өөр аргагүй байна.

Хариуцагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон давж заалдах гомдолдоо өөрийгөө хариуцагч биш гэж огт маргаагүй, туүнчлэн Нарантуяа нэхэмжлэлдээ Мягмарболдыг буруутай гэж нэрлэн заасан байхад давж заалдах шатны шүүх “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Зүүнхараа салбарын инженер А.Мягмарболдыг хариуцагч биш гэж үзэж үүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн хэмээн дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэжээ. Иймээс давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.7, 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, анхан шатны шүүх хуралдаан дээр болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан ямар нэгэн маргаан огт гаргаагүй учир магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхийн тухай тайлбарлах зайлшгүй шаардлага байхгүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь заалт урьд нь нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамж төлсөн этгээдэд хамаарах, тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх журмыг тодорхойлсон зохицуулалт. Шүүх хуулийг үгийн шууд утгаар нь тайлбарлах ёстой учир тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг энэ заалтад хамааруулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь заалт нь төлбөрийн чадваргүй нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөх тухай зохицуулалт. Уг заалтаар төлбөрийн чадваргүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тохиолдолд шүүгчийн захирамжийг дахин гаргах тухай журамлаагүй учир давж заалдах шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Манай шүүхийн практикт төлбөрийн чадваргүй этгээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх захирамжийг дахин гаргадаггүй жишиг нэгэнт тогтсон нь маргаангүй үйл баримт. Бүх шатны шүүхэд “хуулиар  зөвшөөрөгдөөгүй бүхэн хориглогдох” зарчим  үйлчлэх  учиртай  тул  давж заалдах  шатны  шүүх анхан шатны шүүхийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх захирамжийг хоёр удаа давхардуулан гаргаагүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхэд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлд заасны дагуу магадлалаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 108 дугаар шийдвэрийг хүчингүй болгосныг хүчингүй болгож өгнө үү. Түүнчлэн давж заалдах шүүх нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэлгүй орхисон алдааг засан залруулж, үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн үнэлгээчдийн тооцож гаргасан сэргээн засварлалтын зардал болох 68 182 405 төгрөгийг нэмж хариуцагчаас нийт 97 760 105 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, эрхийнхээ хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж дараах үндэслэл заасан байна:

1.Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг  шийдвэрлэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн

2.Нэхэмжлэгчийн хүсэлтгүйгээр хариуцагчийг сольсон

3.Хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг танилцуулсан

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад хураамжаас чөлөөлөгдсөн гэж үзсэн

5.Иргэний хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах материалыг эхээр нь хавсаргасан

зэргийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл болгожээ.

1.Нэхэмжлэгч Ж.Н- нь “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх Сүлжээ” ХК-ийн “Зүүнхараа” салбарт холбогдуулан гал түймрийн улмаас эд хөрөнгөд учирсан 39 777 700 төгрөгийн гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн хамт нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтэд өөрийгөө болон нөхөр С.Батбаярыг эрхэлсэн ажилгүй, тогтсон орлогогүй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, амьдарч байсан орон гэр нь шатсан, нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа шалтгааныг дурдаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтыг хавсаргажээ. Уг албан бичигт Ж.Н- болон С.Батбаяр нарыг эрхэлсэн тодорхой ажилгүй, насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй, өрхийн орлого 200 000 төгрөг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх гэж тодорхойлсон байна \хх-ийн 1-4, 5, 6 дугаар тал\.

Анхан шатны шүүх шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 641 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ \хх-ийн 33-34 дүгээр тал\.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 66.2.-т зааснаар шүүгч энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргадаг бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, түүнийг багасгасан, хэсэгчлэн төлүүлэх болон хойшлуулах тухай асуудлыг шүүх шийдвэрлэсэн бол энэ талаар хэрэг үүсгэсэн захирамждаа заах ёстой байна. Энэ утгаар анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно. Иргэний хэрэг үүсгэхээс өмнө нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой гэх үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

Харин анхан шатны шүүх тусгай захирамжаар бус харин иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх асуудлыг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд ийнхүү чөлөөлөх болсон үндэслэлийг тодорхой заагаагүй, хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсан заалт оруулсан нь тус тус учир дутагдалтай болсон байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн шалтгаан үндэслэлээ тодорхой заагаагүйг хураамжаас чөлөөлөх эсэх асуудлыг огт шийдвэрлээгүй гэж үзэхгүй.

2.Нэхэмжлэгч Ж.Н- нь нэхэмжлэлдээ “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Мандал сум дахь “Зүүнхараа” салбарыг хариуцагчаар заажээ. Анхан шатны шүүх “Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлд заасан хуулийн этгээдийн салбарыг бус харин тухайн хуулийн этгээдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэснийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хариуцагчийг сольсон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага оролцдог байна. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.4., 29.5.-д зааснаар хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэдэг бөгөөд салбарын эрх, үүргийг тухайн хуулийн этгээдийн дүрмээр тодорхойлдог, салбарын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулдаг байна.

Мөн зүйлийн 29.6.-д зааснаар хуулийн этгээдийн салбар хуулийн этгээдийн эрхгүй байдаг учир шүүх нэхэмжлэлд зааснаар хуулийн этгээдийн салбарыг бус харин хуулийн этгээдэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байх нь нэхэмжлэлд зааснаас өөр этгээдийг хариуцагчаар татсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

3.Анхан шатны шүүх хариуцагч “Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас төлөөлөгчөө томилоогүй байхад нэхэмжлэлийн хувийг “Зүүнхараа” салбарын ашиглалт борлуулалтын инженер А.Мягмарболдод гардуулан, түүнд хариуцагчийн төлөөлөгчийн эрх, үүргийг тайлбарласан нь алдаатай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1., 35.2.-т зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бөгөөд хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлэх ёстой байна.

Анхан шатны шүүх хариуцагч “Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас итгэмжлэл олгогдоогүй этгээдийг хариуцагчийн төлөөлөгч гэж үзэн, нэхэмжлэлийн хувийг гардуулан, хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан, тайлбарыг нь авсан нь буруу боловч энэ алдаа шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Учир нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалдаг байна.

Уг зохицуулалтын агуулгаар хариуцагч “Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 266 дугаар тушаалаар Ж.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлөх этгээдээр “Зүүнхараа” салбарын ашиглалт борлуулалтын инженер А.Мягмарболдыг томилсон \хх-ийн 57 дугаар тал\ байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг бүрэн эрхийн асуудлаар хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагагүй болно.

4.Нэхэмжлэгч Ж.Н-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа нэхэмжлэлийн шаардлагыг 69 800 000 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах, шаардлагаа нэмэгдүүлэх зэрэгтээ  гаргаж буй шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх учиртай ба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлтийг ийнхүү шаардлагаа нэмэгдүүлэх бүрт шүүхэд гаргаж, шийдвэрлүүлэх ёстой байна. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн хураамж төлөхөөс чөлөөлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж үзэхгүйгээр нэхэмжлэлийн анхны шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагагүй болно.

5.Анхан шатны шүүх “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах материал” нэртэй, 2015 оны  8 дугаартай, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 1 хавтас, 27 хуудас бүхий баримтыг эх хувиар нь иргэний хэрэгт нотлох баримтаар хавсаргасныг давж заалдах шатны шүүх буруу гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан үндэслэлээр хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлж байгаа бол өөр хэрэгт байгаа бичмэл баримтыг хуулбарлан авах, эсхүл үзлэг хийх журмаар тухайн хэрэгт баримтжуулах аргаар нотлох баримтын шаардлагыг хангах ёстой гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44, 48 дугаар зүйлд нийцжээ.

Гагцхүү “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах материал”-ын баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй, шүүх иргэний хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн дээрх зөрчлийг шийдвэрийг хүчингүй болгох шалтгаан болгох шаардлагагүй гэж үзнэ.

“Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах материал”-ыг холбогдох байгууллагад буцаан хүргүүлэхийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч дээрх дүгнэлтүүд нь хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх үндэслэл болохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгохдоо талуудын мэтгэлцээний зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ж.Н-гийн байшинд гарсан гал түймрийн шалтгааныг өөрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоогүй, нэхэмжлэгчид гэм хор учирсан явдалд гэм буруугүй гэж мэтгэлцэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй болохоос бус учирсан гэм хорын хэмжээний талаар маргаагүй, улмаар нэхэмжлэгчид 39 777 700 төгрөгийн гэм хор учирсан болохыг баримтаар үгүйсгээгүй байна.

Гал түймэрт үрэгдсэн эд зүйлийн үнэлгээг хохирлын акт тогтоосон комисс 35 677 700 төгрөг гэж, сүлжигч машин, машины сэлбэг, утас шатсаны хохирлыг үнэлгээний комисс 4 100 000 төгрөг гэж тус тус тодорхойлсон \хх-ийн 22, 63 дугаар тал\ байх ба эдгээр үнэлгээг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан журмын дагуу нэмэгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх “байшин бүхэлдээ шатаагүй, байшинг сэргээн засварлах зардлыг нэхэмжлэгч нотлоогүй” гэж дүгнэн 72 549 337 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хариуцагч “Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг нэхэмжлэгчид гэм хор учирсанд гэм буруутай гэж үзсэн, улмаар гэм хорыг арилгах үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр энэ зүйлийн 497.2.-т заасан байна.

Хариуцагч “Дархан, Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийг нэхэмжлэгч Ж.Н-гийн орон гэр шатаж, эд хөрөнгө нь гал түймэрт устсан явдалд гэм буруугүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...29 577 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д олгож, нэхэмжлэлээс 72 549 337 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...39 777 700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “305 838 төгрөг” гэснийг “356 838 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 750 дуаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН