Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бяхаржавын Баярцогт |
Хэргийн индекс | 122/2017/0002/з |
Дугаар | 18 |
Огноо | 2017-06-15 |
Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 18
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Талын гал ХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдох
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “Энгүй тал” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Манай 91 га газрын хэмжээг багасгасан Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- 40.1.6-д заасан үндэслэлээс гадуур буюу газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах үндэслэл байхгүй байхад 56 га газар ашиглах эрхийг цуцалсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн уг 94 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Цэрэндондов, түүний өмгөөлөгч Д.Батболд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтөгс, түүний өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Цэрэндондов шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Талбулаг гэдэг газар 1975 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж “Талбулагийн нүүрсний уурхай” улсын үйлдвэрийн газрын үргэлжлэл болон ажиллаж байгаа 42 жилийн түүхтэй, Сүхбаатар аймгийн хөгжилд өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэдэг тус аймгийн ууган уурхай юм.
Талбулагийн нүүрсний уурхай улсын үйлдвэрийн газрыг хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийн дагуу 1996 онд “ Талын гал” ХК болгон өөрчлөн зохион байгуулж, ашиглалт явуулж байсан орд газар дээр нь 1996 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 1994 оны Газрын тухай хуулийн дагуу газрын зөвшөөрөл, гэрчилгээ авч ажиллаж ирсэн.
Манай компани Талбулагийн нүүрсний уурхай ажиллаж байх үеэс ашиглаж байсан орд газраа тэр хэмжээгээр нь буюу 91 га газраар нь Сүхбаатар сумын Засаг даргын шийдвэрээр авч, улсын бүртгэлд 2003 оны 03 дугаар сарын 11-ны өдөр бүртгүүлсэн юм. Үүнээс хойш болсон газрын гэрчилгээний шинэчлэлийн дагуу, Сүхбаатар сумын ЗДТГ-аас манай газрын гэрчилгээг хураан авч, 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 77 дугаар захирамж гарган, дээр дурдсан 91 га газрыг үргэлжлүүлэн ашиглуулж, 0002716 тоот шинэ гэрчилгээ олгосон юм.
Гэтэл Сүхбаатар сумын Засаг дарга И.Батсүх 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 94 тоот захирамж гаргаж манайд олгогдсон байсан 91 га газрыг хууль зүйн үндэслэлгүйгээр 35 га болгон өөрчилж, дээрх дурдсан 77 тоот захирамжийг мөн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон.
Засаг дарга И.Батсүх мөн 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 89 тоот захирамж гарган манайхаас таслан авсан 56 га газрыг “Нутгийн гал” ХХК-д олгосон 1391 га газартаа багтаан оруулсан бөгөөд үүнээс хойш 4 сарын дараа 2009 оны 03 дугаар сарын 05-нд уг 1391 га газрыг “Энгүй тал” ХХК-д олгосон 33 тоот захирамжийг сумын Засаг дарга Ц.Эрдэнээ гаргасан байдаг. Ийнхүү манай 56 га газар одоо Энгүй тал ХХК-д олгогдсон болно.
Манай компани нь 1975 оноос хойш ашиглалт явуулж ирсэн 91 га газраа сумын Засаг даргын шийдвэрээр авч, уг газрынхаа 35 га дээр ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, бусад газраа авто зам, овоолго байршуулах, албан контор, шатахуун түгээх станц, тэсэлгээний бодисын агуулах байршуулах зэрэг уул уурхайн үйл ажиллагааны чиглэлээр ашиглаж байсан. Гэтэл дээр дурдсан сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94, 89, 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар захирамжуудаар 35 га газраас өөр газаргүй төдийгүй манай уурхайн ам болон технологийн замын газрыг “Энгүй тал” ХХК-ны 1391 га газарт оруулан өгсөн тул уурхайн олборлолт явуулах ёстой талбайруу орох, гарах боломжгүй болж, авто зам хаагдсан. Мөн овоолго байршуулах талбайгүй болсон, албан контор, шатахуун түгээх станц, тэсэлгээний бодисын агуулах “"Энгүй тал” ХХК-ийн газар дээр байршсан тул манай компани үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Мөн Энгүй тал ХХК нь манай 35 га газар дээр гүний уснаас үүссэн том хэмжээний нуур байгуулсан, манай компанийн нөхөн сэргээлт хийсэн талбайг эвдсэн нь бидний үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүргэсэн болно. Манай 91 га газрын хэмжээг багасгасан Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- 40.1.6-д заасан үндэслэлээс гадуур буюу газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах үндэслэл байхгүй байхад 56 га газар ашиглах эрхийг цуцалсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн уг 94 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батболд өмгөөлөлдөө: Энэ уурхай бол төрийн бодлогоор байгуулагдаж 1975 оноос ашиглагдаж байгаа уурхай юм. Энэ уурхай нь Сүхбаатар аймгийг эрчим хүчээр хангах түүхий эдийг бэлтгэдэг ийм уурхай. Анх байгуулагдахдаа тухайн үеийн социализмийн нийгмийн хандлагаар гэрээгээр ашиглаж байгаад өөрчлөгдөж сумын Засаг даргын 2007 оны 77 дугаартай захирамжаар гэрээ байгуулагдаж ашиглаж ирсэн байдаг. 91 га газрын 35 га-д тусгай зөвшөөрлийн лиценз аваад үлдсэн газрыг уул уурхайн зориулалтаар ашиглаж байсан. Гэвч энэ 91 га газрын 56 га газрыг “Нутгын гал” ХХК-нд олгосноо түүнийгээ цуцлаад “Энгүй тал” ХХК-нд олгосон байдаг. Энэ нь тухайн компаний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм. Үүнээс болж ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тиймээс өнөөдрийн энэ маргаан үүсээд байгаа юм. Аливаа нэгэн хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газрыг хууль зөрчин дураараа бусдад шилжүүлэх нь хуулиар хориглосон үйлдэл байдаг. Энэ үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт байгаа юм. Хүний эрхэд халдах үндэслэл байхгүй бол гарцаагүй илт хууль бус захиргааны акт болдог.Засаг дарга хуралдаа орохгүй гэж байгаа нь үндсэндээ захиргааны актыг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Өнөөдөр шүүх 94 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт гэдгийг тогтоолоо гэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг ямар нэгэн хэмжээгээр хохирохгүй. Маш бага хэмжээгээр хөндөгдөнө. Тиймээс энэ маргааныг шүүхээс үндэслэлтэй шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Г.Хүрэлсүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын 5 дугаар багийн нутаг Талбулаг гэдэг газар байрлах Талын гал ХХК-д АМГТХЭГ-аас ирүүлсэн 2060А лицензийн дагуу нүүрс олборлох зориулалтаар 35 га газрыг 15 жилийн хугацаатай гэрээгээр олгосон болно гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтөгс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар захирамжаар Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Тал булаг гэдэг газарт Энгүй тал ХХК-д АМГТХЭГ-ын 14208А лицензийн дагуу нүүрс олборлох зориулалтаар 1391 га газрыг 15 жилийн хугацаатай олгогдсон болно.
“Энгүй тал” ХХК геологийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх менежментийн төлөвлөгөөг тухайн жилд нь батлуулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгаль орчны нөхөн сэргээлтийн болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажилд гарсан зардлын нөхөн төлбөр, татвар, шимтгэл хураамжийг жил бүр төлж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж ирсэн юм.
Талын гал ХХК нь нэхэмжлэлдээ: “... уурхайн олборлолт явуулах ёстой талбайруу орох, гарах боломжгүй болж, авто зам хаагдсан. Мөн овоолго байршуулах талбайгүй болсон, албан контор, шатахуун түгээх станц, тэсэлгээний бодисын агуулах Энгүй тал ХХК-ийн газар дээр байршсан тул манай компани үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоогоод байна” гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд харин хөрш залгаа газар эзэмшигчийн газар дээр овоолгоо байршуулан газар эзэмшигчийн эрх хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдлээ зогсоож байршуулсан овоолго шороогоо зайлуулж газрыг чөлөөлж өгөхийг хүссэн шаардлага хүргүүлсэн боловч ямар ч арга хэмжээ авахгүй өдий хүрч байгаа юм.
“Энгүй тал” ХХК-иас хөрш залгаа газар эзэмшигчийн эрхийг хүндэтгэх үүргээ биелүүлэн Талын гал ХХК-ийн албан контор, шатахуун түгээх станц, тэсэлгээний бодисын агуулахын газрыг 2014 онд хангалттай хэмжээгээр өөрийн эзэмшлийн газраас хасаж өгснөөр тус компанийг хэвийн үйл ажиллагаа явуулах бололцоогоор хангаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа болно. Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр захирамж илт хууль бус захиргааны акт болох тухай гомдлоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмаар дээд шатны захиргааны байгууллагад, эс зөвшөөрвөл шүүхэд урьд нь гаргах бололцоотой байсан бөгөөд одоогийн байдлаар гомдлыг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Дамба өмгөөлөлдөө: Сүхбаатар сумын Засаг дарга 77 тоот захирамж гаргахдаа хууль зөрчин хууль бус захирамж гаргасан. 77 тоот захирамжаар нэхэмжлэгч “Талын гал” ХК нь уурхайн ашиглалтанд зориулж 89 га, хот тосгонд зориулж 2 га, замын шугам сүлжээнд зориулж 10 км газрыг 20 жилийн хугацаатай ашиглахаар авсан байна.
Уг захирамжийн үндэслэх хэсэгтээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна. Үүнийг яагаад хууль бус байсныг тогтоолгох шаардлага гаргаад байна гэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа хэлэхдээ бид нар тухайн үед гэрээгээр газар эзэмшээд явж байсан гэж хэлсэн. Гэтэл энэ үед Газрын тухай хууль батлагдан хүчин төгөлдөр үйлчилж байсан. Хууль бол Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр үйлчилдэг. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум бол Монгол Улсын газар. Гэтэл Газрын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад сумын Засаг дарга аль нэг аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулаад газар эзэмшүүлдэг асуудал байхгүй.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-г яагаад үндэслэсэн бэ? гэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулна, мөн хуулийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь Аймаг, Нийслэл, Сум Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор тус тус заасан байна.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан материалаас харахаар тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан зүйл байхгүй. Ер нь төлөвлөгөө гараагүй байдаг. Хуулинд газар зохион байгуулалтын төлөвлөгөө гарсны дараа газар эзэмших, ашиглах хүсэлтээ өгнө гэж заасан байгаа. Төлөвлөгөө гараагүй байхад бүрэн эрхээ хэрэгжүүлээд хууль бус захирамж гаргаад газар өгсөн байна.
2003 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б.Гандөш иргэний эзэмшиж байсан хайгуулийн 1391 га газрыг 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гуравдагч этгээд “Энгүй тал” ХХК шилжүүлэн авсан байдаг. Гуравдагч этгээдийн шилжүүлэн авсан нь баримтаар нотлогдсон байхад 4 жилийн дараа сумын Засаг дарга 77 дугаартай захирамжаараа давхцуулсан байдлаар “Талын гал” ХК-нд хууль зөрчин олгосон. Хуулиар давхцуулж болохгүй гэж заасан байхад 56 га газрыг давхцуулан олгосон байдаг. Хэдийгээр 77 дугаар захирамж одоо хүчин төгөлдөр бус ч тухайн үедээ үйлчилж байхдаа хууль бус байсныг тогтоолгох шаардлага гаргаж байна.
Мөн 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан Даваа овогтой Баттулга, “Талын гал” ХК-ны хооронд Аж ахуйн байгууллагын газар эзэмших гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь уг гэрээг байгуулах үндэслэл болох тухайн шатны сумын Засаг даргын шийдвэр гараагүй байхад сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан нь нэхэмжлэгч “Талын гал” ХК-тай газар эзэмших гэрээг байгуулж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл сумын газрын даамал нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-д заасан Засаг даргын шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах хуулийн заалтыг зөрчиж, гэрээ байгуулсан нь тэрээр хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн хууль бус үйлдэл юм.
Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор бие даасан шаардлагаа өөрчлөх шаардлага гарч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д гуравдагч этгээдийн талаар заасан. Мөн энэ хуулийн 22.3-д зааснаар бие даасан шаардлага гаргасан этгээд нь хэргийн оролцогчийн адил эрх эдэлнэ гэж заасан. Энэ эрхийнхээ хүрээнд шаардлагаа өөрчилж байна.
Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч гаргасан тайлбарт төрийн захиргааны байгууллагын хоорондын уялдаа холбоогүйгээс болж чигээрээ ажлаа хийж байсан манай компани хохирч байна гэж хэлж байна. Энэ нь Захиргааны байгууллагаас гаргасан акт илт хууль бус байсан гэдгийг баталж байна гэж үзэж байна. Иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдаж, хуульд заасан үндэслэл байхгүйгээр акт гаргаж ирж байгаа нь энэ байдлыг тогтоолгохоор бие даасан шаардлагаа өөрчилж байна.
2004 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Геологи уул уурхайн кадастрын даргын 926 тоот тушаалаар 1391 га газрыг бүртгэсэн. Гэтэл 2007 онд сумын Засаг дарга энэ газраас нь 56 га газрыг нь хасаад 77 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Талын гал” ХК-нд шилжүүлсэн байдаг. Энэ нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж илт хууль бус акт гаргасан нь гуравдагч этгээдийн эрхэд халдсан. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д зааснаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 77 дугаартай захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж өөрчилж байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хууль зөрчиж байгуулсан дээрхи гэрээний дагуу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын газрын даамал Д.Баттулга, нэхэмжлэгч “Талын гал” ХК-ын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох, нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 94 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- 40.1.6-д заасан үндэслэлээс гадуур буюу эзэмших, ашиглах эрхийг цуцлах үндэслэл байхгүй байхад 56 га газар ашиглах эрхийг цуцалсан” гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Мөн нэхэмжлэгч нь манай уурхайн ам болон технологийн замыг “Энгүй тал” ХХК-ний 1391 га газарт оруулан өгсөн тул уурхайн олборлолт явуулах талбай руу орох боломжгүй болж авто зам хаагдсан. Мөн овоолго байршуулах талбайгүй болсон, албан контор, шатахуун түгээх станц, тэсэлгээний бодисын агуулах “Энгүй тал” ХХК-ний газар дээр байршсан тул манай компани үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Мөн “Энгүй тал” ХХК нь манай 35 га газар дээр гүний уснаас үүссэн том хэмжээний нуур байгуулсан, манай компанийн нөхөн сэргээлт хийсэн талбайг эвдсэн нь бидний үйл ажиллагааг зогсоох хэмжээнд хүргэсэн болно гэж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн байдлаа тодорхойлсон байна.
“Талын гал” ХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Тал булаг гэдэг газарт 1975 оноос эхлэн ашигт малтмал олборлох аж ахуйн үйл ажиллагаа явуулж ирсэн “Талбулагийн нүүрсний уурхай” улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн 1996 оноос ашигт малтмал олборлох аж ахуйн үйл ажиллагаа явуулж тус сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 77 дугаар захирамжаар олгосон 91 га газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшин, гэрээний дагуу ашиглаж байсан нь хэргийн үйл баримт болон хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, “Талын гал” ХК нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Талбулаг гэдэг газарт 1975 оноос эхлэн ашигт малтмал олборлох аж ахуйн үйл ажиллагаа явуулж ирсэн “Тал булагийн нүүрсний уурхай” улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн “Талын гал” ХК –ийн албан контор, тэсэлгээний бодисын агуулах, шатахуун түгээх станц, уурхайн ам, технологийн зам, овоолго, нөхөн сэргээлт хийсэн талбай зэргийг компанийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болгосон үйл баримт нь өөрөө маргаан бүхий 91 га газрыг олон жилийн турш ашиглаж байсныг нотлож байна гэж үзлээ.
Түүнчлэн сумын Засаг даргын 2007 оны “Газар ашиглах тухай” 77 тоот захирамж, газар ашиглах эрхийн 0002716 дугаартай гэрчилгээ нь газар ашиглагч хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр “Талын гал” ХК–ийн газар ашиглах эрх баталгаажсан бөгөөд хуулийн дагуу газар ашиглах эрх үүссэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч “Талын гал” ХК–ийн ашигт малтмал олборлох аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Тал булаг гэдэг газарт Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Энгүй тал” ХХК-нд 14209А ашиглалтын тусгай зөвшөөрлөөр 1391 га талбай олгосон нь “Талын гал” ХК–ийн газар ашиглах эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй 91 га газартай давхцаж “Талын гал” ХК–ийн албан контор, тэсэлгээний бодисын агуулах, шатахуун түгээх станц, уурхайн ам, технологийн зам, овоолго, нөхөн сэргээлт хийсэн талбай байрлах газар нь “Энгүй тал” ХХК-ийн 14209А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1391 га талбайд хамаарагдах болсноор маргаан үүсэх шалтгаан болжээ.
“Энгүй тал” ХХК-ийн 14209А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1391 га газраас буцаасан талбайн 698.17 гектар газарт “Талын гал” ХК–ийн албан контор, тэсэлгээний бодисын агуулах багтан “Энгүй тал” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хасагдсан бөгөөд одоо шатахуун түгээх станц, уурхайн ашиглаж байсан ам, овоолго, нөхөн сэргээлт хийсэн гэх талбай нь үлдэх 692.42 гектар талбайд хамаарагдсан хэвээр байгаа болон, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 35 га талбайдаа нүүрс олборлох үйл ажиллагаагаа явуулаагүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4/1599 тоотоор ирүүлсэн өнгөөр ялгасан кадастрийн тойм зураг /хх-43 хуудас/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-76 хуудас/, хэргийн газрын үзлэгээр хэмжилт хийсэн кадастрийн зураглал /хх-102 хуудас/-аар тогтоогдож байна.
Захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт нь эрх зүйд үндэслэгдсэн зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, хуульд заасан үндэслэл, шаардлагад нийцүүлэн аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах учиртай.
Гэтэл маргаан бүхий “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 2008 оны 94 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4,2 дугаар хэсэг /захирамжид бичсэнээр/, 27 дугаар зүйл, 32 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “Талын гал” ХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээгээр ашиглаж байсан 91 га газрыг 35 га болгон багасгаж, газар ашиглах эрх олгосон захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хуульд заасан үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгон эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэв. Учир нь:
Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох сумын Засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1–40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эрх олгосон хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, захиргааны байгууллага, албан тушаалтан хуулийн ерөнхий заалтыг хэрэглэж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хөндсөн нь уг захирамж гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн” тохиолдолд зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон нөхцөлд түүнийг үндэслэж Засаг дарга эрхийг гэрчилгээг хүчингүй болгох ёстой ба хэрэгт авагдсан нотлох баримтаар “Талын гал” ХК нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Ийнхүү Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл, нөхцөл байдал үүсээгүй байхад нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож 91 га газрыг 56 га-аар багасгаснаар “Талын гал” ХК–ийн албан контор, тэсэлгээний бодисын агуулах, шатахуун түгээх станц, уурхайн ам, технологийн зам, овоолго, нөхөн сэргээлт хийсэн талбай байрлах газар нь “Энгүй тал” ХХК-ийн 14209А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 1391 га талбайд хамаарагдаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудаар “Талын гал” ХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус болох нь тогтоогдсон тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:
Шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 15 тоот захирамжаар “Энгүй тал” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан ба 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бие даасан шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад бие даасан шаардлагаа өөрчилж Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 77 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Аж ахуйн байгууллагын газар эзэмших гэрээ байгуулснаар эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох гэж тодорхойлсон.
Ийнхүү бие даасан шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 77 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагатай холбогдуулан гуравдагч этгээдээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Бие даасан шаардлагаа 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Геологи уул уурхайн кадастрын даргын 926 тоот тушаалаар 1391 га газрыг бүртгэсэн. Гэтэл 2007 онд сумын Засаг дарга энэ газраас нь 56 га газрыг нь хасаад 77 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Талын гал” ХК-нд шилжүүлсэн байдаг. Энэ нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж илт хууль бус захиргааны акт гаргаж гуравдагч этгээдийн эрхэд халдсан.
Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д зааснаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 77 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.
Маргаан бүхий захиргааны актаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Энгүй тал” ХХК-ийн 1391 га газартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд түүнээс 56 га газрыг нь хасаад “Талын гал” ХК-нд шилжүүлж, “Энгүй тал” ХХК-ийн эрхэд халдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох бие даасан шаардлага нь үндэслэлгүй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тохиолдлыг зохицуулсан хуулийн заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамааралтай байх ба Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамж нь хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул дээрх захирамж нь захиргааны актыг илт хууль бус болох тохиолдолд хамрагдахааргүй байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга И.Батсүх баталсан, Монгол Улсын аж ахуйн байгууллагын газар эзэмших гэрээ 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаагаар сумын газрын даамал, “Талын гал” ХК-ийн захирал нарын хооронд байгуулснаар тухайн үед нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд газар эзэмшихтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн байх тул уг гэрээ байгуулснаар эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.5, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35.1.1, 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Талын гал” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” 94 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Энгүй тал” ХХК-ийн “Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”, “2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Аж ахуйн байгууллагын газар эзэмших гэрээ байгуулснаар эрх зүйн харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох” бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.БАЯРЦОГТ