Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01357

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00448 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1347 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох,

14 390 240 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 14 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай “М” ХХК нь “Н” ХХК-иар “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 2 тайзны бүтээх ажлыг 22 хоногийн хугацаанд багтаан бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх, түүний хариуд манай компани материалын зардлаас гадна ажлын хөлсөнд 20 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож 03/02-12 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээний 2.2 дахь заалтад заасны дагуу “Н” ХХК нь тайз заслын ажлын материалын болон бусад зардлыг багтаасан төсөв гаргаж манай талаар батлуулж уг батлагдсан төсвийн дагуу манай тал материалын зардлын 40 хувийг урьдчилан олгож, тайз заслын ажил дуусаж тайзаа хүлээлгэн өгснөөр гүйцэтгэлээр нь үнэлэн үлдэгдэл 60 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон байсан ч гүйцэтгэгч материалын зардлаа 100 хувь урьдчилан авч байж ажлаа цагт нь дуусгах боломжтой гэсэн тул бид материалын зардлыг 100 хувь урьдчилан олгохоор болж, гэрээний 2.2 болон 2.3 дахь заалтад заасны дагуу ажлын хөлсний урьдчилгаа буюу гэрээ ёсоор ажлын хөлсний 30 хувь болох 6 000 000 төгрөг бусад зардал болох мөн 6 000 000 төгрөг нэмж, материалын зардал болох 44 170 500 төгрөг хамт нийт 56 000 000 төгрөгийг “Н” ХХК-д урьдчилан шилжүүлж гэрээнийхээ үүргийг цаг хугацаанд нь зохих ёсоор биелүүлж ирсэн боловч “Н” ХХК нь цаг хугацаандаа багтаж тайз заслын ажлаа хүлээлгэн өгөөгүйгээс гадна төсөвт заагдсан материалын тоо чанарт хүрэхгүй материалаар хийж гүйцэтгэсэн байсан бөгөөд бидний зүгээс нэгэнт хүлээлгэн өгөх хугацаа хэтэрч шоу нэвтрүүлгийн бичлэгийн ажил эхэлсэн байсан ч дахин 14 хоногийн нэмэлт хугацаа тогтоон өгч тус хугацаанд багтаан дутуу ажлуудыг гүйцээх, мөн тайз заслын материалыг төсөвт заагдсан чанартай материалаар бүрэн хийж, бусад дутуу ажил болон, доголдолтой ажлуудыг засаж сайжруулах талаар 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл акт бичиж өгсөн.

Гэтэл “Н” ХХК нь бидний өгсөн мэдэгдлийн дагуу нэг ч ажил хийж гүйцэтгэлгүй ажлаа дутуу хаяж явсан учраас бид арга буюу өөрсдийн ажилчдаар дутуу орхисон ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Дээрхи шалтгаан нөхцөл буюу гүйцэтгэгчийн ажлаа цаг хугацаанд зохих ёсоор бүрэн чанартай хийж гүйцэтгээгүй буюу төсөвт тусгагдсанаас тоо, чанарын доголдолтой материалаар гүйцэтгэсний улмаас материалын зардлын зөрүү болон дутуу доголдолтой ажлыг өөрсдийн хөрөнгө, хүчээр засварласны хохиролд нийт 26 390 240 төгрөгийн хохирол бидэнд учруулсан. 

Иймд бидний хооронд байгуулсан гэрээний 4.10 дахь хэсэгт гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс шалтгаангүйгээр татгалзах, ажиллах боломжгүй болох, гэрээт ажлыг хаяж явсан тохиолдолд захиалагчийн нэхэмжилсэн төлбөрийг үл маргах журмаар барагдуулах үүрэг хүлээнэ, мөн гэрээний 2.2 дахь заалтад материалын зардлын үлдэгдэл 60 хувийг ажлын гүйцэтгэлийг үнэлэн олгоно, гэрээний 4.11 дэх заалтад гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон тогтсон хугацаанаас хоцорсноос бичлэг хойшлох буюу цуцлагдсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги бодож захиалагчийн хохирлыг барагдуулна гэж тус тус заасныг үндэслэн ажил гүйцэтгэх материал зардлын батлагдсан төсвөөс зөрүү буюу дутуу болон чанаргүй материалаар ажил гүйцэтгэсний хохирол болох 24 662 140 төгрөг, ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй буюу гэрээнд заасан хугацаанаас 20 хоног хэтрүүлсний алданги болох 2 000 000 төгрөг, доголдолтой ажлыг өөрсдийн хүч хөрөнгөөр хийж гүйцэтгүүлсний зардал болох 1 728 100 төгрөг нийт 28 390 240 төгрөгийн хохирлоос гэрээний 2.3-т заасан ажил гүйцэтгэсний үлдэгдэл хөлс буюу “Н” ХХК-д төлөх ёстой ажлын хөлс бодох 14 000 000 төгрөгийг хасч 14 390 240 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж манай компанид төлүүлэн биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэгч, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2 тайзыг хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үр дүн байдаг ба “Медиа боловсрол” ХХК-ийн Боловсрол Телевиз нь манай компанийн хийж гүйцэтгэсэн тайзыг ашиглан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг амжилттай зохион байгуулж үзэгч олны хүртээл болгосон болно. Тус компанийн нэхэмжлэлээс харахад манай талыг ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж ажлыг хөлсийг тохирсон хэмжээнд тооцсон байна. Манай гүйцэтгэсэн тайзны материалын үнийн дүнгийн 60 хувь дутуу байсан бол шоуны бичлэг эхлэх ямар ч боломжгүй байх байсан. Гэтэл тус телевиз бидний гүйцэтгэсэн тайзыг ашиглаад шоу арга хэмжээгээ явуулж бичлэгээ хийж дуусгачихаад дутуу тайз, ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн гэж байгаа нь огт үндэслэлгүй болно.

Материалын зардлын үлдэгдлийг ажлын гүйцэтгэлийг харж байгаад шилжүүлнэ гэж телевизийнхэнтэй тохиролцсон. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр буюу тайзны гүйцэтгэлийн дийлэнх хугацаа өнгөрч жинхэнэ шоу болох газар болох “Крокус центрт” очиход дөрөвхөн хоног үлдсэн байхад дараагийн шатны санхүүжилт орж ирснээр хугацаа алдсан. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр жижиг тайзыг Боловсрол тв-ийн байранд угсарсан болно. Тус ажлын байрыг 14 хоногийн хугацаанд 450 000 төгрөгөөр түрээслэсэн болно. Харин энэ тайз нь урд байгаагүй хамгийн нүсэр тайз мөн шоу болох газар байхад бичлэгээс өмнө угсрах хэдхэн өдөр өгсөнтэй холбоотойгоор өөр газар байгууламж түрээсэлж байж хийж амжуулсан. Ингээд том тайз угсрах газар болох “Крокус центрт” гүйцэтгэл эхлээд бичлэг эхлэх өдөр хүртэл хэдхэн өдөр үлдсэн тул илүү олон ажиллах хүч нэмэлт хөлсөөр ажиллуулах шаардлага гарсан. Тус тайзны ажлын гэрээнд байгаа нийт төсвийн ажилчдын хоол хүнс бүх зардлыг хариуцаад өөрсдөө ажлын хөлсний үлдэгдэл ажилчдын цалин болох 14 000 000 төгрөгийг авч чадаагүй өдий хүртэл асар их алдагдал хүлээсэн. Иргэний хуулийн 346 дугаар зүйлд ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан 14 000 000 төгрөгийг өгөөгүй гэж мөн мөнгө шилжсэн баримтаар 56 000 000 төгрөг шилжсэн байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан болон гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Ажил гүйцэтгэх төлбөр 14 000 000 төгрөгөө хүлээж аваагүй гэдэг дээр материалын зардлын төлбөр 26 000 000 төгрөгөөс ажлыг бол хичнээн дутуу ч гэсэн хүлээлгэж өгсөн байна гэж үзээд материалын зардлын зөрүүнээс хасаад үлдсэнг нэхэмжилсэн. Тэгэхээр 14 000 000 төгрөг нэхэмжлэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00448 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 14 390 240 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг, хариуцагч “Н” ХХК нэхэмжлэгч “М” ХХК-иас 14 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 902 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1347 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 228 000 төгрөг, нэхэмжлэгчээс төлсөн 229 902 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбар болон хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын талаар илтэд ташаа дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2 тайзыг хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үр дүн байдаг ба “Медиа боловсрол” ХХК-ийн Боловсрол Телевиз нь манай компанийн хийж гүйцэтгэсэн тайзыг ашиглан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг амжилттай зохион байгуулж үзэгч олны хүртээл болгосон болно. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 14 000 000 төгрөгийг өөрийн үндсэн нэхэмжлэлээс хасч тооцсон болохыг шүүхээс анхаарч үзээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч тал нь хариуцагч талын гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл дутуу буюу доголдолтой байсан бөгөөд уг ажлыг өөрсдийн хөрөнгө хүчээр хийж гүйцэтгэсний зардал болох 1 728 100 төгрөгийг төлсөн гэх бөгөөд энэ талаар нотлох баримт байхгүй байгаа болно. Үүнээс үзэхэд хариуцагч тал нь хамгийн багадаа 87 хувийн ажлын гүйцэтгэлийг хийсэн. Урьдчилгаа 30 хувийг гүйцэтгэгчид төлөөд үлдэгдэл мөнгийг нь баримт байхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь ажил хийсэн хүмүүсийн хувьд хохиролтой байгаа бөгөөд ажлын хөлсөө одоог хүртэл авч чадалгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

Хариуцагч тал нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03-02-12 дугаар Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.5 болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 346 зүйл, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Яг түүн шиг” ТВ Шоуны тайз барих ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 14 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн өөрийн хүмүүсээр хийлгэсэн ажлын хөлс болох 1 728 100 төгрөгийг хасаад үлдсэн 12 271 900 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Н” ХХК-д холбогдох иргэний хэргийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь “Н” ХХК-д холбогдуулан 14 390 240 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бол хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэлийг татгалзсанаас гадна нэхэмжлэгч “М” ХХК-иас ажлын хөлсөд 14 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №03\02-12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Н” ХХК нь “Яг түүн шиг” нэвтрүүлгийн 2 тайзыг өөрийн материалаар хийж гүйцэтгэх, захиалагч “М” ХХК нь материалын зардалд 50 170 500 төгрөг, ажлын хөлсөд 20 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ материалын зардлыг бүтэн, ажлын хөлсөөс 6 000 000 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-д төлсөн, харин ажил гүйцэтгэгч ажлаа чанаргүй гүйцэтгэсэн учир хохиролд 24 662 140 төгрөг, гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй учир алдангид 2 000 000 төгрөг, доголдолтой ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсний зардалд 1 728 100 төгрөг нийт 28 390 240 төгрөгөөс хариуцагчид төлөх ажлын хөлсийн үлдэгдэл 14 000 000 төгрөгийг хасч, хариуцагчаас 14 390 240 төгрөг гаргуулахаар шаардлагын хэмжээ, агуулгыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөнд 14 000 000 төгрөг төлөх үүргээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийнхээ шаардлагаас хасч тооцсон байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “гэрээнд 2 тайзыг чанарын ямар шаардлага хангасан, хэдэн төгрөгийн үнэ бүхий, ямар материалаар хийж гүйцэтгэх талаар заагаагүй байх тул хариуцагч батлагдсан төсвөөс дутуу болон чанаргүй ямар материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдоогүй” гэж,  хохирлын 24 662 140 төгрөгийн шаардлагыг баримтаар нотлогдоогүй гэж дүгнэжээ.  Маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийсэн байна.  

Шүүх ийнхүү дүгнэсэн тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгчид төлөх ажлын хөлсийн үлдэгдлийг захиалагч буюу нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3.-т зааснаар хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар тухайлан заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үздэг. Мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2.-т зааснаар ажлын үр дүн доголдолтой бол захиалагч нь доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол уг доголдлыг өөрөө арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, мөн зүйлийн 352.2.3.-т зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй байна. Нэхэмжлэгч “М” ХХК нь доголдлыг арилгахад гаргасан зардалд 1 728 100 төгрөг шаардсан боловч хариуцагчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргаагүй байна.

Харин хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас дээрх 1 728 100 төгрөгийг өөрийн авах ажлын хөлсөөс хасч тооцохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг  хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан болно.

Түүнчлэн, ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлгэж өгөөгүй, 20 хоног хэтрүүлсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна. Ийнхүү хугацаа хэтрүүлсэн явдалд захиалагч буруутай байсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй тул хариуцагчийг гэрээнд заасан алдангиас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч буюу нэхэмжлэгчээс авбал зохих ажлын хөлсний үлдэгдэл 14 000 000 төгрөгөөс 3 728 100 төгрөгийг хасч сөрөг нэхэмжлэлээс 10 271 900 төгрөгийн шаардлагыг хангахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1347 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00448 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1., 352 дугаар зүйлийн 352.2.2., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас 10 271 900 төгрөг гаргуулж, хариуцагч “Н” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 10 662 140 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 3 728 100 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-иас 179 300 төгрөг гаргуулж, хариуцагч “Н” ХХК-д, хариуцагч “Н” ХХК-иас 74 599 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д тус тус олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 212 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН