Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 576

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Э.Т,

шүүгдэгч С.М, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтаншарнууд овгийн С.М, Харчин овогт Э.Т нарт холбогдох эрүүгийн 1911006150443 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Харчин овогт Э.Т, 1998 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 6а байр 58 тоотод оршин суух хаягтай,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 585 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан регистрийн дугаар УШ.

2. Алтаншарнууд овгийн С.М, 1999 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн эдлэлийн мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Мандал овоогийн 4-26 тоотод оршин суух хаягтай,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 192 цагийн албадан ажил хийлгэх ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 703 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, цагдан хоригдсон 14 хоногийг хасч 172 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, регистрийн дугаар УП.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Т нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Саян” гар урлалын дэлгүүрээс хохирогч А.Гандиймаагийн эзэмшлийн “Никон Ди-3000” загварын зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан,

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэцэг төвийн бэлэг дурсгалын лангуунаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.Алтангинжийн Ми-А-2 лайт гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 539.100 төгрөгийн хохирол учруулсан, 

мөн шүүгдэгч С.М, Э.Т нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвийн 2 дугаар давхрын Б-13 дугаар лангуунаас хохирогч О.Амартүвшингийн эзэмшлийн Самсунг Эс-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлын мөнгийг ажил хийж байгаад төлнө…” гэв.

Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Гандиймаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...БиЧингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Саян” нэртэй гар урлалын дэлгүүрийг 2018 оны 07 сарын сүүл үеэс ажиллуулж эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр өөрийн Nikon D-3000 загварын зургийн аппаратаа хайгаад олохгүй байсан бөгөөд гэртээ эсвэл нэг газарт байгаа гэж бодоод маш их хайсан боловч олдохгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн аппаратаа алдсанаа мэдсэн. ...тэр аппаратыг миний ээж болох Аюурзана 2017 онднадад өгч байсан......70-3000 загварын линзээ мөн бэлгэнд авч байсан уг линз нь 1.350.000 төгрөгийн үнэлгээтэй, Никон Д-3000 зургийн аппаратыг 850.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Уг аппарат нь зориулалтын цүнхэнд байсан цүнхийг нь 90.000 төгрөгөөр худалдан авч байсан....Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.Хуулийн хүрээнд арга хэмжээг авч гомдлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх 15-18/,

Эд зүйлийн үнэлгээ “...зургийн аппарат 70-3000 линз, зургийн аппаратны цүнх нийт 1.710.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 11/,

Шүүгдэгч Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр эрүүлжүүлэхээс гараад халамцуу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мөнгөн завьяа худалдааны төвийн ард талын бэлэг дурсгалын дэлгүүр орсон. Намайг дэлгүүрт орох үед зааланд ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд худалдагч нь бас касснаасаа өөр газарт байсан. Ингээд зааланд нь бараа үзэж байхад цонхны тавцан дээр хар өнгийн аппаратны бололтой цүнх байхаар нь худалдагчийн нүдийг хариулж байгаад хар өнгийн цүнхтэй эд зүйлийг аваад шууд Ард кино театр луу яваад тэндээсээ автобусанд суугаад хороолол орж писи тоглоомын газарт 2 хоноод дараа нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Теди худалдааны төвийн урд зогсож байсан 40-50 орчим насны хүнд хулгайлсан аппаратаа 150.000 төгрөгөөр зарсан. Никон маркийн гэрэл зургийн аппарат, линз, аппаратны цүнх байсан. Өөр ямар нэгэн эд зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 20-22/

Хохирогч О.Амартүвшин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “. ..Би бөмбөгөр худалдааны төвийн хажуу талын Орон зай худалдааны төвийн 2 дугаар давхарт худалдагч хийдэг. 2019оны 03 дугаар сарын 17-ны 14 цагийн үед В-ийн 13-р лангуун дотор 18-20 орчим насны 165-170 см орчим өндөртэй үл таних 2 эрэгтэй хүн гар утасны дагалдах хэрэгсэл үзээд явж байсан юм. Хамт суудаг худалдагч Цэнд-Аюуш намайг дуудаж лангууны цэвэрлэгээний талаар ярилцаж байх хооронд манай лангуугаар юм үзэж байсан хүмүүс бүгд гараад явах хооронд би бие засах өрөө орчихоод гарч ирээд утсаа тавьсан газраа очиж утсаа авах гэтэл миний утас байхгүй болчихсон байсан....Тэгээд лангууныхаа хяналтын камерийг шүүж үзтэл 14 цагт орж ирсэн 18-20 орчим насны 2 эрэгтэйн буржгар үстэй цэнхэр цүнх, хар дээр цагаан бичигтэй цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, улаан найк гэсэн бичигтэй пүүзтэй эрэгтэй нь лангуун доороос аваад өмдний халаасанд хийгээд гарч байгаа нь бичигдсэн байсан. ...Миний гар утас самсунг Эс-8 маркийн саарал өнгөтэй шилэн наалт нь хагарсан гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх 62/,

Эд зүйлийн үнэлгээ “...Самсунг Эс-8 гар утас520.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 54/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...18-20 насны 165-170 өндөртэй хар өнгийн юүдэнтэй цамц, бараан өнгийн жинсэн өмд, улаан өнгийн пүүз өмссөн цэнхэр өнгийн цүнх үүрсэн буржгар үстэй үл таних эрэгтэй хүн уг худалдааны төврүү орж яваа дүрс харагдах ба түүний хойноос 18-20 насны ногоон өнгийн цагаан канттай цамц, хар өнгийн өмд, пүүзтэй үл таних эрэгтэй орж яваа дүрс хяналтын камерийн бичлэгт харагдав....хар өнгийн юүдэнтэй цамц, бараан өнгийн жинсэн өмд, улаан өнгийн пүүз өмссөн цэнхэр өнгийн цүнх үүрсэн буржгар үстэй үл таних эрэгтэй хүн лангуу руу тонгойн марк нь тодорхойгүй гар утсыг авч өмдний хойд талын халаасанд хийн гарч яваа дүрс харагдав...” гэх тэмдэглэл /хх 57/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “...ANGTE гэсэн бичигтэй сиди...” /хх 58-59/,           

Шүүгдэгч С.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Орон зай худалдааны төвийн орйолцоо найз Ттэй уулзаад Тгийн гар утсанд кейс авахаар орон зай худалдааны төвийн хоёр давхарт үйл ажиллагаа явуулах гар утасны дагалдах хэрэгсэл зардаг лангуу руу ороод бараа үзэж байгаад Т лангууны ард байсан Самсунг галакси эс-8 маркийн гар утас байна авья гэхээр нь би Тг хааж зогсоод Т гар утсыг авсан. Т авсан утсаа өөрөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 68/,

Шүүгдэгч Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Би 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ...орон зай худалдааны төвийн 2 давхарт гар утасны дагалдах хэрэгсэл зарж байсан лангууны худалдагч гар утсаа ил тавьсан байхыг хараад найз Мг орон зай дээр дуудсан.Ямар учраас дуудсан бэ гэхээр өмнө нь хамт хулгай хийж байсан учраас дуудсан. Тэгээд М ирсний дараа гар утас байсан лангуу руу эргэж ороод Мгөөр өөрийгөө хаалгаж байгаад лангууны ард байсан Самсунг галакси эс-8 маркийн гар утсыгавсан... Би гар утсыг аваад Мгөөс салаад Монтел худалдааны төв дээр 200.000 төгрөгөөр зарсан. Мөнгөөхувийн хэрэглээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх 72/,

Хохирогч Д.Алтангинж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цэцэг төвд ажил дээрээ байж байгаад өөрийн “МИ-А-2 лайт” нэртэй гар утсаа алдсан. Тэгээд тухайн үед хяналтын камер шүүж үзэх гэсэн боловч ажиллахгүй байсан....мартын 8-ны өмнөх өдөр байсан учраас үйлчлүүлэгч нар их байсан. ...гар утсаа 650.000 төгрөгөөр худалдаж авчбайсан. ...алдсан rap утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 104-105/,

Дамно ХХК-ны хөрөнгө үнэлгээний2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ЧД1-19-18 дугаар тайланд “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар ...зах зээлийн үнэлгээгээр нийт 539.100 төгрөг...” гэх тайлан /хх 122-123/,

Шүүгдэгч Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Цэцэг төвийн 3 дугаар давхрын бэлэг дурсгалын дэлгүүрт орж бараа үзэж байгаад худалдагчийн гар утас лангуун дээр байхыг харсан. Намайг лангуу руу орох үед үйлчлүүлэгч ихтэй байсан учраас худалдагч эгч гар утсаа нэг их анзаарахгүй байсан. Тэгэхээр нь худалдагчийг харж байгаад гар утсыг нь аваад Цамбагарав руу явсан. Тэндээ очоод гар утсаа засварын газарт сэлбэгэнд 150.000 төгрөгөөр зарсан....одоо гар утас зарсан газраа зааж өгөх боломжгүй санахгүй байна. ...Би хохирогч нарынхаа хохирлыг боломжит богино хугацаанд төлж барагдуулна..." гэх мэдүүлэг /хх 110/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 90, 145/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 91, 127/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 211/, хохирогч О.Амартүвшинд хохирол төлбөр төлсөн баримт /хх 220/, шүүгдэгч нарт холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 29-31, 167-170/, зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Т нь гацаараа 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Саян” гар урлалын дэлгүүрээс хохирогч А.Гандиймаагийн эзэмшлийн “Никон Ди-3000” загварын зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэцэг төвийн бэлэг дурсгалын лангуунаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.Алтангинжийн Ми-А-2 лайт гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 539.100 төгрөгийн хохирол учруулсан,  мөн шүүгдэгч С.М, Э.Т нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвийн 2 дугаар давхрын Б-13 дугаар лангуунаас хохирогч О.Амартүвшингийн эзэмшлийн Самсунг Эс-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийгүйлдсэн гэм буруутай болох ньхохирогч А.Гандиймаагийн“...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн аппаратаа алдсанаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 15-18/,Эд зүйлийн үнэлгээ “...зургийн аппарат 70-3000 линз, зургийн аппаратны цүнх нийт 1.710.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 11/, шүүгдэгч Э.Тгийн “...хар өнгийн цүнхтэй эд зүйлийг ...хулгайлсан аппаратаа 150.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх 20-22/, хохирогч О.Амартүвшингийн “...18-20 орчим насны 2 эрэгтэйн буржгар үстэй ...лангуун доороос аваад өмдний халаасанд хийгээд гарч байгаа нь бичигдсэн байсан. ...Миний гар утас самсунг Эс-8 маркийн саарал өнгөтэй шилэн наалт нь хагарсан гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх 62/, эд зүйлийн үнэлгээ “...Самсунг Эс-8 гар утас 520.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 54/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх 57/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 58-59/, шүүгдэгч С.Мгийн “...Самсунг галакси эс-8 маркийн гар утас байна авья гэхээр нь би Тг хааж зогсоод Т гар утсыг авсан. Т авсан утсаа өөрөө аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 68/, шүүгдэгч Э.Тгийн “...Мгөөр өөрийгөө хаалгаж байгаад лангууны ард байсан Самсунг галакси эс-8 маркийн гар утсыг авсан... Би гар утсыг аваад Мгөөс салаад Монтел худалдааны төв дээр 200.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө хувийн хэрэглээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх 72/, хохирогч Д.Алтангинжийн “...гар утсаа 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...алдсан rap утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 104-105/,Дамно ХХК-ны хөрөнгө үнэлгээний  2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ЧД1-19-18 дугаар тайлан /хх 122-123/, шүүгдэгч Э.Тгийн “...гар утсаа засварын газарт сэлбэгэнд 150.000 төгрөгөөр зарсан. ...одоо гар утас зарсан газраа зааж өгөх боломжгүй санахгүй байна. ...Би хохирогч нарынхаа хохирлыг боломжит богино хугацаанд төлж барагдуулна..." гэх мэдүүлэг /хх 110/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Т, С.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч С.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Тд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т, С.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хавсарган үлдээж, шүүгдэгч С.М нь 20 /хорь/ хоног, шүүгдэгч Э.Т нь 6 /зургаа/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.М нь өөрт ногдох хувь буюу 260.000 төгрөгийг хохирогч О.Амартүвшинд төлсөн, хохирогч  О.Амартүвшин нь “...хохирлын тал хувь болох 260.000 төгрөгийг С.Мгөөс авсан, түүнд санал гомдол байхгүй...” гэх тул шүүгдэгч С.Мг бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгч Э.Тгээс нийт 2.509.100 төгрөгийг гаргуулан хохирогч О.Амартүвшин /УХ95073141/-д 260.000 төгрөг, А.Гандиймаа /ЕЙ83121924/-д 1.710.000 төгрөг, Д.Алтангинж /ЧТ68080666/-д 539.100 төгрөгийг тус тус олгуулхаар шийдвэрлэв . 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алтаншарнууд овгийн С.М, Харчин овогт Э.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Э.Тд 1 /нэг/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Т, С.М нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Тгийн цагдан хоригдсон 6 хоног, С.Мгийн цагдан хоригдсон 20 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Тгээс 2.509.100 төгрөгийг гаргуулан хохирогч О.Амартүвшин /УХ95073141/-д 260.000 төгрөг, А.Гандиймаа /ЕЙ83121924/-д 1.710.000 төгрөг, Д.Алтангинж /ЧТ68080666/-д 539.100 төгрөгийг тус тус олгосугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т, С.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан 3авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН