Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 928

 

Э.Т-, С.М- нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чимгээ,

шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

шүүгдэгч С.М-гийн өмгөөлөгч Г.Баярмаа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 576 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Т-гийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Т-, С.М- нарт холбогдох эрүүгийн 1911006150443 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Харчин овгийн Э.Т-, 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 585 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            2. Алтаншарнууд овгийн С.М-, 1999 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн эдлэлийн мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 192 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

            - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 703 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, үүнээс цагдан хоригдсон 11 хоногийг хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 172 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосон,

            Э.Т- дангаараа 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саян” нэртэй гар урлалын дэлгүүрээс иргэн А.Гандиймаагийн эзэмшлийн “Nikon D3000” загварын гэрэл зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан,

            - 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэцэг төв”-ийн бэлэг дурсгалын лангуунаас иргэн Д.Алтангинжийн эзэмшлийн “MI-A2 lite” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 539.100 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн Э.Т-, С.М- нар бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орон зай” худалдааны төвийн 2 дугаар давхрын Б-13 дугаар лангуунаас иргэн О.Амартүвшингийн эзэмшлийн “Samsung S8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                         

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Т-, С.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.               

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.М-, Э.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М-г 1 жилийн хорих ялаар, Э.Т-г 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Т-, С.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд дээрх хэргүүдийг нэгтгэн шалгуулах хүсэлт мөрдөгч Насанжаргалд гаргасан. Харин прокурор Анармөнх надтай нэг ч удаа биечлэн уулзаагүй, санал хүсэлтийг маань хүлээн аваагүй. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн туслах Туулд хэргээ нэгтгэн шийдвэрлүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт өгсөн боловч хүлээн аваагүй. Харин Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн туслах Оюунцэцэгт хэргээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт өгөхөд хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хянан шийдвэрлэсэн байдаг. Иймд Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд үйлдэгдсэн хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх, мөн хохирогч О.Амартүвшин, А.Гандиймаа, Д.Алтангинж нарын хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байна. Намайг цагдан хоригдож байх хугацаанд Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч нар ирж байцаалт авсан...” гэв.

Шүүгдэгч Э.Т-гийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Э.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр өсвөр насны шүүгдэгч бөгөөд Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буюу нэг өдөр ял шийтгүүлсэн байдал харагддаг. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлтийг шүүхэд бичиж өгсөн нь хавтаст хэргийн 184 дүгээр талд авагдсан байгаа. Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурьдсан асуудал үндэслэлтэй байж болохоор байх тул эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр үйлдсэн хэргүүдийг нь нэг мөр шалган шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгч С.М-гийн өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч С.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өөрт оногдох хэсгийн нөхөн төлж барагдуулсан тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Э.Т-г өөр бусад дүүргүүдэд гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан шалгаж байгаа асуудал тогтоогдоогүй, энэ талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байгаа...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсан байна.

Хэргийн материалыг судлахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 703 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 169-170/-оор С.М- нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас урьд цагдан хоригдсон 11 хоногийг нийцүүлэн хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 172 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн байх ба тэрээр 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дахин энэ төрлийн гэмт хэргийг шинээр үйлдсэн холбогджээ.

Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хуульчилсан байдаг.

Гэтэл шүүгдэгч С.М- өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа бүрэн эдэлж дууссан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байх бөгөөд анхан шатны шүүх уг асуудалд тодорхой хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулж, дан ганц шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зарчмыг тодорхойлохдоо эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх, хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэх болон ялын хэмжээг хэрхэн тогтоох талаар заасан байх бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэй холбогдох материалыг хэрэгт хавсаргаагүйгээс Эрүүгийн хуулийн дээрх заалтыг хэрэглэх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр мөрдөн шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс төв, орон нутаг, дүүргүүдийн цагдаагийн газарт Э.Т- гэгч этгээд урьд өмнө болон одоо гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа талаарх баримт мэдээлэл ирүүлэхийг хүссэн албан бичиг явуулсан байх боловч түүнд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх тогтоолын хуулбарууд хэрэгт цуглараагүй байна.

Гэвч хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд Э.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр болон 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайлах гэмт хэрэгт сэжиглэгдэж, оргон зайлсан талаар бүртгэгдсэн байх тул энэ талаарх баримт мэдээллийг холбогдох байгууллагаас шалгаж, тодруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Т-, С.М- нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Э.Т-, С.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Т-гийн “...эрүүгийн хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхилоо.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 576 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Т-, С.М- нарт холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Э.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурьдсугай.

3. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол шүүгдэгч Э.Т-, С.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                          ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН