Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 329

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Сэрээнэндоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл,

иргэний хариуцагч Арвижих групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цогтбаатар, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл, иргэний хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Сэрээнэндоржид холбогдох 2015 2602 0178 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Түвдэн овгийн Гомбосүрэнгийн Сэрээнэндорж, 1963 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт төмөр замын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамтаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 3 дугаар хороолол, 76 дугаар байрны 9 тоотод оршин суух, 2001 онд “Монголын хүндэт төмөр замчин” тэмдэг, 2005 онд “ОХУ-ын хүндэт төмөр замчин” тэмдэг, 2008 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2011 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, /РД:ЕС63042612/;

Г.Сэрээнэндорж нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 47 дугаар зүйлийн 47.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчин 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ23В загварын ашиглалтанд явж байгаагүй, шинэ сэлгээний илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас “Арвижих групп” ХХК-иас дээрх гэрээний дагуу нийлүүлсэн ОХУ-д 1987 онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүлээлгэн өгч 330.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Сэрээнэндоржид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Түвдэн овгийн Гомбосүрэнгийн Сэрээнэндоржийг  Улаанбаатар төмөр зам  хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрээнэндоржийг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Г.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Арвижих групп ХХК-ийн захирал Д.Цогтбаатараас 228.400.000 төгрөг гаргуулж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Сэрээнэндорж нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д заасны дагуу 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Сэрээнэндоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Сэрээнэндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа 2012 оны 10 дугаар сарын 6-наас 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүргийг гүйцэтгэтгэсэн болно.

 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар миний тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч, 1 жил хорих ялаар шийтгэснийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар дээрх ялыг өршөөн хэлтрүүлсэн болно.

Намайг тендер зарлалгүй ТГМ сэлгээний тэргийг худалдан авалт хийсэн гэсэн прокурорын яллах дүгнэлтээр яллаж шийтгэлээ.

Би энэхүү шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд,

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 47 дугаар зүйлийн 47.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл энэхүү яллах дүгнэлтэд яллах нотлох баримт болгож байгаа гэрч Х.Итгэлт, М.Энхболд, Б.Азжаргал, О.Энхжаргал, Б.Түвшинтөр, Л.Болд, С.Наранбат, Ш.Жамьяангарав нарын мэдүүлэг нь намайг дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэм буруутай гэж нотлоогүй, зөвхөн ТГМ тэрэгний техникийн байдлыг мэдүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэм буруутай гэж үзсэн хэдий ч энэ хууль нь манай байгууллагад байнга мөрдөгддөгүй ба УБТЗ ХНН нь “1949 оны Орос-Монголын засгийн газрын гэрээ” түүний салшгүй хэсэг болох 1968 оны “УБТЗ ХНН-ийн дүрэм”-ийг баримталж өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажилладаг бөгөөд УБТЗ ХНН нь улсын төсвөөс санхүүждэггүй, өөрийн тээврийн орлогоос санхүүжиж ажил үйлчилгээгээ явуулдаг байгууллага юм. Мөн түүнчлэн УБТЗ ХНН-ийн дарга нь улсын төсвийн ерөнхийлөн захирагч биш болно.

Манай төмөр зам нь ОХУ-ын стандартаар баригдсан тул техник, тоног төхөөрөмжийг Монголд үйлдвэрлэдэггүй, ихэвчлэн ОХУ-аас худалдан авалт хийдэг. Иймээс УБТЗ ХНН нь зөвхөн гадаадын зээл тусламж, улсын төсвийн санхүүжилтээр болон Монголын зах зээлээс худалдан авч болох эх оронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд тендер зарлан явуулдаг уламжлалтай.

Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар ялласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулийн тайлбараар бодит хохирол үүсгэж, дүрэм, журмын эрх мэдлээ ганцаараа хэтрүүлсэн гэж заасан байтал угтаа бодит хохиролгүй, хамтын шийдвэрийн үндсэн дээр гэрээ байгуулан худалдан авалт хийгдсэн юм. Миний бие УБТЗ ХНН-д мөрдөж байгаа олон улсын гэрээ, дүрэмд заасан байгууллагын даргын эрх, үүргийн хэм хэмжээг хэтрүүлээгүй болно. ТГМ тэргийг худалдан авсан үнэ нь УБТЗ XHH-ийн Ерөнхий хороогоор баталсан үнийн дүнгээс хэтрээгүй юм. Би албан тушаалаараа далайлган нэг ч хүнийг дарамтлан дуудаж загнаж зандраагүй, шахаж шаардаагүй, гэрээнд түрүүлэн гарын үсэг зураагүй, холбогдох албадын дарга нар зөвшилцөн гарын үсгээ зурсаны дараа гэрээг баталсан.

ТГМ сэлгээний тэргийг худалдан авахдаа Үнийн комиссоор хэлэлцэн гурван компанийн үнийг харьцуулж, хамгийн бага үнийн санал өгсөн Монгол улсын “Арвижих” ХХК-г сонгон шалгаруулж худалдан авалт хийсэн. Тухайн үед өөр Монголын компанийн үнийн санал байхгүй байсан ба ОХУ-ын хоёр компанийн үнийн санал рублээр ирснээс гадна батлагдсан төлөвлөгөөний үнийн дүнгээс өндөр үнэтэй байсан юм.

Үүний зэрэгцээ 2013 оны төлөвлөгөөнд төгрөгөөр туссан худалдан авалт хийхэд цаг хугацаа давчуу болсон, 6 сараас хойшилбол ондоо багтаж нийлүүлэгдэхгүй, 2012 онд төлөвлөгөөнд тусгагдаад биелээгүй, 2014 онд дахин төлөвлөгөөнд тусгахад эдийн засгийн байдал хүндэрсэн, дотоодоо вагон засварлах нь гадаадаас вагон түрээслэхээс хямд зардалтай байсан зэрэг шалтгаанууд байсан юм. Тэр үед бид жилдээ гадаадаас 3 сая орчим ам.доллараар вагон түрээслэдэг байв. Энэхүү ТГМ тэргийг худалдан авч вагоны засварт ашигласнаар 2014 онд гадаад вагоны түрээсгүй, зөвхөн өөрсдийн вагоноор 21 сая тн ачааг тээвэрлэж өндөр үр ашигтай ажилласан байдаг.

Энэхүү ТГМ тэрэгний суурь рамаас бусад эд анги, мотор хөдөлгүүр нь шинэ 2012 онд үйлдвэрлэгдсэн гэдгийг гэрчүүдийн мэдүүлэг бүрээс харж болно. Ийм маягаар угсарч үйлдвэрлэсэн зүтгүүр вагоныг төмөр замчдын хэлдгээр “модернизаци” буюу шинэчлэн өөрчилж хийсэн гэж үздэг. Манай Улаанбаатар төмөр замын түүхэнд 1980-аад оны хуучин ОХУ-ын 2М62 илчит тэрэгний суурь рам, кузов дээр Америкийн “Женерал Электрик” компанийн дизель хөдөлгүүр суурилуулж “модернизаци” хийн угсарч сайжруулсан 10 ширхэг 2-ЗАГАЛ зүтгүүрийг бүтээсэн байдаг. 2005 оноос хойш 2-ЗАГАЛ зүтгүүрүүдийг ачаа болон хүн тээвэрт өргөнөөр ашиглаж байна. Энэ зүттүүрийг хийсэн инженерүүдээс 3 инженер Монгол улсын Гавъяат тээвэрчин цол хүртээд байгаа билээ. Тиймээс манай инженерүүд энэ ТГМ тэрэг нь 2-ЗАГАЛ зүтгүүрийн адил гэж дүгнэсэн юм.

Хугацаа дууссан 1987 оных гээд байгаа нь зөвхөн рам суурийг хэлээд байгаа бөгөөд 2012 оны мотор хөдөлгүүртэй тул ТГМ тэрэг нь модернизаци буюу шинэчлэн өөрчлөлт хийгдсэн тэрэг болно.

2005 оны Засгийн газрын 233 дугаар тогтоол нь эд хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хувь хэмжээг батлах тухай байдаг ба энэ тогтоолоор машин 6 жил, онгоц 22 жил гэх мэтээр элэгдэл хорогдлыг тооцно гэснээс биш цаашдаа ашиглаж болохгүй гэсэн заалт байхгүй. Монголчууд ч бүгд хугацаа дууссан 6 жилээс дээш ашигласан машин унаж хэрэглэж байна гэж ойлгогдохоор байна. Иймээс ТГМ тэрэгний зөвхөн суурь рамыг хугацаа дууссан гэвэл, бусад гол мотор хөдөлгүүр нь шинэ тул бүхэлд нь хугацаа дууссан хуучин ТГМ нийлүүлсэн гэж яллах нь үндэслэлгүй юм.

УБТЗ ХНН нь өмчийн хохирлыг тогтоохдоо Орос-Монголын хамтарсан комиссын актыг үндэслэн тогтоодог. Жил бүр тэгш эрхийн (пратетный) шалган байцаах комиссын 2 улсын яам, газраас томилогдсон гишүүд хамтран тус байгууллагын санхүү, эдийн засгийн байдлыг үзэж шалгаад акт үйлдэн УБТЗ ХНН даргад үүрэг өгч Ерөнхий хороонд танилцуулж гүйцэтгэлийг хянадаг. Мөн 2 жил тутам хөндлөнгийн аудит шалгалт хийж Ерөнхий хороонд тайлагнадаг журамтай билээ. 2013, 2014 онуудын үзлэг шалгалтын акт, бичиг баримтад хохирлын талаар тусгагдаагүй болно.

Л.Пүрэвбаатар (2016.07.28), Д.Жигжиднямаа (2016.10.24) нараас өмгөөлөгчдөд хохиролын талаар тайлбар хийж өгсөн албан бичгийг мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүхийн шатанд анхаарч авч үзээгүй болно. Миний бие аливаа улс төрийн намын гишүүн бус болно.

Мөн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ хийсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. 2010, 2011 оны үед УБТЗ ХНН үндсэн хөрөнгөө дахин үнэлүүлэхээр зарлал явуулахад Төмөр замын тоног төхөөрөмжийг үнэлэх туршлагатай бие даасан компани Монголд байхгүй байсан болно. 2012 оноос Монголын бүх үнэлгээ хийдэг компаниуд нийлэн Консерциум байгуулан УБТЗ ХНН-ын үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн юм. Гэхдээ энэ нэгдсэн консерциумын үнэлсэн үнийн дүнг УБТЗ ХНН мэргэжлийн зүгээс хянан хэлэлцэж зөвшөөрсөний үндсэн дээр Хөндлөнгийн аудитаар хянуулснаар хүчин төгөлдөр болж үндсэн хөрөнгийн үнийг тогтоосон байдаг. Тиймээс энэ компани ганцаараа ТГМ-ыг үнэлсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх нь үндэслэлгүй юм.

Одоогоор энэхүү ТГМ тэрэг 2013 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл засварт оролгүйгээр үр ашигтай ажиллаж байгаа билээ. УБТЗ ХНН энэ ТГМ тэргийг худалдан авснаар бодит хохирол үүсээгүй байна.

Миний удирдаж байсан үед УБТЗ түүхэндээ хамгийн их ачаа ачиж, хамгийн их ачаа тээвэрлэж улсын бүтээн байгуулалтын цементийн тээврийн бөглөрөл, түгжрэлийг оновчтой зохион байгуулж, анхны хос төмөр зам барьсан ба үе үеийн ган замчдын хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлэн 2014 онд Монгол улсын Ерөнхийлөгчөөс манай байгууллага хамт олныг төрийн дээд "СҮХБААТАР"-ын одонгоор шагнасан болно.

Миний бие энэхүү ТГМ тэргийг 2013 оны төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, вагон ашиглалтын зардлыг багасгах, тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор худалдан авсан ба аливаа хувийн явцуу эрх ашиг сонирхол өчүүхэн ч байхгүй гэдгийг илэрхийлж байна.

2015 онд намайг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 20 сая төгрөгийн зүтгүүрийг 800 сая ам.доллараар худалдан авсан гэдэг үндэслэлгүй мэдээллийг тарааж миний нэр төрийг санаатайгаар гутаан доромжилоод зогсохгүй намайг нийгмээр яллуулах анхны алхам тавигдсан гэж бодож байна.

Иймээс та бүхэн бодит хохирол учраагүй, албан тушаалаа хэтрүүлээгүй дүрэм, журмаар олгогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлсэн надад ял халдаасан хэргийг бүхэлд нь хянаж гэм буруугүй болохыг тогтоож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Сэрээнэндоржийн өмгөөлөгч Ө.Одгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Сэрээнэндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэж ял оногдуулсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна.

…Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 -д заасан “...шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч ... шүүгдэгчийг яллах болон цагаатгах ... нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т заасан “... нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар нь хянаж үзэх...” зэрэг заалтуудыг зөрчсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Г Сэрээнэндорж нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 47 дугаар зүйлийн 47.1. 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 заалтуудыг зөрчиж, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж үзсэн.

1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай” хуулийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бус, харин “УБТЗ” ХНН-ийн орлогын хөрөнгө оруулалтаар сэлгээний илчит тэрэг худалдан авахаар шийдвэрлэж, хөрөнгө баталж өгсөн, үүний дагуу сэлгээний илчит тэргийг худалдан авсан. Ийнхүү төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр биш, өөрийн хөрөнгөөр техник худалдан авч байгаа тохиололд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай” хуулийг мөрдөхөөр заасан хууль, дүрэм, журам байхгүй, тиймээс уг хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

2. АТГ-ын Мөрдөн байцаагч Алтанцоож 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Шинжилгээ хийлгэх тогтоол гаргасан Энэ тогтоолоор Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваажаргал, Ганбат, Цолмонтуяа нарыг шинжээчээр томилж. "УБТЗ ТГМ-23 загварын сэлгээний илчит тэргийг нийлүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа ТБОНӨХБАҮХАТ хууль болон холбогдох журам зааврын дагуу зохион явуулсан эсэх. Хэрэв хууль зөрчсөн бол ямар хууль, журмын зүйл заалтыг зөрчсөн байна бэ. Тендерт оролцогчийн тендерийг худал үнэлсэн, хууль бусаар давуу байдал олгосон зэргийг тодорхой тусгах” гэсэн асуулт тавьжээ. /15хх-110/,

Эндээс харахад мөрдөн байцаагч УБТЗН нь ажил үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа ТБОНӨХБАҮХАТ хуулийн дагуу явуулах ёстойг шинжээчид тавьсан асуултаараа тулгасан байх ба үүнийг өмгөөлөгч эсэргүүцсэнээр тогтоолоо хүчингүй болгосон. Гэхдээ энэ асуултаа албан бичгийн хэлбэрт оруулан өөрчилж, мөн тухайн газартаа явуулж, "Зөвлөмж тайлбар” авсан байна. Үүний дагуу “Г.Сэрээнэндоржийг ТБОНӨХБАҮХАТ хуулийн 8.2, 47.1, 19.1, 21.1 дэх заалтуудыг зөрчсөн” гэж үзэх гол үндэслэл, нотлох баримт болсон. Энэ нь Эрүүгий байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.5-д “Хууль хэрэглэх, хуулийн зүйл хэсэг, заалтыг тайлбарлуулах зорилгоор шинжээч томилохыг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн.

3.Мөн гэрч, хуулийн зөвлөх Нинжбат: “УБТЗ-ын хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгөд
хамаардаггүй, өөрөө өөрийнхөө үйл ажиллагаагаар санхүүжиж, үйл ажиллагаа
явуулдаг аж ахуйн нэгж юм, “УБТЗ” ХНН нь дотроо үйлчилдэг худалдан авах
ажиллагааны журам гэсэн баримт баталж, уг журам нь төмөр замд үйлчилдэг. ... Уг сэлгээний илчит тэрэг худалдан авах үйл ажиллагааны журмын дагуу явагдсан. Зөвхөн уг сэлгээний илчит тэргийн худалдан авалт биш, маш олон худалдан авалтын үйл ажиллагаа үнийн комиссын хурлаар шийдэгддэг байсан. Үнийн комиссын хурал бол 7 хоногийн Пүрэв гаригт хуралдаж худалдан авалтын асуудлыг шийддэг байсан. Миний оролцсон үнийн комиссын хурлаар шийдвэрлэсэн дээрх худалдан авалтыг ямар нэг байдлаар буруу байсан гэж үзэх юм бол сүүлийн 20 жилд УБТЗН-ын үнийн комиссоор худалдан авалт хийсэн олон зуун сая ам.долларын худалдан авалтыг буруу гэж үзэх нь байна” /15хх-80-81/ гэжээ.

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа сэлгээний илчит тэргийг худалдан авсан нь журам дүрмийн дагуу явагдсан, зөвхөн Г.Сэрээнэндорж дангаар энэ асуудлыг шийдвэрлээгүй, холбогдох албаны удаа дараагийн хүсэлт, ажлын шаардлага, нөхцөл байдал, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулсан олон баримтаас ганцыг нь ч дурдаагүй мөн үгүйсгээгүй байгаа нь шүүх яллах болон цагаатгах нөхцөл байдлыг бүрэн тогтоох, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзэх...” хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна.

Хоёр. Шүүх: “...2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ 23В загварын ашиглалтад явж байгаагүй, шинэ сэлгээний илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдах худалдан авах гэрээ байгуулж хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсэн” гэж дүгнэсэн.

Шүүх ийнхүү дүгнэхдээ Г. Сэрээнэндорж нь 816.000.000 төгрөгийн гэрээ байгуулах эрхгүй байсан гэж дүгнэсэн үү, эсвэл огт гэрээ байгуулах эрхгүй байсан гэж дүгнэсэн үү гэдгийг ялгаж ойлгоход хүндрэлтэй байгаа юм.

Сэлгээний илчит тэрэг худалдан авах 830.000.000 төгрөгийн хөрөнгийг 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан байсан нь гэрч, УБТЗ-ын вагоны албаны дарга Л.Болд /15хх-41/, гэрч, Төлөвлөгөө эдийн засгийн албаны дарга Ё.Батбуян /15хх-48/ нарын мэдүүлэг, хөрөнгө оруулалтын 2013 оны төлөвлөгөөгөөр /16хх-180/ тус тус нотлогдож байгаа.

Харин гэрээ байгуулах эрхийн хувьд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлд зааснаар /15хх-237/ Замын дарга нь хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг худалдан авах эрхтэй байна.

1.УБТЗ-ын хэмжээнд мөрддөг “Гэрээ байгуулах журам” /Гэрээг эхлээд хамаарагдах нэгжүүд зөвшилцөнө /15хх-246-250/, “Худалдан авалт, борлуулалтын алба тоног төхөөрөмж, сэлбэг бараа бүтээгдэхүүний захиалгыг хэрэгжүүлэх журам” /Худалдан авалт борлуулалтын алба үнийн судалгаа авч, үнийн комиссын хурлаар хэлэлцүүлнэ /16хх-5/, “Үнийн комиссын ажиллах журам” /Үнийн комисс асуудлыг хамтын журмаар шийдвэрлэнэ, энэ шийдвэр нь хууль зөрчсөн тохиолдолд дэмжсэн бүх гишүүд хариуцлага хүлээнэ /15хх-241/ зэрэг дүрэм журмууд хэрэгт авагдсан бөгөөд Г.Сэрээнэндорж эдгээр журмын дагуу үнийн комиссоор хэлэлцүүлсэн, УБТЗ-ын хэмжээнд мөрддөг дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулсан гэдгийг бүрэн нотлож байна.

Уг сэлгээний илчит тэргийг яаралтай худалдан авах тухай, хүлээн авч ажилд оруулах тухай холбогдох албад, дарга нарын хүсэлт, албан бичгүүд хэрэгт авагдсан бөгөөд сэлгээний илчит тэрэг яаралтай худалдан авах нь УБТЗ-ын хувьд нэн даруй шийдвэрлэх асуудлын нэг байсан гэдэг нь тодорхой юм.

Вагоны аж ахуйн инженер Түвшинтөрийн хийж байсан илчит тэрэгний үнэ болон нийлүүлэх нөхцөлийн талаарх судалгаа хэрэгт авагдсан /12хх-97/ бөгөөд хэн ч байсан “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны баталсан хөрөнгө оруулалтын хэмжээнд тааруулан Монгол Улсад татвар төлөгч, Монголын аж ахуйн нэгж болох "Арвижих групп" ХХК-ийг сонгох нь ойлгомжтой байдаг.

2. Сэлгээний илчит тэрэг худалдах, худалдан авах анхны гэрээг 2013 оны 6 дугаар сард байгуулж, 2014 оны 1 дүгээр сард Талууд харилцан тохиролцсоноор уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсаныг буруутгаж, Эрүүгийн хуулиар шийтгэх үндэслэлгүй юм. Нэмэлт гэрээг тухайн өдөртөө биш, 5 сарын дараа буюу 2014 оны 1 дүгээр сард 8 албад зөвшилцөн байгуулсан бөгөөд энэ гэрээгээр УБТЗ-д ашигтай байх хувилбаруудыг нэмж оруулсан. /5 хувийн барьцаа хөрөнгө үлдээсэн, баталгаат хугацааг сунгасан/, мөн төлбөрийн хугацааг хойшлуулсан гэх мэт бусад компаниудаас санал болгосноос илүү таатай нөхцөлөөр гэрээ байгуулсан болох нь нотлогдож байгаа юм.

3. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16, 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 тоот тогтоолуудад эрх мэдлээ хэтрүүлэх гэдгийг хэрхэн ойлгох талаар тайлбарласан байна “...эрх мэдлээ хэтрүүлэх гэж хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээс илүү эрх эдлэхийг хэлнэ” /№16/, Энэхүү гэмт үйлдэл нь бусад албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэх, онцгой нөхцөлд буюу тусгай зөвшөөрөл авснаар гүйцэтгэх үйл ажиллагааг дур мэдэн явуулах, зөвхөн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэх, эсвэл хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргах зэрэг хэлбэрээр илэрнэ, Албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар ашиг хонжоо олсон байдаг ... /23/ гэжээ. Г.Сэрээнэндоржийн хувьд хувьдаа ямар нэг ашиг сонжоо олоогүй, олох санаа зорилго ч байгаагүй юм.

Гурав. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй зүйл анги юм.

Гэтэл УБТЗ-д “бодит хохирол” учирсан гэж үзэх үндэслэлгүй байгаа нь УБТЗ-ын
дарга Л.Пүрэвбаатарын удаа дараагийн албан бичгүүд, мөн 2016 оноос УБТЗ-ын
даргаар ажиллаж байгаа Д.Жигжиднямаагийн Шүүхэд /18хх-75/, Авлигатай тэмцэх
газарт /18хх-77/ болон өмгөөлөгчид өгч байсан албан бичгээр, мөн тухайн илчит тэрэг нь одоо болтол хэвийн ажиллаж байгаа тухай гэрч Б.Азжаргалын мэдүүлэг /11хх-231-233/, албан бичиг /12хх-57/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдоно.

УБТЗ-ын Дүрмийн шалган байцаах комиссын үүргийн тухай заалтад “хохирол тогтоох журмыг” зааж өгсөн. Мөн УБТЗ нийгэмлэгийн ажил хэргийг шалган байцааж байх зорилгоор Шалган байцаах комиссыг байгуулна: 2 талын хамтарсан комисс хуралдан, акт тогтоож хохирол алдангийг тогтоодог журамтай байна. УБТЗ-ын дүрэмд тусгасанаар УБТЗ-ийн шалган байцаах комиссын дүгнэлтээр алдагдал, ашиг, хохирол зэргийг тогтоож дүгнэлт үйлддэг, үүний дараа баталгааждаг байна. Энэ нь мөн гэрч, УБТЗ-ын Хянан шалгах комиссын Монголын талын ахлагч Б.Жаргалын: “... энэхүү гэрээ болон зүтгүүрийг нийлүүлсэн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Шалган байцаах комиссын Орос талын ахлагчид ОХУ-руу утсаар мэдэгдэж, гэрээний хуулбарыг и-майлаар явуулсан. Гэтэл Оросын талаас энэ гэрээ нь процессын дагуу явагдсан тул шалган байцаах комисс ажиллах шаардлагагүй гэж мэдэгдсэн учраас шалган байцаах комисс ажиллах боломжгүй болсон..." гэсэн мэдүүлгээр нотлогдоно. /15хх-111-113/.

Ийнхүү хохирлын асуудал эргэлзээтэй болсон тул Өмгөөлөгчийн зүгээс нөхцөл байдлыг үнэн зөв бодитоор тогтоох, тодруулах зорилгоор УБТЗ-ын удирдлагад хүсэлт гаргасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр УБТЗ-ын Дарга Д.Жигжиднямаа хариу ирүүлсэн.

Уг хариуд дурдахдаа “УБТЗ” ХНН-д хохирол учирсан тохиолдолд ажлын хэсэг байгуулж, хохирлыг судлан тогтоодог бөгөөд тухайн ажлын хэсгийн тогтоосон хохирлыг санхүүгийн тайлан тэнцэлд тусгадаг журамтай байна. ... өнөөдрийн байдлаар уг гэрээнээс үүдэлтэй бодит хохирол “УБТЗ” ХНН-ийн санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдаагүй байна. ... Цаашид манай байгууллага хохирогчоор оролцох үндэслэлгүй” гэсэн ба үүгээр мөн “УБТЗ” ХНН-ийн дүрмийн дагуу Орос Монгол хоёр талаас бүрдсэн Хянан шалгах зөвлөл эсвэл комисс хохиролын асуудлыг шийдвэрлэх, баталгаажуулах журамтай гэдэг нь нотлогдож байна.

Харин Д.Жигжиднямааг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр АТГ-ын мөрдөн байцаагч Д.Доржсүрэн дуудаж байцаалт авсан ба энэ байцаалтынхаа үед “мөрдөн байцаалтын шатанд УБТЗ ХНН-д онц их хэмжээний буюу 330.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож, хохирогч иргэний нэхэмжлэгчээр танай байгууллагыг төлөөлөн Даваапил оролцсоор байхад та ямар зорилготой албан бичиг ирүүлээд байгаа талаараа мэдүүлнэ үү." гэж шүүхээр шийдвэрлээгүй байхад хөтөлж асуун айлгасан гэж үзэх үндэслэлтэй /18хх-91/. Үүний маргааш буюу 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Д.Жигжиднямаа урд өгсөн албан бичгээ хүчингүй болгож байгаа тухай тоотыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байдаг /18хх-84/.

Мөн УБТЗ-ын Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн дарга Б.Азжаргалын 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 79/406 тоот “ТГМ 23В №1056 сэлгээний илчит тэрэгний тухай” албан тоот хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд энэхүү тоотод дурдсанаар “...вагон засварын ажлын ачааллыг харгалзан 2011 оноос хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд шинээр сэлгээний тэрэг худалдан авах саналыг оруулан 2012 онд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд сэлгээний тэрэг шинээр худалдан авах саналын дагуу 500.000.000 төгрөг тусгагдсан нь тухайн үед сэлгээний тэрэг худалдан авах зах зээлийн үнээс бага байсан тул хөрөнгө оруулалт хийгдээгүй...” тухай дурдсан байхад Шүүх 486.000.000 /816.000.000-330.000.000/ төгрөгөөр худалдан авсангүй гэж үзэж ял оноосон.

Дөрөв. УБТЗ-д 330.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх үндэслэл нь Шинжээчдийн дүгнэлт байгаа. Шинжээчийн дүгнэлтийг гаргахад 3 шинжээч оролцсон гэх боловч зөвхөн 2-т нь хууль сануулсан байх тул шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны гэж үзэхэд хүндрэлтэй юм. Мөн шинжээчдийн бүрэлдэхүүнд орсон Г.Оюунчимэг нь 2013 онд УБТЗ-ын хөрөнгийн үнэлгээний ажилд оролцож байсан гэдэг нь Г.Оюунчимэгийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг болон шинжээч Э.Ганбаатарын өгсөн мэдүүлгээр /18хх-54/ тогтоогдож байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “өөрийн ажилладаг хуулийн этгээд болон сүүлийн 2 жилийн дотор хамтран ажиллаж байсан иргэн хуулийн этгээдийн” хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг үнэлгээчин хүлээн авахаас татгалзах үүрэгтэй бөгөөд энэ нь хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөл гэж хуульчилжээ. Иймээс “хохирлын хэмжээ”-г тогтоогоод байгаа үнэлгээ буюу шинжээчийн дүгнэлт өөрөө хууль ёсны гэхэд эргэлзээтэй юм. Шинжээчийн дүгнэлтийн Зургаагийн 4-т зааснаар “тайланд тусгагдсан үнэ цэнэ нь ... арилжаа гүйлгээний өртгийг илэрхийлнэ гэсэн баталгаа гаргаагүй” гэж дурдсанаас үзвэл хуулийн этгээдүүд хоорондоо арилжаа гүйлгээ хийхдээ заавал энэ үнийг баримтлана гэдэг баталгаа гаргаагүй гэж ойлгогдож байна. “Арвижих групп” ХХК нь энэхүү гэрээг байгуулсны улмаас татварт өр төлбөртэй байгаа тухай албан бичгийг хэрэгт хавсаргасан бөгөөд энэ ч шинжээчдийн энэхүү нэмэлт тайлбарыг нотолж байна гэж үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т "Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж заасан тул шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын чадвараа алдсан гэж үзэж байна.

Тав. Ашиглалтын хугацаа дууссан гэжээ. Ашиглалтын хугацаа дууссан гэдгийг хэн тогтоосон бэ. Гэрч М.Энхболд, Х.Итгэлт нарын дурдаад байгаа Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаар тогтоол нь “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ”-ний жишиг тогтоож өгсөн ба энэ тогтоолын 2.8-д зааснаар "төсөвт байгууллагаас бусад этгээд хөрөнгийнхөө ашиглагдах хугацааг тодорхойлох боломжгүй тохиолдолд энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацааг ашиглаж болно" гэжээ. Өөрөөр хэлбэл энэ тогтоолоор заасан хугацаа өнгөрсөн л бол ашиглалтын хугацаа дууссан, ашиглаж, худалдаж авч болохгүй тухай ганц ч үг өгүүлбэр байхгүй, нягтлан бодох бүртгэлийн жишиг тогтоосон тогтоол байна. Тэгээд ч энэ тогтоол нь 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 297 тоот "Тогтоол хүчингүй болгох тухай" Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон байна. Мөн ОХУ-аас дагалдан ирсэн илчит тэрэгний Гэрчилгээ болон холбогдох баримтыг хавсаргасан бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу шаардлага хангасан гэж нотолжээ.

УБТЗ-ын зүтгүүрийн депогоос авсан лавлагаагаар "өнөөдрийн байдлаар УБТЗ-д 1969-1976 оны хооронд үйлдвэрлэж, 1980-1989 онуудад УБТЗ ашиглаж эхэлсэн нийт 77 илчит тэрэг байна. Мөн 1980 онд үйлдвэрлэгдсэн илчит тэргэнд шинэ хөдөлгүүр угсарч модернизаци буюу шинэчлэлт хийсэн 10 ширхэг 2 загал илчит тэргийг ашиглаж байна" гэжээ. Иймээс 1987 онд үйлдвэрлэсэн, 2013 онд шинэ мотор суурилуулан шинэчлэлт хийсэн илчит тэргийг ашиглалтын хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна. Ашиглалтын хугацаа дууссан гэж дурдахдаа 2012 онд үйлдвэрлэсэн шинэ эд ангийг 2013 онд суурилуулсан гэдгийг гэрч нар болон бусад нь мэдэж байгаа боловч энэ тухай ганц ч үг дурсахгүй байгаа юм.

Хэрэгт хохирогчоор оролцож байгаа Ж.Пунцагийн хэлснээр “Арвижих групп" ХХК нь "... ашиглалтын хугацаа дууссан, хувийн дугааргүй, обьектын гэрчилгээгүй, төлөвлөгөөт засварын хугацаа дууссан сэлгээний илчит тэргийг УБТЗ-д нийлүүлсэн” бол гэрээний дагуу үүргийн биелэлтийг шаардах, иргэний журмаар маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь УБТЗ-д нээлттэй байгаа. Нэмэлт гэрээний дагуу УБТЗ нь 41.600.000 төгрөгийг барьцаанд авч үлдсэн боловч 15.000.000 орчим төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар 13.550.000 төгрөгийн дизель түлш хэмнэсэн, сэлгээний хөдөлгөөний хэвийн ажиллагааг хангаж байгаа нь Зүүнхараагийн ачааны вагоны засварын депогийн дарга Б.Азжаргалын Вагоны аж ахуйн албанд өгсөн тоотоос харагдана /12хх-57/. Мөн иргэний хариуцагчаар татагдсан "Арвижих групп" ХХК-ийн захирал Д.Цогтбаатар нь "...тэгвэл энэ илчит тэргийг төмөр зам 3 жил ашигласан түрээсийн төлбөр төлөх ёстой болох байх гэж бодож байна... " гэснийг бас дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Г.Сэрээнэндорж нь УБТЗ ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Ерөнхий хорооны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд түүнд талархал илэрхийлэн шагнаж урамшуулсан байдаг /15хх-167/. Хэрвээ УБТЗ-д үнэхээр 330.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан бол ингэж шагнах нь юу л бол ... Дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Г.Сэрээнэндорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т заасан гэмт хэргийг үйлдээгүй, түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй.

Харин:

- "УБТЗ" ХНН-ийн Ерөнхий Зөвлөлөөс УБТЗ-ын өөрийн хөрөнгөөр худалдан авахаар эрх олгогдсоны дагуу УБТЗ-ын холбогдох албадууд харьцуулан судалж /12хх-97/,

УБТЗ-ын Үнийн комиссын хурлаар хэлэлцэн худалдаж авахаар шийдвэрлэсэн /12хх-81/,

Илчит тэргийг худалдан авах гэрээг журмын дагуу бүх албадууд хянан баталгаажуулсны /12хх-100 8 албадын дарга нарын гарын үсэгтэй гэрээ/ эцэст Г.Сэрээнэндорж даргын гарын үсэг зурсан байгаа.

Г.Сэрээнэндорж нь "УБТЗ ХНН"-ийн даргын хувьд гэрээ хэлцэл байгуулах эрх нь "УБТЗ" ХНН-ийн дүрмээр баталгаажсан эрх юм.

Г.Сэрээнэндорж нь хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсэн ямар ч үйлдэл хийгээгүй, ашиг хонжоо олох зорилго агуулаагүй, харин УБТЗ-ын даргын хувьд Төмөр замын хэвийн үйл ажиллагааг хангах үүргээ биелүүлсэн. Г.Сэрээнэндорж нь өөрөө гэрээ байгуулах эрх бүхий этгээд бөгөөд сэлгээний илчит тэргийг УБТЗ-ын өөрийн хөрөнгөөр, УБТЗ-ын дотоодод мөрддөг журам, дүрэм, зөвшөөрөгдсөн хэмжээнд холбогдох журмын дагуу албад хэлтсээр хянуулан бүх зөвшөөрөл цугларсны эцэст гарсан шийдвэр бөгөөд худалдан авсан Илчит тэрэг нь өнөөдрийг болтол буюу гурван жил хэвийн ажиллаж байна.

Дээр дурдсан үндэслэлээр болон хавсаргасан баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр Г.Сэрээнэндоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэний хариуцагч Д.Цогтбаатарын өмгөөлөгч А.Зүмбэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Прокуророос Д.Цогтбаатарыг иргэний хариуцагчаар тогтоож, шүүх шийтгэх тогтоолдоо “Арвижих групп” ХХК-ийн захирал Д.Цогтбаатарыг иргэний хариуцагчаар татаж 228.400.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд "Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно.

Хувь хүн, хуулийн этгээд гэсэн ойлголтууд нь өөр өөр ойлголт бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд биеэ даасан эрх эдэлж, үүрэг хүлээдэг байхад улсын яллагчаас Д.Цогтбаатар гэх хувь хүнийг иргэний хариуцагчаар татсаныг шүүх шийтгэх тогтоолдоо өөрчилж хуулийн этгээд “Арвижих групп” ХХК-ийн захирал Д.Цогтбаатарыг иргэний хариуцагчаар татсан нь хуулийн этгээдэд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хариуцагчийн эрхийг эдлүүлсэн гэж үзэхээргүй байна. “Арвижих групп” ХХК-ийн захирал нь одоо Д.Цогтбаатар биш бөгөөд хуулийн этгээдийг хариуцагчаар татаж байгаа бол захирал хэн байх нь хамаагүй байна.

Түүнчлэн Д.Цогтбаатар болон “Арвижих групп” ХХК-ийн захирал Д.Цогтбаатар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд заасан хууль ёсоор хариуцвал зохих этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэдэг нь прокурор, шүүгчийн дотоод итгэл үнэмшил, бодол санаагаар тодорхойлогдохгүй ба зөвхөн хууль заасан нөхцөлд хууль ёсоор хариуцвал зохих этгээд болно.

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тайлбарт “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498, 499.3, 4, 500.1, 501.1, 502.1, 512.1- д заасан иргэн, хуулийн этгээд хамаарна." гэснээс харахад иргэний хариуцагчаар Д.Цогтбаатар болон Арвижих групп ХХК-ийн захирал Д.Цогтбаатарыг татаж, хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Иймд дээрх үндэслэлээр иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Иргэний хариуцагч Д.Цогтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБТЗ-тай гэрээ байгуулсан талаар яригдаж байна. 5.200.000 рублээр худалдаж авсан “Транс сервис” Аривжих групп ХХК-н гэрээний асуудал яригдаж байна. Бодит байдал дээр гэрээг 5.200.000 рублээр байгуулсан. Харин бодит өртөг нь 10.000.000 рублийн өртөгтэй илчит тэрэг байгаа. Уг илчит тэргийн тээврийн зардал, гаалийн зардал, “Транс сервис” ХХК компанийн 2 төлөөлөгч Монгол улсад 7 хоног байрлаад илчит тэргээ УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгт хүлээлгэж өгөх хүртэлх зардал зэрэг нийт зардлыг хаасны дараа ашгийг нэмсэн дүн нь ашгын төлөө үйл ажиллагаа болно. Уг илчит тэргийг оруулж ирсэн зардал нь 660.000.000 төгрөг болсон. 10.000.000 рубль, үүнд нэмээд гаалийн төлбөр, орчуулагчийн зардал бүгд орсон байгаа гэв.  

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг сонслоо. Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Монгол болон ОХУ-н 50, 50 хувийн эзэмшилтэй байгууллага. Тухайн үед уг нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар ял халдаасан. ТБОНӨХ-д захиалагч гэж хэн гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Үүнд 50 буюу түүнээс дээш хувь эзэмшигчийг ойлгож болохоор заасан. Энэ хуульд зааснаар уг нийгэмлэгийн дарга гэрээ байгуулахдаа ТБОНӨХБАҮХАТ хуулийг баримтлаж илчит тэргийг худалдаж авах ёстой. Гэтэл уг хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр шууд гэрээ байгуулсан. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэрээ байгуулах эрхтэй. Уг гэрээ нь хамтын асуудлаар шийдвэрлэгдсэн гэж хэллээ. Хэрэг авагдсан баримтаар Арвижих групп ХХК-ын гэрээ байгуулъя гэсэн албан бичиг байдаг. Үүнд Г.Сэрээнэндоржийн гэрээ байгуулах цохолт байдаг. Дараа нь гэрээний өөрчлөлтийн асуудалд мөн гэрээнд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд авагдсан гэрч нарын мэдүүлгээр Г.Сэрээнэндорж гэрээ байгуулах талаар үүрэг өгсөн гэж мэдүүлдэг. 830.000.000 төгрөг хэний өмч болохыг тогтооход төрийн өмч бөгөөд Улсын төсвөөс шинэ илчит тэрэг худалдан авахаар заасан. Гэтэл гэрээнд шинэ илчит тэрэг гэсэн гэрээ байгуулсан хэрнээ хуучин зүтгүүрийг Монгол улсын хилээр нэвтрүүлж ирсний дараа дахин гэрээ байгуулах хүсэлт өгч түүнийг нь хүлээн зөвшөөрсөн. 830.000.000 төгрөг ОХУ-ын, Монгол улсын мөнгө эсэхийг тогтоох шаардлага байхгүй. Түүний тогтоох боломжгүй гэж үзэж байна. Мөн хохирлын талаар эргэлзээ бүхий байдалтай бөгөөд хохирол учраагүй гэж хэлээд байх шиг байна. Уг илчит тэрэг одоогоор хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа, УБТЗ-н нийгэмлэгээс санхүүгийн тайлан балансад хохирол учраагүй гэсэн хэдий ч яллах дүгнэлтэд яагаад 330.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн бэ гэхээр уг сэлгээний илчит тэрэг нь “модернизаци” хийгдсэн буюу шинээр мотор суурилуулсан. Шинжлэх ухааны техникийн сургуулийн шинжээчийн дүгнэлтэд “...уг сэлгээний илчит тэрэгийн гол эд анги рам буюу кузов байдаг. Рам буюу кузовд ямар мотор суулгах нь ач холбогдолгүй. Харин кузовт ямар нэг байдлаар ан цав үүсэх үед ашиглалтаас гарах ёстой...” гэсэн байдаг. Гэтэл ТГМ23В сэлгээний илчит тэрэг нь 1987 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд 2012 онд моторыг шинэ мотор угсарч Монгол улсад оруулж ирсэн байдаг. Одоогоор хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг боловч  өнөөдрийг хүртэл Монгол улсад албан ёсоор гэрчилгээ олгож бүртгэгдэх боломжгүй. Учир нь ашиглалтын хугацаа дууссан байгаа учраас хууль, журам, дүрмийг баримтлан гэрчилгээ олгох нь ойлгомжгүй болсон. Илчит тэрэг оруулж ирснээс хойш удаа дараа Зам тээврийн яамнаас ашиглахыг хориглосон байдаг ч ашиглах шаардлагатай учраас өнөөдрийг хүртэл ашиглаж байна. ШУТИС-н шинжээчийн дүгнэлтээр илчит тэргийн суурь хэзээ эвдрэхийг тогтоох боломжгүй, кузовт ан цав гарсан тохиолдолд ашиглалтаас гарч үйл ажиллагааг зогсоох гэсэн байдаг. УБТЗ-ын зүгээс манай байгууллагад хохирол учраагүй гэсэн хүсэлт ирүүлдэг боловч мөрдөн байцаалтад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үед Г.Сэрээнэндоржийн өмгөөлөгч Баясгалан эрх ашгийг хамгаалж оролцож байсан. Өмгөөлөгч Баясгалан нь УБТЗ-д хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хуулийн зөвлөх ажилтай байсан. Гэтэл хохирогчоор УБТЗ-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад гэмт хэрэгт холбогдсон этгээдийн иргэний нэхэмжлэгчийн хуульч өмгөөлөх нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд өмгөөлөгч Баясгаланаас татгалзсан байдаг. УБТЗ-ын одоогийн болон өмнөх дарга нарын мэдүүлснээр хуулийн албанаас Г.Сэрээнэндоржид холбогдох хэрэгт хохирол, төлбөргүй гэсэн бичиг бэлдэж гарын үсэг зуруулдаг. Бид хэргийн талаар нарийн мэдэхгүй гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг. Уг сэлгээний илчит тэргийг 10.000.000 рублээр худалдаж авсан ба гэрээнд 5.200.000 рублээр тооцож хийсэн гээд байдаг юм. Гэтэл энэ нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй. ТГМ-23В гэх сэлгээний илчит тэргийг 5.200.000 рублээр нийлүүлсэн гэх гэрээ хэрэгт авагдсан. Мөн гаалийн татвар бүрдүүлэлт зэрэг баримтуудад 5.200.000 рублээр худалдан авсан нь нотлогддог. Хамгийн гол нь уг гэрээг гардаж хийсэн Жамъяангарав гэх хүн 5.200.000 рублээр байгуулсан гэдгийг тодорхой хэлсэн. Тийм учраас ТГМ-23В сэлгээний илчит тэргийг 10.000.000 рублээр худалдаж авсан нь тогтоогдоогүй. Тухайн үед Арвижих групп ХХК-ийн захирлаар Цогтбаатар ажиллаж байсан. Уг гэрээг хийхэд гар бие оролцсон. Мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд иргэний хариуцагчаар татахад Цогтбаатар татгалзаж байгаагүй. Цогтбаатар сая хэлэхдээ тухайн үед захирлаар ажиллаж байсан. Одоо харин захирал нь солигдсон учраас иргэний хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзээд байх шиг байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зохих ёсоор хариуцах этгээдийг иргэний хариуцагчаар татах талаар заасан учраас Арвижих групп ХХК-ийн захирал Цогтбаатарыг иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийн шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхээс Г.Сэрээнэндоржийн гэм буруутай үйлдэлд тохирсон шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Г.Сэрээнэндорж нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтуудыг зөрчин  тендерийн баримт бичгийг …тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэн тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээлийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлж, нээлттэй тендер шалгаруулалт зарлалгүйгээр 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр НӨТ-ийн татвар төлөгч биш, Х тайлан гаргадаг /13 хх 36-47/,  дүрмийн сан /1000 000 төг/ багатай /11 хх-1-8/   “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ23В загварын шинэ, ашиглалтанд явж байгаагүй сэлгээний илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулах, “Арвижих групп” ХХК-иас дээрх гэрээ зөрчиж нийлүүлсэн ОХУ-д 1987 онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан, ОХУ-д модернизаци хийгдсэн гэх ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг техникийн болон бичиг баримтын бүрдүүлбэрийн стандарт шаардлага хангахгүй байхад  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд хүлээн авах үйл ажиллагааг хэрэгжүүлэн хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас тус байгууллагад 330.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт Г.Сэрээнэндорж, мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пунцаг, мөрдөн байцаалтад гэрч Х.Итгэлт, М.Энхболд, Б.Азжаргал, Л.Болд, Б.Түвшинтөр, С.Наранбат, Г.Уранцэцэг, шинжээч Г.Оюунчимэг нарын өгсөн мэдүүлгүүд болон, Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын зөвлөмж, тайлбар, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээнд оруулсан 2014 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн Худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Оросын холбооны улсын  “Транссервис” ХХН-ийн 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 00000083 дугаар нэхэмжлэл, 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Зүтгүүр нийлүүлэх тухай 55 дугаар гэрээ, “Арвижих групп” ХХК-ийн нэрийн Голомт банкны дансны хуулга, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3/29 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Арвижих групп” ХХК-ийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай албан бичиг болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх учир шүүгдэгч Г.Сэрээнэндоржийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т заасан ял оногдуулж түүнд оногдуулсан ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх нь зүйтэй... гэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт болсон, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Сэрээнэндоржийн: “…Миний бие энэхүү ТГМ тэргийг 2013 оны төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, вагон ашиглалтын зардлыг багасгах, тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор худалдан авсан ба аливаа хувийн явцуу эрх ашиг сонирхол өчүүхэн ч байхгүй гэдгийг илэрхийлж байна. ... Иймээс та бүхэн бодит хохирол учраагүй, албан тушаалаа хэтрүүлээгүй дүрэм, журмаар олгогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлсэн надад ял халдаасан хэргийг бүхэлд нь хянаж гэм буруугүй болохыг тогтоож цагаатгаж өгнө үү...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одгэрэлийн: “...Г.Сэрээнэндорж нь хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсэн ямар ч үйлдэл хийгээгүй, ашиг хонжоо олох зорилго агуулаагүй, харин УБТЗ-ын даргын хувьд Төмөр замын хэвийн үйл ажиллагааг хангах үүргээ биелүүлсэн. Г.Сэрээнэндорж нь өөрөө гэрээ байгуулах эрх бүхий этгээд бөгөөд сэлгээний илчит тэргийг УБТЗ-ын өөрийн хөрөнгөөр, УБТЗ-ын дотоодод мөрддөг журам, дүрэм, зөвшөөрөгдсөн хэмжээнд холбогдох журмын дагуу албад хэлтсээр хянуулан бүх зөвшөөрөл цугларсны эцэст гарсан шийдвэр бөгөөд худалдан авсан Илчит тэрэг нь өнөөдрийг хүртэл 3 жил хэвийн ажиллаж байна. Дээр дурдсан үндэслэлээр болон хавсаргасан баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр Г.Сэрээнэндоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:  

шүүхийн хэлэлцүүлэгт Г.Сэрээнэндоржийн: “...”Арвижих групп” ХХК 10 дугаар сард сэлгээний илчит тэргийг оруулж ирсэн бөгөөд биднийг очиж үзэхэд их бие нь хуучин хөдөлгүүр нь шинэ буюу модернизац хийсэн илчит тэргийг оруулж ирсэн байсан. ... Тэгээд гэрээн дээрээ шинэ илчит тэрэг авна гэж заасан шүү дээ гээд “Арвижих групп” ХХК-д үлдэгдэл мөнгийг нь шилжүүлээгүй. Тэгээд тухайн зүтгүүрийг ажиллуулж эхэлсэн, маш сайн ажилласан. Бид гэрээн дээрээ “шинэ” гэж заалт оруулсан байсан болохоор мөнгийг нь шилжүүлэх юм бол хууль зөрчих гээд байсан юм. ... Тэгээд хэрвээ цаашид энэ зүтгүүрийг ашиглаж болох юм бол гэрээгээ өөрчилье гэсэн. ...”  /18хх-145/,

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пунцагийн: “...2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэгдсэн, ТГМ23 загварын ашиглалтад явж байгаагүй, сэлгээний шинэ илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Г.Сэрээнэндорж байгуулсан. Гэрээний дагуу “Арвижих групп” ХХК нь 1987 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн, ашиглалтын хугацаа дууссан, хувийн дугааргүй, объектын гэрчилгээгүй, төлөвлөгөөт засварын хугацаа дууссан сэлгээний илчит тэргийг “УБТЗ” ХНН-т нийлүүлж 330.000.000 төгрөгийн онц их хэмжээний хохирлыг “УБТЗ” ХНН-т учруулсан дээрх хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх байгууллагыг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзэж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Г.Сэрээнэндорж нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр намайг манай байгууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсоны дагуу оролцож байна. Манай байгууллагын тайлан мэдээгээр хохирол учраагүй мэт харагдаж байгаа боловч бодит байдал дээр  816.000.000 төгрөгийн үнэ бүхий зүтгүүр нь дээрх үнийн дүнд хүрэхгүй, чанар байдал бичиг баримтын хувьд шаардлага хангахгүй байгаа нь тодорхой харагдаж байгаа...” /18хх-88/,

мөрдөн байцаалтад гэрч Х.Итгэлтийн: “...Улаанбаатар төмөр зам нь тус зүтгүүрт гэрчилгээ аваагүй байгаа нь Зам тээврийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 2.1.3 дахь заалтыг зөрчсөн. “Арвижих групп” ХХК-иас Улаанбаатар төмөр замд нийлүүлсэн ТГМ23-1056 серийн зүтгүүр нь 1987 онд үйлдвэрлэгдсэн хуучин, ашиглалтын хугацаа дууссан байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журамд нийцээгүй. Уг журмаар зүтгүүрийн ашиглалтын хугацааг 25 жилээр тогтоож өгсөн байдаг юм. Гэтэл уг зүтгүүр нь 1987 онд үйлдвэрлэгдсэн байсан болохоор ашиглалтын хугацаа дууссан байгаа нь уг журмын 71-р зүйл заалтыг зөрчсөн. ... зүтгүүрт үзлэг шалгалтыг ШУТИС-ийн хэрэглээний шинжлэх ухааны дэргэдэх Үл эвдэх сорилын төвөөр шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байдаг. Уг дүгнэлтээр ТГМ23-1056 зүтгүүрийн гол рам нь 30 хувийн нөөцтэй гэж гарсан. Тийм болохоор тус зүтгүүрийг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тогтоосон журамд заасны дагуу тогтмол хугацаанд засвар үйлчилгээнд оруулж ашиглуулахаар болсон. ... Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, журманд зүтгүүр, вагоныг үйлдвэрлэснээс хойш 25 жил ашиглана гэж заасан байдаг. “Арвижих групп” ХХК-ийн нийлүүлсэн зүтгүүр нь 1987 онд ЗХУ-үйлдвэрлэгдсэн ашиглалтын хугацаа дууссан зүтгүүрийг хууль, дүрэм, журмыг зөрчөөд нийлүүлсэн байсан...” /11хх-223/,

мөрдөн байцаалтад гэрч М.Энхболдын: “...Уг зүтгүүр нь 1987 онд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн ТГМ23-1056 төрлийн гидро зүтгүүр байгаа юм. Уг зүтгүүрийн ашиглалтын хугацаа болон төлөвлөгөөт засварын хугацаа дууссан байсан. Зүтгүүрийн ашиглалтын хугацааг Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор тогтоож өгсөн байдаг. Энэ тогтоолоор бүх төрлийн зүтгүүр, вагоны ашиглалтын хугацааг 25 жил гэж зааж өгсөн байдаг...” /11хх-228-230/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Азжаргалын: “...2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай засварын депод ТГМ23 сэлгээний илчит тэргийг “Арвижих групп” ХХК-иас нийлүүлсэн. ... үзлэг шалгалтаар мал зайлуулагч, элсний систем зэрэг эд ангиуд дутуу байсан болохоор уг эд ангиудыг манай засварын анги өөрсдөө хийж “Арвижих групп” ХХК-д олгох санхүүжилтаас нь хасч тооцохоор болсон. ... ТГМ23-д Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэх, хүлээлцэх журам, Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам, суурин радио станцаар тоноглоогүй, тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагаар урсгал засварын дүрмийн дагуу тогтмол хугацаанд төлөвлөгөөт засвар хийгдээгүй нь Төмөр замын тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийг тус тус зөрчсөн зөрчил дутагдал илэрсэн гэж ... улсын байцаагчийн акт тавьж зүтгүүрийн ашиглалтын хугацааг түр зогсоож лац тавьсан. Манай депогоос ТГМ авах саналаа вагоны аж ахуйн алба руу явуулаад манайд “Арвижих групп” ХХК-иас ТГМ-ийг нийлүүлсэн. Хэдэн төгрөгөөр гэрээ байгуулсан, худалдан авах ажиллагааг хэрхэн яаж сонгон шалгаруулсан зэрэг асуудлыг надад мэдэх зүйл алга байна...” /11хх-231-233/,

мөрдөн байцаалтад гэрч Л.Болдын: “...Сэрээнэндорж дарга намайг болон хангамжийн албаны дарга Наранбат бид хоёрыг өрөөндөө дуудаж уулзаад албан бичиг өгсөн, тэрийг нь харахад “Арвижих групп” гэдэг ХХК-иас 567.375 ам.доллараар шинэ ТГМ23 нийлүүлнэ гэсэн үнийн санал байсан, уг үнийн санал дээр Сэрээнэндорж дарга надад “800 сая төгрөгт багтааж гэрээ байгуул” гээд цохсон байсан. Мөн тэр үедээ “энэ компани боломжийн үнийн санал ирүүлсэн байна, танайд хэрэгтэй ТГМ-ийг нийлүүлнэ гэсэн байна”, та нар дээр судалсан үнийн санал байгаа юу, үнийн комиссиор оруулаад худалдаж аваарай гэж хэлсэн. ... “Арвижих групп” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээг байгуулж уг гэрээгээр шинэ, ашиглалтад явж байгаагүй ТГМ23В сэлгээний илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээнд миний зүгээс виз буюу зөвшөөрөл олгож гарын үсэг зурсан. ... “Арвижих групп” ХХК нь гэрээний нөхцөлөө зөрчиж, шинэ биш, хуучин 1987 онд үйлдвэрлэгдсэн сэлгээний илчит тэргийг оруулж ирсэн байсан тул ажлын хэсэг хүлээн авахаас татгалзсан байсан. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Арвижих групп” ХХК-иас замын замын дарга Сэрээнэндоржид “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” албан бичиг хүргүүлсэн байсан. Уг албан бичиг дээр мөн л Сэрэнээндорж дарга надад “гэрээнд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй” гэж цохолт хийж өгсний дагуу би 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр худалдан авалт, борлуулалтын албанд 5/291 дугаартай гэрээнд нэмэлт оруулах талаар албан бичиг хүргүүлсэн. Энэ дагуу худалдан авалт борлуулалтын албанаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж шинэ биш өөрчлөн шинэчилсэн ТГМ болгон өөрчилсөн. ... дахин ажлын хэсэг гарч 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Арвижих групп” ХХК-иас нийлүүлсэн ТГМ-23В зүтгүүрийг хүлээн авч акт үйлдэж үндсэн хөрөнгөнд бүртгэсэн. ... 2013 оны 5 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, Сэрээнэндорж дарга өрөөндөө дуудахаар нь яваад ортол “Арвижих групп” ХХК-ийн үнийн саналыг надад өгсөн. Тэгээд л уг компанийн үнийн саналыг үнийн комиссоор оруулсан...” /15хх-41-43/,

мөрдөн байцаалтад гэрч Б.Түвшинтөрийн: “...Илчит тэргийг хүлээн авах комисс 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зүүнхараагийн вагон депод ажиллаж сэлгээний илчит тэргэнд үзлэг шалгалтыг хийхэд худалдах, худалдан авах гэрээнд уг сэлгээний илчит тэрэг нь шинэ, ашиглалтад явж байгаагүй гэж зааж өгсөн байхад “Арвижих групп” ХХК-ийн нийлүүлсэн илчит тэрэг нь 1987 онд үйлдвэрлэгдсэн хуучин илчит тэрэг байсан. ... уг сэлгээний илчит тэргийн гол рам нь 1987 онд үйлдвэрлэгдсэн байсан, харин дизель хөдөлгүүр буюу мотор нь 2012 онд үйлдвэрлэгдсэн мотортой байсан...” /15хх-44-46/,

мөрдөн байцаалтад гэрч С.Наранбатын: “...уг үнийн санал дээр Г.Сэрээнэндорж дарга 800 сая төгрөгөнд багтааж авах гэрээ байгуул гэж шууд цохолт хийсэн байна. Тийм болохоор даргын өгсөн үүрэг даалгаварын дагуу үнийн комиссын хуралд худалдан авалт борлуулалтын албанаас “Арвижих групп” ХХК-иас зүтгүүрийг худалдаж авах саналыг оруулж үнийн комиссоор шийдүүлсэн байна. ...” /15хх-53-55/,

мөрдөн байцаалтад гэрч Г.Уранцэцэгийн: “...Г.Сэрээнэндорж нь төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч болсноор ямар нэгэн худалдан авах ажиллагаанд огт тендер зарлахаа больж дан ганц үнийн комиссын хурлаар асуудлыг шийддэг болсон. ... учир нь тендер зарлах эрх нь Сэрээнэндоржид байсаар байхад тендер заралдаггүй байсан. Тэр алдааг нь би Сэрээнэндорж даргад удаа дараа хэлдэг, мөн хурал зөвлөгөөн дээр энэ асуудлаар яриад байсан чинь сүүлдээ намайг ямар нэгэн хурал, зөвлөгөөнд оруулахаа больж, 2014 оны 3 дугаар сард намайг цомотхолд оруулж ажлаас гаргасан юм. ... Тухайн  үед зүтгүүрийг нийлүүлэх гэж байсан “Арвижих групп” ХХК нь НӨАТ төлөгч биш, Х тайлан гаргадаг, дүрмийн сан нь хамгийн бага буюу 1 сая төгрөг, мөн хаанаас ямар зүтгүүр оруулж ирэх гэж байгаагаа нотлож чадахгүй байсан болохоор би гэрээнд гарын үсэг зурахгүй нилээн удаасан юм. Гэтэл нэг өдөр хуулийн албаны дарга Якавенка Е.Р надад хандаж “наад гэрээн дээрээ гарын үсэг зурахгүй бол Г.Сэрээнэндорж уурлаад байна, чи зүтгүүр хариуцсан дарга нь гэрээнд гарын үсэг зурчих юм бол манай алба гарын үсэг зурж зөвшөөрөл олгоё” гэж хэлж байсан юм. Тэгээд зүтгүүр хариуцсан дарга нь гарын үсэг зурчихаар нь би гарын үсэг зурсан...” /15хх-108-110/,

шинжээч Г.Оюунчимэгийн: “...Уг сэлгээний илчит тэрэгний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэсэн огноо, марк, загварыг үнэлгээний тайландаа дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Түүнчлэн Оросын холбооны улсад худалдаалагдаж байгаа үнэ ханш, Монгол Улсад импортлох зардал зэргийг оруулж тооцож гаргахад 2013 оны 6 дугаар сарын байдлаар “Арвижих групп” ХХК-ийн оруулж ирсэн ТГМ23 загварын сэлгээний илчит тэрэг нь Оросын Холбооны Улсын зах зээл дээр дунджаар 248.754.400 төгрөгөөр зарагдаж байсан. Энэ зардал дээр гааль, тээвэр, засвар үйлчилгээ, бусад эрсдлийн зардал, магадлашгүй зардал, төлөвлөгөөт хуримтлал буюу ашиг зэргийг оруулж тооцоод 486.000.000 төгрөгийн өртөгтэй гэж зах зээлийн үнэлгээг гаргасан. “Арвижих групп” ХХК-ийн нийлүүлсэн ТГМ23 загварын сэлгээний илчит тэрэг нь ОХУ-ын зах зээл дээр дээрх үнэнээс харьцангуй хямд үнэтэй хүртэл зарагдаж байсан, бид нар судалгааг нь явуулж байгаад л зах зээлийн үнэлгээгээ бүх зардлыг оруулаад дүгнэлтээ гаргасан...” /15хх-115/ гэсэн мэдүүлгүүд болон

Сангийн яамны хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын: “...хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд захиалагч болно.” гэсэн заалтын дагуу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь захиалагч болохоор байна. Иймд 567375 ам.долларын өртөгтэй ТГМ23 загварын сэлгээний илчит тэргийг захиалагч хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.” гэж заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтын журмаар тендер шалгаруулалт зохион байгуулах ёстой байтал уг заалтыг хэрэгжүүлж ажлаагүй байна. Мөн захиалагч үнэлгээний хороо байгуулж ажиллаагүй нь хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Бараа, ажил үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна.” захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, худалдан авах гэж буй илчит тэрэгний техникийн үзүүлэлт зэрэг шаардлагуудыг тодорхойлсон тендерийн баримт бичиг боловсруулаагүй нь хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэлээр нийтэд зарлан мэдээлнэ” гэсний дагуу зарлан мэдээллээгүй байгаа нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн заалтыг хэрэгжүүлж ажлаагүй гэж үзэхээр байна. Мөн гүйцэтгэгч компани болох “Арвижих групп” ХХК нь хуулийн 15, 16 дугаар зүйл буюу санхүүгийн чадавхи, техникийн болон туршлагын чадавхыг хангаж байгаа эсэхийг нотолсон яман нэгэн баримт ирүүлээгүй байхад дээрх компанитай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна...” /15хх-128-129/ гэсэн зөвлөмж, тайлбар,

2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /10хх-211-215/,  дээрхи гэрээнд өөрчлөлт оруулсан 2014 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн Худалдах, худалдан авах нэмэлт гэрээ /10хх-214-215/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /10хх-217-218/, Оросын холбооны улсын  “Транссервис” ХХН-ийн 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 00000083 дугаар нэхэмжлэл /10хх-226-227/, 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Зүтгүүр нийлүүлэх тухай 55 дугаар гэрээ /10хх-228-232/, “Арвижих групп” ХХК-ийн нэрийн Голомт банкны дансны хуулга /11хх-13-15/, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан, 3/29 дугаартай шинжээчийн дүгнэлт /11хх-246-250/, “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” “Арвижих групп” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай  албан бичиг /12хх-90-91/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар

Г.Сэрээнэндорж нь Монгол- Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтуудыг зөрчин  тендерийн баримт бичгийг …тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргалалын дагуу бэлтгэн тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээлийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлж, нээлттэй тендер шалгаруулалт зарлалгүйгээр 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр НӨТ-ийн татвар төлөгч биш, Х тайлан гаргадаг /13 хх 36-47/,  дүрмийн сан /1000 000 төг/ багатай /11 хх-1-8/   “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ23В загварын шинэ, ашиглалтанд явж байгаагүй сэлгээний илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулах, “Арвижих групп” ХХК-иас дээрх гэрээ зөрчиж нийлүүлсэн ОХУ-д 1987 онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан, ОХУ-д модернизаци хийгдсэн гэх ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг техникийн болон бичиг баримтын бүрдүүлбэрийн стандарт шаардлага хангахгүй байхад  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд хүлээн авах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас тус байгууллагад 330.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдсон, шүүгдэгч Г.Сэрээнэндоржийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шийтгэх тогтоолын энэ талаархи үндэслэл, дүгнэлтийг  няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл нарын давж заалдсан гомдлуудыг хангах үндэслэгүй байна  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хариуцагч А.Зүмбэрэлийн: “...Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тайлбарт “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498, 499.3, 4, 500.1, 501.1, 502.1, 512.1- д заасан иргэн, хуулийн этгээд хамаарна." гэснээс харахад иргэний хариуцагчаар Д.Цогтбаатар болон Арвижих групп ХХК-ийн захирал Д.Цогтбаатарыг татаж, хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Иймд дээрх үндэслэлээр иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын дагуу иргэний нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.  Учир нь хариуцагч “Арвижих групп” ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай ОХУ-д үйлдвэрлэсэн ТГМ23В загварын ашиглалтанд явж байгаагүй сэлгээний шинэ илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр  худалдах, худалдан авах гэрээ байгуулсан төдийгүй, “Арвижих групп” ХХК дээрхи гэрээний дагуу илчит тэрэгний үнэд  2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 326400 000 төг, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 100 000 000 төгрөгийг, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 74 000 000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 5-ний өдөр 100 000 000  төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 174 000 00 төгрөгийг нийт 774 400 000 төгрөг /12 хх 65-74/ -ийг тус тус хүлээн авсан нь тогтоогдож байхад эрүүгийн хэрэги иргэний хариуцагчаар “Арвижих групп” ХХК-г татан оролцуулахын оронд ”Арвижих групп” ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Цогтбаатарыг татан оролцуулж түүнд төлбөрийг шууд хариуцуулсан нь буруу байх тул залруулж хуульд нийцүүлэн энэ талаар гаргасан иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарын өмгөөлөгч А.Зүмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

 

Харин, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад: …тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 02 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасч,... гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан байх тул эдгээр заалтаас “хүртэл” гэснийг хасч,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын: “…иргэний хариуцагч Арвижих групп ХХК-ийн захирал Д.Цогтбаатараас...” гэснийг,  “…иргэний хариуцагч Арвижих групп ХХК-иас...” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  тус шүүх бүрэлдэхүүн үзэв.