Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 605

 

 

 

 

 

 

                                                                                             

    2019             6            19                                      2019/ШЦТ/605

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч Г.Ганбагана,

          шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909010050646 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Чингис хаан Олон улсын нисэх буудалд Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажилладаг, урьд ял шийтгэлгүй, Б.Э

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Э нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн богинын ам буюу Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газраас унасан байсан хус модыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, 80-23 УНӨ улсын дугаартай тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн богинын ам буюу Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газраас унасан байсан хус модыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, 80-23 УНӨ улсын дугаартай тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн богинын ам буюу Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газраас унасан байсан хус модыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, 80-23 УНӨ улсын дугаартай тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн болох нь:

          хохирогч Д.Төмөрбаатарын “2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинын аманд Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газар зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн Б.Э гэх хүнийг байгаль хамгаалагч М.Саруул илрүүлэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байсан. Энхжаргал нь мод тайраагүй ч гэсэн зохих зөвшөөрөлгүй Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газраас мөчир гишүү үлдэгдлийг цуглуулж ялган тээвэрлэсэн болохоор дээрх Энхжаргал нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан байгаа юм. Нутаг дэвсгэр хариуцсан байгаль хамгаалагчаас зөвшөөрөл буюу гоожин авсан байсан бол асуудал байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-24-26/,

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинын ам гэдэг ойн сан бүхий газраас унасан байсан мод түүж авсан үйлдэлтэй гэм буруугаа ойлгож байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулсан байгаа. Би ойгоос ганцаараа мод бэлтгэсэн…” гэсэн мэдүүлэг, модны экологи-эдийн засгийн үнэлгээ, ойн модны сургалт, судалгааны хүрээлэнгийн шинжээчийн тодорхойлолт болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Эд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Эыг 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 29 ширхэг 69.720 төгрөгийн үнэлгээтэй нарс модыг битүүмжилсэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх бөлбөргүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 29 ширхэг 69.720 төгрөгийн үнэлгээтэй нарс модыг битүүмжилсэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгосугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР