Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1008

 

 

 

 

 

 

 

2019           10            10                                           2019/ДШМ/1008

 

Б.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана,

шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1909010050646 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Бгийн Э, 1965 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...” ... хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ...тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн богинын ам буюу Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газраас унасан байсан хус модыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж,          ...улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Бгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих  ялаар сольж болохыг тайлбарлаж, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 29 ширхэг 69.720 төгрөгийн үнэлгээтэй нарс модыг битүүмжилсэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын ам гэх газраас ой модонд унасан, ашиглах боломжгүй, хог болж байгаа модны хаягдлыг л түүж цэвэрлэн түлэхээр унасан байсан модноос авсан. Гэтэл зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзэн ял шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Хууль дүрэм сайн мэдэхгүйн улмаас ийнхүү гэмт хэрэг үйлдсэн гэм буруутан болж, шүүхээр шийтгүүлж байгаадаа туйлын их харамсаж байна. Хэдийгээр гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Э хувийн байдлын хувьд, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Хавтас хэргийн 45 дугаар талд, тухайн модыг шинжилсэн дүгнэлт байдаг. Тухайн дүгнэлтэд модыг түлэхээс өөр зориулалтаар ашиглах боломжгүй байсан гэдгийг тодорхойлсон байдаг. Мөн хавтас хэргийн 43 дугаар талд модыг 67.000 төгрөгөөр үнэлж, 3 дахин өсөж, хохирол 209.000 төгрөгийг төлсөн баримт байгаа. Иймд шүүгдэгчийн хувийн болон гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ гэмт хэрэг нь ямар нэгэн  хохирол шаарддаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг улсын орлого болгох байсан. Тэгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг 1 жилийн хорих ялтай. Мөн торгох санкцтай байсан учраас анхан шатны шүүхэд тухайн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор санал тавиагүй. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн богинын ам буюу Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод /нарс, хус мод/ бэлтгэж, ...улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Төмөрбаатарын “...2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинын аманд Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газар зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн Б.Э гэх хүнийг байгаль хамгаалагч М.Саруул илрүүлэн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байсан. Б.Э нь мод тайраагүй ч гэсэн зохих зөвшөөрөлгүй Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газраас мөчир гишүү үлдэгдлийг цуглуулж, ялган тээвэрлэсэн болохоор дээрх Б.Э нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан байгаа юм. Нутаг дэвсгэр хариуцсан байгаль хамгаалагчаас зөвшөөрөл буюу гоожин авсан байсан бол асуудалгүй байсан. ...” гэх /хх 24-26/,

шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн “...Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинын ам гэдэг ойн сан бүхий газраас унасан байсан мод түүж авсан үйлдэлдээ гэм буруугаа ойлгож, байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулсан байгаа. Би ойгоос ганцаараа мод бэлтгэсэн. ...” гэх /хх 50-51/ мэдүүлгүүд,

2019/Х-03 дугаартай модны экологи-эдийн засгийн үнэлгээ /хх 42/, ойн модны сургалт, судалгааны хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн тодорхойлолт /хх 45/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Эын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд “...модон дунд өмхрөөд хугараад унасан мод байхаар нь гэрээсээ очиж нэг хүний гар хөрөө авч ирээд машинд багтахаар бэлтгээд, машин дотор хийгээд машиныг бариад явж байгаад... , ...ганцаараа хөрөөдөөд машинд хийсэн. ...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн /хх 31-32/ бөгөөд ойгоос унасан байсан модыг түүсэн гэх байдал түүний мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 29 ширхэг хус модны гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-19/ зэрэг хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж  заажээ.

Шүүгдэгч Б.Эын модыг тээвэрлэхдээ ашигласан ...улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь М.Баттогтох гэх хүнийх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 8/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 69/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба хохирол төлбөрийг төлсөн /хх 43/ байх тул хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин энэ асуудлаар анхан шатны шүүх тодорхой, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байгааг энэхүү магадлалд дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Эыг зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд уг зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Эын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

         ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ